Олон улсын уулчдын холбооноос Канадын Эдмонтон хотод мөсөнд авиралтын ДАШТ-ийг энэ сарын 16-18-нд зохион байгуулахад манайхан оролцож, 16 орны 94 тамирчинтай өрсөлдөж, дэлхийд чансаагаар тэргүүн байрт жагссан. Тэднээс “Сутайн бор” клубийн тамирчин, ах, дүүс болох ОУХМ Н.Хэрлэн, спортын мастер Н.Сэлэнгэ нар хурдны төрөлд мөнгө, хүрэл медаль зүүж, дэлхийд данстай шилдгүүдийн эгнээнд хүч түрэн орсон юм. Яг тэр мөчөөс эхлэн олон улсын холбоод болон өрсөлдөгч тамирчид нь манайхны бэлтгэл хийдэг хана, орчин нөхцөл, ур чадвар, туршлагыг сонирхон судалж, хамтарсан бэлтгэл хийх санал тавих болсон байна. Н.Сэлэнгэ БНСУ-ын Чонсон хотод сарын өмнө болсон “Дэлхийн цом” тэмцээнд медалиас атгаад л алдаж байлаа. Тэгвэл түүний гаргасан энэ удаагийн амжилт мөсөнд авиралт, спорт авиралтаар дурлаж хичээллэдэг охидод урам өгсөн юм.
-Канадаас медальтай эх орондоо ирсэн танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Спорт сонирхогчид мөсөнд авиралтын тамирчдаа ДАШТ-д оролцохыг харж, хэд хоног сэтгэл догдолсон. Тэднээс хурдны төрөлд хоёр нь шагналын салхи хагалж, медаль хүртсэний нэг нь та байв. Манай авирагчдад Эдмонтон хот сайхан дурсамж үлдээлээ. Тэндээс ямар бодол өвөртөлж ирснээ сонирхуулаач.
-Баярлалаа. Миний хувьд Монголынхоо тамирчидтай ДАШТ-д анх удаа оролцож, зорилгоо биелүүлсэндээ сэтгэл өндөр байна. Канадын Эдмонтон хотод 10 хоноход цаг агаар нь манай улсынхтай төстэй байв. Тэнд анх хөл тавьсан надад бүх зүйл сайхан санагдсан. Тус хотод 30 гаруй монгол өрх суурьшин төвхнөжээ. Тэд бидний тэмцээнд оролцохыг үзэж, амттай хоолоор дайлсан.
-Та өнгөрсөн хугацаанд зорьсон зүйлээ хэрэгжүүлж, амжилт гаргаснаа хүчтэй өрсөлдөгчдөдөө харууллаа. Манайхан энэ удаа дэлхийд чансаагаар тэргүүлж, Монголд энэ спорт хөгжиж байгааг баталсан. Олон улсын тамирчид манай улсад хамтарсан бэлтгэл хийх талаар санал тавьж эхэлсэн тухай сонслоо.
-Манайхан мөсөнд авиралтын хурдны төрөлд хүчтэй өрсөлдөгч болсноо ур чадвар, туршлагаараа батлан харуулахад сайхан байлаа. Монголчууд өвлийн спортоос эл төрөлд Азийнхнаас хамгийн өндөр амжилт үзүүлэх болсон нь олон орны анхаарлыг татаж эхэлсэн. Гадаадын тамирчид өнгөрсөн жилээс хамтарсан бэлтгэл хийх талаар санал тавьсан ч олон улсын стандартад нийцсэн бэлтгэл хийх ханагүй байсан тул татгалзсан юм. Харин энэ жил Говь-Алтай аймгийн Тонхил сумын “Олимп” төвд 16 метрийн мөсөн хана барьсан тул ирэх жил олон улсын хамтарсан бэлтгэл хийх болов уу. Миний хувьд хойшид оролцохоор төлөвлөсөн тэмцээний салхийг хүрэл медалиар хагалж, амжилт гаргахаар зорьж буй үеийнхээ залууст урам өгсөн гэдэгт итгэлтэй байна.
-Ялагдал болгон муу байдаггүй, ялах амжилтын эхлэл байдаг. Чонсоноос том зорилго тээн ирж, бэлтгэлээ чамбайруулсан нь үр дүнгээ ч өгсөн байх.
-Тамирчдын дунд “Өнөөдрийн ялагдал маргаашийн ялалт” гэдэг үг бий. Би БНСУ-ын Чонсон хотоос ирээд нурууны эмчилгээнд гурав хоног орсон. Сарын дараа ДАШТ эхлэх байсан тул аав, ахынхаа удирдлагад бэлтгэлээ шаргуу хийсэн дээ. Олон улсын уулын холбооны мэргэжилтнүүд “Дэлхийн цом”-д намайг медалиас атгаад алдсан болохоор энэ удаагийн ДАШТ-д даагаа нэхэж өрсөлдөнө гэдгийг тооцоолсон нь ч тэмцээний үеэр анзаарагдаж байлаа.
-ДАШТ-д охиноо өрсөлдөхийн өмнө аав нь юу гэж зөвлөсөн бэ. Хүү, охиноо Монголынхоо тамирчдад амжилтын жим гаргаж, медальтай ирэхийг хараад баярлаж угтав уу?
-Аав “Тэмцээнтэй өдрүүдэд тайван байгаарай. Хамгийн гол нь өөртөө итгэлтэй оролцож, хүчтэй өрсөлдөгч болсон гэдгээ харуулаарай” гэж зөвлөсөн. Ах, бид хоёрыг онгоцноос медалиа зүүгээд буухаад аав, ээж нүдэндээ баярын нулимстай, догдолж угтсан даа.
-Медалийн төлөөх өрсөлдөөн олны сонирхлыг их татдаг. Энэ удаа аль улсын тамирчинтай өрсөлдсөн бэ. Тэр үед ямар бодол төрөв?
-ДАШТ-ий хурдны төрөл тун сонирхолтой болсон. Учир нь би АНУ-ын тамирчинтай 2023 онд БНСУ-ын Чонсон хотод болсон “Дэлхийн цом”-ын хагас шигшээд өрсөлдөөд ялагдаж байв. Тэгвэл өнгөрсөн сард зохион байгуулахад нь түүнтэй финалд дахин таарч, хоёр дахь удаагаа ялагдсан юм. Канадын Эдмонтонд болсон ДАШТ-ий хүрэл медалын төлөөх өрсөлдөөнд гурав дахь удаагаа таарсан ч өөрт байгаа бүх зүйлээ дайчлан гаргаж ялснаар шагналын тавцанд зогссон. Түүнтэй өрсөлдөх үед бага зэрэг эмээсэн ч аавын хэлсэн үг санаанд орж айдсыг минь ор мөргүй арилгасан. Яг тэр үед өөртөө итгэх итгэл илүү төрж, шийдэмгий зоригтой өрсөлдсөн шүү.
-Энэ удаа Ч.Мандахбаяр, О.Сайханжаргал нар сайн оролцсон. Монголын тамирчид дэлхийн аваргуудтай эн зэрэгцэх хэмжээнд хүрсэн нь спорт сонирхогчдыг хамгийн их баярлууллаа.
-Би тэднийг ахынхаа адил хүндэлж, ур чадвараар нь бахархдаг. Ч.Мандахбаяр ах Швейцарын Саас-Фе хотод зохион байгуулсан “Дэлхийн цом”-ын тэмцээнд аваргаар шалгарч дэлхийн чансааг тэргүүлж эхэлсэн. О.Сайханжаргал ах энэ удаа цагийн үзүүлэлтээр хагас шигшээд II байраар финалдаж, өөртөө маш том боломж байгааг харууллаа. Түүнд дэлхийн тавцанд зогсож чадах ур чадвар, туршлага, эрч хүч, мэдрэмж, ухаан бий гэж боддог.
-ДАШТ-д өмнө нь таарсан тамирчдаас хагас шигшээд хэнтэй ширүүхэн өрсөлдөв?
-АНУ-ын тамирчин 2023 онд “Дэлхийн цом”-д хүрэл, энэ жил мөнгөн медальтай нутаг буцсан. Миний хувьд түүнтэй хойшид ч таарах болохоор ширүүхэн өрсөлдөөн гарах байх.
-Та аавынхаа удирдлагад бэлтгэл базаадаг. Тэмцээнтэй өдрүүдэд алдаа гаргахгүй байх талаар байнга зөвлөв үү?
-Аав өөрөө уралдах гэж байгаа мэт утсаар байнга холбогдон зөвлөж, сэтгэл зүйд минь анхаарал түлхүү хандуулсан нь үр дүнгээ өгсөн.
-Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр “Дэлхийн цом”-д АНУ-ын тамирчинд ялагдаж, медальгүй хоцроход тань “Чи үүнээс ч илүү амжилт гаргаж, медаль авна даа” гээд зөвлөж байсныг тэмцээний үеийн бичлэгээс харсан. Түүний хэлснээр та ч шагналын тавцанд зогслоо шүү дээ.
-Тиймээ. Энэ амжилтыг үзүүлэхэд томоохон нөлөө үзүүлсэн хүмүүсийн нэг бол Монголын хүндийг өргөлтийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаяр багш. Тэрбээр “Тариан түрүү ургах тусмаа бөхийдөг гэдэг үгийг үргэлж санаж яваарай” гэж хэлдэг юм. Багш бид хоёр удахгүй бэлтгэлдээ орно.
-Дэлхийн шилдгүүдээс танд хурдын төрөлд хэнийх нь ур чадвар, текник хамгийн их таалагдав. Та тэднээс суралцаж, зөв гэж бодсон зүйлээ хэрэгжүүлдэг үү?
-Хойд хөршийн тамирчин Мария Толокинагаас үлгэр жишээ авдаг. Түүний авиралтыг судалж, ур чадвар, техникээс нь суралцаж байгаа.
-Та ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ. Хичээлийнхээ хажуугаар бэлтгэл хийж, тэмцээнд оролцох хааяа амаргүй санагддаг биз?
-Би одоо МУБИС-ийн спорт аялал жуулчлалын ангид сурдаг I дамжааны оюутан. Сургуулиа төгсөөд спортын сэтгэл судлалаар үргэлжлүүлэн магистрт сурах төлөвлөгөөтэй байгаа. Хичээлтэй үед, тэр дундаа шалгалт дөхөхөөр бэлтгэл хийх амаргүй. Хичээлээс гадна замын түгжрэл, амралтаа зохицуулах хэцүү санагддаг тал бий. Гэхдээ энэ бүхнийг саад бэрхшээл гэж халшрахаас илүү тамирчин хүний давах ёстой зүйлүүдийн нэг гэж боддог юм.
-Таны оролцох дараагийн тэмцээн хаана болох вэ. Тэр үед өрсөлдөгчдөөсөө харсан зүйлээс юунд их анхаарал хандуулж, өөрийгөө аль талаас нь илүү хөгжүүлж, бэлтгэл хийх вэ?
-Мөсөнд авиралтын тэмцээн ДАШТ-ээр хаалтаа хийлээ. Ирэх жилийн нэгдүгээр сард БНСУ-ын Чонсон хотод “Дэлхийн цом” эхэлнэ. Одоо хурд, хүчний бэлтгэлээ өмнөхөөсөө илүү сайжруулж, сэтгэл зүйгээ сайтар бэлдэнэ.
-Та мөсөнд авиралтаас гадна спорт авиралтаар хичээллэн, амжилт гаргаж байгаа. Сумдаа олон улсын стандартад нийцсэн ханатай болсон нь ур чадвараа ахиулахад нөлөөлсөн байх.
-Тийм ээ. Миний сонирхож хичээллэдэг бас нэг төрөл бол спорт авиралт. Би хурдны төрлөөр анх хичээллэж, спортын гараагаа эхлүүлж байв. Монголд авиралтын төрлүүдээр хичээллэх спорт сонирхогчдын тоо жил бүр нэмэгдсэн байна. Манай сумд авиралтын олон улсын стандарт хана барьсан нь орон нутгаасаа болон зэргэлдээх аймгаас тамирчид бэлтгэх томоохон бүтээн байгуулалт болсон. Хүүхдүүдийг багаас нь бэлдэх бэлтгэлийн бааз, таатай орчин нөхцөл ингэж бүрдсэн нь уулчдыг төдийгүй сонирхож хичээллэгсдийг их баярлуулсан. Залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, цаашлаад мэргэжлийн тамирчдын амжилтыг олон улсын талбарт ахиулахад нөлөөлж байгаа. Олимпын наадмын хөтөлбөрт спорт авиралт багтсан болохоор тамирчид жилийн дөрвөн улиралд бэлтгэл хийж, өвөл, зуны олимпод оролцох боломжтой шүү дээ.
-Авиралтын төрлүүд эрсдэлтэй тул охид зориг гаргаж хичээллээд байдаггүй. Таныг хүсэл мөрөөдлөөсөө буцах аргагүй болтол татсан энэ спортын давуу тал юу вэ?
-Спорт авиралтын төрлүүд тухайн хүнээс, эрч хүч, мэдрэмж, дайчин, зоригтой байхыг шаарддаг. Үүгээрээ адал явдалт экстрим спортод багтдаг юм. Хэнд ч бүх зүйл эхэндээ хэцүү санагддаг шүү дээ. Надад ч гэсэн анх хичээллэхэд амархан байгаагүй. Гар, хөлийн хуруу, алганы арьс хуурч, хамаг бие минь булрах зэргээр шантрах зүйлтэй багагүй тулгарсан. Хэцүү санагдах тусам өөрийн эрхгүй тэмүүлж, энэ спортын амтанд нь эргэж буцахааргүй татагдаж билээ. Гэхдээ би ганцаараа ийм саадтай тулгараагүй. Авиралтын төрлүүдээр хичээллэдэг тамирчид тэр бүхнийг бие, сэтгэлийн хатаар даван туулсан. Хэрвээ би хэцүү байна гээд орхисон бол өдий зэрэгт хүрэхгүй л байсан. Ингэж бодох тусам хичээллэдэг спортынхоо давуу талыг мэдэрдэг. Тиймээс өөртөө чадах ёстой гэж хэлээд зорилгодоо хүрэхийг хичээж ирлээ.
Уул, хад, мөс, спорт авиралтаар хичээллэж эхэлсэн бол ямар ч саадыг даван туулж, зорьсондоо хүрэхийн тулд урагшлах хэрэгтэй. Хөдөлмөрлөсөн хүн хэзээ нэгэн цагт амжилтад хүрдэг. Амжилт бодож байгаа шиг амархан ирдэг зүйл биш. Өөрийгөө дайчилж, зүтгэсэн өдрүүдийн тоогоор алхам алхмаар ойртдог юм байна гэдгийг тэмцээнд оролцох бүрдээ мэдэрсэн.