Монголын ширээний теннисний үндэсний шигшээ багийнхан БНСУ-ын дасгалжуулагч Ким Хён Соны удирдлагад тивийн болон олон улсын тэмцээнд оролцдог. Тэрбээр Улаанбаатарт хөл тавьсан даруйдаа шигшээ багийг залуу, хурдтай тамирчдаар хүч сэлбэж, бэлтгэл шаргуу хийлгэсэн гэдэг. Тэднийг өмнөд хөршийн Чэндүд өнгөрсөн долоо дугаар сард болсон дэлхийн оюутны универсиад наадам, БНСУ-ын Пёнчан хотод есдүгээр сард зохион байгуулсан Азийн АШТ-д оролцуулсан. Тэндээс ирснийхээ дараа БНХАУ-ыг зорьж, “Ханжоу-2022” Азийн наадмын тоглолтод сойсон юм. Долоон настайдаа ширээний теннистэй нөхөрлөж, спортынхоо замналыг эхлүүлсэн энэ эрхэм улсынхаа ширээний теннисний ахлах сургуулийн шигшээ багийн дасгалжуулагчаар олон жил ажилласан туршлагатай. Тамирчдадаа бэлтгэлийн үед өндөр шаардлага тавьж, энгийн үед найз, нөхөд шиг нь байдаг түүнийг зочноор урьж ярилцлаа.
-Та манай улсад ирээд багагүй хугацааг үдлээ. Улаанбаатар хотод хөл тавьсан анхны өдөр Монгол орон ямар бодол төрүүлснээс тань ярилцлагаа өрнүүлье.
-Би Монголд ирэхээсээ өмнө түүх, өв соёл, ямар ёс заншилтай ард түмэнтэй болохыг багагүй судалсан юм. Улаанбаатар хотын талаар нэлээд мэдээлэлтэй байсан тул сэтгэл өндөр хөл тавьсан. Онгоцноос буухад БНСУ-тай зарим зүйлээр Монгол төстэй санагдаж билээ.
-Анх ирсэн үеэ бодвол одоо шигшээ багийнхантай сайн ойлголцдог болсон байх.
-Энд ирснээсээ хойш шигшээ багийнхантай өөрийн төлөвлөсний дагуу ажилласан. Тэдэнтэй харилцах арга барил, эв зүйгээ нэг их удалгүй олсон болохоор ажил, бэлтгэл хэвийн үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн багийн хоёр тамирчны оронд хурдтай тоглогч сонгож авснаар залуучуудтай түлхүү ажиллаж байгаа. Одоо миний зорьж буй зүйл бол сайн ажиллаж, тамирч даа амжилт гаргуулахыг хичээж байна даа.
-Парисын олимпын товлосон хугацаа ойртож байна. Спорт сонирхогчид тамирчдаа амжилттай оролцуулах сан гэж хүсэж байгаа нь анзаарагдаж эхэллээ.
-Парисын олимп тамирчдын хувьд хамгийн том зорилго нь шүү дээ. Миний хувьд энэ сараас эхлээд шигшээ багийнхныг шаргуу бэлдэж байгаа. Тайланд улсад тавдугаар сард болох олимпын эрх олгох тэмцээнд амжилттай оролцуулах зорилго тавьсан. Үүнээс өмнө гуравдугаар сарын сүүлчээс дөрөвдүгээр сарын дунд хүртэл Европт зохион байгуулах (Хорват, ХБНГУ, Чех, Словени) дөрвөн тэмцээн бий. Дасгалжуулагчийн хувьд тамирчдаа алгасалгүй оролцуулах нь Тайландыг зорих тэмцээний гол бэлтгэл болно. Хэрвээ тэндээс олимпын эрх авбал Парист долоодугаар сард хөл тавина.
-Ирсэн даруйдаа шигшээ багийнхныг та гурван ч томоохон тэмцээнд сойлоо. “Ханжоу-2022” Азийн наадамд тэднийг оролцуулахдаа олон зүйлийг ажиглан судалж, дүгнэлт хийсэн болов уу?
-“Ханжоу-2022” Азийн наадмын ширээний теннисний тэмцээнд залуу тамирчид оролцсон. Заримд нь тус наадам анхных нь том тэмцээн байлаа. Тэдэнд амжилт гэхээс илүү ирээдүйг харсан туршлага болсон болов уу. Шигшээ багт 14-15, 16-17 настай тамирчид бий. Тэд тав, 10 жилийн дараа төлөвлөснөөс ч илүү өндөр амжилт гаргах байх. Одоохондоо дэлхийн түвшинд гэж ярихад арай л эртэднэ. Бэлтгэлээ сайтар базаахад таван жилийн дараа өөр үр дүн харуулна гэдэгт итгэдэг. Энэ удаагийн Азийн наадамд тэд насны хувьд санасныг бодвол муу тоглоогүй. Би өмнө нь улсдаа бага, дунд, ахлах сургуулийн сурагчдад ширээний теннис зааж байсан. Монголд ирээд шигшээ багийнхантай ажиллахад заах аргын хувьд нэг их ялгаа байхгүй. БНСУ-д ширээний теннис өндөр хөгжсөн тул тэргүүлдэг орны тоонд зүй ёсоор багтдаг. Миний хувьд тийм систем рүү ойртуулахаар хичээж байна. Шигшээ багийнхны бэлтгэлийн цагийг ахиулахад эхэндээ ачаалал ихтэй санагддаг байсан бол одоо аажмаар дасаж, өөр болсон. Багийн уур амьсгал ч хүссэн хэмжээнд хүрч эхэлсэн. Мэргэжлийн тамирчид бэлтгэхийн тулд хүүхдүүдийн суурийг багаас нь сайн бэлдэх ёстой. Тэгж байж орчин үеийн ширээний теннисний хөгжлөөс хоцрохгүй хөл нийлүүлнэ.
-Та ширээний теннисний клубүүдээр зочилж, дасгалжуулагч багш нартай уулзахдаа хүүхдүүд хэрхэн хичээллэж байгааг харав уу?
-Шигшээ багийг дасгалжуулах ажлаа хүлээж авсны дараахан Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг ширээний теннисний клубүүдээр зочилж, дасгалжуулагч багш нартай уулзаж ярилцах завшаан тохиосон. Тэр үед өөрийн улстай харьцуулсан юм. БНСУ хүн ам ихтэй ч ширээний теннис тоглодог хүүхэд цөөн. Тэгвэл Монгол Улс хүн ам бага ч клубүүдэд нь теннис тоглож буй хүүхэд олон байхыг хараад энэ спорт хөгжиж байгааг ойлгосон. Энэ хоёрын хооронд асар том ялгаа бий. Үүнийг зөв системд оруулж, чадвартай мэргэжлийн дасгалжуулагчдыг бэлтгэвэл дэлхийд дээгүүр биш юм гэхэд дундаж түвшинд тоглох боломжтой.
-Монголд өвөл хэрхэн болдгийг та анх удаа харлаа. Хүйтний улирал удаан үргэлжлэх нь танд амаргүй санагдаж байна уу?
-Миний ганц айж байсан зүйл бол өвлийн улирал. Хүйтэнд даарах болов уу гэж өмнө нь төсөөлж бодсоноос ч гайгүй юм гээч. Шигшээ багийнхныг бэлтгэл хийлгэдэг клубээс амьдарч буй гэр минь холгүй болохоор халширмаар хүйтнийг одоохондоо мэдрээгүй. Надад Монголын өвөл аятайхан санагдаад байгаа шүү.
-Гэрээсээ хол байхад хэнд ч хэцүү шүү дээ. Ойр дотнынхоо хүмүүсийг хэр их үгүйлдэг вэ?
-БНСУ-ын Пёнчан хотод өнгөрсөн есдүгээр сарын эхээр ширээний теннисний Азийн АШТ болоход шигшээ багийнхныг оролцуулсан юм. Үүнээс гурван сарын дараа эх орноо дахин зорьж, хамтарсан бэлтгэл хийлгэлээ. Улсдаа хоёр ч удаа ойрхон очсон болохоор гэрийнхнийгээ үгүйлэх нь багассан.
-Таныг хүүхэд байхдаа ширээний теннистэй нөхөрлөж, тамирчны замналаа эхлүүлсэн гэж сонссон.
-Би дасгалжуулагч багшаар 10 гаруй жил ажиллалаа. Долоон настайдаа ширээний теннистэй анх нөхөрлөж, их сургуулийн оюутан болтлоо тоглосон. Тухайн үед Юн-Инь хотын мэргэжлийн багт тоглож байгаад цэргийн алба хаахаар мордсон. Түүнээс хойш нэг их тоглоогүй. Цэргээс халагдаж ирээд бага болон их сургууль, дараа нь ахлах сургуульд багшилсан. Улсдаа багшлах хугацаандаа ахлах болон их сургуулийн багийг аварга болгосон удаатай. Мөн бага, дунд сургуулийн багийг II, III байр эзлүүлсэн. Дасгалжуулсан багийн минь тамирчид амжилт нэг бус удаа гаргасан болохоор тэр бүхнийг нэг бүрчлэн ярихад урт түүх өгүүлнэ. Тэдний зарим нь одоо мэргэжлийн багт тоглодог. Мөн хамаатан саднаас ширээний теннисээр хичээллэдэг үеэл минь өндөр амжилт гаргаж байгаа. Миний хувьд тамирчин байхдаа их сургуулийн тэмцээнд аваргалсан. Ахлах сургуулийн сурагч байхдаа улсынхаа томоохон тэмцээнд түрүүлсэн юм. Монголынхоор бол бүх ард түмний спартакиадтай адил. Мөн олон улсын универсиад наадамд багаараа III байрт шалгарч байлаа.
-Тантай яриа өрнүүлж суухдаа тамирчны карьераа арай эрт өндөрлүүлж, дасгалжуулагчаар ажилласан байх нь гэсэн бодол төрлөө.
-Намайг тамирчин байхад мэргэжлийн баг цөөн байлаа. Үнэхээр сайн тоглодог биш л бол карьераа өндөрлүүлээд, амьдралынхаа зам, мөрийг хөөдөг үе байсан. Миний үеийнхэн цаашид тоглохгүй гэж шийдсэн бол их сургуульд дасгалжуулагчаар ажиллаж, харин шилдгүүд нь шигшээ багт үлдэн тамирчны замналаа үргэлжлүүлдэг байв. Тэр үеийг бодвол одоо өөр болсон л доо.
-БНСУ-ын тамирчид өмнөд хөршийнхөнтэй адил тэр их өрсөлдөөн дундаас сонгогдож, шигшээ багт хөл тавьдаг биз?
-Шигшээ багт орно гэдэг амаргүй. БНХАУ, БНСУ, Японд ч ялгаагүй өрсөлдөөн ихтэй. Шигшээ багт багтахын төлөө өрсөлдөнө гэдэг асар том үүрэг хариуцлага шүү дээ. Хэрвээ тааруухан тогловол шууд хасагддаг. Тамирчин хүн өрсөлдөөн дунд амжилт гаргах түвшинд байна гэдэг хэцүү. Шилдэг тамирчдаас 4-5 тоглогч шалгарч, шигшээ багт хөл тавьдаг. Одоо бол шигшээгийн I, II багтай болсон. Гэхдээ үүнд багтана гэдэг амар зүйл биш.
-БНСУ-д зохион байгуулсан “Сөүл-1988” зуны олимпын наадамд Ю Нам-Гю нутгийнхаа дэвжээнд эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүлж, аварга болсон. Түүний амжилт тухайн үед улсынхаа спортын хөгжилд өөрчлөлт авчирсан тухай хэвлэлээс уншиж байлаа.
-Тэрбээр эх орондоо болсон тэр жилийн олимпын наадамд түрүүлж, аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртэж, эх орондоо алтан медаль авчирсан амжилтаараа өөрийн нэрийг алтан үсгээр тодоос тод бичүүлсэн юм. Миний үеийнхнээс хамгийн сайн тоглож, амжилт гаргасан тамирчин бол 2003 онд болсон ДАШТ-ээс мөнгө, 2011 онд хүрэл медаль хүртсэн Жу Сае Хюк. Тэрбээр одоо шигшээ багийг дасгалжуулдаг. 1988 онд болсон Сөүлийн олимпын наадам намайг ширээний теннисээр хичээллэхэд их нөлөөлсөн. Тэр цагаас бидний үеийнхний дунд өрсөлдөөн их болсон учир нь тэр шүү дээ. Улсаас минь олимпын аварга төрсөн болохоор хүүхэд, залуус теннис тоглох хүсэлд хөтлөгдсөн юм. Тэр жил олимп зохион байгуулснаар спортын төрлүүдэд томоохон өөрчлөлт орсон. Теннисээс гадна бусад спорт ч эрчимтэй хөгжиж эхэлж байлаа. Түүнээс хойш манай улс тамирчдаа сайн дэмжих болсон. Өмнө нь ширээний теннисний шигшээ багийнхан улсаас тэр бүр дэмжлэг авдаггүй байв. Түүнээс хойш спортын заал, цогцолбор ордон олноор барьж, төр засаг ч тэр хэрээр хөрөнгө харамгүй зарцуулсан даа. Товчхон хэлбэл, “Сөүл-1988” олимпын наадам БНСУ-ын спортод хувьсгал хийсэн гэхэд болно. Тухайн улсад тэмцээн зохион байгуулах, бэлдэх үйл явц их чухал байдаг. Үр дүн нь ч мэдрэгддэг. Тэмцээн зохион байгуулсны дараах бол бүр том асуудал. Зохион байгуулах хүртэлх цаг хугацаанд тамирчдаа амжилт гаргахын тулд бэлдэж буй дасгалжуулагч, мэргэжилтэн, албаны хүмүүс, заал танхим барих гээд олон хүн маш их хөдөлмөр зарцуулдаг. Харин дараах нөлөө нь маш том үр дүн үлдээдэг. Одоо БНСУ-д “Канвон-2024” залуучуудын өвлийн олимп болж байна. Хааяа зав гаргаад улсынхаа тамирчдыг хэрхэн оролцож байгаа талаар сонирхож хардаг. Энэ жил Бусан хотод ширээний теннисний багийн төрөлд ДАШТ болно.
-Цагаан сар бол монголчуудын төдийгүй солонгосчуудын тэмдэглэж ирсэн үндэсний томоохон баярын нэг. Та сар шинийн баярын бэлтгэлээ хэр хангаж байна вэ?
-Жилднэг удаа болдог энэ баяраар бид ч гэсэн аав, ээждээ золгодог. Ах дүүсээрээ нэг дор цуглаж, халуун дотно яриа өрнүүлэх дуртай. Тэр бүр уулзалдаад байдаггүй хол, ойрын хамаатан садныхаа амар мэндийг нь мэдэх сайхан л байдаг шүү. Баярын үеэр зооглох хоол хүнс монголчуудынхтай төстэй. Монголчууд золгож ирсэн зочнооцай, буузтай угтдаг бол солонгосчууд баншаар дайлж, дуртай бэлгийг нь өгдөг юм. Монголчууд сар шинийн баяраа хэрхэн тэмдэглэдгийг харах надад ч тун сонирхолтой санагдаж байна. Ах дүүс, хамаатан садан, найз нөхдийндөө зочилж очдог гэж сонссон.
-Монголчуудын үндэсний өв соёл, түүхтэй тухтай танилцах цаг гаргадаг уу?
-Чингис хааны овог аймгуудаа нэгтгэж, Монгол Улсыг байгуулан, дэлхийн талыг морьтой эзэлсэн хүчирхэн байлдан дагуулалт надад их сонирхолтой санагддаг юм. Түүний амьдарч байсан он жил, хаант төр, ялалтыг өгүүлсэн түүхийг уншаад бүр гүнзгий судлах сан гэх бодол төрсөн. Монголчуудад солонгосчуудтай төстэй зүйл олон байгааг дээр өгүүлсэн шүү дээ. Тэр дундаа хүүхэд, залуусаас нь солонгосчуудын хувцаслалт, стиль, имижийг олж хардаг.
-Монгол хэл сурч, ойр зуурын үг ярьдаг болов уу?
-Монгол хэлийг одоогоор сайн сурч амжаагүй ч ерөнхийд нь ойлгож байгаа. Миний хувьд тэмцээн, бэлтгэлийн үед хэрэглэх, мөн өдөр тутам ярьдаг “Сайн байна уу, баярлалаа, баяртай, уучлаарай” гэх зэрэг үг хэллэг сурсан. Монгол хэлийг сурахад амаргүй юм билээ. Дуудлагаас гадна олон үсэгтэй нь хэцүү санагдсан. Шигшээ багийн эмэгтэй тамирч даас Б.Болор-Эрдэнээр хэл заалгаж байгаа ч хүмүүстэй ойлголцож ярих хэмжээнд хараахан хүрээгүй. Гэхдээ сурахаар хичээж байна.
-Тамирчдыг минь амжилтад хүргэхээр зорьж байгаа тань сайхан санагдлаа. Та нээлттэй, хөгжилтэй, найрсаг хүн юм. Нууц биш бол өөрийгөө ямар хүн бэ гэдгийг үнэнээр нь тодорхойлооч.
-Би нэг эгчтэй. Аав минь спортод дуртай хүн байсан. Би өөрийн хүсэл сонирхлоор теннис тоглосон. Намайг хүүхэд байхад манай сургууль ширээний теннисний шигшээ багтай байв. Тиймээс үргэлжлүүлэн тууштай хичээллэхэд нөлөөлсөн. Миний хувьд ахлах сургуульд ортлоо даруухан, бусадтай харилцахдаа тийм ч нээлттэй байгаагүй. Ер нь дотогшоо талдаа хүүхэд байлаа. Цэргийн алба хүнийг олон талаар өөрчилдөг. Одоо бол хэнтэй ч ярилцсан чөлөөтэй харилцдаг. Солонгос эрчүүд цэргийн албыг хоёр жил, хоёр сар хаах хугацаандаа амьдралаас суралцдаг. Тэнд унтах, босох, амрах, хооллох, ажиллах гээд бүх зүйл хязгаартай тул ямар ч хүнийг төлөвшүүлж, хүмүүжүүлдэг юм. Солонгос залуучууд цэргээс халагдахдаа хатуужил, тэсвэрээс халгахгүй жинхэнэ эр хүнболсон байдаг. Тамирчид цэрэгт очсон ч тэмцээний ачаалал дааж сурсан байдаг тул зовлон бага мэдэрдэг. Бусадзалууст өглөө эрт босох, гүйж харайх нэг хэсэгтээ хэцүү санагддаг байх. Надад бол цэргийн амьдрал нэг их хүнд санагдаагүй.
-Эх орондоо өнгөрүүлдэг чөлөөт цаг тань Монголд ирээд багагүй өөрчлөгдсөн байх. Ажлын алжаалаа хэрхэн тайлж байна вэ?
-БНСУ-д ууланд алхах, загасчлах, найз нөхөдтэйгөө аялалд явах, спортын тэмцээн, уралдаан үзэх гээд чөлөөт цагаа өнгөрөөх зүйл олон бий. Монголд ирээд учиргүй стресстэж, бухимдсан зүйл одоогоор алга. Чөлөөт цаг гарвал алхах дуртай. Шигшээ багийн тамирчидтай бэлтгэлийн дараа аятайхан газар хооллож, амралтын өдрөөр цэвэр агаарт гарангаа ууланд хамт алхдаг юм. Миний ажигласнаар Монголд солонгос хэлээр сайн ярьдаг хүмүүс цөөнгүй юм билээ. Тэгэхээр надад хойшид ойлголцохгүй асуудал нэг их гарахгүй байх. Сүүлийн үед хөл бөмбөгийн Азийн цомын АШТ-ий тоглолтыг сонирхож, youtube-ээс үзэж байгаа. Миний үндсэн ажил дасгалжуулагч болохоор Катарт болж буй томоохон тэмцээн, мөн “World table ten¬nis” үзэнгээ дэлхийн теннис ямар чиглэлээр хөгжиж буйг түлхүү судалж байна.
-Таныг Монгол хоолонд дуртай гэж сонслоо.
-Тийм ээ. Монголд ирээд цуйван, будаатай хуурга, бууз, гурилтай шөл идэх дуртай болсон. Худалдааны төвүүдээс “Нарантуул” захыг сонирхож үзэнгээ нэлээд зүйл худалдаж авсан шүү. Улсын их дэлгүүртэй гэр ойрхон болохоор байсхийгээд үйлчлүүлдэг юм. Надад ноолууран бүтээгдэхүүн их таалагдсан. Загвар хийц нь аятайхан, чанартай юм билээ. Мөн байгальд ургадаг хуш модны самар идэхэд их амттай санагдсан. Нутаг буцахдаа эдгээр зүйлийг гэрийнхэндээ сонирхуулахаар авч явна даа.
-Монголчууд зуны дэлгэр цагт Үндэсний баяр наадмаа хотол олноороо тэмдэглэн наадаж цэнгэдэг. Та наадам үзэж сонирхсон л биз дээ.
-Надад Монголын үндэсний баяр наадам их таалагдсан. Монгол түмний хотол олноороо наадан цэнгэдэг хамгийн сайхан баяр нь гэсэн. Хурдан морины уралдаан, сур, шагайн харваа, хүчит бөхийн барилдаан үзэж суухад сонирхлыг минь өөрийн эрхгүй татсан. Би нум, сумаар харваж үзсэн. Хийсэн материал, загвар, хийц нь их өвөрмөц байсан шүү. Жаахан хүүхдүүд морь унаад уралдаж, давхихыг хараад бүр огшсон. Тэдний эрэмгий зориг, сурмаг байдал, ур чадвараар нь ч их бахархсан.
-Танд Монголын спорт сонирхогчид итгэл, найдвар хүлээлгэж байгаа. Тиймээс шигшээ багийнханд хандаад өөрийнхөө үгийг уламжилж, юу гэж зөвлөх вэ?
-Шигшээ багийнхан бэлтгэлийн үед бол надад их дургүй байх. (инээв) Өдөр бүр шаргуу бэлтгэл хийлгэх нь тэдэнд хамгийн хүнд хүчир ажил хийж байгаагаас ялгаагүй санагддаг болов уу. Ер нь дасгалжуулагч багшид дуртай тамирчин байдаггүй шүү дээ. Би өөрөө тамирчин байсан болохоор үүнийг сайн мэднэ. Улаанбаатарт байх хугацаандаа Монголын ширээний теннисний хөгжилд хувь нэмрээ харамгүй оруулж, шигшээ багийн тамирчдаа тэмцээнүүдэд оролцуулан амжилт гаргуулахыг хичээж ажиллана. Өмнөх шигшээ багийнхантай ажилласан солонгос дасгалжуулагчдын талаар сонссон. Би Улаанбаатарт ирэхээсээ өмнө одоогийн шигшээ багийг дасгалжуулж байсан Кан Дон Хүн дасгалжуулагчтай нэг бус удаа уулзаж, ямар арга барилаар бэлтгэл хийлгэдэг байсан талаар мэдээлэл авсан. Бид байнга холбоотой байж, зөвлөлдөн ярилцдаг юм.