Монголын буудлага спортын үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчдаас хийн урт бууны 10, 50 метрийн дасгалд өрсөлддөг ОУХМ Н.Баяраа улсынхаа дээд амжилтыг нэг бус удаа шинэчилсэн. “Лондон-2012” олимпын наадамд эх орноо төлөөлж оролцсон тэрбээр дасгалжуулагч Ж.Ганхуягийн удирдлагад Индонезийн Жакарта хотод энэ сарын 5-18-нд болсон Азийн АШТ-д өрсөлдлөө. Ингэхдээ урт бууны 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд 44 тамирчинтай цэц сорьж, 583 (суугаагаас 194, хэвтээгээс 197, босоогоос 192 оноо) оноогоор финалд шалгаран Парисыг зорих эрх өвөртөлсөн юм. Тэрбээр ирэх зун Францад хөл тавьснаар хоёр дахь олимпдоо онч сорих нь. Эх орондоо “Парис-2024” олимпын эрх авчирсан Монголын найм дахь тамирчин болсон түүнтэй ярилцлаа.
-Жакартагаас Парисыг зорих олимпын эрхтэй ирсэн танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Спортын төрөл бүр өөрийн гэсэн онцлогтой. Буудлагын тамирчин өрсөлдөгчтэйгөө гэхээсээ илүү өөртэйгөө өрсөлдөх юм аа.
-Баярлалаа. Тивийн шилдгүүд онч сорьсон томоо хон тэмцээнээс олимпод өрсөлдөх эрх авсандаа сэтгэл өндөр байна. Буудлагын спортынхон тэмцээний үед өөрийнхөө сэтгэл зүйч болж, өөртэйгөө ажиллахыг чухалчилдаг. Индонезийн Жакарта хотын цаг агаар тэмцээнтэй өдрүүдэд маш бүгчим байлаа. Урт бууны тэмцээн гадаах талбайд болдог. Тэнд 35 градусын халуунд хөлсөө гартал олон цаг зогсож, буудах хүнд санагдсан. Монголын эрс тэс хүйтнээс дулаан орныг зорьж, тэмцээнд оролцох нь бие, сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг тал бий. Тамирчдад тухайн улсын орчин нөхцөл, уур амьсгалд нь дасан зохицох амаргүй байдаг. Азийнхан буудлагын спортод тэргүүлдэг. Бидэнтэй БНХАУ, БНСУ, Япон, Энэтхэг, Ираны буудагчид ширүүхэн өрсөлддөг юм. Манайхан холбоодын нэгдсэн УАШТ-д энэ долоо хоногийн сүүлчээр оролцох тул Жакартагаас ирээд бэлтгэлээ шууд хийлээ.
-Миний мэдэхээр та энэ спорттой олон жил нөхөрлөж байна. Өнгөрсөн хугацаанд олон улсын болон тив, дэлхийн тэмцээнд цөөнгүй удаа“тоосоо” өргөлөө.
-Урт бууны төрлөөр 19 жил хичээллэж байна. Өнгөрсөн хугацаанд тулгарсан саад бэрхшээлүүдийг бие, сэтгэл зүйгээр даван туулж, олон зүйлийн ард гарчээ. Буудлагын ДАШТ дөрвөн жилд нэг удаа болдог. Миний хувьд ДАШТ-д дөрөв, Азийн наадамд гурван удаа өрсөлдсөн. 12 жилийн өмнө Английн Лондонд болсон олимпод 10 метрийн дасгалд онч сорьсон бол энэ удаа 50 метрийнхэд оролцохоор эрх авч, Францын Парист хөл тавихаар боллоо. Тиймээс сургуулилалтаа сайтар базааж, алдаа гаргахгүй, амжилттай оролцохыг зорьж байгаа. “Лондон-2012” олимпод 20 настайдаа анх оролцохдоо сүрдсэн ч хичээвэл хойшид өрсөлдөж болохоор юм байна гэсэн бодолтой эх орондоо ирж байв.
-Урт бууны 10, 50 метрийн төрөлд өрсөлдөгч олон байдаг уу?
-Би ДАШТ-ий финалын шатанд нэг бус шалгарлаа. ”Дэлхийн цом”-ын тэмцээнд хоёр удаа IV байр эзэлсэн. Өнгөрсөн жилийн ДАШТ-д эхний дөрвөн байрт орсон бол Парисын олимпын эрх авах байв. Тэр үед эрхээс атгаад алдсан юм. Түүнээс хойш нэг жил хичээж, хөдөлмөрлөсний хүчинд энэ удаа Азийн АШТ-ээс эрх авч чадлаа. Испанид болсон ДАШТ-д анх онч сорихдоо өөрийгөө олон орны тамирчидтай харьцуулж, алдаа, дутагдал хэрхэн гаргаснаа дүгнэсэн юм. Дараа нь БНСУ-д зохион байгуулсан ДАШТ-д чамгүй туршлага хуримтлуулж өрсөлдсөн. Тус улсын тамирчид хаана ч болсон тэмцээнд эхний таван байрт шалгарч, олимпын эрхтэй буцдаг. Европын орнуудаас АНУ, Англи, Германы буудагчид Азийнхантай эн тэнцүүхэн өрсөлдөнө. Катарт 2012 онд болсон Азийн АШТ мөн оролцсон юм. Энэ улс эх орондоо спортын томоохон тэмцээнүүд зохион байгуулдаг ч тамирчид нь буудлагын төрөлд амжилт гаргадаггүй нь анзаарагдсан. Миний очсон орнуудаас Азербайжан их таалагдсан шүү. Тэнд болсон тэмцээнд финалдаж, V байр эзлэхэд сайхан санагдаж билээ. Олимпын эрх авахад ганцхан алхам дутсан болохоор Азийн АШТ-ээс заавал эрхтэй ирнэ гэж өөртөө амласан. Миний хувьд зорьсондоо хүрлээ, амласнаа ч биелүүллээ. Одоо олимпын эрх олгох “Дэлхийн цом”-ын тэмцээн Бразилд болно. Эрх авсан ч өрсөлдөх бодол бий.
-Үе үеийн аваргуудыг төрүүлсэн “Алдар” спорт хороогоор овоглох болсон түүхээ сонирхуулаач.
-15 жилийн өмнө нэр хүндтэй том байгууллагын өндөр босгоор алхаж байлаа. “Алдар”-ын тамирчин болж, ах, эгч нараасаа их зүйл сурсандаа одоо ч баярладаг. Тэдний гадаад, дотоодын тэмцээнд амжилт гаргахыг хараад “Хэзээ тэдэн шиг болно доо” гэж боддог байсан минь саяхан мэт санагдаж байна. Тамирчин хүн харьяалагдах байгууллагатай байна гэдэг давуу тал юм. Сар бүр цалин авч, өдөр бүр бэлтгэл хийхдээ үүрэг хариуцлагатай ханддаг. Сэтгэл санаа өөдрөг, тэмцээнд оролцоход ч урамтай. Зорьж буй зүйлдээ тууштай зүтгэж, амжилт гаргахад их нөлөөлнө. Тэр үед хамт хичээллэсэн хүүхдүүд замын дундаас орхиж, Э.Даваахүү бид хоёр тамирчны замналаа үргэлжлүүлж байна. Бид нэг тушаалаар тус спорт хорооны тамирчин болж, шигшээ багт хөл тавьж байв. Түүнээс хойш өнөөг хүртэл ойр дотно нөхөрлөж ирлээ. Бид буудлагын хоёр өөр төрөлд оролцдог. Тэрбээр Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж, би финалд шалгарч эрх гардсан юм.
-Буудлагын спортоос урт бууны төрөл танд их таалагдаж, сэтгэлийг тань татаж дээ.
-Тийм ээ. Би тэр үед Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуульд сурдаг байв. Баянгол дүүргийн X хорооллоос Гурвалжингийн гүүр давж, хичээлдээ автобусаар явах замд, Техник спортын төв харагддаг. Буудлагын тамирчдыг тус төвд бэлтгэл хийдгийг мэддэг болсноор хичээллэж үзэх сэн гэх хүсэл төрсөн юм. 14 настай жаал хүү нэг л өдөр тус төвийн хаалгыг татаж, энэ спортод эргэж буцалтгүй орж билээ. Тамирчин болж, амжилт гаргана гэхээс илүү спортын орчинд зөв хандлагатай найз, нөхөдтэй болъё гэж бодсон. Надад буудлагын эрдэм анх заасан хүн бол дасгалжуулагч С.Адилбиш багш. Түүний улирдлагад хичээллэхдээ олимп, ДАШТ оролцсон. Багшийг гавьяаныхаа амралтад гарсны дараа урт бууны шигшээ багийнхан дасгалжуулагч Ж.Ганхуягийн удирдлагад 2018 оноос хичээллэсэн.
-Гэрийнхэн тань одоо таны үнэнч хөгжөөн дэмжигч болсон биз?
-Гэрийнхнээсээ спортоор хичээллэдэг нь одоогоор би л байна. Манайхан буудлагаар хичээллэхэд эхэндээ нэг их тоогоогүй. Буруу замаар бус, зөв явбал боллоо доо гэж боддог байсан болов уу. Тууштай хичээллэж, тэмцээн өнжилгүй оролцдог болсны дараа ойлгож, дэмжсэн. Буудлагаар хичээллэдэг хүүхдүүдээс сонгогдож, шигшээд багтана гэдэг дотооддоо бол том өрсөлдөөн. Шигшээ багийн тамирчин болж, өөрийн гэсэн цалинтай болоход аав, ээж их баярласан шүү.
-ШУТИС-ийн Геодезийн ангид сурч байгаад яагаад орхисон юм бэ. Тамирчид хичээлдээ гүйгээд, бэлтгэлээ ч хийгээд сургуулиа төгссөн л байдаг.
-Оюутан болохоосоо өмнө гэрийнхнийхээ дэмжлэгээр л бэлтгэл хийдэг байв. 2008 онд Бээжингийн олимпын буудлагын тэмцээнд Гавьяат тамирчин О.Гүндэгмаа эгчийн өрсөлдөхийг зурагтаар үзэж суухдаа медаль авчихаасай гээд бодож билээ. Тамирчин хүн сургууль, спортын аль нэгийг нь сонгох сонголттой тулгардаг. Би тус сургуулийн оюутан болсон ч төгсөж амжаагүй. Өдөржин бэлтгэл хийж, тэмцээнд байнга оролцох болсон надад хичээлдээ анхаарал хандуулах зав гараагүй. Тэр үед аргацааж сураад, дипломтой төгсвөл болох л байсан. Гэхдээ би чадваргүй төгсөгч болохыг үнэхээр хүсээгүй. Тухайн үед цаг заваа олон зүйлд үр бүтээлгүй зарцуулснаас нэгт нь тууштай зорьё гэж шийдээд спортоо сонгосон юм. Манайхан тэр үед дургүйцэж зэмлээгүй. Надад “Чи юу сонирхож байна, түүндээ л зорьж шамд” гэж хэлсэн. Хүмүүнлэгийн ухааны их сургуульд 2020 онд сурахаар хичээсэн ч бас л болоогүй. Тэгээд ч гэр сургуулиас хол болохоор хичээлд гүйж, бэлтгэлдээ зав гаргах хэцүү санагдсан.
-Та БНСУ-д зохион байгуулсан “Инчон-2014” Азийн зуны спортын XVII наадамд оролцсон санагдах юм.
-Хийн урт бууны 10, 50 метрийн төрөл зайд өрсөлдсөн юм. Урт бууны 50 метрийн зайд гурван байрлалаас бууддаг. 10 метрийн хоёр төрөлд сүүлд холимог багийнх нэмэгдсэн. Би медалиа тоолдоггүй. Миний хувьд дотоодын тэмцээнүүдэд оролцож, аль аль төрөлд нь медаль хүртсэн. Үүнээс 20 гаруйд нь түрүүлж, алтан медаль гардсан байна. Нэг тэмцээнд олон төрөл, зайд өрсөлдөж, гурван медаль зүүх жишээтэй. Олон жил хичээллэхээр өрсөлдөгчөө бус, өөрийгөө ялахыг хичээнэ. Буудлагын спорт бусдыг буруутгахаас илүү өөрөөсөө алдааг хайхад сургадаг. Бид бөх, боксынхон шиг сэтгэл хөдлөлөө тэр бүр гаргадаггүй. Тэмцээний үр дүн зөвхөн өөрөөс хамаарах болохоор хэт их догдолж болохгүй. Хөөрч, баярлах нь зүрхний цохилтод нөлөөлдөг тул тайван, сандрахгүй байснаар амжилт гаргана.
-Олон улсын буудлагын холбооны дүрэмд ямар өөрчлөлт орсон бэ?
-Бид ямар ч тэмцээнд оролцохдоо Олон улсын буудлагын холбооны дүрмийг баримталдаг. Шинэ дүрэм гарахаас өмнө эрэгтэй гурав, эмэгтэй нь хоёр төрөлтэй байв. Сүүлийн үед жендерийн харьцааг тэнцүүлэх зорилгоор аль алийг нь хоёр болгож, нэгийг нь холимог төрөлтэй болгосон. Буудлагын спортын дүрмийг олимпын наадмын дараа өөрчилдөг юм. Энэ спортод шүүгч байдаггүй. Тэмцээний оноо программаар гарна. Хичээж, сайн оролцвол хэн ч амжилт гаргах боломжтой.
-Индонез улсад өмнө нь буудлагын томоохон тэмцээнүүд болж байсан. Та хэд дэх удаагаа хөл тавив?
-Миний хувьд хоёр дахь удаагаа зорилоо. Өмнө нь болсон Азийн наадамд урт бууны холимог багийн төрөлд Г.Нандинзаяа бид хоёр оролцож, 832.1 оноогоор финалд өрсөлдөх эрх авсан. Улмаар шигшээд 346.6 оноо авч, V байрт шалгарсан юм. Тэр өдөр бие минь нэг л тавгүй байлаа. Гурван өдөр дараалж болсон тэмцээнд эхнийхэд нь сайн буудаж, сүүлийн хоёрт нь 40 хэм хүртэл халуурсан тул байр эзлээгүй. Бэлтгэл сайн, медаль хүртэх зорилготой явсан ч биелүүлж ч адаагүйдээ их харамссан. Түүнээс хойш тэмцээнтэй өдрүүдэд бие, сэтгэл зүйн байдалдаа анхаарал хандуулж, ханиад хүрэхгүйг хичээдэг болсон юм. Зорьж оролцсон тэмцээний үеэр бие өвдвөл олон хоног бэлтгэл хийсний үр дүн талаар болдгийг ойлгож, сургамж авсан шүү. Бидний хувьд зөвлөдөг ойр дотнын хүн бол дасгалжуулагч багш байдаг. Жакартагаас ирснийхээ дараахан Азийн АШТ-д гаргасан алдаа, дутагдал, мөн хойшид болох тэмцээнд хариуцлагатай оролцох талаар ярилцлаа.
-Азийнхнаас Энэтхэг, БНСУ, БНХАУ-ын тамирчид буудлагын төрөлд олимп, дэлхийн аварга болсон байх юм билээ.
-Өмнөд хөршийнхнөөс Ян Хаорань урт бууны төрөлд олимп, дэлхийн аварга болсон. Тэрбээр надаас дүү ч олон тэмцээнд оролцсон, туршлагатай. Бид тэмцээн бүрд таардаг болохоор нэгнээ танина. 2014 онд Азийн наадмын эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн бууны багийн шигшээ тэмцээнд Ян Хаорань, Цао Ифэй, Лю Тяньюөү нар аварга болсон удаатай. Ганцаарчилсан тэмцээнд Ян Хаорань алтан медаль хүртэж байлаа. Тэгвэл Токиогийн олимпын наадмын 10 метрийн хийн урт бууны холимог багийн төрөлд Ян Чянь, Ян Хаорань нар АНУ-ын багийг 17:13-аар илүүрхэж түрүүлсэн. Ян Хаорань олимпоос алтан медаль хүртэх хүсэл мөрөөдлөө Токиод биелүүлсэн дээ.
-Сүүлийн үед залуус урт бууны төрлөөр сонирхон хичээллэж байна уу?
-Буудлага спортын бэлтгэл хийдэг хоёр төвтэй болохоор сонирхож хичээллэх залуус сүүлийн үед цөөрсөн. Тамирчид бэлтгэл хийхдээ өөр хоорондоо ярихгүй, зөвхөн өөртөө анхаарал хандуулдаг болохоор зарим хүүхдэд сонирхолгүй санагддаг байх. Спортын бусад төрөлтэй харьцуулбал буудлагын тамирчдын амжилт олон жилийн дараа гардаг. Сонирхолдоо хөтлөгдөж ороод, дундаас нь орхисон хүүхэд олон бий. Тиймээс энэ спортыг чин сэтгэлээсээ сонирхсон хүн л тууштай хичээллэнэ.
-Монголд буудлагын спорт өртөг өндөртэй. Шигшээ багийн бус тамирчид бэлтгэл хийхдээ суманд мөнгө чамгүй зарцуулдаг гэж хүмүүс ярих юм билээ.
-Үнэний ортой. Шигшээ багийн бус тамирчид зөвхөн тивдээ зохион байгуулсан нэг тэмцээнд оролцоход 10 гаруй сая төгрөг хувиасаа гаргадаг. Европт болох тэмцээнд өрсөлдвөл үүнээс ч илүү зардал гаргана. Тэгэхээр гэр бүл, найз нөхдийнх нь дэмжлэг зайлшгүй хэрэг болдог. Би ХБНГУ-д үйлдвэрлэсэн буугаар 10, Швейцарт үйлдвэрлэснээр нь 50 метрийн зайд бэлтгэл хийж, тэмцээнд оролцдог. Чанартай буу худалдаж авбал олон жил хэрэглэнэ. Буудлагын спорттой өнөөг хүртэл нөхөрлөхдөө зургаан бууны ард гарчээ. Бууны марк, үйлдвэрлэ сэн он, загвараасаа хамаараад үнэ нь өөр. Нэг буу худалдаж авахад 30-40 сая төгрөг зарцуулах энүүхэнд. Олон жил тэмцээнд оролцохоо бодож хамгийн сайн гэснээс нь сонгодог. Би нэг буугаа 2020 онд шинэчилсэн. Дотоодын тэмцээнд олон түрүү авч, Парисын олимпын эрх эзэндээ авчирлаа.
-Буудлагын тамирчид бөхчүүд шиг эрч хүч гаргаж, энерги их зарцуулдаггүй ч олон цаг бэлтгэл хийхээр ядардаг шиг санагдсан. Тэмцээний дараа сульдсанаа мэдэрдэг биз?
-Бид гар дээр суниах, гүйх, дугуйн унах зэргээр хүчний бэлтгэл хийдэг. Ингэх нь тэмцээний ачаалал даахад хэрэг болно. Бай руу буу шагайж удаан зогсохоор бие хөшиж, гар, хөлийн булчин зангирдаг. Заримдаа хувцсаа ч солих тэнхэлгүй ядарсан байдаг юм. Тэмцээнд өмсдөг хувцас 4-5 кг, мөн ийм хэмжээний жинтэй буу мөрөн дээрээ тавиад таван цаг хөдлөхгүй зогсож буудах амаргүй шүү дээ.