Монголын хөл бөмбөгийн холбоо Азийн хөл бөмбөгийн холбоотой хамтран А зэрэглэлтэй дасгалжуулагчийн сургалт хоёр дахь удаагаа зохион байгуулж, шалгалтад тэнцсэн есөн дасгалжуулагчид диплом, сертификат гардуулсан юм. Тэднээс “Хад” клубийн эмэгтэйчүүдийн багийн тоглогч Б.Алтанцэцэг Азийн хөл бөмбөгийн холбооны A зэрэглэлтэй Монголын анхны эмэгтэй дасгалжуулагч болсон билээ. Сүхбаатар аймгийн хөл бөмбөгийн ногоон талбайд үеийнхэнтэйгээ бөмбөг өшиглөж өнждөг байсан охин МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн оюутан болсон даруйдаа “Хад” клубийн насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн багт хөл тавив. Эмэгтэйчүүдийн анхдугаар лигийн АШТ 2015 онд болоход оролцож, клубийнхэнтэйгээ аваргын цом өргөөд баярлаж зогссон мөч түүний хувьд багийн спортод амжилт гаргах эхлэл нь байжээ. Тухайн үед эрчээ авч, урагшилсан “Хад”-ын эмэгтэй тоглогчдыг зогсоох багийнхан байгаагүй гэдэг. Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн УАШТ-д мөн л өрсөлдөн багийнхантайгаа анхны түрүүг хүртсэн нь энэ спортод сонирхолтой охидод урам өгч байв. Түүнээс хойш тус клубийнхэн 2016, 2017 онд дараалан тэргүүлж, алтан цом гардсанаар эмэгтэйчүүд хөл бөмбөгт амжилт гаргах боломжтойг харуулж, олны хандлагыг өөрчилсөн юм.
-Монголд хөл бөмбөгийн эмэгтэй дасгалжуулагч цөөнгүй бий. Та тэдний нэг. Ажилдаа дуртай байхад хүрээлж буй хүмүүсийн хандлага их нөлөөдөг байх.
-Тэгэлгүй яах вэ. Би 2006 оноос энэ спортоор хичээллэж, тамирчин болох гараагаа эхлүүлсэн. МУБИС-ийн Биеийн тамирын сургуульд сурахын зэрэгцээ хөл бөмбөгийн клубт тоглож, дасгалжуулагчаар ажилладаг байв. Оюутан байх үедээ Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургуулийн хөл бөмбөгийн багийг дасгалжуулж, бэлтгэл хийлгэдэг байлаа. Тухайн үед охид хөл бөмбөгөөр одоогийнх шиг хичээллэдэггүй, сонирхсон нэг нь гэрийнхэнтэйгээ багагүй зөрчилдөж, хөл тавьдаг байсан. Аав, ээж минь намайг дэмжсэний ачаар хөл бөмбөгтэй өнөөг хүртэл нөхөрлөж буй. Багадаа үеийнхээ хөвгүүдтэй тоглож өссөн минь хожим тамирчин, дасгалжуулагч болоход их нөлөөлсөн шүү. Би “Хад” клубийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн багийг, миний нөхөр С.Буд эмэгтэйчүүдийн багийг дасгалжуулдаг юм. Бидэнд спортын талбарт хамт ажиллаж, нэгнээ ойлгож, дэмжих нь илүү амар санагддаг.
-Дасгалжуулагч бүр А зэрэглэлтэй болдоггүй. Үүнд хүрэхийн тулд олон шалгуурын ард гарсан байх шаардлагатай биз?
-Ямар ч хүнийг зорилгодоо хүрэхэд тууштай байдал, хичээл зүтгэл нөлөөдөг юм. Монголын хөл бөмбөгийн холбооны А болон Азийн хөл бөмбөгийн холбооны В, С зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалтад сууж, мэдлэг, ур чадвараа ахиулсан байх шаардлагатай. Монголд Азийн хөл бөмбөгийн холбооны В зэрэглэлтэй тав, C зэрэглэлтэй 25 эмэгтэй дасгалжуулагч бий. Тэднээс А зэрэглэлтэй болсон нь одоогоор би л байна. Сертификат гардаж авахдаа олон жил тууштай ажилласан хөдөлмөрийн минь үр дүн шүү дээ гэж бодож байлаа. Дасгалжуулагчаар ажиллах амар биш ээ. Тэр тусмаа эмэгтэй хүн гэр бүлийн амьдралд хөл тавиад спортоос холддог. Миний хувьд ээж болж хэдэн жил тоглолгүй завсарласан. Манайх хоёр хүүхэдтэй. Тэд хөл бөмбөгт дуртай. Бөмбөг харвал өшиглөх гэнэ. Нөхөр зөвлөж, тусалдаг болохоор ажлаа сэтгэл тайван хийдэг дээ.
-Багийнхаа тамирчдыг бэлтгэл хийлгэх, тэмцээнд оролцуулах, ар гэрийн ажлаа зохицуулах, хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь зөөх гээд та ачаалалтай ажилладаг бололтой юм.
-Энэ бүхэн эхэндээ хэцүү санагддаг байсан ч хэдийн дасжээ. Би Монголын эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн 16, 19 насны шигшээ багийн дасгалжуулагч байсан Японы мэргэжилтэн Наоко Кавамотогийн удирдлагад нэг хэсэг ажилласан юм. Түүнтэй хамт хилийн дээс цөөнгүй алхсан. Тэр бүрд ар гэрийн ажил орхигдоно. Нөхөр бид хоёрыг ажил ихтэй, завгүй үед ойр дотно нөхөрлөдөг ах, эгч, найз нөхөд минь тусалж, хүүхдүүдийг минь харж, ханддаг байлаа. Монголд таван жил ажиллаад нутаг буцсан түүнээс олон зүйл сурсандаа баярладаг. Бид одоо ч холбоотой байж, мэдээлэл солилцдог юм. Намайг А зэрэглэлтэй дасгалжуулагч болоход тэрбээр холбогдож, баяр хүргэсэн шүү.
-Хүн зорьсон зүйлээсээ эргэж буцахгүй бол хэзээ нэгэн цагт амжилтад хүрдэг гэдэг үг бий шүү дээ.
-Тийм ээ. Хичээл зүтгэл минь намайг шагнасан гэж боддог. Спортын ертөнц өрсөлдөөн, тэмцэл ихтэй. Тэр хэрээр тамирчин, дасгалжуулагчийн аль аль нь сорил, шалгууртай байнга тулгарна. Саадыг даван туулж урагшлахад тууштай байдал, тэвчээр хатуужил, хөдөлмөр, зорилго чухал болохыг ажлын талбарт гараад л ойлгосон. Хөл бөмбөгийн ногоон талбайд багийнхантайгаа түрүүлээд баярлаж догдолсон, ялагдчихаад уйлж зогссон үе бишгүй. Тамирчин байхдаа 2015 онд эмэгтэйчүүдийн анхдугаар лиг, мөн эмэгтэйчүүдийн УАШТ болоход “Хад” клубийнхэнтэйгээ оролцож, аваргын цом өргөсөн баярт мөч сайхан дурсамж болж үлджээ.
-Тухайн үед нэг багт хамт тоглодог байсан тамирчдын олонх нь ажил, амьдралын зам мөрөө хөөсөн үү?
-Тэднээс Э.Мөнхтуяа хөл бөмбөгийн спортдоо үлдэж, Сүхбаатар аймагт дасгалжуулагчаар ажиллаж байна. Тухайн үед багш минь дэмжин зөвлөж, бас урамшуулдаг байсан нь зорилгодоо хүрэх тэмүүлэлтэй болгосон. Бидэнд “Та нар чадна. Хүсэл мөрөөдөлдөө хүрэх эрч хүч бий” гэдэг байсан нь одоо ч мартагддаггүй. Эмэгтэйчүүдийн анхдугаар лигийн тэмцээн олны хандлагыг өөрчилж, охид үүгээр хичээллэвэл бусад спортын адил амжилт гаргаж болох нь гэсэн ойлголт төрүүлсэн. Түүнээс хойш охид хөл бөмбөг сонирхох нь нэмэгдсэн шүү дээ. Хөл бөмбөг тоглодог охид шударга, дайчин, шаргуу, зоригтой, эрч хүчтэй байдаг. Миний хувьд охидын багийн бэлтгэлийг сайн хийлгэж, тоглох техникийг нь зөв эзэмшүүлбэл илүү амжилт гаргахаар харагддаг.
-Хөл бөмбөгөөс нэг хэсэг холдохдоо ногоон талбайгаа үгүйлж санав уу?
-Эмэгтэй хүн гэр бүлийн амьдралд хөл тавьж, үр хүүхдээ өсгөн, хүмүүжилнэ гэдэг бас нэг чухал ажил юм билээ. Гадаах талбайд томоохон тоглолт эхлэхээр оролцмоор санагдана, багийнхнаа хэрхэн тоглох бол гэж догдолно. Ээж болсны дараа бие, сэтгэл зүйд олон өөрчлөлт гарсан. Тийм үед багийнхан минь сэтгэлийн дэм их өгдөг байв. Хөл бөмбөгийн талбарт эргэж ирснийхээ дараа хурдгүй, хүчгүй, амархан сульддаг болсноо мэдэрч билээ.
-Багийн спортод амжилт гаргахад гишүүдийнх нь нэгдмэл байдаг чухал гэж ярьдаг. Таныг шавь нартаа ямар зөвлөгөө өгдөг бол гэсэн бодол төрлөө.
-Багийнхандаа, шавь нартаа ч “Зорьсон зүйлдээ үнэнч, тууштай байгаарай” гэж зөвлөдөг. Багийн спортын тамирчид нэг зүг рүү харж, зорилго, бодлоо нэгтгэн, эвтэй байж амжилт гаргадаг. Тэднээс нэг нь сөрөг бодол, таагүй хандлагатай байвал багийнхныхаа уур амьсгалд нөлөөлнө. Дасгалжуулагчийн хувьд тамирчдынхаа сэтгэл зүйг ажиглан судалж, ар гэрийнхэнтэй нь холбоотой байж, хамтран ажилладаг. Хүүхдээ хичээж зүтгээд байгааг ойлгодоггүй гэр бүл ч бий. Тийм үед аав, ээжтэй нь уулзаад, зөвлөлдөж ярилцдаг юм.
-Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг бол?
-Миний ажлын нэг өдөр завгүй өнгөрдөг. “Хад” клубийн насанд хүрэгчдийн багийнхан өглөө 06.00-08.00 цаг хүртэл бэлтгэл хийдэг. Орой тамирчдын эрч хүч нь буурч ядардаг. Хүүхдээ цэцэрлэг, сургуулиас нь авах гээд түгжрэлд хамаг цагаа барж бухимдана. Тиймээс эрч хүчтэй байх цагийг сонгодог юм. Бэлтгэлийн дараа би ч гэсэн хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд хүргэхээр гүйнэ. Өдөр нь өсвөр үеийн багийн тоглогчдыг дасгалжуулна. Орой хариад гэрийнхэндээ хоол, цайг нь зэхнэ шүү дээ. Амьдралд төлөвлөх зүйл их гардаг. Спорттой ойр байсны давуу тал алхам тутамд хэрэг болдог юм.
-Дасгалжуулагч бүр өөрийн гэсэн арга барилтай. Та багийнхаа тамирчдын юунд нь илүү анхаарал хандуулдаг вэ?
-Футзалын тэмцээнд эмэгтэйчүүдийн долоон баг өрсөлддөг. Тэднээс Э.Шинэбаяр дасгалжуулагчтай “Хараацай” клубийн эмэгтэйчүүд хүчтэй өрсөлдөгч. Дасгалжуулагчид нэгийхээ давуу талаас суралцдаг. Нөхөр тэмцээний үед тамирчдын техникийг илүү чухалчилдаг. “Ямар алдаа гаргаад хожигдов. Багийн тань тэр тоглогчийн цохилт нь болохгүй байна. Түүний дамжуулалт нь болсонгүй. Үүнд нь анхаарал хандуул” гэж зөвлөдөг. Миний хувьд хурд, ухааныг нь хардаг. Тэмцээнд аль, аль нь хосолж байж амжилт гаргана шүү дээ.
-Тамирчин байхдаа ямар байрлалд тоглодог байв?
-Заалны тоглолтод хамгаалагч, гадаах талбайд хагас хамгаалагчийн байрлалд тоглодог байлаа. Дасгалжуулагч болсноор клубийнхээ тамирчдын арга барил, онцлог, ур чадварыг нь хараад ямар байрлалд тоглохыг нь шийддэг. Хүүхэд бүр өөр тоглолттой. Нэг нь хичээл зүтгэлээр ур чадвараа ахиулахад нөгөө нь хөл бөмбөг тоглохоор төрсөн мэт мэдрэмж, авьяастай байх нь бий. Миний хувьд клубийнхээ насанд хүрэгчдийн багт өөр багаас тоглогч урьж, хүч сэлбэдэг. Ингэх нь тоглолтод нөлөөлж, өөр уур амьсгал мэдрүүлдэг юм.
-Та дээр дасгалжуулагчид нэгнээсээ суралцдаг гэж өгүүлсэн. Дээд лигт өрсөлддөг эрэгтэйчүүдийн шигшээ багийг дасгалжуулдаг Японы мэргэжилтэн Оцүка Ичирогийн бэлтгэл хийлгэдэг давуу тал юу вэ?
-Тэрбээр системтэй ажилладаг шиг санагдсан. Тухайн тамирчинд юу хэрэгтэй, шаардлагатайг сайн мэддэг. Монголд дээд лигт оролцдог олонх баг легионер тамирчинтай. Энэ нь тоглолтыг илүү сонирхолтой, өрсөлдөөнтэй болгодог. Өнгөрсөн жилийн лигт “ФС Улаанбаатар” багийнхан хамгийн сонирхолтой тоглолт өрнүүлсэн. Одоо лигийн II тойргийн тоглолт эхэллээ. Багт бүрд тоглохоор БНСУ, Япон, Бразил, Аргентин зэрэг улсаас шинэ легионер ирсэн харагдана билээ. Гадаад тоглогчид техникээр илүү тул манайханд давуу талаас нь суралцах зүйл их байдаг.
-Хөл бөмбөгийн дүрэмд ойрын үед өөрчлөлт оров уу?
-Орсон, орсон. Манайхан саяхан Азийн хөл бөмбөгийн холбооны А зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт зохион байгуулсан. Мөн Монгол Улс Азид лигийн тэмцээн зохион байгуулах эрх авлаа. Монголын хөл бөмбөгийн холбоо Азийн хөл бөмбөгийн холбооны В зэрэглэлтэй дасгалжуулагчдыг бэлтгэдэг боллоо. Орчуулагчийн оролцоогүйгээр монгол мэргэжилтнээр хичээл заалгаж, төрөлх хэлээрээ ойлгоно гэдэг давуу тал шүү дээ. Манайд эмэгтэй дасгалжуулагч бэлтгэх сургалт шүүгч дийнхээс ховор болдог. Би одоо өсвөр үеийн 14, 16 насныхны хөл бөмбөгийн академид туслах дасгалжуулагчаар ажилладаг. Хөл бөмбөг өндөр хөгжсөн орнууд академийн шаталсан, системтэй сургалттай. Улс бүр академийн сургалтаар бэлтгэгдсэн тоглогчдоос сонгож, шигшээ багаа бүрдүүлдэг. Монголд ийм сургалт явуулж эхэлсэн.
-Танил хүмүүс тань хүүхдээ хөл бөмбөгөөр хичээлүүлье гээд таныг зориод ирдэг болсон байх.
-Би ч гэсэн хүүхдүүдээ хөл бөмбөг сонирхоод эхэлбэл хичээллүүлнэ гэж боддог. Том хүү I ангийн сурагч, бага нь цэцэрлэгт явдаг. Намайг дасгалжуулагч болсны дараахан хүмүүс хүүхдээ, дүүгээ спортоор хичээллүүлж, зөв төлөвшүүлье гээд хөтөлж ирэх болсон. Тэдний зарим нь тамирчин болоод тоглож байгаа. Монголд хөл бөмбөгийн спортын материаллаг бааз нэг үеэ бодвол сайжирсан. Хот, орон нутгийн сургуулиуд хөл бөмбөгийн талбайтай болж, сурагчдаа хичээллүүлж байна. Харин одоо эмэгтэйчүүдийг энэ спортоор хичээллүүлэхийг дэмжиж, ур чадвар, техникийг нь сайжруулахад анхаарал хандуулах хэрэгтэй. Орон нутгаас Сүхбаатар аймагт хөл бөмбөг эрчимтэй хөгжиж буй. Бидэнд энэ спортын эрдмээс заасан Г.Дүгэрсүрэн багш ХБНГУ-д хөл бөмбөгийн чиглэлээр суралцаж байгаа. Тэрбээр нутагтаа мэргэжлийн дасгалжуулагч, тоглогчдыг бэлтгэхэд хувь нэмрээ харамгүй оруулсан. Азийн хөл бөмбөгийн холбооны А, В, С зэрэглэлтэй дасгалжуулагч тус аймгаас төрлөө. Багш бидэнтэй холбогдож, хөл бөмбөгийн талаарх шинэ соргог мэдээлэл хуваалцдаг юм.