Монголын хөл бөмбөгийн холбооны шүүгчийн сургагч багш Г.Нарангэрэл энэ спорттой нөхөрлөөд багагүй хугацааг үджээ. Олон улсын хөл бөмбөг(ОУХБХ)-оос өнгөрсөн сард 211 улсын гишүүн холбооны шүүгчдийн нэрийг албан ёсоор танилцуулсан юм. Хөл бөмбөгийн ногоон талбайд шүгэл үлээж, үзэгчдийг огшоож догдлуулсан дээд болон нэгдүгээр лиг, эмэгтэйчүүдийн багийн томоохон тоглолтуудыг дэнсэлдэг тэрбээр Монгол Улсаас анх удаа ОУХБХ-ны талбайн эмэгтэй шүүгчдийн жагсаалтад багтсанаар энэ спортод дуртай хөгжөөн дэмжигчдийг баярлуулсан билээ.
-Футзалын ордонд өсвөр үе, залуучууд, мастеруудын гээд УАШТ үргэлжилж байна. Та ойрд шил дарсан тэмцээн шүүгээд амрах завгүй байгаа бололтой.
-Миний хувьд футзалын өсвөр үе, ахмадын ангиллын тамирчдын тэмцээний тоглолтод хянагч шүүгчээр ажилладаг. Хөл бөмбөгийн тэмцээн өвөл зааланд, зун гадаах талбайд болдог учраас шүүгчдэд амрах зав ховор. Олон улсын шүүгчийн батламж, тэмдгээ гардаж авсан тул гуравдугаар сарын 1-нээс эхлэх тэмцээнүүдийг шүүнэ. Футзалын тэмцээн болохоос өмнө сар амрах хугацаа гардаг ч сургалт, семинарт суудаг. Хааяа найз нөхдөө уулзахаар холбогдоход нь “Уучлаарай, тэмцээн шүүгээд амжихгүй нь ээ” гэхээр “Хөл бөмбөгийн тэмцээн өдөр бүр болдог юм уу” гэж гайхдаг юм.
-Таныг ОУХБХ-ны талбайн эмэгтэй шүүгчдийн эгнээнд жагсахад хөл бөмбөгт хайртай олон хүн сэтгэл өндөр хүлээж авсан. Тус холбооноос шүүгчдийн нэрийг албан ёсоор танилцуулах үед өөрийгөө багтана гэж бодож байв уу?
-Олон улсын шүүгчдийн эгнээнд багтсанаа мэдээд баярласан ч өөртөө итгээгүй. Үүний төлөө өөртөө том зорилго тавьж ажиллаад долоон жилийг үдсэн байна. Энэ спортод хөл тавьсан анхны өдрөөс олон улсын шүүгч болох хүсэл мөрөөдөл тээн Монголын хөл бөмбөгийн холбооны босгоор алхаж билээ. Тийм тэмүүлэлтэй байх үеэс гэрийнхэн минь өнөөг хүртэл тууштай дэмжсэнд баярладаг. Би өмнө нь хөнгөн атлетик, сагсан бөмбөгөөр хичээллэж байгаад хөл бөмбөгийн шүүгч болсон. Тухайн үед ойр дотнын хүмүүсээ “Чи хөл бөмбөг рүү яагаад орчихов оо” гэж асуухад нь “Шүүгч болно” гэхэд их гайхаж билээ. Ээж минь намайг ойлгож, бүх талаар дэмжсэний хүчинд өдий зэрэгт хүрсэн.
-Сагсан бөмбөгөөр хичээллэдэг охиноо хөл бөмбөгрүү урвачихна гэж аав, ээж тань тэр үед төсөөлөөгүй байх л даа.
-Би айлын ганц охин, гурван ахтай, нэг дүүтэй. Аав, ээж “Ах нар нь хөл бөмбөг сонирхож тоглоогүй байхад ганц охин минь халуунд гадаа харлатлаа гүйх гэж” гээд эхэндээ гайхдаг байснаа сүүлдээ ойлгож эхэлсэн. Ээж “Сагсан бөмбөгийн спорт эмэгтэй хүүхдэд тохиромжтой. Зааланд тоглодог болохоор өвөл ядаж даарахгүй шүү дээ” гэдэг байв. Тэр үед ээждээ “Охин нь хөл бөмбөгийн талбайн олон улсын анхны эмэгтэй шүүгч болно” гээд хэлж байсан минь 2024 онд биеллээ. Батламж, тэмдгээ гардаж авахдаа ээжийгээ тэнгэрийн орноос хараад баярлаж байгаа биз ээ хэмээн бодож, сэтгэл тайвширсан. Том зорилго өвөртөлж, энэ спортод хөл тавихад цаг хугацаа удаан мэт санагдсан ч нэг л мэдэхэд хурдан өнгөрчээ.
-Монгол Улсаас хөл бөмбөгийн олон улсын шүүгчдийн эгнээнд багтсан талбайн эмэгтэй шүүгч одоогоор та л байна. Олон улсын шүүгч болохын тулд онолын шалгалт, шүүлэг өгч байж тэнцдэг гэж сонссон.
-Тийм ээ. Олон улсын шүүгчийн сургалтад хамрагдан фитнeс шалгалтаа амжилттай өгсөндөө сэтгэл өндөр байгаа. Шүүгч хөл бөмбөгийн тэмцээний тоглолтыг сайн шүүдэг байсан ч шалгалтад унавал үзүүлэлт нь доошилдог. Миний хувьд элит шүүгч бэлтгэдэг академид суралцаж байгаа. Тус академид гурван жил суралцаж, элит шүүгч болдог юм. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлчээр надад “Чиний батламж, тэмдэг 2024 оны нэгдүгээр сард ирнэ” гэж хэлсэн юм. Олон улсын шүүгч болох тухай баярт мэдээ дуулдсан ч “Батламж, тэмдэг минь ирэг. Тэр үед үнэмшье” гэж бодсон. Аав минь энэ тухай сонсоод надаас дутуугүй баярласан шүү. Монголын хөл бөмбөгийн холбоо (МХБХ)-ноос батламж, тэмдэг гардуулахад “Энэ миний үнэмлэх шүү дээ” гэж өөртөө хэлээд догдолж зогссон. Миний хувьд ирэх дөрөв, тавдугаар сард анхны томилогоогоо авч, олон улсын шүүгч Ө.Батцэцэгтэй нэг баг болж ажиллана.
-Таныг спорттой нөхөрлөхөд хэн их нөлөөлсөн юм бол?
-Нагац эгч Д.Эрдэнэсүрэн. Багадаа түүний хөнгөн атлетик, сагсан бөмбөгөөр хичээллэхийг хараад тамирчин болно гэж боддог байв. Би хөнгөн атлетикаар спортын гараагаа эхлүүлсэн. МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн оюутан болж, сагсан бөмбөгөөр хичээллэсэн юм. Сургуулиас спортын тэмцээнүүд зохион байгуулахад хөл бөмбөгийн төрөлд оролцож, тоглоход гоё санагдлаа. Тэмцээний дараа хөл бөмбөгийн багштай танилцаж, бэлтгэл хийж эхлэв. Тэрбээр нэг өдөр “Нарангэрэл ээ, хөл бөмбөгийн шүүгч бэлтгэх сургалт болох гэнэ. Чи суугаад үзээч” гэв. Шүүгийн сургалтад тав хоног хамрагдахад их таалагдав. Олон улсын шүүгчийн сургалтад үргэлжлүүлэн суухад надад “Би ерөөсөө шүүгч л болох ёстой хүн байна” гэ сэн мэдрэмж төрсөн. Тэр цагаас миний сэтгэлийг хөл бөмбөгт хүчтэй татсан даа.
-Хөл бөмбөгийн шүүгчдэд тэмцээн анх дэнсэлсэн үеийнх нь догдлол, мэдрэмж мартагдахааргүй дурсамж болж үлдсэн байх юм билээ.
-Олон улсын шүүгчийн сургалтад хамрагдсаныхаа дараахан Говьсүмбэр аймагт болсон өсвөр үеийнхний хөл бөмбөгийн тэмцээнд шүүгчээр анх удаа ажиллахдаа туршлага, мэдрэмж чухал болохыг сайтар ойлгосон юм. Хүүхдүүдийн эсрэг багийнхаа хаалганд гоол хийгээд баярлаж байгааг дэргэдээс нь хараад өөрийн эрхгүй огшсон. Би МХБХ-ны Шүүгчийн хэлтсийн дарга Д.Түмэнбаяр багшийн шавь нарынх нь нэг. Шүүгчийн сургалтад анх хамрагдахад тэрбээр “Хөл бөмбөгийн спортод 17 дүрэм бий” гэхэд нь ямар олон дүрэмтэй юм бэ, бүгдээс нь суралцах байх даа гээд бодож сууснаа одоо ч мартдаггүй. Намайг талбайн шүүгч болоход хамт олон минь халуун дотноор угтаж авсан. Түүнээс хойш зав л гарвал хөл бөмбөгийн ногоон талбай руу очихоор яаран тэмүүлдэг болсон шүү.
-Таныг талбайд гарах үед эмэгтэй шүүгч нэг их олон байгаагүй санагдах юм.
-Тийм ээ. Намайг шүүгч болоход эмэгтэй шүүгч цөөн байсан. Гурван шүүгчээс Э.Хүслэнзаяа, Ц.Оюундарь хоёр тэмцээний тоглолт голдуу шүүдэг байв. Бид найзууд. Намайг шүүгчээр ажиллахад тэд их баярласан. Ө.Батцэцэг бид хоёр нэг оны төгсөгч. Анх танилцахдаа нэгэндээ “Хоёулаа хамтарч ажиллаад олон улсын шүүгч болно оо” гээд ярилцаж байсан хүсэл, мөрөөдөл минь хожим биелсэн. Намайг олон улсын шүүгчийн эгнээнд багтахад найз минь баяр хүргээд “Бид хэлсэн зүйлдээ хүрч чадлаа. Зорилгоо ч биелүүллээ шүү дээ” гээд урам хайрласан шүү.
-Тэмцээн шүүх эхэн үед зарим хүнээс эмэгтэй шүүгч гэх басангуй өнгө аяс цухалздаг байв уу?
-Байлгүй яах вэ. Тоглолт шүүж байх эхэн үед зарим дасгалжуулагчаас эмэгтэй юм байж гэх ур чадвар, туршлагыг минь бассан өнгө аяс цухалздаг байлаа. Иймэрхүү үзэл Монголд л байдаг шиг санагддаг. Тэр үеийнхтэй харьцуулахад эмэгтэй шүүгчдийн ур чадварыг нь үнэлэх, хүлээн зөвшөөрөх хандлага өөр болсон. Дэлхийд хөл бөмбөгийн спорт хөгжихийн хэрээр үзэгчдийн ойлгож, хүлээж авах хүрээ тэлж байна. Аливаа зүйлд анхдагч байх сайхан. Гэхдээ том үүрэг, хариуцлага дагаад ирдэг юм билээ. Шүүгч болох хүсэлтэй охид, эмэгтэйчүүд талбайн эмэгтэй олон улсын шүүгч ямар байдгийг надаас харж үлгэр дуурайл авна шүү дээ гэх бодол төрдөг.
-Томоохон тэмцээн шүүхийн өмнө танд ямар бодол төрдөг вэ?
-Хөл бөмбөгийн талбай руу очихгүй хэд хоновол өөрийн эрхгүй үгүйлдэг. Дээд лигийн тэмцээний тоглолтын тов ойртох тусам сэтгэл догдолно шүү дээ. Томоохон тэмцээний өмнө “Би шүүгчийн шалгалт, шүүлэг өгч тэнцсэн. Тиймээс ямар ч багийн тоглолтыг шударга шүүх ёстой. Тоглолтын 90 минутад өөрийн чадах хэмжээнд ур чадвараа гаргах хэрэгтэй. Баг хохирох ёсгүй. Тухайн багийн тоглогчид ялалт авахын тулд цаг зав гаргаж хөдөлмөрлөснийг мартаж болохгүй” гэж боддог. Тэмцээний шүүлт дуусаж, шүгэл үлээхэд л сэтгэл тайвширдаг. Тэмцээн үзэгчдийг өндөлзтөл сонирхолтой болбол шүүгч, дасгалжуулагч нар “Сайн шүүлээ, сайхан тоглолт боллоо. Баяр хүргэе” гээд гар барьдаг. Сүүлийн үед хөл бөмбөгийн баг бүрд легионер тамирчид тоглож байгаа тул тэмцээний уур амьсгалыг өрсөлдөөнтэй болгож байна. Талбайн шүүгч болохын тулд олон жилийн хөдөлмөр зарцуулдаг. Шүүгч хүн байнга суралцаж, өөрийгөө хөгжүүлэх ёстой. Тоглолтоос тоглолт шүүх бүрдээ суралцаж, туршлага хуримтлуулан ур чадвараа ахиулдаг юм.
-ОУХБХ-ны шүүгч Д.Түмэнбаяр одоо МХБХ-ны Шүүгчийн хэлтсийн даргаар ажилладаг. Шавийн хувьд багштайгаа хамтран ажиллаж, зөвлөгөө авдаг уу?
-Багш өөрөө шүүгч байсан болохоор шүүгчдийнхээ зовлон, жаргалыг сайн ойлгож, дэмждэг. Ямар ч үед хамтарч ажиллахад түшигтэй байдаг юм. Бидэнд шүүгч ямар байх ёстой, юуг баримталж явах, тэмцээний үед алдаа хэрхэн гаргахгүй байх талаар олон зүйл зөвлөдөг. Тэрбээр томоохон тоглолт болохын өмнө хурал хийж “Та нар чадна гэж шүүгчээр ажиллаж байгаа. Энэ тоглолтыг амжилттай шүүж, өндөрлүүлээд аз жаргалтайгаар уулзъя” гэдэг юм. Бид ч хэлсэн үгээс нь урам авч, ажлаа эрч хүчтэй эхлүүлдэг.
-Монголд “Улаанбаатар-2023” Зүүн Азийн наадам зохион байгуулахад та хөл бөмбө гийн тэмцээний тоглолтыг шүүсэн бил үү?
-Өнгөрсөн жилийн наймдугаар сард тус наадам болоход 17 хүртэлх насныхны хөл бөмбөгийн тэмцээнийг шүүсэн юм. Ийм томоохон тэмцээний тоглолтыг олон улсын зэрэглэлтэй шүүгчид дэнсэлдэг. Манай улс эх орондоо зохион байгуул сан тул давуу эрхийн хүрээнд боломжит хүмүүсээ томилоход би шүүгчээр ажилласан юм. МХБХ-ны томилгоогоор дээрх тэмцээний тоглолтуудыг шүүсэн минь олон улсын тэмцээнд шүүгчээр ажилласан азтай тохиол байлаа. Миний хувьд 2024 он амжилт далласан, хүсэл мөрөөдлөө биелүүлсэн, өөрийгөө хөгжүүл сэн, бас том зүйлд сорьсон, үүрэг хариуцлагыг мэдэрсэн өөдрөг жил байлаа.
-Эмэгтэй шүүгчдээс хэнийг нь хараад түүн шиг болох сон гэж хичээдэг байв?
-Э.Хүслэнзаяаг хараад “Эмэгтэй хүн тэмцээн шүүх ямар гоё харагддаг юм бэ. Түүн шиг талбайн сайн шүүгч болох сон” гэж бахархдаг сан. Түүнийг Ц.Оюундарьтай хамт Зүүн Азийн тэмцээн шүүхээр явахад нь бахархаж, найзууд шигээ хилийн дээс алхах сан” гэж бодож байлаа. Монголд 2018 оны есдүгээр сард зохион байгуулсан Зүүн Азийн АШТ-д эмэгтэйчүүдийн шигшээ багийг ялалт байгуулж, аваргын алтан цом өргөнө гэж хөл бөмбөгийн хорхойтнууд тухайн үед төсөөлөөгүй байх. Түүнээс хойш олон тэмцээн боллоо. Тэдний түрүүлсэн шиг тийм сонирхолтой тоглолт ойрын жилүүдэд өрнөсөнгүй.
-Талбайн шүүгч Ганболдын Нарангэрэл гээд зарлуулах мөч сайхан санагддаг гэдэгт эргэлзэхгүй байна.
-Тэгэлгүй яах вэ. Би өнгөрсөн жил нэгдүгээр лигийн тэмцээний талбайд ажилласан. Тэр үед анхны томилгоогоо авчихаад бөөн баяр болж байв. Манай ах нар аавд “Таны нэр ч гэсэн дэлхийн шүүгчдийн эгнээнд багтлаа. Охин тань таны нэрийг гаргаж байна шүү дээ” гэхээр их баярладаг юм. Гэрийнхнээсээ спорттой нөхөрлөсөн нь би. Өмнө нь ах нар хөл бөмбөг нэг их үздэггүй байлаа. Намайг шүүгч болсноос хойш сонирхдог болж, “ДАШТ-ий тоглолт хэзээ, хэдэн сард эхлэх билээ” гээд асууна. Дунд ах хөл бөмбөгийн тэмцээнтэй өдрүүдэд миний тэмцээн шүүхийг харахаар ирсэн юм. Тэмцээн хэрхэн шүүдгийг эхэндээ сайн ойлгохгүй “Чи ядрахгүй яаж ингэж гүйдэг юм бэ. Ах нь дүүгийнхээ 90 минут гүйхийг нэг л ойлгохгүй юм. Халуунд тэмцээн үзэж суух хэцүү байна” гэж билээ.