АНУ-ын Вашингтон хотод зохион байгуулсан мөстэй усанд сэлэлтийн АШТ-д эх орноо төлөөлөн “Күнз” сургуулийн 6.1 ангийн сурагч М.Цэнгүүн өвөөгийнхөө хамт амжилттай оролцсон. Тэд дээрх тэмцээнээс дөрвөн алтан медальтай ирсэн билээ. Түүний өвөө нь ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, техник спортын хороо, Зэвсэгт хүчний120 дугаар ангийн тамирчин, Баянгол дүүргийн Усан спорт сургалтын төвийн багш, дэлхийн хошой аварга Ш.Даваадорж. Тус тэмцээнд М.Цэнгүүн 50 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд аварга болсон бол Ш.Даваадорж 50 метрийн мэлхий сэлэлт, өврөөр даллах, далайн гахай сэлэлтийн төрөлд тус бүр тэргүүлсэн юм. Манай тамирчид Словенийн Блед хотод өнгөрсөн жил болсон өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-д өрсөлдсөн. Тухайн үед М.Цэнгүүн 50 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд 31 орны сэлэгчтэй ур чадвараа сорьж, дэлхийн аварга болсон билээ.
-Та 2024 оныг амжилтын буухиатай өөдрөг эхлүүллээ. Монгол Улсаа төлөөлж, АНУ-аас медаль хүртлээ. Энэ удаа Вашингтон хотоос ямар бодол өвөртөлж ирэв?
-Баярлалаа. Энэ удаа өвөөтэйгөө хамт АНУ-ыг зорьж, мөстэй усанд сэлэлтийн АШТ-д өрсөлдөн 15 насныхны ангилалд түрүүллээ. Тус тэмцээнд зургаан улсын тамирчдаас гадна эзэн орны их сургуулийн сэлэгчид ур чадвараа сорьсон юм. Би гадаадын хэд хэдэн оронд хөл тавьж, тэмцээнд оролцсон ч улсынх нь хөгжил, соёлтой тухтай танилцах зав гардаггүй. Миний очсон орнуудаас АНУ их таалагдсан. Тэнд байх хугацаандаа өвөөтэйгөө Цагаан ордныг сонирхож үзлээ.
Өнгөрсөн жил Словенийн Блед хотод зохион байгуулсан өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-д анх удаа оролцохдоо 25, 50 метрийн мэлхий сэлэлтэд хошой алт, 25х4 багийн буухиа төрөлд мөнгөн медаль хүртэж, баярын нулимс унагасан. Тус тэмцээний дараа ОХУ-ын Владивосток хотод болсон өвлийн усанд сэлэлтийн Номхон далайн цомын аварга шалгаруулах тэмцээнээс 25, 50 метрийн зайд мэлхий сэлэлтээр мөн хошой алтан медальтай ирж, гэрийнхнийгээ баярлуулсан даа.
-ДАШТ-д анх өрсөлдсөн үеэ бодвол энэ удаа туршлага илүү хуримтлуулж оролцсон байх.
-Мөстэй усанд сэлэх нь энгийн бассейнд сэлэхээс өөр. Тухайн тамирчны тэсвэр, хатуужлыг их шалгана. Орон сууцын хүйтэн ус +12, ердийн бассейных +26, +28, мөстэй усных +3-5 градустай байдаг юм. Хүйтэн усанд 2-3 минут зогсон биеэ дасгаж бэлтгэл хийдэг. Энэ удаагийн тэмцээнд тамирчид гадаах бассейны +3 градустай усанд сэлсэн. Надад “Яана аа, сэлж чадахгүй байх вий” гэсэн бодол төрж, бага зэрэг эмээж байлаа. Өвөө тэмцээн эхлэхийн өмнө “Түрүүлэхдээ бус, сэлэхдээ л анхаарлаа хандуул” гэж зөвлөдөг. Өмнөх жилийн тэмцээнээс туршлага чамгүй хуримтлуулсан болохоор энэ удаагийнхад сайн сэлсэн шүү.
-Монголд мөстэй, өвлийн усанд сэлэх бэлтгэлийн төв байдаггүй. Гадаадын тэмцээнд оролцохын өмнө харзны усанд бэлтгэл хийж байгаад явдаг гэл үү?
-Тийм ээ. Словени улсыг өнгөрсөн жил зорихоосоо өмнө харзны усанд хэд хоног бэлтгэл хийсэн. ДАШТ-д анх удаа оролцоход айх, догдлох, сүрдэхийн аль аль нь зэрэгцэж байлаа. Блед хотод хөл тавьсан тамирчдаас ХБНГУ-ын сэлэгчид хүч гаргаж, хурдан сэлдэг нь анзаарагдсан. Хойд хөршид болсон цомын АШТ-ээс нэг зүйлийг сайн ойлгосон юм. Хүүхдүүд сэлж байхдаа өрсөлдөгчөө түрүүлчих вий гэж эргэж хараад секунд, доль алддаг. Миний араас нэхсэн хоёр тамирчин эргэж харсаар байгаад надад хожигдсон. Ямар ч тэмцээнд хожигдох вий дээ гэж бодохоос илүү урагшаа харж сэлэх нь чухал.
-Тамирчдад тэмцээний өмнө баримталдаг зүйл олон байдаг уу?
-Усанд сэлэлтийн тамирчдад бие, сэтгэл зүйгээ зөв залж удирдахаас гадна хоол хүнсээ хэрхэн тааруулж, зохицуулах талаар баримталдаг дэглэм бий. Тухайлбал, хийжүүлсэн ундаа, резинэн чихэр, шарсан төмс, чихэрлэг бүтээгдэхүүн иддэггүй. Эдгээр хүнсийг бэлтгэл хийх үед ч хэрэглэхийг хориглодог юм. Учир нь тэмцээний үед сэтгэл зүйн байдалд төдийгүй амжилт гаргахад сөргөөр нөлөөлнө гэж үздэг.
-Томоохон тэмцээний товлосон хугацаа ойртох тусам догдолдог биз?
-Өнгөрсөн жилийн ДАШТ-д оролцохдоо сэтгэл хөдөлсөн ч бага зэрэг түгшсэн. Өвөө найдвартай ар тал болж, сэлэхийг минь харж байгаа гэж бодохоор айдас арилж, зоригтой сэлдэг. Би зургаан настайдаа өвөөгөөр усанд сэлэхийг заалгаж, мэлхий сэлэлтээр хичээллэсэн. Хойшид өөр төрлөөр сэлж сурахыг зорьж байгаа. Гадаадын тэмцээнээс медаль хүртэх бүрдээ өдөр бүр дасгалжуулж, тууштай бэлтгэл хийлгэсэн өвөөдөө маш их баярладаг. Монголд мөстэй болон, өвлийн усанд сэлэлтийн холбоо бий. Өнгөрсөн жилийн ДАШТ өвлийнх, энэ удаагийн АШТ-ийнх мөстэй усанд сэлэлт. 2023 онд гурван медальтай ирсний хоёр нь алт, нэг нь мөнгө. Шагналаа харах бүрд урам авч, дараагийн тэмцээнд өмнөхөөсөө илүү хурдан сэлэхийг хичээдэг юм.
-Тамирчид гаргасан амжилтаараа улсынхаа төдийгүй сургууль, анги, хамт олныхоо нэрийг өндөрт өргөж явдаг шүү дээ.
-Би “Күнз” сургуулийн 6.1 ангид сурдаг. Манай ангийнхан спортлог. Хүндийг өргөлт, бүжгийн спорт, спорт өрөлтөөр хичээллэдэг хүүхдүүд бий. Тамирчин сурагчидтай анги бусдаас олон зүйлээр ялгардаг. Сургуулийнхаа зохион байгуулсан урлаг, спортын тэмцээнд хамт олноороо идэвхтэй оролцож, байр эзлэх жишээтэй. Манай сургуулийн удирдлага, багш нар тамирчдаа ойлгож, дэмждэг. Тэмцээний үед хичээлээс чөлөөлж оролцуулдаг юм. Гэхдээ тэмцээнд оролцохын тулд хичээлээ сайн хийж байж чөлөө авна. Тэгэхгүй бол хоцрох гээд байдаг. Өнгөрсөн жил ДАШТ-д оролцох болсноо хэнд ч хэлээгүй. Тэр үед амжилт хэрхэн гаргахыг тааварлашгүй тул чимээгүй байхаар шийдсэн. Намайг медаль хүртсэний дараа ээж цахим хуудсандаа амжилттай оролцсон талаар бичсэн байв. Түүнийг нь ангийн багш, хамт олон, найз нөхөд минь хараад баяр хүргэсэн шүү.
-Монголд ирээд цагийн зөрүү гаргах амаргүй санагддаг уу?
-Гадаадын орнууд манайхаас олон цагийн зөрүүтэй тул орчин нөхцөлд нь дасан зохицох эхэндээ амаргүй л байдаг. Тэмцээнээс ирээд хэд хоносны дараа өмнөх шигээ хэвийн болдог юм. Өнгөрсөн жил нэгдүгээр сарын сүүлчээр хичээл эхлэхэд би долоо хоногийн дараа ангийнхантайгаа уулзаж байлаа. Энэ жилийн тэмцээн 10 хоногийн өмнө болсон болохоор хичээлээсээ хоцроогүй. Намайг АНУ-д тэмцээнд оролцсоныг ангийн багш л мэдсэн. Явахаар болсноо хэлж байсан юм. Тамирчин байх гоё. Би медаль авах бүрдээ сандардаг. Улсынхаа далбааг бариад, шагналын тавцанд Төрийн дууллаа сонсоод догдолж, зогсох мөч сайхан санагддаг.
-Зарим тамирчин шантарч, хичээллэдэг спортоо дундаас нь орхидог тал бий. Усанд сэлэлтээр хойшдоо тууштай хичээллэнэ биз дээ?
-Хичээллэнэ. Энэ жил болох тэмцээнүүдэд оролцохоор бэлтгэл хийж байгаа. Өвөө намайг дасгалжуулахын зэрэгцээ өөрөө тэмцээнд оролцдог. Бид нэгэндээ урам өгч, гадаадын тамирчидтай өрсөлддөг. Надад өвөөгийнхөө хэрхэн сэлж түрүүлэхийг харах сонирхолтой байдаг юм. Өвөө энэ удаа араар, өврөөр, мэлхий сэлэлтийн төрөлд тус бүр түрүүлж, аварга болсон. Бид АНУ-аас дөрвөн алтан медальтай ирлээ шүү дээ.
-Цагаан сар монголчуудын эртнээс өргөн тэмдэглэж ирсэн үндэсний баяр. Аав, ээж нь өмсөх дээлийг тань зэхэв үү?
-Миний дуртай баяруудын нэг Цагаан сар. Медаль хүртэхдээ өмссөн дээл, малгайгаа сар шинийн баяраар өмсөж, өвөө эмээ, аав, ээж, хамаатан садныхаа ах дүүстэй золгоно. Тэмцээнд явахын өмнө ээж найзынхаа ээжээр надад номин ногоон өнгөтэй дээл урлуулсан юм. Уран гартай эгч бий. Монголын үндэсний хувцас гадаадынхны сонирхлыг их татдаг юм билээ. Тэд бидний өмссөн дээл, малгайг хараад “Ямар гоё загвартай хувцас вэ” гэдэг.
-Таны шагналын тууз дахь медаль одоо олон болсон байх аа?
-Миний медалийн ихэнх нь алт. Шагналын тууз хэдийн дүүрсэн. Сургуулийн урлагийн үзлэгээс хүртсэн, спортын тэмцээнээс авсан олон медаль бий. Монголын тамирчин гэж зарлуулаад, эх орондоо медальтай ирэх л хамгийн сайхан гэж боддог. Би айлын том охин, нэг дүүтэй. Миний дүү спорт өрөлтөөр хичээллэдэг. Түүний тэмцээнээс хүртсэн медалийг ч бас туузандаа өлгөдөг юм. Манай гэрийнхэн спортод элэгтэй. Би техникийн бэлтгэлээ өвөөгийнхөө хамт Баянгол дүүргийн Усан спорт сургалтын төвд хийдэг. Энэ спортоор хичээллээд таван жил болж байна. Долоо хоногийн зургаан өдөрт нь бэлтгэл хийдэг болохоор чөлөөт цаг ховор гардаг. Заримдаа гэрийнхээ даалгаврыг ч хийж амжихгүй хичээлдээ явах тохиолдол бий. Хааяа дүүтэйгээ шатар, даам тоглох дуртай. Би өмнө нь спорт өрөлтөөр хичээллэдэг байхдаа цөөнгүй медаль хүртсэн. Энэ спорт хурд, авхаалж самбаа, мэдрэмж их шаарддаг. Усанд сэлэлт, спорт өрөлтөөр хичээллэсний давуу тал алхам тутамд хэрэг болдог юм. Манай сургууль спортын дугуйлантай. Сүүлийн үед сагсан бөмбөг сонирхож, дугуйланд явж байгаа.