Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийн 9г ангийн сурагч, спортын мастер Т.Энхсүлд ОУИМ Р.Манлайгийн удирдлагад даамаар хичээллэж, амжилт гаргасан аваргуудын нэг. Өдгөө “Алтан хүү” клубээр овоглодог тэрбээр Узбекистаны Ташкент хотод 2022 онд болсон өсвөр үеийнхний Азийн АШТ-ээс алт (рапид), мөнгөн (блиц) медальтай ирсэн юм. Тэр жилээ УАШТ-ий 100 буудалт даамын үндсэн болон 64 буудалт даамын блиц төрөлд тус бүр тэргүүлж байв. Сургуулийн АШТ-д 2016-2019, дүүргийнхэд 2017-2018, “Нахиа лиг”-т 2019 онд аваргалж, тив, дэлхийн тэмцээнд өрсөлдөн, шагналын тавцанд зогсох болсон түүнтэй ярилцлаа.
-Тамирчин хүнийг тууштай хичээллэж, амжилт гаргахад урам өгсөн анхны тэмцээн нь их нөлөөлдөг гэдэг дээ.
-Тийм шүү. Би сургуулийнхаа аварга шалгаруулах тэмцээнд анх оролцож, шагналынхаа салхийг алтан медалиар хагалсан. Тэр тэмцээний дараа Ц.Алтанхуяг багш намайг ОУИМ Р.Манлай дасгалжуулагчтай танилцуулсан юм. Тэрбээр клубийнхээ нэгэн шилдэг даамчинтай намайг тоглуулан шалгахад хоёр удаа тэнцсэнээр “Алтан хүү”-гийн тамирчин болох гараагаа эхлүүлж байв. Дараа нь дүүргийн АШТ-д түрүүлэн урам авч, УАШТ-д оролцохдоо шилдгүүд ана мана өрсөлдөж, тэмцээнийг өрсөлдөөнтэй болгодгийг харж билээ. Хэдийгээр медаль хүртээгүй ч арвин туршлага хуримтлуулсан. Би тэр үед удаан бодож, тайван нүүвэл сайн тоглоно гэж бодоод өрсөлдөгчдөө хожигдож байснаа одоо ч мартдаггүй.
-Та Ази тивийн АШТ-д анх оролцохдоо алт, мөнгөн медаль хүртэж, амжилтынхаа замналыг эхлүүлсэн юм билээ.
-Багшийнхаа удирдлагад таван жил хичээллэхдээ олон улсын болон тив, дэлхийн тэмцээнд амжилттай оролцож, цөөнгүй медаль хүртлээ. Надад очсон улс бүр таатай бодол төрүүлсэн. Тэр дундаа Узбекистаны цаг агаар, уур амьсгал манайхтай төстэй нь сайхан санагдаж байлаа. Тус улсад хөл тавихаас өмнө ОХУ-д 2019 онд зохион байгуулсан тэмцээнд өрсөлдөхөөр хилийн дээс алхав. Тэр тэмцээнд Монголоос олон тамирчин оролцсон тул би Буриадын даамчидтай нэгдэж, хүрэл медаль хүртсэн. Хойд хөршийнхөнтэй нэг баг болохдоо олон зүйл анзаарч, ажигласан юм. Тэд биднийг бодвол зан чанар, сэтгэл зүйгээр арай өөр санагдсан. Тэндээс хүрэл медальтай ирснээс хойш шагналын буухиа тасраагүй. Ур чадвар минь ч өмнөхөөсөө ахисан. 2022 он миний хувьд өөрийгөө нээж хөгжүүлсэн, мөн амжилтаа ахиулсан жил байлаа. УАШТ-ий 100 буудалт даамын үндсэн төрөлд аваргалж, 64 буудалт даамынхад мөнгөн медаль зүүсэн. УАШТ-д эхний гурван байрт шалгарсан тамирчид Азийн АШТ-д өрсөлдөх эрх авснаар Ташкент хотыг зорьсон доо.
-Тэнд хөл тавиад тивийн тэмцээн хэр сонирхолтой болох уур амьсгалыг мэдрэв?
-100 буудалт даамын блиц төрөлд Узбекистаны тамирчныг хожиж мөнгө, рапид (түргэн) төрөлд “Хийморь хөлөг” клубийн тоглогч Б.Баасанбарыг ялж, аваргаар шалгарсан. Миний хувьд түүнээс тоглолтын байрлал илүү байв. Надтай учраа таарсан даамчдаас хамгийн хүчтэй өрсөлдөгч нь эзэн орны тамирчин, Дэлхийн даамын холбооны дэд мастер Н.Лазизбек байлаа. Тэрбээр 64 буудалт даамын төрөлд түрүүлсэн, улсынхаа итгэл, найдвар болсон өсвөр үеийн тамирчдын нэг юм билээ. Түүнийг долоо дахь өргийн тоглолтод хожиж, медалиас атгасан. Багшийнхаа зөвлөснөөр тайван, няхуур тоглож, оновчтой нүүдэл хийсэндээ баярладаг. Азийн АШТ-д цар тахлын улмаас өмнөд хөршийнхөн оролцоогүй тул эзэн орны тамирчид шилдгээр шалгарахаар хичээж буй нь тэмцээний үед анзаарагдсан.
-Азийн аварга болсныхоо дараахан Туркийн Анталья хотыг зорьж, ДАШТ-д өрсөлдсөн шүү дээ.
-Тиймээ. Тус хотод 2022 онд зохион байгуулсан ДАШТ-д оролцогчдыг сонгон шалгаруулах сорилго тэмцээнд нас насны ангилалд эхний 10 байр эзэлсэн тамирчид оролцсон юм. Тэднээс би онооны нийлбэр дүнгээр тэргүүн байрт шалгарч, эрх авсан. Тэр жил Антальягаас мөнгөн медальтай ирж, багш, гэрийнхнийгээ баярлуулсандаа сэтгэл өндөр байдаг. Өнгөрсөн жилийн ДАШТ арваннэгдүгээр сард Польшийн Полице хотод болоход амжилтаа бататгаж, хошой мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.
-Тантай таарсан учраануудаас Нидерланд, Украины тамирчин амархан бууж өгөхөөргүй харагдсан даа.
-Эдгээр улс оюуны спортыг өндөр хөгжүүлсэн нь тамирчдынх нь ур чадвар, өрсөлдөөнөөс харагддаг. ДАШТ-д тэднээс гадна Латви, Тайванийн тоглогчтой таарсан. Азиас монголчууд даамын спортод өндөр амжилт гаргадаг орны тоонд багтдаг. Надтай тоглосон даамчдаас Украин, Нидерландын тамирчин маш хүчтэй өрсөлдөгч. Украины тоглогчийн өргийн нүүдэл сонирхолтой хэрнээ тун эвгүй. Түүний олон хувилбараар тоглодог тактик, төлөвлөгөө миний төдийгүй олон хүний анхаарлыг их татсан шүү.
-Багш тань шавь нартаа тэмцээний өмнө юу гэж зөвлөдөг вэ?
-Багш нар минь бидэнд “Өрсөлдөгчийнхөө хэрхэн тоглохыг мэдэр. Цагаа сайтар тооцоолж, сандарч, эмээлгүй тайван байгаарай. Сайн бодсоны эцэст зөв шийдвэр гаргаж нүүгээрэй” гэж зөвлөсөн. Тэдний зааж, зөвлөсөн бүхэн тэмцээний үеэрмаш их хэрэг болдог. Миний ажигласнаар манайхан гадаадын тамирчидтай блиц, рапид төрөлд эн тэнцүү өрсөлддөг. Би рапид төрөлд нутгийнхаа тоглогчдоос Д.Идэржавхлантай таарсан. Түүнтэй цөөнгүй таарсан тул арга барилыг нь сайн мэднэ. Тэрбээр сонгомол байрлалаас тоглодог онцлогтой.
-Оюуны спортын төрлүүдээс даамд таныг хэн хөтөлж, оруулсан бэ?
-Надад даам анх заасан хүн бол аав. Энэ спортоор хичээллэсэн цагаас минь дэмжиж, тэмцээнд байнга оролцуулан, ур чадварыг минь хөгжүүлэхэд анхаарал хандуулж ирсэн. Би нэг удаа сургуулийн аварга шалгаруулах даамын тэмцээнд сонирхож оролцоод түрүүлчихэв. Түүнээс хойш сургуулийнхаа даамын клубт хичээллэдэг болоход Ц.Алтанхуяг багш “Манай клубт хичээллээч” гэж санал тавьсан юм. “Алтан хүү” клубт бэлтгэл хийж, түвшнээ ахиулснаар ДАШТ-ээс хоёр дахь удаагаа медаль зүүлээ. Тууштай хичээллэж, амжилт гаргахад аав, ээжийн дэмжлэг, багш нарын минь хөдөлмөр, хичээл зүтгэл их нөлөөлсөн. Тус клубээс дэлхийн аваргад өрсөлдсөн гурван тамирчны нэг нь би. Миний хувьд УАШТ-д амжилттай оролцож, Азийн АШТ-д өрсөлдөх эрх авлаа. Би одоо спортын мастер цолтой. 2022 онд дотоодын болон тив, дэлхийн тэмцээнээс медаль хүртэж, болзлоо биелүүлсэн юм. 20 дугаар сургуулийнхаа сурагчдаас П.Уудам бид хоёр даамаар тууштай хичээллэж, амжилт гаргаж байгаа.
-Багшийнхаа ямар зан чанараар бахархдаг вэ?
-Р.Манлай багш хөдөлмөрч, даруу төлөв зантай. Тэрбээр аливаад тууштай, үүрэг хариуцлагатай ханддаг. Түүний шавь нартаа итгэл хүлээлгэдэг зангаар их бахархдаг. Бэлтгэлийг товлосон цагтаа эхлүүлж, үр дүнтэй дуусгадаг. Би ч гэсэн тамирчдынхаа адил хичээлээ тараад бэлтгэлээ хийхээр клубтээ яарч ирдэг болсон шүү дээ. Хоёр жилийн өмнө Ташкентэд Азийн АШТ сурагчдын зуны амралт эхэлсэн үед болсон юм. Тэндээс намайг аваргын цом, мөнгөн медальтай ирснийг сургуулийн удирдлага, багш нар, ангийн нөхөд сонсоод баяр хүргэж, урам хайрласан шүү. Би айлын отгон хүү, нэг эгчтэй. Ээжийг минь Б.Дариймаа гэдэг, багш мэргэжилтэй. Миний сурдаг сургуульд бага ангийн багшаар ажилладаг. Энэ ташрамд, намайг үргэлж дэмждэг багш нартаа, мөн гэрийнхэндээ их баярлалаа.
-Та Ховд аймгийн Мөст сумд өөрийнхөө нэрэмжит тэмцээнийг зохион байгуулсан санагдах юм.
-Тийм ээ. Тус сумын хүндэт иргэн болсондоо баяртай байдаг. Аавыг минь Ц.Тогтох гэдэг. Ховд аймгийн Мөст сум аав, ээжийн минь төрсөн нутаг. Азийн аваргаас ирснийхээ дараахан гэрийнхэнтэйгээ тус сумын 80 жилийн ойн баяраар очиж, өөрийнхөө нэрэмжит тэмцээнийг 18-аас дээш насныхны ангилалд зохион байгуулсан юм. Тэмцээнд олон хүн оролцсон шүү. Тэднээс эхний гурван байрт шалгарсанд нь медаль гардуулж, гарын бэлэг, мөнгөн шагналаар урамшуулсан.