Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр жил бүрийн гуравдугаар сарын 8-нд тохиож, дэлхийн эмэгтэйчүүдийн хамгийн өргөн тэмдэглэдэг баяр юм. Тус өдрийг тохиолдуулан Монгол Улсад байнга суугаа гадаад улсын дипломат болон консулын төлөөлөгчийн газруудад томилогдон ирсэн эмэгтэй Элчин сайд нарыг онцолж байна. Манай улсад Канад, Австрали, Итали, Их Британи, Хятад улс болоод Европын холбооноос эмэгтэй Элчин сайд нар томилогдон ажиллаж буй.
Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сандра Шүфани
Элчин сайд Сандра Шүфани нь Шербрукийн Их Сургуулийг бакалавр, Лавалын Их Сургуульд Олон Улсын харилцааны мэргэжлээр магистр хамгаалжээ. Улмаар 2003 онд Канадын Олон улсын хөгжлийн агентлагт, Балканы хойгтой холбоотой газарзүйн хэд хэдэн салбарт ажилласан. Мөн Ирак, Гаити, Мьянмар зэрэг улсад Гүйцэтгэх удирдлагын ерөнхий захирлын ахлах зөвлөхөөр ажилласан туршлагатай. Улмаар Афганистаны Кандагар, Рамалла, Баруун эрэг, Газын зурваст, 2013-2017 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байгаад 2023 онд Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон иржээ.
Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэйти Смит
Элчин сайд Кэйти Эйнсли Смит нь Нью Саут Уэльс Их Сургуулийн Ази судлалын тэнхимийг Хүмүүнлэгийн бакалавр, Хүмүүнлэгийн ухааны магистр, Лондонгийн Эдийн засгийн сургуулийг шинжлэх ухааны магистраар төгсжээ. 2009-2012 онуудад Индонез дахь Австралийн ЭСЯ-ны Хөгжлийн хөтөлбөр хариуцсан нэгдүгээр нарийн бичгийн дарга, 2012-2013 онд AusAID-ийн Хөгжлийн бодлого хариуцсан хэсгийн орлогч захирал, 2013-2014 онд Дили дэх Австралийн ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга (Хөгжлийн тусламж), 2014-2016 онд Австрали Улсын Гадаад харилцаа, худалдааны яамны Зүүн Тиморын хэлтсийн орлогч захирал, 2016-2017 онд Австрали Улсын Гадаад харилцаа, худалдааны яамны Афганистаны хөгжлийн хэсгийн орлогч дарга, 2018-2020 онд Лаос дахь Австралийн Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 2020 онд Австрали Улсын Гадаад харилцаа, худалдааны яамны Номхон далай хэсгийн даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад 2023 онд Австрали Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ажиллаж байна.
ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Элизабет Блайт
Элчин сайд Фиона Элизабет Блайт нь 2006-2010 онд Их Британийн армийн офицер, 2011-2012 онд FCO, Европын терроризмын эсрэг албаны ажилтан, 2012 онд Нью-Йорк дахь Клинтоны сангийн Бодлого хариуцсан захирлын судлаач, 2013 онд Нью-Йорк дахь Олон улсын энх тайвны хүрээлэнгийн бодлогын шинжээч, 2013-2017 онд Нью-Йорк дахь НҮБ-ын Төлөөлөгчийн газрын бодлогын ахлах зөвлөх, 2017-2020 онд Сомали дахь НҮБ-ын Тусламжийн төлөөлөгчийн газрын Улс төрийн асуудал хариуцсан ахлах ажилтан, 2020-2021 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Ойрхи Дорнод дахь Ерөнхий шинжээч, 2021-2022 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Орос/Украины Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга нарын газрын багийн ахлагчаар ажиллаж байгаад 2023 онд Монгол Улсад суух Элчин сайдаар томилогджээ.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюань
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань нь хань үндэстэн, эдийн засгийн ухааны магистр, Хятадын Коммунист намын гишүүн юм. Тэрбээр “Хятад, Монгол бол ойр хөрш. Хоёр орны төрийн тэргүүний стратегийн удирдлага дор, хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, ажил хэрэгч хамтын ажиллагаа гайхалтай үр дүнд хүрч, ард иргэдийн амьжиргаанд үр өгөөжөө өгсөөр ирсэн. Миний бие болон Элчин сайдын яамны хамт олон Монгол Улсын бүхий л салбарт хүчин чармайлт гаргаж, хоёр орны өндөр дээд удирдагчуудын тохирилцоог хэрэгжүүлж, хөгжил дэвшил, сэргэн мандалт, орчин үеийн бүтээн байгуулалтын замаар хамтран ажиллаж, хоёр орны хувь заяаны нийгэмлэгийг цогцлоох нэгэн шинэ хуудсыг туурвих болно” хэмээн онцолжээ.
Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жованна Пиккаррета
Элчин сайд Жованна Пиккаррета “Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлж, шинэ шатанд гаргахад хичээл зүтгэл гарган ажиллахаа” илэрхийлэв. Монгол, Итали Улсын хооронд 1970 оны зургадугаар сарын 29-нд дипломат харилцаа тогтоосон. Улмаар Монгол Улс 2011 оны аравдугаар сард Ром хотноо Элчин сайдын яамаа нээсэн бол Итали Улс 2016 оны долдугаар сард Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Төрөлжсөн болон Олон улсын байгууллагын Монгол дахь салбарт дөрвөн эмэгтэй суурин төлөөлөгч бий.
Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз
Элчин сайд Аксель Никэйз нь 1998 оноос Европын Холбоонд ажиллаж иржээ. Сүүлийн 27 жилийн хугацаанд тус Холбооны Брюссель хот дахь төв, Киргиз, Украин, Энэтхэг улсуудад ажилласан. Монгол Улсад томилогдохынхоо өмнө тэрбээр Европын Холбооноос Вьетнам Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Дэд тэргүүнээр ажиллаж байв. Хатагтай Никэйз нь Брюсселийн Их Сургуулийг Олон улсын харилцааны чиглэлээр төгссөн. Олон улсын эрхзүйн магистр, Улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр Бизнесийн удирдлагын Магистр зэрэг хамгаалжээ. Түүний эх хэл нь Франц ба Англи, Орос хэлийг эзэмшсэн.
Элчин сайд Аксель Никэйз “Монгол Улс Европын Холбооны хооронд байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Монголын Засгийн газартай хамтран ажиллана. ЕХ-ны зүгээс ардчилал, хууль, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх зарчимд суурилсан харилцаагаа тасралтгүй хөгжүүлэн, КОВИД-19 цар тахлыг даван туулахад Монгол Улсад үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ” гэдгээ томилогдож ирснийхээ дараа онцолж байлаа.
Европын Холбоо нь 2017 оны арваннэгдүгээр сард Улаанбаатарт суурин Төлөөлөгчийн газраа байгуулж, Монгол Улстай хөгжүүлж буй албан ёсны харилцаа, хамтын ажиллагааны асуудлыг хариуцахын зэрэгцээ тус Холбоотой хамааралтай бүхий л асуудлаар гишүүн орнуудын Дипломат төлөөлөгчийн газруудтай хамтран ажиллаж иржээ.
Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Шаннон Кристин Коулин
АНУ-ын иргэн хатагтай Коулин нь АНУ-ын Беркелей, Калифорнийн Их Сургуулийн байгаль орчны инженерийн шинжлэх ухааны бакалавр, байгаль орчны эрүүл мэндийн шинжлэх ухааны магистрын зэрэгтэй. АНУ-ын Сэргээгдэх эрчим хүчний үндэсний лабораторид АНУ-Энэтхэг болон Өмнөд Азийн бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагааг АНУ-ын Засгийн газрын болон олон улсын байгууллагуудын нэрийн өмнөөс удирддаг менежерийн алба хашиж байжээ. Хатагтай Коулин эрчим хүч болон олон салбарыг хамарсан уур амьсгалын чиглэлийн төсөл хөтөлбөр, яриа хэлэлцээрийг удирдсан 24 жилийн туршлагатай. Сүүлийн 10 гаруй жил АХБ-нд ажиллаж, Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газарт 2021 оны есдүгээр сараас эрчим хүчний салбар хариуцан ажиллаж байсан. 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог. 1991 оноос хойш өнөөг хүртэл АХБ Монгол Улсад 3.7 тэрбум ам.долларын 357 засгийн газрын зээл, буцалтгүй тусламж, техникийн туслалцааны төслийн дэмжлэг үзүүлжээ.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Матилда Димовска
Хатагтай Матильда Димовска нь 2023 оны есдүгээр сарын 4-нөөс Монгол дахь НҮБХХ-ийн Суурин төлөөлөгчөөр ажиллаж байна. Тэрбээр НҮБХХ-ийн Захирагчийн нэрийн өмнөөс Монгол Улсад ажилладаг бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь үйл ажиллагааг ерөнхийлөн хариуцдаг төлөөлөгчийн газрын тэргүүн юм. Өмнө нь тэрбээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Бүгд Найрамдах Узбекистан Улс дахь Суурин төлөөлөгчөөр 2019-2023 онд ажиллаж байсан. НҮБХХ-ийн Европ дахь Суурин төлөөлөгчийн газруудад дэмжлэг үзүүлэх Истанбул дахь бүсийн төвийн багийг удирдан 2016-2019 онд тус бүс нутаг дахь Суурин төлөөлөгчийн болон төслийн удирдлагын газруудад дэмжлэг үзүүлж ажилласан. Мөн НҮБХХ-ийн Турк дахь Орлогч суурин төлөөлөгчөөр (2012-2016) , НҮБХХ-ийн Молдав дахь Орлогч суурин төлөөлөгчөөр (2008-2012), болон НҮБХХ-ийн Гүрж дэх Шадар суурин төлөөлөгчөөр (2006-2008) тус ажиллаж байв. Тэрбээр Бүгд Найрамдах Умард Македон (БНУМ) улсын иргэн бөгөөд өмнө нь АНУ-ын Нью-Йорк хот болон БНУМ дахь НҮБХХ-үүдэд ажиллаж байсан туршлагатай. Хатагтай Димовска нь Скопье хот дахь “Гэгээн Сирил ба Мефодиус” их сургуулийн Эдийн засгийн бодлого, хөгжлийн чиглэлийн Магистрын зэрэгтэй.
Олон улсын улаан загалмай хавирган сар нийгэмлэгийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ольга Джумаева
Улаан загалмай Улаан хавирган сар хөдөлгөөнийг Нобелийн шагналтан, Щвейцарийн иргэн Анри Дюнан үүсгэн байгуулсан. Швейцарийн Засгийн газрын санаачлагаар 1864 оны наймдугаар сард Женев хотноо зохион байгуулсан дипломатын бага хуралд 12 орны Засгийн газрын төлөөлөгчид оролцон “Дайтаж байгаа армийн шархадсан цэргүүдийн нөхцөлийг хөнгөвчлөх тухай” гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулжээ. Уг гэрээ хүн төрөлхтний түүхэнд “Женевийн анхдугаар конвенци” буюу олон улсын хүмүүнлэгийн анхны хууль болсон юм. Эдүгээ Улаан загалмай хөдөлгөөн нь Олон улсын Улаан загалмай хороо, Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар үндэсний нийгэмлэгүүдийн холбоо, Үндэсний Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүд гэсэн бүтэцтэй ажиллаж байна. Олон улсын Улаан загалмай хороо зэвсэгт мөргөлдөөн болон бусад хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалж, тэдэнд тусалдаг бие даасан, төвийг сахисан байгууллага юм. Мөн олон улсын Улаан загалмай ба Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо нь дэлхийн 190 орны үндэсний нийгэмлэгийг эгнээндээ нэгтгэсэн дэлхийн хүмүүнлэгийн сүлжээ болж өргөжсөн. Тус Холбоо нь НҮБ-д ажиглагчийн статустай бөгөөд хүмүүнлэгийн үйл ажиллагааг НҮБ болон бусад хамтрагч талуудтай нягт хамтран зохион байгуулдаг.