Улс төрд залуусын оролцоог нэмэх, ужгирч хуучирсан системд шинэ салхи сэвэлзүүлэх зорилго, хандлага намуудад түгээмэл болж эхлэв. Ардчилсан намынхан ч энэ жишгийг даган залуу хүмүүсээр удирдлагын багаа тэлж буй. Тус намаас саяхан нарийн бичгийн дарга нараа шинэчлэн томилсон юм. Тэдний нэг, АН-ын бизнес хөгжил, инновац хариуцсан нарийн бичгийн дарга Н.Гансүхтэй ярилцлаа. Тэрбээр 1990 онд төрсөн, хуульч мэргэжилтэй, төрийн удирдлагын доктор зэрэгтэй аж.
-1990-ээд оны залуусаар удирдлагын багаа тэлж буйгаа АН онцолж байна. Та уг албан тушаалд томилогдохоосоо өмнө ямар ажил эрхэлж байсан бэ?
-Өмнө нь Ардчилсан намын дэргэдэх Стратеги, бодлогын судалгааны хүрээлэнгийн ажлын албаны дарга, АН-ын даргын дэргэдэх бизнес зөвлөлийн ерөнхий зохицуулагч, УИХ дахь бүлгийн орон тооны бус зөвлөх зэрэг ажил хийж байсан. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс АН-ын нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байна.
-Та 2016 онд Ардчилсан намд элссэн юм билээ. Яагаад АН-ыг сонгов, тухайн үед энэ нам сонгуульд ялагдаж, олонхоос есхөн суудалтай болтол “унасан” үе байлаа шүү дээ.
-Улс төрийн намд элссэн хүн бүрийн түүх өөр байх. Зарим нь оюутан байхаасаа сонгуулийн сурталчилгааны ажилд оролцож эхэлдэг. Эсвэл хамаатан, нутаг усны улс төрчийг таньдаг учраас намд нь элсдэг. Миний хувьд 25 настайдаа их сургууль төгсчихсөн, гэр бүлээ зохиож, хүүхэдтэй болж төлөвшсөн, хоёр ч сонгуульд саналаа өгч үзсэн байлаа. Тиймээс улс төрийн намд элсэх нь зөв юм байна гэж бодсон. Нийгэмд тулгамдсан асуудлуудыг өөрчлөхийн тулд улс төрийн намд элсэж, эерэг үзэл бодолтой залуустайгаа хамтран тогтолцоог шинэчлэх хэрэгтэй юм байна гэж үзээд АН-д элссэн. Чөлөөт эдийн засаг, хувийн хэвшлийг дэмждэг, төрийн оролцоо энэ салбарт бага байх ёстой гэсэн баруун төвийн үзэлтэй учраас Ардчилсан нам уг бодлогыг хэрэгжүүлж чадна гэдэгт би итгэсэн. АН өмч хувьчлал, газар олголт зэрэг том реформыг хийсэн нам шүү дээ.
-АН л энэ өөрчлөлтийг хийж чадна гэсэн итгэл үнэмшилд тань ахиц гарсан уу?
-Тийм гэгээлэг байгаагүй ээ. Манай нам дарга биш, гишүүн төвтэй гэдгээрээ онцлог. Гэхдээ тодорхой хугацаанд миний үзэл бодолтой зөрчилддөг зүүний бодлого явуулдаг ч юм уу, хэтэрхий “поп” улс төрч намын дарга хийж байсан үед үйл ажиллагаанд нь огт оролцоогүй. 2023 онд намын гишүүнчлэлээ дахин сэргээж, батлахаа авсан. Улс төрийн нам бол хувийн компани, эсвэл хэдэн хүний өмч биш. Олон үзэл санаатай хүмүүсийн нэгдэл. Намд уруудах, мандах үе байна. Тэр үзэл санааг тээж яваа залуус, найз нөхөд минь энэ намд бий гэдэг итгэл үнэмшил хэвээр байсан.
-Танай нам дараалаад хоёр сонгуульд ялагдаж, уналтын үеэ тууллаа. Одоо буцаад“мандаж” чадах болов уу?
-Сүүлийн хоёр сонгуульд манай нам парламентад 9-11 суудалтай буюу дөнгөж бүлэгтэй болох хэмжээний төлөөлөлтэй л байлаа. Бүлэг завсарлага авч, санал өгдөг, дүгнэлтээ уншдаг. Гэвч эрх баригчид нь сонсдоггүй. Бий болсон ойлгомжгүй байдалтай холбоотойгоор Монголын ард түмэн бүх шатанд нэг намд итгэл хүлээлгэх сонголт хийсэн. Харамсалтай нь, хүлээсэн шиг нь үр дүн гарсангүй. Тиймээс олон нийт АН-ыг эргэж нэгдэхийг хүсэж байна. Өнгөрсөн хугацаанд манай лидер гэгддэг хэдэн ах энэ намыг өмчлөх гэж оролдсон, залуу үеэ дээш гаргадаггүй, улс төрийн хавчлагад оруулж байсан нь алдаа юм. Залуу үе идэвхтэй байхаар цүнх баригч, “долоогч” гэх мэтээр харлуулдаг. Харин 2023 онд залуус үүнийг зоригтойгоор шинэчилсэн гэж үзэж байгаа. Үүнд гол нөлөө үзүүлсэн хүн бол АН-д элсээд нийтэд их шүүмжлүүлж, адлуулсан, нөлөөлөгч Н.Амаржин гэж боддог.
-Залуусаа дэмжих талаар Л.Гантөмөр нэлээд хичээж байх шиг. Гэвч залуус улс төрд орохоор албан тушаал горилох гэж байна хэмээн үздэг сэтгэлгээ, шүүмжлэл тийм хурдан арилахгүй л болов уу.
-Парламентын гишүүдийн замналыг харахад олонх нь 20 гаруй насандаа улс төрд хөл тавьсан байдаг. 25 нас хүрэхээсээ ч өмнө УИХ-ын гишүүн болж, олон хууль баталж, сайд, дарга хийсэн хүмүүс бий. Нэг хүн 2-3 агентлагийн дарга, сайд хийсэн тохиолдол ч байдаг. Гэтэл 1980, 1990-ээд оны залуус аль хэдийн 30, 40 гарчихсан, гэр бүл зохиож, 3-4 хүүхэдтэй болчихсон. Ингэж төлөвшчихсөн насны залуусыг улс төрд орох гэхээр “Та нар болоогүй байна” гэж үеэр нь үгүйсгэдэг. Улс төрд залуусыг түлхүү дэмжиж, шинэ салхи үлээлгэж буй нь зөвхөн АН биш. Баян-Өлгий аймгийн АН-ын хорооны даргаар 1990 оны залуу сонгогдсон. Нийт аймгийн намын дарга нарын дунд 1980-аад оныхон голлож байна. Гэтэл наяад оныхон 40 гарчихаад байна шүү дээ. Тэгэхээр залуус гэж хэнийг хэлэх юм бэ гэсэн асуулт гарна.
Өнгөрсөн хугацаанд яагаад сонгуулийн ирц бага, залуусын идэвх сул байв. Саналаа өгөх гээд очихоор нөгөө л зургаа фотошопоор засаж, залуужсан, “зурагдсан пянз” шиг хэдэн ахын нэр байдаг. Ийм л сонголтгүй сонгууль байсан шүү дээ. Тэгээд одоо яагаад залуус улс төрд орж ирэхээр эсэргүүцээд байгаа юм.
-Тэгвэл энэ удаагийн сонгууль сонголттой байх болов уу. Тухайлбал, АН нэр дэвшигчдээ хэр зэрэг шинэчилж, залуусыг оруулах бол?
-Энэ удаагийн сонгуулийг нэлээд онцлог болно гэж харж байна. Өмнөх сонгуулиудаар залуу хүмүүс саналаа өгөхгүй, эсвэл хоосон хуудас хийдэг байсан бол энэ удаа хувь иргэний улс төрийн эрх чөлөө нэмэгдсэн. Та хэн нэгэнд саналаа шууд өгөхөөс гадна хүсвэл өөрөө нэрээ дэвшүүлэх эрхтэй болж байгаа. УИХ-ын сонгуулийн тойрог томорч, гишүүдийн тоо 126 болж нэмэгдэх нь залуус, эмэгтэйчүүдэд илүү боломж олгоно гэж бодож байна. Тиймээс зөвхөн АН гэлтгүй, бусад нам, эвсэл ч бас залуусаа түлхүү оролцуулаасай. Хууль тогтоогчид баасан гарагт сонгууль явуулаад дараалсан хоёр өдөр амраах замаар ирцийг бага байлгах л ажил хийж байна шүү дээ. Ингэж сонгуульд идэвхтэй оролцдог ахмад үеийнхэн, төрийн албан хаагчдын саналаар дахин гарч ирэх төлөвлөгөөгөө боловсруулж байна. Олон удаа сонгогдсон улс төрчид ирцийг бага байлгахын төлөө ажилладаг. Сонгуулийг нэгдүгээр сард зохион байгуулах хэрэгтэй гэж би боддог. Тэгвэл дугаарын хязгаарлалттай, утаатай, ажлын ид үе байх учир сонгуулийн ирц хангалттай бүрдэнэ. Ер нь сонгуулийн өдөр бол амралт, зугаалгын өдөр биш. Хариуцлагатай байж, ардчилсан сонгох эрхээ эдлэх өдөр. Муу ажилласан хүмүүсийг сольж, хариуцлага тооцох нь санал өгөх, сонгууль хийхийн утга учир юм.
-Сонгогчдын боловсрол үүнд чухал. Таны хэлснээр сонгуульд идэвхтэй ахмадууд нь үргэлж хуучин сонголтоо бататгадаг. Залуусын оролцоо муу байна. Тэдний идэвхийг хэрхэн сэргээж, яаж улс төр сонирхдог, намуудад итгэдэг болгох вэ?
-Улс төрийн намууд дарга төвтэй байвал залуус элсэхгүй. Дарга нь гоё үг хэлж, ярайтал алга ташдаг коммунист хурлын хэв маягаар явж болохгүй. Үүнийг бид өөрчилж байгаа. Улс төрийн намын албан тушаал гэж сүртэй том нэр өгөхийн оронд үзэл бодолдоо суурилсан клубүүдтэй болж, мэтгэлцээн их хийдэг байх нь чухал.
Сонгогчдын боловсрол гэдэг бол нэр томьёоноосоо эхлээд буруу ойлголт. Сонгогчдын боловсролыг дээшлүүлнэ гэдэг нь боловсролгүй хүмүүс сонголт хийдэг мэт харагдуулдаг. Боловсролгүй хүмүүс санал өгдөг гэж үү. Тэгээд хэдэн видео хийгээд л сонгогчдын боловсролыг дээшлүүлнэ гэж боддог. Эрх баригчид буюу улс төрчид тоглоомын дүрмээ тодорхой болго, мэдээллээ сайн хүргэ. Тодорхой мэдээлэлгүй байлгачхаад иргэдийг хариуц лагагүй, боловсролгүй мэт ярьдгаа болих хэрэгтэй. Сонгуулийг хэрхэн зохион байгуулах, яах ёстой тухай хууль, эрх зүй, зарчмын асуудлаа шийдэхгүй байж хамаг бурууг сонгогчид руу чихэх нь буруу. Ер нь Монголын ард түмэн хэрсүү шүү. Олонхын саналаар сонгогдох ёстой атал цөөнх дотроо олонхын санал авч, арай гэж гарч ирдэг системээс л зайлсхийх хэрэгтэй. Тиймээс АН, МАН, ХҮН болон бусад намын залуустай нийлээд хамтдаа энэ бүх ужгирсан асуудлыг шийднэ.
-Тан шиг үзэл бодолтой хүмүүс олонх болж байж л хууль тогтоомжийг өөрчилнө шүү дээ. Гэтэл ийм боломжийг“ах” нар чинь олгохгүй байна. Тэгэхээр ямар шийдэл байна вэ?
-Энэ бол цэвэр өрсөлдөөн. Залууст бас сул тал бий. Хэтэрхий хайрцаглагддаг, хэн нэгний үгийг сохроор дагадаг. Ер нь аль ч нам, эвслийн 1980, 1990, 2000-аад оны залуус нэгдэж байж үүнийг өөрчилж, улс төрөөс ужгирсан хүмүүсийг шахах ёстой. Аливаа өөрчлөлт аажмаар явна, цаг хугацаа хэрэгтэй. Гэхдээ нэг л өдөр реформ хийдэг, өөрчлөлтийн салхи үлээдэг гэдэгт итгэж байна.
-Нам дарга төвтэй биш, мөн үзэл бодлоороо нэгдсэн мэтгэлцээний клубүүдтэй байх нь зөв гэлээ. Танай намд хэд хэдэн клуб байгуулагдсан. Та алинд нь харьяалагдаж байна вэ?
-Клубүүдэд хатуу гишүүнчлэл болон сонирхогч гэсэн хоёр төрөл бий. Миний хувьд сонирхогч, ямар нэг клубийн хатуу гишүүнчлэлгүй. Намын удирдлагын багт орсон учраас аль нэг клубийг онцолж дэмжих нь эрүүл бус. Өнгөрсөн долоон жилд намынхаа шинэчлэлийн олон хөдөлгөөн, клубт харьяалагдаж явсан. Намын шат шатны байгууллагаар дамжиж ажиллаад удирдлагын түвшинд гарч ирж буй хүн л дээ.
-Удирдлагын түвшинд ажиллаж, дотроос нь ажиглахад АН-ын гол асуудал юу гэж харагдаж байна вэ?
-Эв нэгдэл. Манай намын эв нэгдэл муу байна. Бодлогын өрсөлдөөн гэж ярьж буй ч хувь хүнд субьектив байдлаар ханддаг, өширхсөн санаа агуулдаг, эсвэл нутаг ус ярьдаг нь буруу юм. АН-ын зарим гишүүн үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхээс айдаггүй. Гэхдээ өрсөлдөгч намаа биш, нам доторх лидерүүдээ муулах, шүүмжлэх хандлага их байдаг нь алдаа. Харилцан ашигтай хамтран ажиллаж, нэгнийгээ хүлээн зөвшөөрч, танхимын зарчмаар санаа бодлоо ойлгуулж сурна гэдэг бол институцийн соёл шүү дээ. Түүнээс биш энэ тэр аймгийн хүн, эсвэл миний танилыг албан тушаалд томилоогүй учраас надад таалагдахгүй байна гэж дайрах нь намын эв нэгдэл, цаашлаад нийгэмд ч сөрөг нөлөөтэй. Залуус олноор намд элсэж энэ буруу хандлагыг өөрчлөх ёстой. Гэхдээ хүн бүр нэг үзэл бодолтой байх боломжгүй учраас ёс зүйг л эрхэмлэх нь чухал байгаа юм.
-АН фракцын улс төр хийдэг онцлогтой нам. Тэдний эрх ашгийг тэнцүүлж байж оршинтогтнодоггээдхэлчихэдболно. Клубүүдийг хуучны эдгээр фракцын залгамж гэсэн хардлага бий. Фракцын улс төрийн талаар таны бодол юу вэ?
-Эрх барьж буй нам АН-аас ч олон фракцтай шүү дээ. Ил байдаггүй учраас хүн бүр мэддэггүй л байх. АН-ын хувьд зодоон нь ил байдаг. Төрийн өндөр дээд албан тушаалд томилогдоход тойрон хүрээлж буй хүмүүс нь өөрсдийн бизнес, эрх ашгаа дэмжүүлэхийн тулд фракцлах гэдэг. Нам сонгуульд ялагдсан үед фракц байгаад нэмэргүй. Хэн нь ч өндөр албан тушаалгүй, дарга биш учраас үзэл санааны клуб байгаад хоорондоо өрсөлддөг. Өнгөрсөн хугацаанд хүчтэй фракц гэдэг нь Ерөнхий сайд, Шадар сайдыг дагасан бүлэглэлүүд л байж ирсэн.
Нөгөө талаар нам дотор клуб байх нь гишүүдийг амьд байлгах хөшүүрэг болдог. Ингэхгүйгээр залуусыг шууд хороо, дүүрэгт ажиллуулбал урам нь хугарч, шантрах нь бий. Баг, сумд очихоор намын гишүүнчлэлээрээ нэгнээ маш их хавчиж гадуурхдаг. Улс төр доод шатандаа ер нь их бохир шүү дээ. Гадаадад, баруунд их, дээд сургууль төгссөн залуусыг хороо, дүүрэг, баг руу ажиллуулахаар “Улс төр муухай юм байна, больё, юу ч өөрчлөгдөхгүй нь” гэж боддог. Тиймээс тэр залуусыг үзэл санаа ярьж, мэтгэлцдэг, улс төрийн оролцоо сайтай байлгахад клубүүдийн үүрэг их.
-Бусад намын залуустай хамтраад ажиллана гэсэн. Хэзээнээс эхлэх вэ?
-Дунд, их сургуульд хамт сурсан, бизнесийн салбарт хамтран ажиллаж байсан найз нөхдөөс маань намд элссэн хүн олон. Өөр намуудад ч орсон хүмүүс байна. Хатуу гишүүнчлэлтэй байх, чи тэрний найз, энэний хүн, тиймээс “бялуу” хуваах гээд байна гэсэн хуучны хардлагаа больж, зарчмын улс төрийн өрсөлдөөн хийх хэрэгтэй. Удам ярьж, хүнд хамаатуулсан, хятад цустай гэх мэт улс төр одоо цаашаа явахгүй. Бид зөв зүйлийн төлөө хэнтэй ч хамтарна, зарчмын буруу зүйлийг өөрчлөхийн тулд намын ах нартайгаа ч үзэлцэхэд бэлэн байна.
-Та АН-ын бизнес хөгжил, инновац хариуцсан нарийн бичгийн даргаар томилогдсон. Энэ чиглэлээрээ ямар ажил хийхээр төлөвлөж буйгаа хуваалцаач.
-Өнгөрсөн хугацаанд намууд зүүний бодлого л хэрэгжүүлсэн. АН-д ч гэсэн ийм алдаа бий. Иргэдэд амлалт өгч, халамж тараах ажлыг хоёр намын аль аль нь хийсэн. Би бизнес, уул уурхайн салбар, гадаадын хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж байсан учраас төрийн дарамт ямар байдгийг мэднэ. Тиймээс бизнес эрхлэгчдэд илүү нээлттэй боломж олгохын төлөө зорьж ажиллахаар төлөвлөж байна. Хувиараа хөдөлмөр эрхлэгчид, 8-9 ажилтантай, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн бодит саналыг мөрийн хөтөлбөртөө тусгаж, үүнийг цаашид мөнгөний болон төсвийн бодлогод шингээх нь чухал. Тэгж байж бодит үр дүн гарна. Өрийн болон төрийн дарамт иргэдийг туйлдуулж байна. Бизнесийн эрүүл орчин бүрдүүлж байж хувиараа хөдөлмөр эрхлэх боломжийг нээнэ. Иргэдийн эрх чөлөөг хааж боосон шийдвэрийг өөрчлөхөд нөлөөлөх зорилгоор ажиллаж байна.
УИХ дахь АН-ын бүлгийн орон тооны бус зөвлөхөөр жил орчим ажиллахдаа байнгын хороодын хуралд сууж, гишүүд, сайд нарт санал, зөвлөмж боловсруулж танилцуулж байсан. Ер нь залуусыг гаргаж ирж буй нь зүгээр л иргэдтэйгээ ойрхон ажилла гэсэн үг. Тэдний санал, бодлыг бодлогод тусгах нь л бидний үндсэн үүрэг юм.
2024 оны сонгууль хаяанд тулж ирсэн байна. Иргэн бүр ямар нэг ухуулгад автахгүйгээр, хариуцлагатайгаар сонгуульдаа оролцож, хараат бус сонголт хийгээсэй. Бүх насныхан сонгуульд идэвхтэй оролцох нь нийгмээ өөрчлөх, ардчиллын эрхээ эдлэх суурь боломж шүү гэдгийг хэлье.