Хан-Уул дүүргийн шигшээ баг, “Женко” клубийн тамирчин, спортын мастер Ж.Анударь жүдогоор хичээллээд найман жил болж буй. Тэрбээр өнгөрсөн хугацаанд Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа, ОУХМ Б.Саранзаяа нарын удирдлагад бэлтгэл базааж, дотоод, гадаадын тэмцээнд хүч сорин амжилт гаргах болсон. УАШТ-ий иж бүрэн медальтай түүний хувьд хилийн дээс алхсан анхны томоохон өрсөлдөөн нь Тайланд улсад 2022 онд зохион байгуулсан Ази тивийн АШТ. Бангкокийн дэвжээнд үеийнхээ шилдгүүдийг буулгаж авч, алтан медаль хүртэв. Тэр жилийнхээ зун олон улсын жүдо бөхийн холбооны өсвөр үеийнхний Азийн цомын тэмцээнд оролцохоор Казахстаны Алматы хотыг зорьсон юм. Тус тэмцээнд Монголоос 20 гаруй жүдоч барилдаж, гурав нь аваргаар шалгарсны нэг нь Ж.Анударь байв. Жүдогийн 48 кг-ын жинд өрсөлдөгч ихтэй. Эл жинд манайхаас тив, дэлхийн аварга, олимпын медальтан төрсөн болохоор тэрбээр эгч нарынхаа амжилтыг буухиалахыг ихэд хичээж иржээ. Түүний улсаа төлөөлж өрсөлдсөн гурав дахь томоохон “дайралт” Италид өнгөрсөн сарын 10-11-нд болсон “Follonica Italy cadet European cup-2024”, дараа нь Испанид зохион байгуулсан “Fuengirola cadet European cup-2024” цомын аварга шалгаруулах цуврал тэмцээн байв. Европ тивд анх удаа хөл тавьж, аль алинд нь түрүүлсэн түүнийг зочноор урилаа.
-Охид бөхийн спортод хөл тавихын тулд гэрийнхэнтэйгээ багагүй зөрчилддөг юм билээ. Жүдогоор хичээллэхэд аав, ээж тань хэрхэн хүлээж авав?
-Надад жүдогийн спортын дэг жаяг, ёс зүй, хүндлэл их таалагддаг. Тамирчин хүнийг амжилт гаргахад хүрээлж буй хүмүүсийнх нь хандлага их нөлөөлдөг юм билээ. Анх хичээллэх үеэс манайхан нэг их цааргалаагүй. Аав, ээж “Үнэхээр сонирхож байгаа бол хичээллэ. Чиний сонголт шүү дээ. Өөрийгөө сориод үзэхгүй юу даа” гэж хэлсэн нь урам өгсөн. Хэрвээ ингэж дэмжээгүй бол дотоод, гадаадын тэмцээнд оролцох нь байтугай медаль ч хүртэхгүй байлаа.
-Тамирчид бэлтгэл хийсэн анхны өдрөө мартдаггүй. Тухайн үед ямар сэтгэгдэл төрснөө хожим дурссан байдаг юм.
-Дэвжээнд бэлтгэл хийхээр ирсэн анхны өдөр бие халаалт, сунгалтын дасгал зааж билээ. Хийгээд үзтэл болмоор санагдаж, хичээллэх хүсэл төрсөн. Түүнээс хойш өөртөө урамшиж, “Чи зөв газраа ирсэн шүү. Амжилт гаргаж чадна” гэж хэлдэг байв. Би тэр үед Орхон аймгийн “Ирээдүйн одод” клубт хичээллэдэг байсан юм. Дараа нь “Женко” клубийн дасгалжуулагч Ш.Цэвэлмаа, Б.Саранзаяа багшийн удирдлагад үргэлжлүүлэн хичээллэсэн. Ш.Цэвэлмаа багш намайг тус клубт анх ирэхэд үндэсний шигшээ багийн тамирчдыг дасгалжуулдаг байлаа. Түүнийг харахаар өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрж, давуу талаас нь суралцах сан гэж бодогддог сон. Багш минь бидэнд одоо ч олон зүйлээр үлгэр дуурайл болж яваа.
-Ямар ч хүнд амжилт гаргах эхэндээ амаргүй л байдаг. Медаль хүртэхгүй удахаар шантрах бодол төрөв үү?
-Бүтэн жил хичээллэсэн хэрнээ жүдогийн тэмцээнээс нэг ч медаль авахгүй удсан. Тэр үед амжилт гаргахгүй бол хичээлдээ анхаарал хандуулна гэж боддог байв. Тэгтэл Төв аймагт болсон жүдогийн АШТ-д оролцож, хүрэл медаль хүртсэн юм. Өөртөө итгэлгүйхэн, “Энэ удаа ч гэсэн шагнал авахгүй биз” гээд бодож зогссон би медалийн төлөө барилдахаар шалгарна гэж огт төсөөлөөгүй. Намайг медальтай ирэхийг гэрийнхэн хараад “Баяр хүргэе, улам хичээгээрэй. Бэлтгэлээ таслахгүй тууштай хийгээрэй” гэж урам хайрласан. Ш.Цэвэлмаа багш шударга зантай, түс тас үгтэй. Нэг өдөр бэлтгэл хийж байтал дэргэд ирээд “Чи хүрэл медальтай болсон юм чинь одоо алтын төлөө зүтгэнэ шүү” гэсэн нь итгэл найдвар төрүүлсэн. Тамирчин хүн анхны медальдаа хайртай байдаг. Хүрэл медаль маань араасаа олон шагнал дагуулсан даа. Одоо медалиудын дунд залаастай байдаг ч хамгийн түрүүнд нүдэнд тусдаг. Харах бүрд өрсөлдөгчөө ялж байсан дурсамж бодогддог юм.
-Дотоод, гадаадын тэмцээнд цөөнгүй зодоглосон танд бахархаж ярих барилдаан байдаг биз?
-Бий бий. Надад Азийн АШТ-ий барилдаан сайхан санагддаг. Өсвөр үе, залуучуудын УАШТ-д түрүүлж, оролцох эрх авсан. Би 48 кг-д барилддаг. Дотооддоо ч өрсөлдөгч ихтэй жин шүү дээ. Энэ жинд барилддаг жүдочдоос Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин М.Уранцэцэг эгч дэлхийн аварга болж, Токиогийн олимпоос хүрэл медаль хүртсэн. Түүн шиг амжилт гаргах сан гэж хичээдэг. Миний хувьд Тайланд улсад 2022 онд зохион байгуулсан Азийн АШТ-д оролцохоор Бангкок хотыг анх зорьж байв. Тэнд хөл тавиад л тивийн шилдгүүдтэй өрсөлдөнө гэж болохоор эхэндээ их сүрдсэн. Онгоцноос буунгуут өөдөөс бүгчим, халуун агаар үлээх нь хэцүү санагдаж, хамт явсан найздаа “Монгол руугаа хурдан буцах сан. Хамгийн гоё агаартай нь манай улс юм байна” гээд хэлж байлаа.
-Тивийн тэмцээнд анх удаа хүч сорихдоо хүндхэн учраатай таарав уу?
-Азийн АШТ-ий аваргын төлөөх барилдаанд амаргүй учраатай таарсан. Өрсөлдөгч маань Узбекистаны тамирчин. Надаас өрсөж мэх хийгээд намайг торгуулсан юм. Бид өмнө нь нэгийгээ хараагүй тул барилдах явцдаа хэн, хэнийхээ ямар арга барилтайг мэдэхийг хичээж байв. Хүч, бяраар давуу түүнтэй багшийнхаа зөвлөснөөр ухаан зарж барилдахаар шийдсэн. Тэрбээр их шартай. Дэвжээнд ялагдах нь тодорхой болоход бууж өгөхгүй уйлаад л дайрч байсан нь одоо ч нүдэнд харагддаг. Түүнтэй 10 гаруй минут барилдсаны эцэст ялж, алтан медаль хүртсэн юм. Дараа жилийнх нь тэмцээнд бид таараагүй. Надаас эгч тул залуучуудын ангилалд оролцдог болсон. Би ирэх жилээс тус ангилалд өрсөлдөнө. Тэрбээр жингээ өөрчлөөгүй бол дахин таарч магадгүй.
-Тайландаас медальтай ирэхэд гэрийнхэн тань баяр хөөртэй угтав уу?
-Тийм ээ. Аав, ээж баярлаж, мөнгөн аяга, сүүтэй угтсан. Тамирчин хүнд медалийн тавцанд зогсоод Төрийн дууллаа эгшиглэхийг сонсох мөч юутай ч зүйрлэмээргүй санагддаг юм билээ. Тэр үед аав, ээж, амжилтад хөтөлсөн багш нараараа бахархаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөх тамирчин хүнийхээ үүргийг биелүүллээ гэж бодсон шүү.
-Таны хувьд 2024 он хариуцлагатай жил болж байна. 12 дугаар ангиа амжилттай төгсөхийн тулд элсэлтийн ерөнхий шалгалт өгөх, сонирхсон мэргэжлээрээ суралцах мөч ойртжээ.
-Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн 12б ангид сурдаг. Ангийнхнаасаа жүдогоор хичээллэдэг нь би. Миний хувьд сэтгэл зүйч мэргэжлээр сурахыг хүсдэг. Спортын талбарт амжилт гаргахаар тэмүүлж буй тамирчдад сэтгэл зүйчийн зөвлөгөө их хэрэг болдог. Сургуулийн удирдлага, ангийн багш, хамт олон минь намайг дэмжиж, тэмцээнтэй өдрүүдэд хичээлээс чөлөөлдөг юм. Ангийн нөхөд хичээл бичиж, багш дараа нь нөхөж заадаг болохоор сэтгэл тайван оролцдог. Хэрвээ ойлгодоггүй байсан бол барилдаандаа төвлөрч чадахгүй. Надтай хамт бэлтгэл хийдэг үеийнхнээс зарим нь хичээлдээ анхаарна гээд түр завсарласан.
-Азийн АШТ-ээс зүүсэн алтан медаль араасаа олон амжилт дагуулсан гэдэгт эргэлзэхгүй байна.
-Казахстаны Алматы хотод өнгөрсөн жил болсон Олон улсын жүдо бөхийн холбооны өсвөр үеийнхний Азийн цомын тэмцээнд манай улсаас 20 гаруй жүдоч хүч сорьсон. Тэмцээний эхний өдөр эзэн орны тамирчин Ренато Жумабаева, дараа нь Узбекистаны бөх Сабина Азаматова, Казахстаны Кера Хегай, Узбекистаны Зарина Жамалова нарыг буулган авч, аваргаар тодорч байв. Мөн Итали, Испани улсад өнгөрсөн сарын дундуур болсон Европын цомын аварга шалгаруулах цуврал тэмцээнд түрүүллээ. Европт анх удаа хөл тавьсан надад очсон улс бүрийн хөгжил, орчин нөхцөл таатай бодол төрүүлсэн. Ямар ч тэмцээнд алтан медаль хүртэх сайхан ч аваргаа хамгаалах амаргүй санагддаг. Би өрсөлдөгчдөө үүрэх мэхээр голдуу хожсон. Дэвжээнд гарахын өмнө “Монголын тамирчин” гэж зарлахаар өөрийн эрхгүй зориг ордог юм. Над шиг медаль хүртсэн тамирчин олон бий. Тэднээс 57 кг-ын жинд Т.Ариунзаяа дээрх тэмцээнд алт, мөнгөн медаль гардсан.
-Жүдогоор найман жил хичээллэнэ гэдэг бага хугацаа биш. Шантарч халширсан ч урам авч урагшилсан удаа бишгүй л байсан биз?
-Хүсэл сонирхлоороо хичээллэсэн болохоор шантрах бодол нэгээхэн ч төрөөгүй. Хааяа хожигдчхоод өөрийгөө болоогүй байна, дахиж суралцах хэрэгтэй гэж голдог. Дэвжээнд ялна гэж гараад хожигдсон удаа ч цөөнгүй бий. Би шартай. Өрсөлдөгчдөө санамсаргүй байдлаар ялагдсанаа амархан мартдаггүй. Хэдэн сар сэтгэлд бодогдоно. Намайг амжилт гаргах үеэс хамаатан садны ах, дүүс хүүхдүүдээ жүдогоор хичээллүүлэх болсон. Тэд өөр өөр клубт бэлтгэл хийдэг.
-Тамирчдад тухтай амрах зав ховор гардаг. Амралтынхаа нэг өдрийг хэр үр дүнтэй өнгөрүүлдэг вэ?
-Надад чөлөөт цаг бараг гардаггүй. Долоо хоногийн зургаан өдөрт нь бэлтгэл хийдэг. Амралтын өдөр гэртээ аль болох тухтай байхыг хичээдэг юм. Бэлтгэлээ тараад харихад ээжийн хийсэн хоол, цай амттай санагддаг. Барилдахгүй долоо хоновол дэвжээгээ үгүйлж эхэлнэ шүү дээ. Тийм үед зүгээр суухыг хүсдэггүй, зааланд очих сон гэж боддог. Миний хувьд УАШТ-ий иж бүрэн медальтай. Энэ ташрамд, үеийнхэндээ “Тууштай, хөдөлмөрч, хичээл зүтгэлтэй байгаарай. Тамирчин хүнд хамгийн үнэ цэнтэй зүйл бол бэлтгэл хийх цаг хугацаа байдаг шүү. Тиймээс үр дүнтэй хийж, амжилт гаргаарай” гэж хэлье.