Польшийн Полице хотод өнгөрсөн жилийн аравдугаар сарын сүүлч, арваннэгдүгээр сарын эхээр зохион байгуулсан зуун буудалт даамын өсвөр үе, залуучуудын ДАШТ-д Монголын даамчид 18 орны 350 тамирчинтай оюунаа сорьсон. Тэднээс Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 42 дугаар сургуулийн 3д ангийн сурагч М.Дөлхүслэн хөвгүүдийн 5-8, “Шинэ Монгол” сургуулийн 5.1 ангийн сурагч Г.Санчир 9-10 насныхны ангилалд өрсөлдөж, шагналын тавцанд зогссон юм. Г.Санчир “Монгени” сургуулийн багш, дасгалжуулагч, ОУИМ Ц.Сүхбатын удирдлагад бэлтгэл хийж, дээрх тэмцээнд дэлхийн аваргаар тодорсон дөрвөн тамирчны нэг. Тэгвэл М.Дөлхүслэн “Сонгодог байрлал” клубийн дасгалжуулагч Д.Чойжилсүрэнгийн шавь. Тэд ур чадвараа богино хугацаанд ахиулснаар өдгөө тив, дэлхийн шилдгүүдийн эгнээнд жагсах болжээ. Монголын тамирчдыг зургаан алт, тус бүр гурван мөнгө, хүрэл медаль гардаж, багаараа аваргын цом өргөхөд нь тэдний амжилт ихээхэн нөлөөлсөн билээ.
-Улс бүрд зохион байгуулсан тэмцээн өөр болдог шүү дээ. Польшид хөл тавиад хамгийн түрүүнд мэдэрсэн зүйл юу байв?
М.Д: -Би ДАШТ-д хоёр дахь удаагаа оролцсон. Миний хувьд Польш улс өнгөрсөн жил ДАШТ зохион байгуулсан орноос нэг их ялгарахааргүй санагдсан. Онгоцноос буусан даруйдаа дэлхийн хэмжээний тэмцээнд дахин оролцоно гэж бодохоор өөрийн эрхгүй догдолж байлаа. Тэмцээн эхлэхийн өмнөх өдөр Д.Чойжилсүрэн багш “Маргааш тэмцээнтэй, олон зүйл бодолгүй эртхэн унтаж амраарай” гэж зөвлөсөн.
Г.С: -ДАШТ-ий сонгон шалгаруулах тэмцээнд Монголынхоо тамирчдаас Б.Маргад-Эрдэнэтэй таарч, хожсоноор тус улсын Полице хотыг зорих эрх гардаж байв.
-ДАШТ-ий эхний дөрвөн өрөгт аль улсын тамирчинтай таарав. Тэмцээнтэй өдрүүдэд багш нар нь шавьдаа хэрхэн зөвлөсөн бол?
Г.С: -ДАШТ-д эхлээд Эстонийн тамирчин К.Кевинтэй сонгомол байрлалаас тоглохдоо шахаж тэнцсэн юм. Дараа нь мөн тус улсын Карл Мико Подкатай өрсөлдөхөд Ц.Сүхбат багш өргийг минь хараад алдаа гаргахгүй нүүдэл хийх талаар зөвлөснөөр 0:2-оор буулгаж авсан. III өрөгт Монголынхоо тамирчдаас Б.Маргад-Эрдэнэтэй тоглож, гацсан байрлалаас 2:0-ээр хожив. Түүнтэй тэмцээнд өмнө нь цөөнгүй таарсан болохоор нүүдлийг нь гадарладаг. IV өрөгт Латви улсын тоглогч Максим Новицкистой 1:1-ээр тэнцсэн дээ.
М.Д: -Тэмцээний үндсэн тоглолтод эхний өрөгт эзэн орны тамирчин Кшиштоф Войтышинтой таарсан. Тэрбээр сайн тоглодог юм билээ. Түүнийг 2:0-ээр хожиж, тоглолтоо үргэлжлүүлсэн юм. Надтай тоглосон тамирчдаас Латви улсын даамчид үнэхээр хүчтэй өрсөлдөгч байлаа. II өрөгт Панко Нилсийг 2:0, III өрөгт Панко Паулсыг 0:2-оор илүүрхсэн. Тэднийг ялахад надаас нэлээд ур чадвар шаардсан шүү. IV өрөгт нутаг нэгт Н.Хангайтай таарахдаа буруу нүүж, алдаа гарган 2:0-ээр ялагдчихав. Тухайн үед Д.Чойжилсүрэн багш “Ямар ч өрсөлдөгчтэй таарсан эмээх хэрэггүй. Тайван, сандрахгүй тоглоно шүү. Хөлөг дээр ямарнүүдэл хийхээ сайтар тооцоолоорой” гэж хэлсэн нь их нөлөөлсөн. Би өрөг бүрд таарсан тамирчинтай багшийнхаа зөвлөснөөр тоглохдоо олонхыг нь цохилт хийж хожсон.
-Даам тоглохыг хэнээр анх заалгаж, мэргэжлийн дасгалжуулагчийн удирдлагад хэрхэн үргэлжлүүлэн хичээллэсэн бэ?
М.Д: -Миний хувьд хоёр эгчийнхээ даам тоглохыг хараад анх сурч байлаа. Тэдний нүүдлийг харах эхэндээ их сонирхолтой санагддаг сан. Надад хөлөг дээр даам хэрхэн нүүхийг анх заасан хүн бол аав минь. Оюуны спортод хөл тавихад манайхан бидний сонирхдог зүйлийг дэмжиж ирсэн нь амжилт гаргахад нөлөөлсөн гэж боддог. Би Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар сургуулийн 3д ангид сурдаг. Ангийн багш намайг дэмжиж, тэмцээнтэй өдрүүдэд хичээлээс чөлөөлдөг юм. “Сонгодог байрлал” клубийн дасгалжуулагч Д.Чойжилсүрэн багшийн шавь болж, даамаар хичээллэсэн. Түүний удирдлагад хичээллэж амжилт гаргасан шилдэг тамирчид бий. Эмэгтэйчүүдээс О.Есүй эгч тив, дэлхийн аваргаар тодорсон. Багшийнхаа зөвлөснөөр олон тэмцээнд оролцож медаль хүртэж байлаа. Сонгинохайрхан дүүргийн өсвөр үеийнхний даамын АШТ-д оролцож, шагналынхаа салхийг алтан медалиар хагалж байв. Дараа нь 2022 онд “Монгени” сургуулиас зохион байгуулсан УАШТ-д ур чадвараа сорьсон юм. Тус тэмцээнд үеийнхээ шилдгүүдтэй өрсөлдөж, Э.Эрболд, Н.Хангай, Д.Дамдинпүрэв, Э.Эрхэмбаяр, М.Оргил нарыг ялж, улсын аварга болсон. Тэмцээн өндөрлөсний дараа Мөнх-Эрдэнийн Дөлхүслэн гээд аавынхаа нэрийг дуудуулаад медаль зүүх сайхан санагдаж билээ. Дэлхийн аварга Н.Хангай бид хоёр тэмцээнд нэг бус удаа таарсан. Ингэхдээ тайван, тал бүрээс нь тунгаан бодож их удаан тоглодог. Бараг гурван цаг сууна. Монголд болсон тэмцээнд нэг бус удаа таарсан тул нэгнийхээ арга барилыг нь мэднэ. Миний хувьд өнгөрсөн жил 5-8 насныхны ангилалд тоглож түрүүлснээр улсын хошой аваргаар шалгарч, ДАШТ-д өрсөлдөх эрх авсан юм. Би УАШТ-ий гурван түрүүтэй, спортын дэд мастер цолтой.
Г.С: -Би оюуны спортоор хичээллээд таван жил болж байна. Надад даам анх заасан хүн бол “Хөлөгт тоглоом” клубийн дасгалжуулагч П.Энхсаруул багш. Дараа нь ур чадвараа ахиулах зорилгоор “Монгени” сургуулийн багш, ОУИМ Ц.Сүхбатын удирдлагад үргэлжлүүлэн хичээллэсэн. Намайг Баянзүрх дүүргийн даамын өсвөр үеийнхний АШТ-д түрүүлэхийг хараад ээж минь их баярласан. Тус тэмцээний дараахан ээж намайг “Хөлөгт тоглоом” клуб рүү дагуулан явж, П.Энхсаруул багштай танилцууллаа. Түүний шавь болохоос өмнө аав надтай орой бүр даам тоглодог байв. Аавыг хождог болоход манайхан тоглох түвшин, ур чадвараа ахиулах хэрэгтэй гэж зөвлөөд, мэргэжлийн дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэл хийхэд анхаарал хандуулсан. Би даамын тамирчдаас спортын мастер цол хүртсэн хамгийн залуу тоглогч. Намайг даамтай нөхөрлөсөн цагаас гэрийнхэн минь дэмжиж, гадаад, дотоодын тэмцээнд алгасалгүй оролцуулдаг болсон юм.
-Туркийн Анталья хотод2022 онд болсон ДАШТ-д Монголын даамчдаас та хоёр ч гэсэн медальтай ирснийг санаж байна.
М.Д: -Тиймээ. Тус хотод 2022 онд зохион байгуулсан ДАШТ-д анх удаа оролцохоор хилийн дээс алхаж байлаа. ДАШТ-д Латвийн тамирчин Томс Андерсонтой таарсан юм. Тэрбээр маш хүчтэй өрсөлдөгч. Польшид болсон ДАШТ-д оролцохоор ирсэн ч надтай таараагүй. Бид тэмцээний үеэр нэгнээ хараад л өнгөрсөн. Би Анталья хотод болсон ДАШТ-ээс алт, мөнгөн медаль гардсан. Польшид зохион байгуулахад нь үндсэн, блиц төрлөөс тус бүр мөнгөн медальтай ирлээ. Намайг медаль хүртэхэд Д.Чойжилсүрэн багш “Шавьдаа баяр хүргэе. Дараагийн тэмцээнд сайн тоглоорой. Алтыг нь авсан юм чинь мөнгийг нь ч бас хүртэлгүй яах вэ” гэж урам хайрласан шүү. Миний өрсөлдөх дараагийн тэмцээн бол Узбекистаны Ташкент хотод ирэх дөрөвдүгээр сард болох Азийн АШТ. Тэмцээний товлосон хугацаа ойртож байгаа болохоор бэлтгэлээ шаргуу хийж байгаа.
Г.С: -Надад ДАШТ-ий иж бүрэн медаль бий. Туркийн Анталья хотод 2022 онд зохион байгуулсан ДАШТ-д анх удаа оролцож, рапид төрлөөс (түргэн) алт, блицээс мөнгө, үндсэн тоглолтоос хүрэл медальтай эх орондоо ирж, гэрийнхнийгээ, бас багшийгаа баярлуулсан. Өмнөх ДАШТ-д тоглосон Латви улсын тамирчин Максим Новицкистой Польшид зохион байгуулсан тэмцээний IV өрөгт дахин таарсан. Бид ширээний ард тоглохоор суухдаа нэгнээ шууд таньсан юм. Түүнтэй мөн л тэнцсэн шүү.
-Даамын тамирчдад амжилт түлхүү гаргадаг төрөл байдаг. Ямар төрлөөр нь тоглоход таалагддаг тухайгаа сонирхуулаач.
М.Д: -Надад даамын үндсэн, блиц төрөл таалагддаг. Үеийнхээ тамирчидтай ана мана өрсөлдөхдөө хожиж, хожигдсон удаа ч бий. Миний хувьд эдгээр төрөлд медалийнхаа олонхыг хүртсэн байдаг юм. Намайг ДАШТ-ээс хошой мөнгөн медальтай ирэхэд сургуулийн маань захирал Ц.Даваадоо болон бусад багш нар, даамын шигшээ багийн ах, эгч нар, ангийн хамт олон минь баяр хүргэж, сэтгэл өндөр угтаж авсан.
Г.С: -Би бас ялгаагүй ээ. Эдгээр төрөлд гадаад, дотоодын тэмцээнээс хүртсэн олон медальтай. Миний шагналын туузанд Азийн АШТ-ий алт, ДАШТ-ий иж бүрэн медаль залаастай бий. Узбекистаны Ташкент хотод өнгөрсөн жил болсон Азийн АШТ-д өрсөлдөгчдөө хожиж, аваргын цом гардаж, мөн хошой мөнгөн медаль хүртэж байв. Тэнд болсон Азийн АШТ-д ээжтэйгээ хамт явж, аварга болсон бол Польшид болсон ДАШТ-д аавтайгаа явсан. Тэмцээний өмнө аав “Миний хүү гурван алтан медаль авна шүү” гэж хэлснийг биелүүллээ. ОУИМ Ц.Сүхбат багшийн удирдлагад хичээллэж, дэлхийн аваргаар тодорсон дөрвөн тамирчны нэг болсондоо их баярладаг. Шагналын тавцанд медалиа зүүгээд, Төрийн дууллаа сонсох мөч л хамгийн сайхан. Өнгөрсөн жил тив, дэлхийн аварга болоод ирэхэд сургуулийн захирал, багш нар, мөн ангийн минь нөхөд баяр хүргэж, алга ташаад халуун дотно угтсан нь байнга бодогддог юм.