Дөнгөж хоёр сар гаруйхны өмнө буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-нд баталсан нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулчихлаа. Хотын төсвийг гэнэт, яаран сандран тодотгосон нь ард иргэдийн төлөө бус, харин айсуй сонгуулийн зардлыг босгох арга гэж хардах үндэслэл байна. Агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын айл өрхүүдэд цахилгаан халаагуур, бас зуух тараах гэх мэт үрэлгэн зардлыг энэ оны төсөвт тусгаад байсан нь зарим хүний гайхшийг барсан билээ. Тэгвэл төсвийн тодотголоор тэр мэт үрэлгэн зардлаа хасжээ. Гэхдээ тэдгээрийн оронд илүү хачирхалтай зардлуудыг оруулж ирэв. Үндсэндээ хотын төсвийн тодотгол нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгч боллоо.
МЕТРОНЫ ҮЛГЭР
Нэг өглөө бостол нийслэлийн гудамж, талбайг “Улаанбаатар хотод метро байгуулах тендер зарлалаа” гэсэн зар сурталчилгаа “бүрхчихсэн” байлаа. Өнгөрсөн сарын 29 буюу нийслэлийн төсвийн тодотголыг баталсны маргааш өглөө нь хотын удирдлага бидэнд ийм гэнэтийн бэлэг барьсан юм. Өмнөх өдрийнх нь үдэш төсвийг нь батлаад, маргааш өглөө нь тендер зарлачихсан дарга нарын хэт шуурхай үйлдэл нь Улаанбаатарт гялс метро байгуулах гэснийх бус, харин сонгуулийн сурталчилгаагаа нэн даруй эхлүүлсэн хэрэг л болов уу. Учир нь метро барина хэмээн “шоудах” нь сонгуульд оролцогчдын хувьд юутай ч зүйрлэшгүй пиар бөгөөд сонгогчдын “загатнасан газар нь маажиж” буй мэт мэдрэмж төрүүлнэ гэж тооцсон бололтой.
Улаанбаатар хотын энэ оны төсвийг анх батлахад 180 тэрбум төгрөгөөр метроны ТЭЗҮ, зураг төсөл боловсруулахаар тусгасан юм. Уг нь Улаанбаатарт метро барих ТЭЗҮ-ийг 2013 онд ЖАЙКА байгууллагынхны тусламжтайгаар хийснийг тухайн үед олон хүн хотын удирдлагад сануулж байсан билээ. Гэсэн ч уг ТЭЗҮ нийслэлийн удирдлагуудад огт таалагдаагүй бөгөөд “хэт хуучирсан” хэмээн голсныг эргэн сануулъя. Тухайлбал, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Улаанбаатар хотын нөхцөл байдал маш их өөрчлөгдсөн. Метроны менежментийн зөвлөх үйлчилгээ, мөн зураг төслийг хийх гэсэн хоёр багц ажил бий. Үүний хүрээнд олон судалгаа хийдэг. ТЭЗҮ, зураг төслөө зөв боловсруулж байж хөрөнгө оруулалт босгоно, өртөг, зардлаа шийднэ. Хөрөнгө оруулалт бүтэлгүйтэх шалтгаан нь бэлтгэл үе шат болох зураг төслөө хийдэггүй, хэт төсөөллийн урьдчилсан ТЭЗҮ боловсруулдагтай холбоотой” хэмээн ярьсан удаатай.
Гэтэл одоо ЖАЙКА байгууллагынхны боловсруулсан ТЭЗҮ П.Сайнзоригт гэнэт таалагдаад эхэлж. Тэрбээр уг ТЭЗҮ-ийг ашиглан метро барина гэдгээ мэдэгдсэн. Ингээд метроны төслийн зөвлөх үйлчилгээнд 54.6, бүтээн байгуулалтад 333 тэрбум төгрөг зарцуулна гэсэн хоёр том тоог төсөвт тусгалаа.
БҮХЭЛ ТООНУУД ЮУ “ӨГҮҮЛНЭ” ВЭ
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын танилцуулснаар метро барихтай холбоотой дээрх хоёр зардлыг бүхлээр нь төсөвт тусгажээ. Өөрөөр хэлбэл, хэзээ юу хийх, ер нь төсөв мөнгө нь хүрэх юм уу гэх мэт нарийн төлөвлөгөө, задаргаа огт байсангүй. Тэгсэн атлаа “Метроны шугам Толгойтоос Амгалан хүртэл үргэлжилнэ”, “Метрогоор 1000 төгрөгөөр зорчино”, “Цахилгааны эх үүсвэрийг нь Бөөрөлжүүтийн станцаас шийднэ” гэх мэтийн ирээдүй цагт ярьсан, үнэхээр хэрэгжүүлэх, эсэх нь тодорхойгүй, баталгаагүй мэдээллүүд нийгмийн сүлжээгээр “ниссээр” буй. Энэ мэтийн уянгын халилын цаадах бодит үнэнийг харахаар манай хот метротой болно гэсэн итгэл үнэхээр төрөхгүй байна.
Жишээ нь, өмнө дурдсан 54.6, 333 тэрбум төгрөг гэсэн тоо бол метроны зөвлөх үйлчилгээ болон барих мөнгөний аль алиных бүрэн төсөв биш гэдгийг санах хэрэгтэй. П.Сайнзоригийн хэлснээр дээр дурдсан төсвүүд ердөө л зардлынх нь өчүүхэн хэсэг аж. Тодруулбал, япончуудын боловсруулсан ТЭЗҮ-ийн дагуу метро барихад нийт зардал нь 4.5 их наяд төгрөг болох нь. Энэ бол нийслэлийн бараг хоёр жилийн төсөв. Тэгвэл төсөвт оруулаад буй 333 тэрбум төгрөгөөр дөнгөж байршлын судалгаа хийх, тоног төхөөрөмжөө угсрах зэрэг ажлыг л гүйцэтгэх гэнэ. Үүнээс гадна зөвлөх үйлчилгээний зардал нь ч бүрэн биш. 54.6 тэрбум төгрөг нь зөвлөх үйлчилгээний нийт зардлын 30 орчим хувьтай л тэнцэх дүн юм байна. Харин дарга нар “Ямартай ч нийслэлчүүд метротой золгох хугацаа нь 2028 оны сүүлч гэж тооцож байгаа. Байршлын судалгаа хийх, тоног төхөөрөмжөө угсрах зэрэг ажлыг ирэх намарт багтаан хийхээр 333 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үлдсэн ажлыг гүйцэтгэлээр нь санхүүжүүлээд явна. Есдүгээр сар гэхэд метро барих компани шалгарч, ажил эхлэх нөхцөл бүрдэнэ гэж харж байгаа” гэх мэт үлгэр ярьсаар байгаа . Австралийн Сиднейн метрог барихад оролцож буй нэгэн монгол иргэн нийгмийн сүлжээгээр дамжуулан “Монголд туннел ухаад, метро ашиглалтад оруулахад 10 жил ч багадна” хэмээн зөвлөсөн байсныг энд дурдъя.
ХААШАА ОРОХ НЬ ТОДОРХОЙГҮЙ МӨНГӨ
Улаанбаатарт уг нь дунд, урт хугацааны төлөвлөгөө байдаг байх. Гэхдээ түүнийг хотын дарга нь ч мэдэхгүй байгаа. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар ямар ч төлөвлөгөөгүйгээр юу ч хамаагүй хийж, “сэлэм эргүүлдэг” хот болжээ. Асуудал, ажлуудаа эрэмбэлж шийднэ гэдэг ойлголт ч бүр ч үгүй. Хотын дарга гэнэт нэг өглөө босонгуутаа метро барина гэсэн. Бас гэнэт нэг өглөө хотын төвийг, тэр дундаа Сүхбаатарын талбайн ойр орчмыг боржин чулуун замтай болгоно гэлээ.
Үүний дагуу удахгүй төв талбай орчмын явган хүний замыг ухаад эхлэх бололтой. Учир нь тухайн хэсгийн явган хүний замын хавтанг чулуугаар солиход хотын төсвөөс 35.6 тэрбум төгрөг зарцуулахаар хэдийн шийдвэрлэчихсэн. Уг ажлын зардлыг анх 45.6 тэрбум төгрөгөөр тодотголын төсөлд тусгасан байв. Харин олон нийт тэмцэж, шүүмжилсний үр дүнд арайхийн 10 тэрбумыг хасуулж чадсан юм. Гэтэл эл нөхцөл байдлыг эрх баригчид өөрсдөдөө ашигтайгаар эргүүлж, гавьяа байгуулсан мэт “10 тэрбумыг нь хасаж, үерээс урьдчилан сэргийлэхэд зарцуулна” хэмээх болсон нь гутамшигтай.
Уг нь замын халтиргааг бууруулахын тулд хээ гаргах, эсвэл зориулалтын төхөөрөмжөөр барзайлгах зэрэг арга байдаг гэнэ. Энэ талаар мэргэжлийн хүмүүс нь төсвийн тодотголыг батлахаас өмнө өчнөөн санууллаа, “хашхирлаа”. Харамсалтай нь, эрх мэдэлтнүүд тоосон ч үгүй, замыг заавал хуулж аваад солино гэж улайрсаар байна. Нөгөө талаар явган хүний ямар ч замгүй гэр хороолол өчнөөн байхад төв талбай орчмоо л бусниулах гээд байгааг олон ч хүн эсэргүүцлээ. Бас л тоосонгүй. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Гантулга “Яагаад төв талбай орчмын замыг ухах гээд байна вэ. Зөвхөн дарга нар халтирч унах гээд байгаа юм уу. Өөр хийх ажил байхгүй гэж үү. Бордюрын мафи бий гэж ярьдаг. Одоо явган хүний замын мафи бий болгох гээд байгаа юм уу” гэж төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр лавлаж байв.
Хариуд нь П.Сайнзориг “Мафи гэхээр зүйл байхгүй. Нийслэлд явганаар зорчиход хэцүү байна. Улаанбаатар хотынхоо явганаар зорчих нөхцөлийг бүрдүүлье. Бас хотынхоо өнгө үзэмжийг сайжруулъя. Нөгөө талаар дотоодынхоо чулуу үйлдвэрлэгчдийг дэмжье. Энд маш олон ажлын байр бий болгох боломж бий. Дотоодын 20 гаруй үйлдвэр байна. Тэднийг дэмжиж ажиллана. Гадаад руу урсаад байгаа валютыг дотооддоо үлдээмээр байна” хэмээн сөргүүлэв. Дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжихийг үгүйсгээгүй. Харин хамгийн сайн замтай төв талбай орчмыг ухуулахгүй, бусниулахгүй гэж л иргэд эсэргүүцээд, шүүмжлээд байгааг дарга нар ойлгосонгүй ээ.
ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХУРАЛ, ЧУУЛГАН ХИЙНЭ
Төсвийн тодотголд оруулж ирсэн бас нэгэн бүхэл тоо нь Урт цагаан, 32-ын тойрог орчмын тохижилтод зарцуулах 60.7 тэрбум төгрөг юм. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч П.Наранбаярын хэлснээр дээрх дүнгээс 44 тэрбум төгрөгийг Урт цагааныг, үлдсэн 16.7-г нь 32-ын тойрог орчмыг тохижуулахад зарцуулах бололтой. Бас л нарийвчилсан төлөвлөгөө, тооцоо судалгаагүй том тоо оруулж ирсэн нь энэ. Урт цагааны газарт л гэхэд юу хийх гээд байгааг Х.Нямбаатараас өөр хүн мэдэхгүй, холбогдох албаныхан нь хүртэл огт мэдээлэлгүй суугааг бид өмнө нь хөндсөн билээ.
Үүнээс гадна хурал, чуулган зохион байгуулахад хоёр тэрбум төгрөг зарцуулахаар тодотголд тусгажээ. Хурал зохион байгуулаад хөгжиж, урагшилсан түүх Монголд байхгүй. Харин дарга нар өөрийгөө олонд харуулах арга хэрэгсэл шиг ашигласаар ирсэн. Өөрөөр хэлбэл, нийслэлийн дарга нар хоёр тэрбум төгрөгөөр сонгуулийн сурталчилгаа хийхээр төсвийг нь шийдчихлээ. Жишээ нь, Улаанбаатар хотын хөгжлийн бүсийн форум зохион байгуулахад нэг тэрбум төгрөг зарцуулна. Зүүн хойд Азийн хотын дарга нарын чуулга уулзалтыг зохион байгуулах арга хэмжээний хүрээнд 600, олон улсын инновацын үзэсгэлэнгийн арга хэмжээнд 400 сая төгрөг зарцуулахаар төсөвлөөд байна. Ийм маягаар хотын дарга төсвийн хөрөнгийг хувийнхаа мөнгийг үрэх гэж байгаа мэт л цацахаар болчихлоо. Уг нь хотын төсвийн дийлэнх хувийг татвар төлөгчдийн мөнгөөр бүрдүүлдэг шүү дээ.
ЗАСАГЛАЛЫН ХЯМРАЛ НҮҮРЛЭЖЭЭ
Хотын дарга нар төсвийг тодотгох гэж улайрахдаа төслийг нь дутуу дулимаг боловсруулж, нийслэлийн ИТХ-аар хэлэлцэх өдрийн өглөө нь төлөөлөгчдөд тараасан билээ. Тодруулбал, нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVII хуралдаан өнгөрсөн сарын 19-нд болсон. Уг хурлаар нийслэлийн энэ оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэхээр товлоод байв. Гэтэл хуралдаан эхэлтэл төлөөлөгчдөд төсвийн тодотголын хоёр төсөл тараасан болж таарав. Улмаар алийг нь хэлэлцэх вэ гэдэг маргаан үүссэн юм. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг тодотголын хоёр төсөл тараасан шалтгааныг “Техникийн алдаа. Ганцхан төсөл бий. Төслийг хоёр хувилбараар боловсруулсан юм. Ажлын албад хэвлэж өгөхдөө сольсон байна” хэмээн мэлзсэн. Улмаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар нийслэлийн ИТХ-аар хэлэлцэх төслийг хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө төлөөлөгчдөд тараах шаардлагын дагуу төсөв тодотгох хугацааг хойшлуулж байв. Иргэдийг хуурч, татварт төлсөн мөнгөөр нь тоглох гэж яарсны жишээ нь энэ.
Нөгөө талаар хотын удирдлага нийслэлийн ИТХ-д ямар ч төсөл оруулсан төлөөлөгчид хүндрэл бэрхшээлгүйгээр баталчхаад байна. Үндсэндээ нийслэлд засаглалын хямрал нүүрлэж, АН, ХҮН намын хэдхэн төлөөлөгчийг эс тооцвол нийслэлийн ИТХ амьгүй мэт болсныг энэ оны төсвийн хэлэлцүүлгүүдээс харж болохоор байлаа. ИТХ 45 төлөөлөгчтэйгөөс гурав нь ХҮН, ь АН-ын төлөөлөл. Тэд сөрөг хүчний байр сууриа хэчнээн илэрхийллээ ч цөөнхөө хүндэтгэн, саналыг нь хүлээж авах ардчилсан зарчим үйлчилдэггүй. Үлдсэн 34 төлөөлөгч нь МАН-ынх. Тэдний олонх нь давхар албан тушаалтай. Жишээ нь, найман төлөөлөгч нь дүүргийн Засаг дарга. Түүнчлэн 10 төлөөлөгч нийслэлийн өмчит байгууллага буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв, Нийслэлийн орон сууцын корпорацын дарга гэх зэрэг албан тушаалтай. Ард түмнийг төлөөлнө гээд ороод ирсэн төлөөлөгчид энэ мэт албан тушаал аваад чимээгүй болчихсон. Ард нь засаглалын хямрал нүүрлэж, төсвийн хулгай дээрх байдлаар үргэлжилсээр байна.
Бэлтгэсэн: М.Оч