Монголд спортын олон төрлөөр хичээллэдэг ахмад тамирчин цөөнгүй. Тэдний нэг нь гүйлтийн тэшүүрийн ОУХМ, үндэсний сур харвааны хүндэт мэргэн, шагайн харвааны спортын мастер Б.Жалбаа гуай. Түүнд жилийн дөрвөн улиралд тухалж амрах зав ховор. Өвөл тэшүүрээр гулгаж, зун сур, шагайн харваатай нөхөрлөж, Үндэсний их баяр наадмын алтан шар зурхайд цэц сорих шавь нараа бэлтгэл хийлгэдэг. Манай улс Австри улсад зохион байгуулсан “Инсбрук-1964” өвлийн олимпын IX наадамд биатлон, цана, тэшүүрийн шигшээ багийн тамирчдаа анх удаа илгээхэд тэрбээр өрсөлдөж, залгамж халаа болсон залууст хойшид оролцох жим гаргаж, замыг нь зассан юм. Тэгвэл Францад болсон “Гренобль-1968” өвлийн олимпын X наадамд 37 орны 1158 тамирчин өрсөлдөхөд мөн улсаа төлөөлөн оролцож байлаа. Тэрбээр Инсбрук хотыг 2020 онд дахин зорьж, дэлхийн мастеруудын өвлийн наадамд оролцохдоо мөсөн талбайд нь уралдаж, 5000 метрийн зайд мөнгөн медаль хүртжээ. Түүний хувьд 2024 он олон баярт үйл явдал тохиосон өөдрөг жил болж байна. Монголын тамирчид өвлийн олимпод оролцсоны 60 жилийн ойд зориулж, тэрбээр 82 насандаа Италийн Ломбардиа мужийн Вазилза хотод болсон дэлхийн мастеруудын өвлийн наадмын гүйлтийн тэшүүрийн төрөлд 500, 1000 метрт мөнгө, 1500, 3000 метрт хүрэл медаль гардсан. Тус тэмцээнээс долоо хоногийн дараа эл хотод зохион байгуулсан мастеруудын ДАШТ-ий гүйлтийн тэшүүрийн ойрын зай болох 500 метрт түрүүлэн, дэлхийн аварга болсон нь Монголын тэшүүрийн спортод түүхэн амжилт гаргаж, нэгэн шинэ хуудас нээсэн билээ.
-Монголын тэшүүрчдэд Итали улс бас нэгэн таатай дурсамж үлдээлээ. Та тэндээс иж бүрэн медальтай ирсэн нь спорт сонирхогчдод бахархал төрүүлж байна.
-Дэлхийн мастеруудын өвлийн наадам дөрвөн жилд нэг удаа болдог. Миний хувьд III наадамд оролцохыг их хүлээсэн тул Ломбардиа мужид хөл тавихыг гол зорилгоо болгосон юм. Би очсон улс бүрээсээ сайхан бодол тээж ирэх дуртай. Тэнд цаг агаар дулаан, орчин, нөхцөл тайван байсан нь таатай санагдсан. Энэ удаа тэшүүрчид хоёр өөр хотод өрсөлдлөө. Тус улсын Бормио хотод Монголын тамирчдын медалийн салхийг шорт трекийн төрөлд Л.Алтанцэцэг, Р.Сарантуяа нар хагалсан нь амжилт гаргах урам өгсөн.
-Өвлийн олимпод цөөнгүй оролцсон, тив, дэлхийн шилдгүүд дээрх наадамд өрсөлдөхөөр ирдэг юм билээ. Та бас тэдний л нэг шүү дээ.
-“Инсбрук-1964” өвлийн олимпод оролцсон тэшүүрчдээс Италийн тамирчин 2020 онд тус хотод болсон дэлхийн мастеруудын өвлийн наадамд өрсөлдсөн юм. Би түүнтэй Францад 1968 онд болсон өвлийн олимпод өрсөлдөж байлаа. 1964 онд өвлийн олимпод оролцсон тамирчдаас одоо дэлхийн мастеруудын наадамд хоёр тэшүүрчин оролцдогийн нэг нь би, нөгөө нь Нидерландынх. Бид эртний танил, нас чацуу. Тэрбээр 2020 онд тус хотод болсон дэлхийн мастеруудын өвлийн II наадамд түрүүлж байв. Бид тэмцээнд оролцохоор очихдоо дотнын найзууд шиг тэврэлдэж, баяр хөөртэй уулздаг. Наадам өндөрлөсний дараа зургаа авхуулж, нэгэндээ дурсгалын зүйл бэлэглэдэг болсон шүү.
-Тэгвэл та хоёр 60 жилийн өмнө өвлийн олимпод оролцох үеэс тэшүүрийн талбайд хүчтэй өрсөлдөгчид болсон байх нь.
-Тийм шүү. Гүйлтийн тэшүүрийн төрөлд Нидерланд, Италийн тамирчин миний хамгийн хүчтэй өрсөлдөгч. Энэ удаагийн дэлхийн мастеруудын их наадамд Нидерландын тэшүүрчин дөрвөн зайд түрүүлж, аварга болсон. Би 500, 1000 метрт мөнгө, 1500, 3000 метрт хүрэл, Италийнх 500, 1000 метрт хүрэл, 1500, 3000 метрт мөнгөн медаль зүүв. Тус тэмцээнээс долоо хоногийн дараа ДАШТ болох байсан тул мөсөн талбайд таван өдөр бэлтгэл базаав. ДАШТ-ий эхний өдөр би 500 метрт уралдаж, тэргүүлснээр дэлхийн аварга болсон. Миний ард Нидерландын тамирчин шил дарж мөнгө, Италийнх хүрэл медаль хүртлээ. 1000 метрийн зайд Нидерландынх түрүүлж, Италийнх удаалан, би III байрт шалгарсан юм. ДАШТ-ий медалийг дөрвөн зайд уралдсан нийлбэр дүнгээр олгосон. Тэр их өрсөлдөөн дунд шилдгүүдээс цойлж түрүүлэх амаргүй. Ялна, түрүүлнэ, чадна гэсэн зорилго минь намайг дэлхийн аварга болгосон гэж боддог. Италиас сар шинийн өмнө таван медальтай ирж, монголчууддаа бэлэг барьснаа бэлгэшээж байгаа.
-Тамирчин хүн тууштай хичээллэвэл хэдэн насандаа ч амжилт гаргаж болдгийг та 82 насандаа харууллаа. Таны медалиуд өдий насанд боломжгүй зүйл гэж боддог нэгнийх нь хандлагыг өөрчилсөн байх.
-Спорттой нөхөрлөхийн ач тус, давуу тал их. Миний хувийн спортын замналд 2024 он олон түүх тохиосон өөдрөг жил болж байна. Тэшүүрээр анх хичээллэсэн 70, дасгалжуулагчаар ажилласан 50, өвлийн олимпод оролцсон анхдагчдын нэг болж, спортын мастер цол хүртсэний 60 жилийн ойгоор дэлхийн аваргаар тодорч, алтан медаль эх орондоо авчран түүх бүтээлээ. Австрийн Инсбрук хотод 2020 онд болсон дэлхийн мастеруудын өвлийн наадамд оролцохын өмнө Нидерланд улсаас гутал, Канадаас тэшүүр захиалсан юм. Тэр тэшүүр ДАШТ-ээс эзэндээ медаль авчирлаа.
-Тэшүүрчид хүйтрэхээр хамгийн түрүүнд мөс бодогддог гэж ярьдаг юм билээ. Танд бас тийм бодол төрдөг биз?
-Намар сэрүүн орохоор өөрийн эрхгүй мөс бодогддог. Монголд өвлийн спортынхон цаг агаар, улирлын байдалдаа зохицуулж бэлтгэл хийдэг. Бидэнд тулгамддаг асуудал бишгүй. Арваннэгдүгээр сард хүйтэрч эхлэхээр Хандгайтад мөс тавиад, тэшүүрчдээ бэлтгэл хийлгэж болно шүү дээ. Бид шинэ оны дараахан маш богино хугацаанд бэлтгэл хийж гадаадын тэмцээнд оролцдог. Хоёрдугаар сарын сүүлчээр мөс хайлахад гулгах боломжгүй. Манайхаас бусад орны тэшүүрчид битүү дээвэртэй ордонд бэлтгэл байнга хийж байна. Хүндхэн нөхцөлд хоёр сар бэлтгэл хийсэн бид тэдэнтэй эн тэнцүү өрсөлдөж амжилт гаргадаг. Аваргуудыг ардаа орхих амаргүй ч бүхнийг хатуужил, тэсвэрээр даван туулсны эцэст алтан медаль хүртлээ. Төр засаг дэмжээд бэлтгэл хийх орчин, нөхцөлийг нь бүрдүүлээд өгвөл манайханд амжилт гаргах нөөц, бололцоо маш их бий.
-Орон нутгаас тэшүүр, шорт трекийн тамирчид голдуу төрсөн байдаг. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумд тэшүүрээр гулгаж сурсан дурсамжаа өгүүлбэл сонирхолтой түүх ярих байх даа.
-Цагаан-Үүр сум, Хөвсгөл нуур, Дэлгэрмөрөн голын мөсөн дээр бэлтгэл хийж, олон улсын тэмцээнд түрүүлснээ яривал сайхан дурсамж олныг өгүүлнэ. 1961 онд болсон Монголын бүх ард түмний спартакиадад оролцож, таван алтан медаль хүртэж амжилтын гараагаа эхлүүлсэн. Өдгөө 82 насандаа тэшүүрийн ирэн дээр тогтоно гэдэг миний үеийнхэнд үлгэр шиг санагдаж магадгүй. Монголд дэлхийн аварга болох ахмад тамирчид байдгийг ч олон улсад батлан харууллаа.
-Та тэшүүрийн тамирчдын дасгалжуулагчаар ажилладаг байхдаа үндэсний спортыг ч бас нутагтаа хөгжүүлсэн юм билээ.
-Залуудаа дасгалжуулагчаар ажиллах хугацаандаа тэшүүр, үндэсний сур, шагайн харваанд олон шавь бэлтгэсэн. Аль аль төрөлд нь улсын аварга болсон тамирчин бий. Тэдний зарим нь одоо дасгалжуулагчаар ажилладаг. Би Цагаан-Үүр сумд тэшүүрээр хичээллэдэг байхдаа цанаар гулгахыг сонирхдог байлаа. Нэг өдөр сумын аварга шалгаруулах цанын тэмцээнд оролцохоор явж байтал сургуулийн захирал Сосорбарам багш тааралдаад “Чи юу өмсөө вэ” гэхэд нь “Цанын тэмцээнд оролцоно. Сонирхолтой санагдаад байна” гэв. Тэрбээр “Өө, тэгж болохгүй. Цанаар гулгана гэсэн бодлоо орхи. Чи тэшүүрийн хүн болохоос цанынх биш” гэж зэмлээд тэмцээнд оролцуулалгүй буцаасан. Түүнээс хойш захирал, ангийн багш хоёр зөвхөн тэшүүрийн бэлтгэлд анхаарал хандуулж, тэмцээнд оролцуулдаг болсон юм. Би спортод хөл тавихаасаа өмнө бөх барилддаг байв. Хэрвээ үргэлжлүүлсэн бол тэшүүрээс дутахааргүй амжилт гаргах байсан гэж боддог. Тухайн үед намайг зөв зүйлд чиглүүлж, амжилт гаргах эхлэлийг минь тавьсан багш нартаа их баярладаг юм. Залуу байхад тэшүүрийн спорт ид хөгжиж, тэмцээн их өрсөлдөөнтэй болдог байлаа. УАШТ-д оролцохоор ирсэн залуус Хөвсгөлийн Цагаан-Үүр сумын тамирчдыг цана, тэшүүрээр гүйцэж түрүүлэх хэцүү гэж ярьдаг байсан нь сэтгэлд тод үлджээ. Тухайн үед Төв аймгийн дасгалжуулагч Ц.Чанцал, Булганы Ч.Нямсүрэн бид гурав тамирчдаа эхний гурван байрт оруулдаг байсан. Одоо ч Хөвсгөлийнхөн тэшүүрээр хүчтэй өрсөлддөг хэвээрээ.
Тэшүүрийн тамирчин болоход Д.Алтангэрэл багш дасгалжуулан, аймаг, улсын тэмцээнд сойдог байв. Тухайн үед “Хөдөлмөр” нийгэмлэгийн талбайн 400 метрийн зайд өвөл болохтой зэрэгцээд мөс тавихад тамирчид бэлтгэлээ эрт эхлүүлнэ. Өнөө цагт бүх зүйл хөгжсөн байхад тэртээх 1960-аад оны үеийнх шиг мөс эрт тавьж чадахгүй байна шүү дээ. Хүн бүхэн хариуцсан ажилдаа эзэн болж, сэтгэл гаргаж хийдэг байсан үед тамирчин болсондоо баярладаг. Миний хувьд 1962 онд тэшүүрийн шигшээ багт дуудагдсанаар гадаадын тэмцээнд оролцох болсон юм. Манай улс 1964 онд цана, тэшүүрийн тамирчдаа Инсбрук хотод болсон өвлийн олимпын наадамд анх удаа оролцуулахаар илгээсэн. Бид ингэж залгамж халаа болсон тамирчдадаа өвлийн олимпод оролцох анхны жимийг гаргаж билээ. Олимпод оролцохын тулд шигшээ багийн 14 тамирчин уйгагүй бэлтгэл хийсэн. Бид хоёр дасгалжуулагчийн хамт өвлийн олимп эхлэхээс 45 хоногийн өмнө ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Алматы хотын мөсөн гулгуурын талбайд бэлтгэл хийсэн юм. Тэнд байх хугацаанд өвлийн олимпод оролцох тамирчдыг сонгон шалгаруулах сорил тэмцээнд таван удаа өрсөлдсөн. Тэр үед тамирчдыг өндөр шалгуураар сонгодог байлаа. Хойд хөршид өвлийн спорт өндөр хөгжсөн тул тамирчидтай нь хамтарсан бэлтгэл хийхэд амжилт гаргах давуу тал болдог байв. Бэлтгэл хийх хугацаанд 10 000 метрт Азийнхнаас Монголын тамирчин л дээд амжилтыг шинэчлэн тогтоож байлаа.
-Таныг тухайн үед тэшүүрийн шигшээ багийнхнаас хамгийн залуу нь байсан гэж сонссон.
-Тийм ээ. 22 настай залуу өөрийгөө “Инсбрук-1964” өвлийн олимпод оролцоно гэж төсөөлөөгүй. Эрэгтэйчүүдээс би, Л.Дашням, Л.Цэнд, Ж.Гүржав, эмэгтэйчүүдээс Ц.Лхамжав сорил тэмцээнээс шалгарч, бусад нь Монгол руу буцсан. Бид тэр үед ЗХУ-ын тэшүүрийн мэргэжилтэн П.И.Павлов, улсын шигшээ багийн дасгалжуулагч Д.Намсрай багш нарын удирдлагад бэлтгэл хийж, өвлийн олимпод оролцсон. Тэр үед Л.Дашням ойр, Л.Цэнд холын зайд сайн уралддаг сан. Харин миний хувьд аль ч төрөлд нь жигд өрсөлдөж, зай тус бүрт нийлбэр дүнгээр түрүүлдэг байсан юм. Инсбрук хотод 2020 онд дэлхийн мастеруудын өвлийн наадам болоход олон улс тамирчдаа оролцуулсныг харах сайхан санагдаж байлаа. 1964 онд өвлийн улиралтай орны тамирчид голдуу оролцсон. Тэр үед дулаан уур амьсгалтай орноос БНАСАУ-ын тамирчид манайхтай адил анх удаа өрсөлдсөн юм.
-Өвөл мөсөн талбайд, урин дулаанд сур харвааны талбайд өнждөг биз?
-Би жилийн дөрвөн улиралд завгүй байдаг. Хаврын урь орохоор үндэсний харвааны бэлтгэл хийхээр гарна. Италиас ирээд ахмад харваачдад хүндэтгэл үзүүлэх шагайн харвааны тэмцээнд оролцлоо. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул, аймгийн алдарт уяач Ж.Чулууны шагайн харвааны багт нэгдэж харвадаг. Манай багийнхан УАШТ-д цөөнгүй түрүүлсэн. Хөвсгөл аймгийн Биеийн тамир, спортын газарт дөрвөн дасгалжуулагч ажилладаг байхад үндэсний спортын төрөлд тамирчид бэлтгэхээр хувааж авсан юм. Тэр үед надад сур, шагайн харвааг хариуцуулсан. Ахмад харваачдаас Д.Жүгдэрхүү, Ц.Шарав гуай нар хичээллэдэг байхдаа “Одоо дасгалжуулагчаа сур харвуулж сургана” гээд нум, сумтай намайг анх нөхөрлүүлж байв. 1975 оноос үндэсний сур, шагайн харваагаар хичээллэж, наадамд оролцдог болсон түүхтэй. Наадмаар үндэсний сур харваж, бусад үед нь шагайн тойром харваанд цэц сорьдог. Би үндэсний сураар аймгийн тэмцээнд таван удаа түрүүлж, долоон удаа шөвгөрсөн. Миний удирдлагад хичээллэсэн харваачдаас Д.Жүгдэрхүү гуай улсын гарамгай мэргэн, Ш.Лхагвасүрэн, Ш.Гансүх улсын мэргэн, Ц.Шарав гуай хүндэт мэргэн цол хүртэж байлаа. Тэдний үр хүүхэд удам дамжсан харваач болж, үндэсний спортоор тууштай хичээллэхийг хараад бахархдаг. Би өнгөрсөн зун “Боржигин тойром” харваанд багийнхантайгаа оролцож түрүүлсэн. Мөн 100 жилийн түүхт ойн баяраа тэмдэглэсэн аймгуудын баяр наадамд харваачидтайгаа уригдаж, мөнгөн медаль хүртлээ.
-Өвөрхангай аймгийн “Их өв” клубийн үндэсний сур харвааны дасгалжуулагчаар та ажилладаг бил үү?
-Тийм ээ. Надад олон шавь бий. Тэднээс Б.Пунсалдулам Монгол Улсын даян мэргэн цол хүртсэн. Өнгөрсөн жилийн наадмын сур харваанд Монгол Улсын мэргэн, даян мэргэн цолтой харваачид оноо тэнцэж товх харвасан. Шавь минь тэргүүн байрын төлөө Ө.Хатанболортой товх харваж, аман хүзүүдсэнээр Дундговь аймгийнхан шинэ даян мэргэн цолтноо дуутай, хууртай өлгийдөж авсан шүү дээ. Б.Пунсалдулам өмнө нь 2016 оны наадмаар 40 сумнаас 37 онож түрүүлсэн. 2022 оны наадмаар 38 онож, Монгол Улсын даян мэргэн цол хүртэж байв. Тэр үед алтан шар зурхайд шавиа баярын нулимстай үнсэж билээ. Гэрэл зурагчдын дуран авайд буулгасан тэр баярт агшныг зураг наадам дөхөхөөр телевизээр гарч, сонин, сэтгүүлийн нүүрэнд тавигдсан байдаг юм.
-Ээж нь Б.Пунсалдуламыг дүүтэй нь дагуулж ирээд тэр олон харваачаас таны шавь болгосон гэж сур харваачид өгүүлдэг.
-2009 оны наадмын дараахан нэг өдөр ээж нь түүнийг дүүтэй нь дагуулж ирээд надтай танилцууллаа. Тухайн үед “Хоёр хүүхдээ үндэсний сур харваагаар хичээллүүлэх гэсэн юм. Танд шавь оруулахаар зорьж ирлээ. Сурсан эрдмээсээ зааж өгөөч” гээд санал тавьж байв. Тэр өдрөөс Б.Пунсалдулам миний зөвлөгөөг сайн сонссон, өөрийнх нь хичээл зүтгэл ч багагүй нөлөөлсний үр дүнд богино хугацаанд амжилт гаргаж Монгол Улсын мэргэн цол хүртсэн. Дүү Б.Сосорням ч гэсэн сайн харвадаг. Улсын тод харваач цолтой.
-Үндэсний сур харвааг та олон аймагт хичээл, зүтгэл гаргаж хөгжүүллээ. Хамгийн сүүлд аль аймгийн харваачдыг бэлтгэл хийлгэж, наадамд сойв?
-Сүхбаатар аймагт үндэсний сур харвааг хөгжүүлснээр 2020 оны улсын наадмаар Монгол Улсын мэргэн цолтон төрж, нутгийнхаа олныг баярлуулсан. Тус аймгийн эмэгтэй харваачдаас Баяндэлгэр сумын уугуул Л.Одсайхан 40 сумнаас 34 онож, улсын цолтой мэргэчүүдийн эгнээнд багтлаа. Түүний аав надтай хамт шагайн харвааны нэг багт тоглодог юм. Мөн Өвөрхангай аймгийн харваачдаас шавь минь Монгол Улсын даян мэргэн цолтон болж, “Их өв” клубээс олон харваач спортын мастер цол хүртсэн дээ. Одоо Баянхонгор аймагт миний шавь нарын нэг болох Б.Мөнх-Эрдэнэ үндэсний сур харвааны дасгалжуулагчаар ажиллаж байна. Дундговь аймагт цөөнгүй харваач бэлтгэлээ. Энэ утгаар яривал үндэсний сурын спортод өөрийн хувь нэмрийг харамгүй оруулж яваа. Б.Жалбаагийн шавь гэвэл олон хүн бий.
-Таныг ач, зээ нараасаа сурын зурхайд цэц сорих харваач бэлтгэсэн гэдэгт итгэлтэй байна.
-Ууган хүү үндэсний сур, шагайн харвааны аймгийн мэргэн цолтой. Бага хүү үндэсний сур харвааны спортын мастер цол хүртсэн. Мөн шагай сайн харвана. Аймгийн гоц мэргэн цолтнуудын нэг. Ач охин, хүү аймгийн өсвөр үе, залуучуудын үндэсний сур харваанд цөөнгүй түрүүллээ. Ууган хүү минь тэшүүрээр хичээллэж, залуучуудын УАШТ-ээс алтан медаль хүртэж байв. Наадмын өдрүүдэд сурын талбайд өнжиж, үр хүүхэд, ач зээ, мөн шавь нараа хэрхэн харвах бол гэж аль алинд нь анхаарал хандуулж, сэтгэл догдолж хардаг юм.