Хөнгөн атлетикийн тив, дэлхийн тэмцээний марафон гүйлтийн төрөлд эрх авч оролцдог шилдэг тамирчид орон нутгаас төрсөн байдаг. Тэдний нэг нь “Алдар” спорт хорооны хөнгөн атлетикийн тамирчин, зэвсэгт хүчний 337 дугаар ангийн ахлах ахлагч, ОУХМ Ц.Бямбажав. Тэрбээр 2006 оноос өнөөг хүртэл хөнгөн атлетикаар тууштай хичээллэж, олон улсын тэмцээнд жил бүр хурд сорьж буй. Түүнд оролцоогүй уралдаан ховор. Өмнөд хөршийн Бээжинд 2008 онд болсон гүйлтийн тэмцээний хагас марафон, дараа жил ньмөн тус хотод зохион байгуулсан олон улсын марафонд оролцож, спортын мастер цолны болзол биелүүлсэн юм. Түүнчлэн “Гуанжоу-2010”, “Инчон-2014” Азийн наадам, “Лондон-2017”, “Доха-2019” “Ороген-2022, “Будапешт-2023” ДАШТ-д уралдаж, “Рио-2016”, “Токио-2020” зуны олимпын наадамд улсаа төлөөлж өрсөлдсөн. “Чиндао-2017” олон улсын марафонд түрүүлж, тэр жилээ БНХАУ-ын Гуандун мужийн Дунгуан хотод болсон Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн. “Улаанбаатар” олон улсын марафоноос иж бүрэн медаль гардаж, Японд 2019 онд зохион байгуулсан “KIX Senshu” олон улсын марафонд аваргаар шалгарсан түүнийг зочноор урьж ярилцлаа.
-Хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багийнхны хувьд 2024 он хариуцлагатай жил болж байна. Парисын олимп хэдхэн сарын дараа эхлэх нь. Манайхан аль улсад бэлтгэл базааж, эрх олгох тэмцээнд өрсөлдөх вэ?
-Үндэсний шигшээ багийнхан гурван өөр улсад бэлтгэл базааж байгаа. Дасгалжуулагч О.Оюунтуяа багшийн удирдлагад Гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ Г.Хишигсүрэн нар Японд, Б.Доржпаламын удирдлагад Б.Мөнхзаяа, Ж.Олонбаяр, Д.Гантулга нар БНСУ-д, харин би Кени улсад бэлтгэл хийдэг. Миний хувьд Испанид энэ сарын 18-нд зохион байгуулсан “Zurich Seville тarathon”-д оролцоод эх орондоо ирлээ. Марафонд уралдсан тамирчид маш их ядардаг тул шил дарсан тэмцээнд ойрхон оролцох боломжгүй. Тиймээс сэргэлтийн бэлтгэл хийж, хоёр сарын дараа өрсөлддөг. Тавдугаар сард болох тэмцээнээс эрх авбал би олимпын наадамд гурав дахь удаагаа оролцох юм. Өнгөрсөн жилийн намар болсон “Ханжоу-2022” Азийн наадмын хөнгөн атлетикийн тэмцээнд эхний гурван байр эзэлсэн тамирчинд олимпын эрх олгосон. Манайхан тус наадмаас эрх хараахан аваагүй.
-Токиогийн олимпоос хойш та хоёр ч ДАШТ-д оролцсон санагдах юм.
-Тийм ээ. Шигшээ багийн тамирчидтай дасгалжуулагч Б.Доржпалам, Т.Шийтэрчулуун нарын удирдлагад АНУ-ын Орегон муж улсын Южин хотод 2022 оны долоодугаар сард зохион байгуулсан ДАШТ-д оролцлоо. Дараа нь БНСУ-д болсон “Seoul international marathon”, Унгарын Будапешт хотод зохион байгуулсан ДАШТ-д хурд сорьсон. Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо, ОУОХ-ноос эрэгтэй, эмэгтэй тус бүр эхний 80 тамирчинд олимпын эрх олгож байгаа. Эрэгтэйчүүд хоёрцаг, найман минут, 10 секунд, эмэгтэйчүүд хоёр цаг, 26 минут, 50 секунд гүйнэ. Испанид болсон марафон ДАШТ-ээс дутахааргүй өрсөлдөөнтэй боллоо. Эрх авахын тулд олон тамирчин улсынхаа дээд амжилтыг шинэчилсэн. Сүүлийн үед хөнгөн атлетикийн тэмцээнд 1995 оноос хойших шинэ залуу тамирчид хүч түрэн орж ирсэн нь тэмцээнийг улам өрсөлдөөнтэй болгож байна. “Рио-2016” олимпод эрэгтэйчүүд хоёр цаг 15, эмэгтэйчүүд хоёр цаг, 19 минутаас бага хугацаанд гүйх цагийн үзүүлэлттэй байсан. Тэнд тус бүр 150 тамирчин өрсөлдсөн бол Токиогийнход 106 тамирчин оролцсон юм. “Парис-2024” олимпод тус бүр эхний 80 тамирчинд өрсөлдөх эрх олгохыг заасан. Нэмж оролцуулах, эсэх нь одоогоор тодорхойгүй. Монголын хөнгөн атлетикийн тамирчид олимпын наадамд таван удаа өрсөлдлөө. Шигшээ багийнхнаас Гавьяат тамирчин Б.Сэр-Од ах“Афин-2004” олимпын наадмаас оролцож эхэлсэн түүхтэй.
-Кени хөнгөн атлетикийн төрөлд шилдэг тамирчидтай. Тэнд бэлтгэл хийхэд орчин нөхцөл хэр таатай бол?
-Кенид 10 гаруй улсын тамирчид бэлтгэл хийдэг. Тэнд дэлхийн дээд амжилт эвдэж, олимпын аварга болсон тамирчин цөөнгүй бий. Миний гол зорилго бол шилдгүүдээс суралцах. Өнгөрсөн жил ДАШТ эхлэхээс өмнө тамирчидтай нь хоёр сар бэлтгэл хийсэн. Тус улс Монголоос 5-6 цагийн зөрүүтэй. Бусад орныг бодвол бухимдах зүйлгүй, тайван ч хөгжлөөр тааруухан. Тосгоны хээр талд 40 гаруй тамирчинтай өдөрт хоёр удаа гүйхэд ачааллыг бага мэдэрдэг юм. Өдөр бүр уралдаж байгаагаас ялгаагүй бэлтгэл хийхэд цагийн үзүүлэлт, тактик, тооцоолол гээд бүх зүйлээ төлөвлөж сурдаг. Кенийн тамирчид надаас хамгийн түрүүнд “Чи Хятадаас ирсэн үү” гэж асуухад нь “Үгүй ээ, Монголоос ирсэн” гэхэд их гайхаж билээ. Тэд “Монгол Азийн хаана байдаг орон бэ” гэж сонирхоход нь “Манай улс ОХУ, БНХАУ-ын дунд оршин тогтнодог. Аль алинтай нь хөршийн холбоотой” гэж ойлгуулдаг юм.
Би хүнсний өргөн хэрэглээний бараанаас жимс, ногоо түлхүү авдаг. Гадаадын тамирчидтай найз болохоос гадна туршлагаасаа хуваалцаж, мэдээлэл солилцох дуртай. Тосгонд очиход бүх зүйл нь нэг хэвийн уйтгартай санагдаж, эхэндээ уйддаг байв. Удалгүй орчин нөхцөлд нь дасаж, бэлтгэлээс өөр зүйлд анхаарал хандуулахаа больсон. Бэлтгэл хийхэд цаг агаар нь таатай ч зам бартаа, саад ихтэй. Олон улсын марафоны зам тэгш байдаг. Хүндхэн нөхцөлд бэлтгэл хийсэн тамирчид амаргүй бүхнийг даван туулсан байдаг тул тэгш замд амжилт гаргахад нөлөөлдөг юм. Спортын талбар тамирчин хүнээс залуу насандаа амжилт гаргахыг шаарддаг. Гэхдээ нас хязгаарладаггүй спортын төрлүүд бий л дээ. Уралдах тусам туршлага хуримтлуулж, арга барил, техникүүдийг эзэмшсэний дараа амжилт гаргадаг тамирчид байдаг. Тухайлбал, бидэнтэй хамт бэлтгэл хийдэг, Швейцарын тамирчин Тадессе Абрахам 45 настай. Тэрбээр өнгөрсөн жилийн марафонд дэлхийн дээд амжилтыг эвдсэн. Түүний бэлтгэлийг залуус ч гүйцдэггүй. Туршлага хуримтуулсан тамирчин бүх зүйлд тэргүүлэгч байдгийг түүнээс олж хардаг.
-Үргэлж зунаараа байдаг орноос Монголд ирэхдээ онгоцноос буугаад л даарав уу?
-Намайг ирэх үеэр Улаанбаатарын цаг агаар хүйтэн байсан тул даарч, хоолой хэд хоног хөндүүрлэсэн. Хэдийгээр сар шинийн баяр болж таарсан ч холын нислэгт ядарсан болохоор гэртээ хөл тавиад тухтай амрахыг бодсон доо. Үндэсний шигшээ багийнхныг улсаас дэмжиж, бэлтгэл хийх, байрлах байр, ирэх, очих зардлын мөнгийг шийдээд олон улсын марафонд оролцуулж байгаа шүү.
-Шигшээ багийн бус тамирчид тэмцээнд оролцох зардлаа хувиасаа гаргах амаргүй байдаг юм билээ. Монголд бэлтгэл хийдэг тамирчид хүйтэнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн цасыг цэвэрлээд гүйж байхыг цөөнгүй харсан.
-Би ч гэсэн тамирчин байх эхний жилүүдэд тэдэн шиг гүйдэг байлаа. Амьдарч буй орчныхоо нөхцөлд тааруулаад бэлтгэлээ аль болох үр дүнтэй хийх сэн гэж боддог тамирчин олон бий. Эх орон, төр засаг, ард түмэнд буруу өгөхөөс илүү өөрийнхөө амжилт гаргах боломжид анхаарал хандуулах хэрэгтэй. Бусдаас өө харж, шалтаг хайдаг хүн хэзээ ч амжилт гаргадаггүй.
-Гүйлтээр хичээллэхэд хөдөө өссөн тань багагүй нөлөөлсөн байх.
-Би малчин айлын ууган хүү, нэг дүүтэй. Багаасаа морь, малтай ойр өссөн. Хүүхэд байхдаа өглөө эрт босож аав, ээжийнхээ ажилд тусална. Хонь хариулна, хурга, ишигний араас гүйнэ. Увс аймгийн Өлгий сум миний төрсөн нутаг. Би хаана ч явсан нутгийнхаа уул, усыг боддог. Хааяа нутгаа зорьж, эрч хүч, энерги авах дуртай. Бага байхад сүрлэг харагддаг байсан уул жижигхэн болсон мэт санагдана. Далайн түвшнээс дээш 3000 метрийн өндөрт орших мөнх цаст Хархираа уулын өвөрт тоглож, гүйж гардаг байсан минь хожим өндөрлөг газарт бэлтгэл хийхэд нөлөөлсөн болов уу. Намайг спорт сонирхож эхлэх үеэс манайхан ойлгож, дуртай хүлээж авсан. Аав минь “Хүүгээ хаа хүртэл явна, тэр хүртэл дэмжинэ” гэдэг байлаа. Гэрийнхнээс минь гадна Нутгийн зөвлөл, сумын удирдлага, ахан дүүс, зон олон сайн дэмждэг. Хөнгөн атлетикийн тамирчдын олонх нь орон нутгийнх. Тэднийг өссөн орчин, нөхцөл нь энэ спортод хөл тавиулдаг. Миний хувьд Увс аймгийн Өлгий сумынуугуул, хөнгөн атлетикийн дасгалжуулагч Б.Батчулуун багшийн удирдлагад 2006 онд анх хичээллэсэн. Б.Сэр-Од ахыг “Бээжин-2008” олимпод хурд сорихыг зурагтаар хараад түүн шиг оролцох сон гээд бодож байсан мөрөөдлөө 2016 онд биелүүлж билээ. Дэлхийн шилдгүүдээс Кенийн тамирчид хөдөөгийн энгийн тосгонд төрсөн байдаг. Тэд хүнд нөхцөлд хатуу, бэрхийг даван туулж, амжилтад хүрсэн.
-Катарт болсон “Доха-2019” ДАШТ-д шигшээ багийнхан оролцсон. Тамирчид их халуунд уралдсан тул олонх нь замаа дуусгалгүй дундаас нь орхиж байсныг саналаа.
-Халуунд гүйх маш хэцүү. Шингэн их алдаж, ядарч цуцдаг. Доха хотод тэмцээн шөнө эхэлсэн чтэр их халууныг тэсвэрлэх хүнд байлаа. Манайхны амарч байх цагт гадаадын тэмцээнүүд эхэлдэг. Монголоос олон цагийн зөрүүтэй улсад шөнө уралдахаар болбол орчин нөхцөлд нь зайлшгүй дасан зохицох хэрэгтэй болдог. Парист болох олимпын марафон орой 21.00 цагаас эхлэх юм билээ.
-Олон улсын марафонд тивийн шилдгүүдийг ардаа орхиж, аварга болсон дурсамжаасаа хуваалцаач.
-Миний хувьд олон улсын марафонд цөөнгүй оролцлоо. БНХАУ-ын Дунгуан хотод2017 онд болсон Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж, Японд зохион байгуулсан марафонд түрүүлж байлаа. Японы тамирчид сайн гүйнэ. Тус улс спортын төрлүүдээ шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлаж хөгжүүлдэг нь амжилт гаргахад нөлөөлдөг юм шиг санагдсан. Сүүлийн үед Азийнхнаас өмнөд хөршийнхөн хүчтэй өрсөлдөх болсон. Тэд багаараа Кенийг зорьж, “Рио-2016, “Токио-2020” олимпын аварга, алдарт Элиуд Кипчогений удирдлагад бэлтгэл базаасны үр дүнд дөрвөн тамирчин Парисын олимпын эрх авлаа шүү дээ.
-Тамирчин хүн ганцаараа зүтгээд амжилт гаргадаггүй. Олон хүний тус дэм их нөлөөлдөг. Үүнд гэр бүлийн тань дэмжлэг бий байх.
-Гэргий минь орчуулагч мэргэжилтэй. Өмнөд хөршид болох тэмцээнд оролцохоор галт тэргэнд суухдаа эхнэртэйгээ анх танилцаж билээ. Гэр бүл минь ойлгож, дэмждэгийн хүчинд тууштай бэлтгэл хийж, амжилтын төлөө зорьж байна. Эх орноосоо хол байх хэцүү. Хүүхдүүдээ үгүйлж, их санадаг. Манайх хоёр хүүтэй. Монголд ирэхээр хөвгүүд минь “Та дахиж ирнэ биз дээ, хэд хоноод явах вэ” гэдэг юм. Намайг тэмцээнд оролцох, гадаадад бэлтгэл хийх хугацаанд ар гэрээ хариуцаад, хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж, авна гэдэг амар биш шүү дээ. Миний оролцоогүйгээр бүхнийг амжуулж ирсэн ханьдаа, мөн эхнэр, хүүхдүүдэд минь чадлынхаа хэрээр дэм болж, тусалдаг хадам аав, ээждээ их баярладаг. Хөвгүүд минь спортоор хичээллэхэд бага байна. Өөрөө спортын амаргүй зам туулж яваа болохоор тэднийгээ заавал тамирчин бол гэж ятгахгүй. Зарим тамирчин аав, ээжийнхээ хичээллэдэг спортын аль нэгийг нь сонгодог. Хүүхдүүдээ хөнгөн атлетик сонирхвол мэдсэн, сурсан зүйлээ заана гэж боддог.
-Гэртээ амжилтын түүхээ өгүүлсэн “Алдрын булан” байгуулсныг цахим хуудаснаас тань олж харлаа.
-Тийм ээ. Би цэгцтэй, нямбай байхыг хичээдэг. Гэр цэвэрхэн байхад сэтгэл хүртэл тогтуун байдаг. Манай гэрт миний спортод гаргасан амжилтын булан бий. Тэр бүхнээс бүтээсэн түүх минь харагдана. Тэмцээнд өмссөн хувцас, хүртсэн медалиудыг хараад гэр бүл, үр хүүхэд, ах дүүс, найз нөхөд минь урам авдаг. Надад уралдааны пүүз, цаг олон байгаа. Олон улсын марафон, Азийн наадмаас медаль хүртэхдээ өмссөн пүүзээ дурсгал болгож хадгалдаг юм. Ихэнх нь шинээрээ. Үүнээс найзынхаа бэлэглэсэн “Nikе” брэндийн ягаан өнгөтэй пүүзийг олон тэмцээнд өмссөн. Сүүлийн үед пүүз үйлдвэрлэдэг брэндүүд тамирчдын адил өөр хоорондоо өрсөлдөж байна. Би одоо БНХАУ-ын “Ли нинг” компанийн хувцас, пүүзийг өмсөж уралддаг. Пүүзний загвар, хэлбэр өөрчлөгдөж, өмнөхөөсөө улам хөнгөн, 90 граммын жинтэй болсон. ДАШТ, олимпын наадамд эхний гурван байрт шалгарсан тамирчны өмссөн пүүзний брэндийг сурталчилдаг. Саяхан Испанид болсон марафонд түрүүлсэн тамирчны пүүз “Nike” брэндийнх байсан. Энэ мэтчилэн үйлдвэрлэсэн брэндийн нэр хүнд өсөх тусам сонирхох хэрэглэгчдийн тоо нэмэгддэг. Миний хувьд пүүзнээс гадна “Рио-2016”, “Токио-2022” олимпын наадмын нээлтэд өмссөн хувцсаа ч хадгалдаг.
Монголынхоо тамирчидтай 2016 онд олимпод анх удаа оролцохдоо сэтгэл их догдолж билээ. Тэр үед өмнө нь зурагтаар үздэг байсан дэлхийн шилдгүүдийг бодитоор харж, хамт уралдсандаа баярладаг. Тэднээс Элиуд Кипчоген Токиогийн олимпод дахин түрүүлж, хоёр дахь удаагаа олимпын аваргаар тодорсон. Одоо Парисын олимпод өрсөлдөхөөр бэлтгэл хийж байгаа.
-Та шигшээ багт хөл тавиад багагүй хугацааг үлдлээ. Халширч, шантарсан үедээ өөрийгөө хэрхэн зоригжуулдаг байв?
-Тамирчдад тулгардаг саад, бэрхшээлийг би ч гэсэн туулсан. Надад халширч, шантарсан удаа бишгүй бий. Болих уу, байх уу гэж бодогдох үед “Би энэ замыг өөрөө сонгосон шүү дээ. Тиймээс эцсийн үр дүнг нь заавал үзэх хэрэгтэй” гэж өөртөө хэлж байлаа. Олон жил хичээллэчхээд спортоос холдох дэндүү хайран. Тухайн тамирчинд амжилт гаргах ур чадвар, туршлага байхад үргэлжлүүлэх боломжтой. Тамирчин хүний зовлон, жаргалыг ойлгон, сэтгэлийн дэм өгч, ойр дотно нөхөрлөдөг найзууд нь спортынхон л байдаг юм шүү дээ. Шигшээ багт хөл тавиад найман жил болжээ. Миний хувьд олон хүний дэм тус, сайхан сэтгэлийн ачаар амжилт гаргаж байна. Би одоо “Алдар спорт хороо”, зэвсэгт хүчний 337 дугаар ангийн тамирчин, ахлах ахлагч цолтой. Монголд агаарын цэргийн таван анги бий. Үүний нэг нь 337 дугаар анги. Тус ангийн захирагч, хурандаа Э.Батсайхан, штабын дарга, дэд хурандаа Ж.Цэнгэлбаяр болон хамт олон минь бүх талаар дэмжиж, тусалдагт талархдаг юм.
-Амжилт гаргахдаа багш нартаа баярласан удаа танд цөөнгүй байдаг биз?
-Тэгэлгүй яах вэ. Намайг энэ спортод хөл тавихад зааж зөвлөж, амжилт гаргах эхлэлийг тавьсан ачтан бол Б.Батчулуун багш. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа Б.Доржпалам бид хоёр багшийн удирдлагад таван жил хичээллэсэн. 2008-2012 он хүртэл А.Гантулга, 2012-2016 онд Б.Төрбат, 2016-2021 онд Гавьяат тамирчин Б.Сэр-Од ахын эхнэр, дасгалжуулагч О.Оюунтуяа багшийн удирдлагад үргэлжлүүлэн бэлтгэл хийж, оргил амжилтуудаа гаргасан. Олон тэмцээнд оролцож, цөөнгүй түрүүлсэн дээ. 2021 оноос өнөөг хүртэл дасгалжуулагч Б.Доржпалам найзтайгаа хамтран ажиллаж байна. Түүнтэй тамирчин болох үеэсээ зовлон, жаргалаа хуваалцаж ирсэн болохоор зөвлөлдөж илүү нээлттэй, чөлөөтэй ярилцдаг юм.