Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубийн тамирчин, мөсөнд авиралтын Ази тивийн аваргын алтан медальт, ОУХМ Н.Хэрлэнг амжилтаас атгуулсан хүн бол аав нь. Биеийн тамирын багш, уулчин, спортын мастер Х.Нямдоо хүү, охиноо багаас нь энэ спорттой ойр өсгөж, тамирчин болгохоор зорьсон гэдэг. Тэрбээр спортод амьдралаа зориулсан аавынхаа ачийг хичээл зүтгэлээрээ хариулж, БНСУ-ын Чонсон хотод зохион байгуулсан “Дэлхийн цом”-ын тэмцээнд аварга болов. Өмнө нь тус хотод 2018 онд Азийн АШТ болоход хурдны төрөлд мөнгө, 2020 онд алтан медаль хүртэж байсан билээ. Олон улсын тавцанд эх орныхоо нэрийг гаргаж яваа түүнтэй ярилцлаа.
-Спорт сонирхогчид мөсөнд авиралтын тамирчдаа “Дэлхийн цом”-д оролцохыг харж, хэд хоног сэтгэл догдолсон. Тэднээс хурдны төрөлд хоёр нь медаль хүртсэний нэг нь та байв. Манай авирагчдад БНСУ-ын Чонсон хот энэ удаа ивээлээ харамгүй хайрлалаа. Тэндээс ямар бодол тээж ирсэн сэтгэгдлээс тань ярилцлагаа эхэлье.
-Надад Чонсон хот ээлтэй санагддаг. Энэ хотоос тив, дэлхийн медалиа хүртсэн. Тиймдээ ч тус хотод зохион байгуулсан тэмцээнүүдэд оролцох дуртай. Тамирчин хүн сонирхдог спортдоо амжилт гаргахад ганц хөдөлмөр бус, олон зүйл нөлөөлдөг. Миний төрж, өссөн нутаг бол Говь-Алтай аймгийн Тонхил сум. Сумын маань 100 жилийн ой энэ онд тохиож буй. Нутгийнхаа ой болон зон олонд зориулан “Дэлхийн цом”-оос алтан медаль хүртэж, бэлэг барьсандаа сэтгэл өндөр байна. Намайг эл спортод анх хөл тавьсан цагаас өнөөг хүртэл тууштай дэмжиж ирсэн, уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубийн хамт олонд их талархдаг. Би дулааны инженер мэргэжилтэй, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д ажилладаг. Тэмцээнд оролцохын өмнө бэлтгэл хийх боломжоор хангасан байгууллагынхандаа, мөн ивээн тэтгэсэн “Говь-Эрдэнэ кашмер”-ийн хамт олонд баярласнаа илэрхийлье. Амжилттай яваа хүний ард гэр бүлийнхэн нь байдаг шүү дээ. Арыг минь найдвартай дааж, ойлгож, дэмждэг аав, ээж, хань, хүүдээ баярлалаа.
-Таныг өнгөрсөн хугацаанд зорьсон зүйлээ хэрхэн хэрэгжүүлж, амжилт гаргахыг тив, дэлхийн үзэгчид харлаа. Тэд монгол тамирчны талаар юу гэж ярилцсан бол?
-Сүүлийн жилүүдэд манай тамирчдын амжилт өндөр түвшинд очсон. Монголчуудын өрсөлдөөн олон улсын мэргэжилтнүүдийн төдийгүй улс бүрээс оролцохоор ирсэн тамирчдын анхаарлыг ихэд татаж байлаа. Тэд бидний амжилт гаргасан талаар магтан ярьж байв. Зарим тамирчин “Чингис хаан шиг хүчтэй байлаа” гэж хэлсэн нь бахархмаар санагдсан.
-2024 онд оролцохоор төлөвлөсөн тэмцээнийхээ салхийг та алтан медалиар хагаллаа. Гаргасан амжилт тань энэ спортоор сонирхож хичээллэдэг залууст урам өгсөн гэдэгт эргэлзэхгүй байна.
-Тийм ээ. Энэ улирлыг өөдрөг, сайхан эхлүүллээ. Миний хувьд “Дэлхийн цом”-д аваргын төлөө өрсөлдөх зорилго өөртөө тавьсан юм. Өнгөрсөн жил медаль хүртсэн болохоор сэтгэл зүйн хувьд илүү байсан. Зорьсноо биелүүлж, түрүүллээ. “Сутайн бор” клубийн дүү нар болон мөсөнд авиралтаар хичээллэдэг залууст урам, зориг өгч, энэ спортод дуртай болоход нь багагүй нөлөөлсөн гэдэгт итгэлтэй байна.
-Олон улсын уулын холбооны мэргэжилтнүүд таныг “Дэлхийн цом”-д оролцохын өмнө өнгөрсөн жилийн аварга, Ираны шилдэг тамирчин Мохсен Бехештитэй эн тэнцүүхэн өрсөлдөнөгэж онцолж байлаа. Тэдний тооцоолол зөв л байсан. Мохсен Бехешти энэ удаа хэр оролцов?
-Түүний хувьд жигд, сайн авирсан. Шигшээд Монголын тамирчдаас Ч.Мандахбаяртай уралдаж, авиралтын явцад хананаас салж, ялагдал хүлээсэн дээ.
-Аваргын төлөө манай хоёр тамирчин өрсөлдсөн нь Монголын төдийгүй олон улсын үзэгчдийн анхаарлыг ихэд татсан. Ямар ч тэмцээнд медалийн төлөө хүч, ухаанаа сорих тамирчдын өрсөлдөөн хамгийн сонирхолтой байдаг. Тэр үед танд ямар бодол төрж байв?
-Бид аваргын төлөө анх удаа өрсөлдсөн нь мартагдахааргүй дурсамж болж үлдлээ. Тэр тусмаа хурдны төрөлд нутаг нэгт тамирчинтайгаа уралдах тун сонирхолтой байсан шүү. Монгол тамирчдын хувьд хэн нь ч ялсан улсын минь Төрийн дуулал эгшиглэх тул бахдал төрж байна.
-Ч.Мандахбаяр шилдгүүдийн нэг гэдгээ харуулж сайн оролцлоо. Алтан медалийн төлөө та хоёр нэгэндээ амжилт хүсээд өрсөлдөв үү?
-Тиймээ. Ч.Мандахбаяр өнгөрсөн жил дээрх тэмцээнээс хүрэл медаль хүртэж шилдэг тамирчдын нэг гэдгээ баталсан юм. Нэгэндээ амжилт хүсэж, мөсөн хананд үзүүштэй, сонирхолтой уралдаан өрнүүлэхийг хичээсэн.
-Олон улсын уулын холбооны мэргэжилтнүүд Ч.Мандахбаярыг өөрсдийнх нь тааврыг эвдэж, цойлно гэж төсөөлөөгүй байх. Түүний амжилт Монголын тамирчид дэлхийн аваргуудтай эн зэрэгцэх хэмжээнд хүрснийг батлан харууллаа шүү дээ.
-Таавар эвдсэн гэхээсээ илүү бид медаль хүртэх тамирчдын тоонд аль хэдийн орсон байсан.
-Дараагийн “Дэлхийн цом”-ын цуврал тэмцээн хаана болох вэ. Манай тамирчдын өрсөлдөөн өмнөхөөсөө улам ширүүсэх болов уу гэсэн таамаг төрөх юм.
-Швейцарт болно. Монголоос Ч.Мандахбаяр өрсөлдөнө. Зарим тамирчин оролцохыг зорьж байгаа ч визийн асуудлаас болоод явахаа больсон.
-Монголын мөсөнд авирагчид хүчний бэлтгэл хийж, Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад оролцсон нь үр дүнгээ ч өглөө. Тэрбээр тэмцээний үед зөвлөгөө өгч, түшиг, тулгуур болж байгаа харагдсан.
-Миний хувьд 2017 оноос хойш хүндийг өргөлтийн Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр багштай хамтран ажиллаж байна. Тэрбээр дээрх тэмцээнд хамт явсан нь нөмөр нөөлөг, түшиг болсон шүү. Бидний алдаа, оноог тухай бүрд нь дүгнэн хэлж зөвлөсөн нь үр дүнгээ өгсөн.
-Говь-Алтай аймгийн Тонхил сум дахь “Сутайн бор” клубийн дасгалжуулагч Х.Нямдоо таны аав. Түүний удирдлагад бэлтгэл базаадаг тамирчдын нэг нь та. Тэмцээнтэй өдрүүдэд аав тань юу гэж зөвлөсөн бэ?
-Би аавтайгаа тэмцээний өмнөх өдөр хэрхэн оролцохоо ярилцаж, төлөвлөдөг юм. Харин тэмцээний үед сэтгэл зүйгээ тайван байлгахыг хичээдэг.
-“Дэлхийн цом”-д та дүү Н.Сэлэнгэтэйгээ хамт оролцсон. Өөрөө тэмцээнд оролцохын зэрэгцээ дүүдээ ч бас зөвлөсөн байх. Чонсонд түрүүлчихээд хамгийн түрүүнд хэнтэй холбогдож, баярт мэдээг дуулгав?
-Тонхил сумынхан энэ спортод их хайртай. Биднийг ямар ч тэмцээнд оролцсон сэтгэл догдолж үздэг юм. Тэмцээнд өөрөө өрсөлдөх байсан ч дүүдээ аль болох зөвлөхийг хичээдэг. Яг тэмцээний үед багш хамт байсан болохоор өөртөө илүү анхаарал хандуулж өрсөлдлөө. Хамгийн түрүүнд гэргий рүүгээ залгаж, баярт мэдээг хуваалцсан.
-Медалиа зүүгээд шагналын тавцангаас буухад тань гадаадын нэгэн телевизийн сэтгүүлч ярилцлага авсан. Ямар улсын телевиз байв?
-Олон улсын уулын холбооны сэтгүүлчид байсан.
-Таныг Азийн аварга болсны дараахан залуучуудын зарим нь ийм спорт байдгийг мэдэж, хойшид судлан, хичээллэх хүсэлтэй байгаа талаар сэтгэгдлээ бичсэн байв. Түүнээс хойш олон хүүхэд үүгээр хичээллэснийг энэ жилийн УАШТ-ий өрсөлдөөнөөс харлаа.
-Бусдад урам өгнө гэдэг амжилт гаргахаас илүү сайхан шүү дээ.
-Мөсөнд авиралт өвлийн олимпын төрөлд багтахад тун ойрхон байгаа. Монголд хөгжих боломжтой спортын нэг төрөл. Мэргэжлийн дасгалжуулагчдыг улсдаа бэлтгэвэл манай тамирчид өмнөхөөсөө ч илүү амжилт гаргахаар санагддаг.
-Одоо мөсөнд авиралтын спортыг өвлийн олимпод орохыг л хүлээж байна. Мэргэжлийн дасгалжуулагчтай бол хурдны төдийгүй техникийн төрөлд ч өндөр амжилт үзүүлэх боломжтой.
-Монголд энэ спортын төрлийг хөгжүүлэхэд ямар асуудлууд тулгамддаг вэ?
-Хамгийн том зүйл бол материаллаг бааз. Гэхдээ энэ асуудлыг бага ч болов шийдэж, “Сутайн бор” клубийнхэн энэ жил олон улсын стандартад нийцсэн хурдны хана барьсан нь баярламаар зүйл байлаа. Бид ДАШТ-д ирэх сард өрсөлдөнө. Говь-Алтай аймгийн Тонхил сум дахь “Олимп” спорт авиралтын төвийн шинэ хананд хурдны бэлтгэл сургуулилалтаа базаахаар төлөвлөсөн.
-“Сутайн бор” клубийнхний санаачилгаар Тонхил сумд олон улсын стандартад нийцсэн спорт авиралтын хана байгуулсан нь орон нутагт мэргэжлийн тамирчид бэлтгэх томоохон бааз болсон. Үүнд аавын тань ч оролцоо их бий. Улаанбаатар хот ийм ханатай болчихвол спорт авиралт хөгжих давуу талтай юм даа.
-Тийм ээ. Орон нутагт бэлтгэлийн баазтай болсон нь мэргэжлийн тамирчдыг багаас нь бэлтгэж, амжилтад хөтлөхөд нөлөөлөх гол зүйл юм.
-Өрсөлдөгчтэй байна гэдэг өөрийгөө хөгжүүлэх том боломж. Манайхан гадаадын тамирчидтай туршлага хэр солилцдог вэ?
-Тамирчдын хувьд туршлага солилцоно гэдэг маш том давуу тал. Бид ОХУ, Ираны тамирчидтай илүү холбоотой байж, харилцан туршлага судлахад анхаарал хандуулдаг.
-Ямар ч спорт дасгалжуулагч, тамирчдыг техник, ур чадвараа байнга хөгжүүлэхийг шаарддаг. Та хурдны төрлийн юунд түлхүү анхаарал хандуулдаг бол?
-Спортын төрлүүд өдөр ирэх тусам хөгжиж, тамирчдын ур чадвар ч өндөр зэрэгт хүрч байна. Бид ч бас хоцрохгүйн тулд шилдэг тамирчдын техникийг судалдаг. Өөрсдөдөө тохирсон техникийг сайтар эзэмшихийн тулд өмнөхөөсөө илүү хичээж байгаа. Хурдны төрлийн хувьд мөсний бүтэц, онцлогийг мэдрэхэд илүү анхаардаг.
-Ойрд Монголынхоо болон гадаадын тамирчидтай ямар сэдвээр яриа өрнүүлж, санал бодлоо хуваалцав?
-Бид эх орондоо ирснийхээ дараа хурдны авиралтын шинэчлэгдсэн дүрмийн талаар ярилцлаа.
-Та дараагийн тэмцээнд ямар зорилго тавьж оролцох вэ?
-Амжилтаа бататгаж, ДАШТ-д аварга болохын төлөө оролцоно доо.
-Та ууланд авирах дуртай юм билээ. Зав гаргаж ямар оргилд авирав?
-Миний хувьд ууланд авирахаа түр хойш нь тавиад, мөсөнд авиралтын хурдны төрөлд түлхүү анхаарч байгаа.
-Танд аавынхаа адил дасгалжуулагчаар ажиллах бодол төрдөг үү. Тэр үед тамирчдыг аль талаас нь түлхүү бэлдэх вэ?
-Дасгалжуулагчаар ажиллах бодол бий. Гэхдээ мэргэжлийн тамирчин бэлтгэх хэмжээнд хүрэхийн тулд маш их зүйл сурч, судлан, хөдөлмөрлөх хэрэгтэй гэж боддог.