Монголын дартсын спортын талбарт өсвөр үеийн тамирчдаас цахиур хагалж, хүч түрэн орж ирсэн тоглогч бол “MGL darts” клуб, “Уужим-Од” ХХК-ийн тамирчин Х.Тэргэл. Тэрбээр энэ спортоор хичээллэн, богино хугацаанд амжилт гаргаж, өдгөө дэлхийн шилдгүүдтэй өрсөлддөг болсон. Дартстай нөхөрлөсөн цагаасаа шаргуу бэлтгэл хийж, ур чадвараа ахиулсан тэрбээр өсвөр үеийнхний УАШТ-ий гурван түрүүтэй. Түүний хувьд 2021-2023 он үеийнхэнтэйгээ ана мана өрсөлдөж, гадаадын тэмцээнд оролцох эрх гардаж, амжилтаа батлан харуулсан жил байв. Ганцаарчилсан төрөлд өрсөлддөг байсан Х.Тэргэл өнгөрсөн жилийн тэмцээнд эрэгтэйчүүдийн дан хосын төрөлд оролцож, хүрэл медаль гардсан юм. Мөн Гибралтарт 2022 онд зохион байгуулсан өсвөр үеийнхний дартсын ДАШТ-ий багийн төрөлд Монголынхоо тамирчидтай оролцож, хүрэл медальтай ирсэн билээ. Өсвөр үеийн шилдэг тамирчид оролцдог “JDC аdvanced tour-2024”-т өрсөлдөх эрх олгох 16 цуврал тэмцээний эхнийх нь Английн Ковентри хотод өнгөрсөн сард болоход тэрбээр түрүүлсэн юм. Ингэхдээ зөвхөн түрүүлсэн тамирчин эзэмших “Tour card”-ын (аяллын карт) эзэн болж, албан ёсоор гардсан нь Монголын дартсын спортын түүхэнд шинэ хуудас нээсэн, томоохон амжилт байв.
-Та 2024 оныг амжилт дүүрэн эхлүүлж байна. Дартсын өсвөр үеийн тамирчдад “JDC аdvanced tour-2024”-т өрсөлдөх эрх олгох 16 цуврал тэмцээний эхнийхэд түрүүлж, спорт сонирхогчдын анхаарлыг татлаа шүү дээ.
-Баярлалаа. Намайг сар шинийн баярын өдрүүдэд сониныхоо зочноор урьж, уншигчидтай уулзуулж буйд сэтгэл өндөр байна. Дартсчдын хувьд “JDC ad¬vanced tour-2024” нь мэргэжлийн тамирчин болох үндсэн суурь тэмцээн юм.
-Аваргын төлөө эзэн орны тамирчин Оливер Хаугантай таарч, нутгийнх нь дэвжээнд 6:3-аар буулган авч, “Tour card”-ын эзэн болсныг дуулаад баярлаж байлаа.
-Оливер Хауганыг хүчтэй өрсөлдөгч гэдэгт эргэлздэггүй. Түүнийг хожиж, “Tour card” гардсандаа баяртай байгаа. Хүчтэй өрсөлдөгчтэй байх амаргүй ч өөрийгөө хөгжүүлэхэд томоохон хөшүүрэг болдгийг эл тоглолт мэдрүүлж, олон зүйлийг надад ойлгуулсан. Дээрх тэмцээнд түрүүлснийг Монголын дартсын спортын 30 жилийн ойд барьсан миний бэлэг гэж ойлгож болно.
-Та ирэх долоодугаар сар хүртэл үргэлжлэх уг цуврал тэмцээнд өрсөлдөхөөр дасгалжуулагч Х.Одбилэгийн удирдлагад бэлтгэл базааж байгаа гэл үү?
-Тийм ээ. Бид одоогоор Лондонд байна. Тэмцээний товлосон хугацаа ойртсон тул бэлтгэлээ өдөр бүр шаргуу хийдэг. Англи улс Монголоос найман цагийн зөрүүтэй. Анх ирсэн үеэ бодвол одоо цаг агаар, орчин нөхцөлд нь дассан. Аав, ээжтэйгээ өдөр бүр холбогддог болохоор эх орондоо болж буй үйл явдлын мэдээллээс хоцордоггүй.
-“JDC аdvanced tour-2024”-т өрсөлдсөн өсвөрийн үеийнхэн цаашид мэргэжлийн тамирчин болох замналаа эхлүүлдэг гэсэн. Мэргэжлийн тоглогч болох хүсэл таны зорилгод багтсан уу?
-Тэгэлгүй яах вэ. Би Өсвөрийн дартсын корпорац (Junior darts corporation)-аас төрсөн мэргэжлийн тамирчин болохыг мөрөөддөг. Тиймээс цуврал тэмцээнд ур чадвараа сорьж, амжилт гаргахыг хичээж байгаа. Миний хувьд ойрын хугацаанд амжилт гаргахаар зорьсон чухал тэмцээн гэвэл одоогоор энэ л байна даа.
-Та энэ онд юу хийхээр, ямар тэмцээнүүдэд өөрийгөө сойхоор төлөвлөснөө сонирхуулаач.
-“JDC advenced tour”-аас гадна “Beijing-2024”-т өрсөлдөх бодол бий. Дартсын хоёр ч том тэмцээнд тив, дэлхийн шилдгүүдтэй өөрийгөө сорихоор төлөвлөсөн болохоор бүх зүйлээ сайтар тооцоолж оролцоно. Тэмцээн өрсөлдөөнтэй байх тусмаа үзэгчдийн сонирхлыг их татдаг. Монголчуудын хувьд дартс амжилт гаргах спортын нэг төрөл болсон шүү дээ.
-Та 2023 онд ДАШТ-д улсаа төлөөлж оролцсон. Багийн төрөлд хүртсэн хүрэл медаль амжилтын тань буухиаг үргэлжлүүлэх эхлэл байжээ.
-Миний хувьд ДАШТ амжилтаа үргэлжлүүлэх эхлэлийг тавьсан гэж боддог. Гибралтарт хөл тавьсан эхний өдөр тэмцээн өрсөлдөөнтэй болох уур амьсгалыг мэдэрсэн. Шигшээ багийнхны хувьд анхны ДАШТ байсан болохоор эмээх, сандрах аль аль нь зэрэгцэж байв. Хүмүүс тэр үед биднийг медальтай ирнэгэж найдаж байсан тул сайн өрсөлдөхийг хичээсэн.
-ДАШТ-д медалийн төлөө өрсөлдөхөд багш нар тань юу гэж зөвлөж байв?
-Бид дасгалжуулагч М.Эрдэнэ, Х.Одбилэг багшийн удирдлагад оролцож, амжилт гаргасандаа их баярладаг. Тэд тоглолтын өдрүүдэд түшиг болж, зөвлөсний ачаар медальтай ирсэн. Багш нар минь тэмцээний өмнө “Тайван байгаарай. Шидэлтдээ л анхаарлаа хандуул. Өөр зүйл бодох хэрэггүй. Та нар чадна” гэж хэлсэн нь одооч мартагддаггүй. Дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж, түүхэн амжилт гаргасан минь сайхан дурсамж үлдээсэн шүү. Шөвгийн наймд Ирландын багийг 4:3-аар буулган авсан. Харин Английн В багийнхантай дахин таарахдаа 1:4- өөр ялагдсан ч хүрэл медалийн болзол хангасан юм. ДАШТ-ээс хүртсэн медалиа харахаар тэр үеийн сэтгэл догдлол, баяр хөөр хамгийн түрүүнд бодогддог.
-Дасгалжуулагч багштайгаа Англид амьдарч, улсынх нь хөгжилтэй танилцахаас гадна хэлийг нь сурах ямар санагдаж байна вэ?
-Англи хэл хаана ч очсон ойлголцоход хэрэг болдог. Тиймээс улсдаа амьдарч байгаа шиг хэл, соёлыг нь сурах хэрэгтэй гэж бодоод хичээж байгаа.
-Өмнө нь европчууд дартсын тэмцээнд азиудаас илүү амжилт гаргадаг гэх олны ойлголтыг манай тамирчид амжилтаараа харуулж, халсан. Тэдний бодлыг өөрчлөхөд таны ур чадвар ч гэсэн нөлөөлсөн гэж боддог юм.
-Магадгүй л юм. Азийн тамирчид сүүлийн хоёр жилд өмнөхөөсөө илүү сайжирч, шаргуу бэлтгэл хийснээр хүчтэй өрсөлдөх болсон. Олны бодлыг өөрчлөхөд зөвхөн миний бус, шигшээ багийнхны хүч, хөдөлмөр нөлөөлсөн шүү дээ.
-Спортын талбарт хөл тавиад тамирчны амьдралыг хэр мэдэрч байна вэ?
-Тамирчин болсноор цаг хугацааг аль болох үр дүнтэй өнгөрүүлэхийг зорьж, бие, сэтгэл зүйн хувьд тэсвэртэй, тэвчээртэй, хүлээцтэй байхад суралцаж байна.
-Амжилт гаргах сайхан ч хамгаалж явах амаргүй гэх үг бий. Үүний утга учрыг өрсөлдсөн тэмцээн бүрээсээ мэдэрдэг биз?
-Тамирчин хүн тэмцээн бүрд түрүүлж чадахгүй юм гэхэд бэлтгэлээ хэрхэвч тасалж болохгүй. Өрсөлдөөнд ялагч болохын тулд өдөр бүр суралцаж, өөрийгөө нээн, хөгжүүлэх ёстойг сайтар ойлгодог болсон.
-Монголын дартсчид тивдээ төдийгүй дэлхийд хүчтэй өрсөлдөгч болсон гэж та бардам хэлж чадах уу?
-Чадна. Өсвөр үеийнхний ДАШТ-ий хүрэл медаль бидэнд амархан ирээгүй. Багш нар минь асар их хичээл зүтгэл, хөдөлмөр зарцуулж, бидэнд өндөр итгэл хүлээлгэсний эцэст ирсэн үнэ цэнтэй шагнал. Бид ДАШТ-д дахиад ч өрсөлдөнө. Тэр үед даагаа нэхэж, медалийнхаа өнгийг хувиргана гэж боддог.
-Спортод хүнийг татах онцлог бий. Гэр бүлээрээ дартс тоглож, тэмцээнд оролцдогийг тань мэднэ. Дартсаар хичээллэхэд ээж тань их нөлөөлсөн үү?
-Би энэ спортод багаасаа дурласан. Манайх гэр бүлээрээ дартс тоглодог байлаа. Одоо ээжтэйгээ тэмцээнд оролцдог. Намайг ээжээс гадна нагац ах, дүү нар бүх талаар ойлгож, дэмждэг нь амжилт гаргахад багаггүй нөлөөлсөн.
-“MGL darts” клубээс амжилтынхаа гарааг эхлүүлсэн тамирчин олон байдаг уу?
-Бий бий. Тус клубт УАШТ-д түрүүлсэн олон тамирчин байдаг. Хойшдоо ч аваргууд төрсөөр л байх болов уу.
-Дартсчдын хамгийн их нандигнадаг зүйл нь юу вэ?
-Бидний хувьд хамгийн их хайрлаж, нандигнадаг зүйл бол сум, хэрэгсэл байдаг юм. Хүмүүс дартс тоглохыг хараад амархан сурна гэж боддог. Гэтэл тийм биш шүү дээ. Тоглож үзээд хэцүүг нь мэдэрдэг байх.
-Дартсын дэлхийн аваргууд Европоос голдуу төрсөн байх юм билээ. Үндэснийхээ спорт шиг нутагшуулахад улсынх нь хөгжил, дэмжлэгтэй холбоотой байдаг болов уу. Та бас үүнийг гадаадын тэмцээнд оролцохдоо ажиглаж, харсан байх аа?
-Англид дартс мэддэггүй, тоглодоггүй хүн ховор. Энэ спорт өртөг өндөртэй, үндэснийхээ спорт шиг хөгжүүлэхэд олон ч хүний хүч, хөдөлмөр ордог.
-Хүүгээ амжилт гаргахыг хараад аав, ээж тань баярлаж, урам хайрласан биз?
-Манайхан одоо миний хамгийн үнэнч хөгжөөн дэмжигч болсон. Ямар ч үед ээж, бид хоёрыг дэмжиж, ард минь найдвартай зогсдогийн үр дүнд гэрт олон цом, медаль залаастай бий.
-Үзэгчид тэмцээний үеэр сэтгэл хөдлөлөө хэр гаргадаг бол?
-Тоглолтын үед тамирчдаа хүндлээд сэтгэл хөдлөлөө гаргаж, дэм өгдөг үзэгч олон. Хаана ч болсон тэмцээнд оролцоход олны иймэрхүү уур амьсгал их анзаарагддаг. Хөгжөөн дэмжигчид нь хэр их дэмжинэ тэр хэрээр тэмцээн өрсөлдөөнтэй болдог.
-Та амжилт гаргасан тамирчдын тоглох техник, тактикийг хэр судалдаг вэ?
-Би өрсөлдөгчдөө тийм ч их судалдаггүй. Гэхдээ тэмцээний үед тамирчдын тоглох техник, ур чадварыг илүү хардаг юм.
-Дартсаар хичээллэдэг хүүхэд, залууст амжилтад тэмүүлэх урам хайрлаач.
-Сонирхоод хичээллэсэн бол бэлтгэлээ таслахгүй, сайн хийгээрэй. Ямар ч хүн зорилготой байснаар хүсэл мөрөөдөлдөө хүрдэг. Тэмүүлэлтэй байх нь амжилтаас атгахад нөлөөлдөг гайхалтай зүйл шүү гэж хэлье.