Манай улсад дугуйн спортоос даунхилл төрөл эрчимтэй хөгжиж, хүүхэд, залуус сонирхон хичээллэх болсон. БНСУ-д 2022 онд зохион байгуулсан уулын дугуйн Ази тивийн АШТ-ий тэмцээний уулын уруу буух (даунхилл) төрөлд Монголоос Г.Чингүүн анх удаа өрсөлдөж, хүрэл медальтай ирж байв. Тэгвэл Энэтхэгт Керала мужийн Тривандрум хотод өнгөрсөн есдүгээр сард зохион байгуулсан, 24 дэх удаагийн тэмцээнд “Даунхилл Монголиа” клубийн гишүүн Г.Түвшинбаатар өсвөр үеийнхний ангилалд оролцож, хоёр дахь хүрэл медалийн эзэн болсон юм. Дасгалжуулагч Б.Отгондаваагийн удирдлагад бэлтгэл базаадаг тэрбээр эл төрөлд богино хугацаанд ур чадвараа ахиулж, амжилт гаргасан цөөн дугуйчны нэг. Малайз улсад ирэх тавдугаар сард болох дээрх тэмцээнд хурд сорихоор бэлтгэл базааж буй Г.Түвшинбаатартай ярилцлаа.
-Монголд дугуйн даунхилл төрлийн зориулалтын замгүй тул тамирчдад өвөл бэлтгэл хийх амаргүй байдаг бололтой.
-Тийм ээ. Хүйтэнд гар, хөл даарахаас гадна халтиргаа гулгаа ихтэй. Гэхдээ хэцүү гээд зүгээр суухыг хүсээгүй. Оройн хоолны дараа дүүтэйгээ хамт автомашины гараашид сургуулилалт хийдэг. Дүү мото спортод сонирхолтой. Дугуйн даунхилл төрлийн олон улсын тэмцээн Хонконгод энэ сарын 14-нд болно. Миний хувьд энэ удаа оролцож амжихгүй байх. Харин Малайзад тавдугаар сард зохион байгуулах уулын дугуйн Азийн АШТ-д өрсөлдөхөөр төлөвлөж байна.
-Дугуйн спортынхон эл төрлөөр тэр бүр хичээллээд байдаггүй. Хамгийн адармаатай төрөлд сэтгэл тань хэрхэн татагдсан юм бол?
-Надад дугуй унаагүй өдөр ховор. Даунхилл төрлийг ид сонирхдог үедээ өдөр, шөнөгүй бэлтгэл хийдэг байсан. Дархан-Уул аймагт өнгөрсөн наймдугаар сард “Дархан 88” уулын дугуйн тэмцээнд оролцож, эхний тавд орсон юм. Хэдийгээр ах нарын ард орсон ч өсвөр үеийнхний ангилалд шалгарч, Энэтхэгийг зорих эрх гардсан. Гэрийнхэн минь Азийн АШТ-д өрсөлдөх болсныг сонсоод дуртай дэмжсэн шүү. Энэтхэг рүү шууд нисэхэд онгоцны тийзийн үнэ өндөр байсан тул ахалж явсан Т.Батбаяр ахтайгаа зөвлөлдөн, Бээжин, Сингапураар дамжиж очихоор хамт хөдөлсөн.
-Тэмцээн болох уур амьсгал тухайн улсад хөл тавьсан эхний өдрөөс л мэдрэгддэг шүү дээ. Энэтхэгийг анх удаа зорьсон танд ямар бодол төрүүлэв?
-Монголоос намар явсан тул Энэтхэгийг тийм халуун, бүгчим байна гэж төсөөлөөгүй. Тэнд хөл тавихад яг саунд орж буй мэт сэтгэгдэл төрүүлсэн. Хоол нь хурц үнэртэй, халуун ногоо ихтэй, цай нь сэнгэсэн гаатай тул хоолойгоор давахад амаргүй байлаа. Бидний иддэг хоол тахианы мах л байсан. Тэмцээн эхлэхийн өмнө гадаадын тамирчдыг судлах зорилгоор бэлтгэл хэрхэн хийж буйг сонирхсон юм. Ямар ч тэмцээнд багийн томоохон бүрэлдэхүүнтэй оролцдог тэднийг улс нь бүх талаар дэмждэгийг хараад бахархмаар санагдсан. Тэр үед хэзээ тэдэн шиг сайхан боломж, нөхцөлөөр хангагдах бол гэж дотроо атаархангуй бодож билээ. Азийн АШТ-д өрсөлдөх орнуудын тамирчдаас Ираны дугуйчныгхараадтамирчинхүниймлбайхёстойюмбайнагэжбодсон. Түүний эхнэр нь тамирчин. Дээрх тэмцээнд оролцохоор хамт ирсэн байв. Тэдний хэрхэн амжилт гаргасныг сонирхож инстаграмыг нь үзэхдээ дугуйн спортод амьдралаа харамгүй зориулсныг нь ойлгосон. Бид учиргүй дотносож нөхөрлөөгүй ч нэгнийхээ инстаграмаас мэдээлэл авдаг. Тэрбээр Азийн АШТ-ээс хойш гурван ч том уралдаанд оролцсон байв. Биднийг бодвол гадаадын тамирчид бэлтгэл байнга хийдэг тул тэмцээнээс тэмцээнд хурд сорих боломжтойгоороо давуу талтай.
-Азийн АШТ-ээста хүрэл медаль хүртсэн. Тэндээс ямар бодол тээж ирсэн бол.
-Малайзын дугуйчны цагийн үзүүлэлт минийхтэй ойролцоо байсан тул дараагийн тэмцээнд даагаа нэхнэ гэсэн бодолтой ирсэн. Тайванийн шигшээ багийнхан Канадад бэлтгэл хийдэг юм билээ. Тэдний хувьд хүчирхэг бүрэлдэхүүнтэй оролцдог тул туршлага, ур чадвараар бусад орны тамирчнаас илүү байгаа нь анзаарагдсан. Тэмцээн болох уралдааны замыг очиж харахад миний төсөөлснөөс огт өөр байв. Даунхилл хэрнээ дунд хэсэгт эндуро төрлийнх шиг хад асга, шавар ихтэй хэцүү зам ч таарсан. Дугуйчдаас овсгоо самбаа, мэдрэмж, ур чадвар, эр зоригоос гадна хурд, огцом эргэлт, үсрэлт, тэсрэлт хийхийг шаардаж байлаа. Миний хувьд анх удаа оролцсон болохоор алдаа гаргасан тал бий. Би уралдахдаа шовх хадтай замаар тойрч гараад байв. Тэгтэл хажуугаар нь гараад явчих зам байсан. Залуучуудын ангилалд уралдсан Непалын тамирчны бичлэгийг үзтэл хол үсрээд байсан. Түүн шиг үсрээд харайтал урд талын дугуйнд бага зэрэг саатал гарсан. Энэтхэгт уралдсан зам Монголд бэлтгэл хийдгээс өөр. Уралдааны үед толгойд юу ч бодогдохгүй. Хажууд байгаа зүйлийг ч анзаарахгүй. Хүмүүсийн хашхирах дуу чимээг сонсохгүйгээр зөвхөн замаа л хараад урагшилсан даа.
-Таныг багадаа хурдан морь унаж, наадамд уралддаг байсныг сонсоод хүлэг, хөлөгтэй ойр өсжээ гэж бодсон шүү.
-Би дөрвөн настайдаа дугуй, дараа нь мотоцикл унаж сурсан. Аав, ээж сурагчдын амралт эхлэхээр намайг хөдөө явуулдаг байв. Зуны гурван сарыг үеэлүүдтэйгээ морь, дугуй унаж өнгөрүүлнэ. Өвөөгийн гэрийн гадаа 10 гаруй дугуй байдаг сан. Аавын дүү хурдан морины уяач. Багадаа наадамд сойсон бүх насны морь унаж уралддаг байлаа. Морь, мотоциклтой нөхөрлөсөн минь хожим, дугуйн спортоор хичээллэхэд нөлөөлсөн. Дүү бид хоёр нэг сургуульд сурдаг. Намайг хичээлдээ автобусаар явж байхад дүү найзуудтайгаа дугуй унаад сургуульдаа надаас түрүүлээд очно. Тэднийг хараад “Дүү нар дугуй унаад байхад би яагаад хичээллэж болохгүй гэж” бодоод дугуй худалдаж авсан. Сүүлдээ дугуйтайгаа үсэрч, харайдаг боллоо. Бэлтгэл хийхдээ хумсаа хугалах, нүүрээ шалбалах, хамраа гэмтээх энүүхэнд. Өвдсөн ч шантрахгүй, сурна гээд улам хичээдэг байв. Маргааш нь хавдсан нүүртэй, шалбарсан хамартай нөхөр хичээлдээ очдог сон. Нэг өдөр Т.Батбаяр ахын уулын уруу дугуйтай буухыг хараад тууштай хичээллэхээр шийдсэн.
-Монголд ивээн тэтгэх байгууллага олохын тулд олон дагагчтай, эсвэл өндөр амжилт гаргасан байхыг шаарддаг шиг санагдсан.
-Тийм тал бий. Тэгэхээр бүх зүйлээ спортод зориулах хэрэгтэй болно. Манайх шиг улсад ажил хийхгүй зөвхөн спортын замналаар амьдарна гэвэл амаргүй. Гадаадын тэмцээнд оролцох бүрдээ гэрийнхнээсээ зардал байнга авах хэцүү. Миний хувьд бэлтгэлээ таслалгүй хийхийн зэрэгцээ сошиал аккаунт хөгжүүлэх, дугуйн спортын блог хөтлөх, контент бэлтгэх, уралдааны сонирхолтой бичлэгүүдийг инстаграм, цахим хуудсандаа тавьж, олны анхаарлыг татах, дугуйгаар хичээллэхийн давуу талыг сурталчлах зэрэг олон зүйл хийхээр төлөвлөж байгаа.
-Жүдогоор хичээллэж байсан юм билээ. Яагаад дугуй руу урвачихав. Дэвжээнд зодоглодог таныг энэ спорт юугаараа тэгтэл их татсан гэж.
-Би салхи сөрсөн, эрч хүч мэдрүүлсэн, эр зоригийн спортод өөрийгөө сорих дуртай. Дугуй бол миний дурлаж хичээллэсэн спорт. Жүдогоор барилдсан он жилүүдэд өөрийнхөө амжилт гаргах замыг хараахан олоогүй байлаа. Зургаан жил хичээллэхдээ томоохон амжилт гаргаагүй ч дүүргийн АШТ, мөн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль цөөнгүй хүртсэн. Гавьяат тамирчин, дасгалжуулагч Д.Цэрэнхандын удирдлагад “Алдар” спорт хороонд нэг хэсэг хичээллэсэн юм. Цар тахлын хөл хорионы үед гэрээс гарахгүй тул өдөржин компьютер дээр тоглож өнжинө. Тэр үед өдөр өнгөрөхгүй мэт санагдаж, хэт донтож тоглоод жин их хассан. Жүдогийн бэлтгэл эхлэнгүүт яваад очтол харсан хүн болгон миний турсныг гайхаж байлаа.
Дэвжээнд дүү нартай барилдахдаа амархан эцэж цуцаад байсан тул болихоор шийдсэн. Намайг дэвжээнээс холдоход ээж дурамжхан байлаа. Жүдогоор хамт хичээллэдэг найзуудтайгаа одоо ч өмнөх шигээ эвтэй нөхөрлөдөг. Аав минь бөхийн спортоос жүдог сонирхож хичээллэдэг байв. Намайг спортод хөл тавихад уриалсан юм шүү дээ. МУИС-д багшилдаг байхдаа ажлаа тараад л зааланд бэлтгэл хийнэ. Хүүхэд байхад “Миний хүү тамирчин болно, олимпын наадмаас медаль хүртэнэ” гэдэг байсан нь одоо ч мартагддаггүй. Жүдог орхисон ч усанд сэлэлт, фитнесээр хичээллэсэн. Бөхийн спортоор хичээллэсэн минь дугуйтай нөхөрлөхөд хэрэг болсон. Нэг өдөр Т.Батбаяр ахтай Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд санаандгүй таарч, танилцсанаар даунхилл төрөлд хамт бэлтгэл хийх болсон юм. Ах нартай сургуулилалт хийсэн анхны өдөр өөрийгөө олон зүйлээр дутуу байгааг мэдэрч билээ. Гэсэн ч хичээсний хүчинд бүх зүйлийг богино хугацаанд сурсан шүү.
-Азийн АШТ-ий үед хэн хэрэг болох зөвлөгөө өгсөн бэ?
-Тэмцээн эхлэхийн өмнө бэлтгэл хийхийг минь Б.Отгондаваа багш хараад “Чи дугуйгаа газартай аль болох наалдуулж өгөөрэй” гэж зөвлөсөн юм. Түүний хэлсэн үг амжилт гаргахад их нөлөөлсөн. Уулын уруугаас буугаад иртэл зохион байгуулагч дугуйг маань авч, намайг нэгдүгээр суудалд суухыг заав. Би цагийн үзүүлэлтээр Малайз, Тайванийн тамирчнаас илүү байсан тул III байрт шалгарч, хүрэл медаль хүртсэн. Бэлтгэл хийхдээ Малайзын тамирчныг ажиглаж судлаад, түүнийг дийлчихвэл болно доо гэж бодож билээ. Миний хувьд уулын дугуйн Азийн АШТ өөрийгөө нээх, юу сурснаа олонд харуулах томоохон боломж байсан.
-Тамирчид хүрэл медалийг амжилт дагуулдаг гэж их бэлгэшээдэг дээ.
-Хурдан морь, жүдо, дугуйн тэмцээнээс хүрэл медаль цөөнгүй хүртсэндээ баярладаг. Аль аль нь үзэгч ихтэй спорт. Техникийн спорт, хурдан морины уралдаан сонирхлыг минь татдаг. Морь унадаг байсан болохоор жил бүрийн наадмаар их нас, соёолонгийн уралдаан үзэхдээ огшдог. Уяачид морио унуулахдаа ихэвчлэн бага насны хүүхдүүдийг сонгодог. Тэднийг уралдааны үед мориныхоо амыг нь дийлж байгаа болов уу, замаа хэрхэн тооцоолж, жолоог нь тавьсан бол, унаж бэртээгүй байгаасай гэж боддог юм. Би айлын ууган хүү, хоёр дүүтэй. Намайг тэмцээнээс медаль хүртэхэд хамгийн их баярладаг хүн бол ээж. Тэмцээнд оролцох бүх зардлыг гаргадаг. Тиймээс Малайзад хавар болох тэмцээнд амжилттай оролцох зорилго тавьсан. Ямар ч уралдаанд сайн дугуйтай оролцож амжилт гаргана шүү дээ. Энэ жил шинэ дугуй захиаллаа. Энэтхэгээс ирснийхээ дараа Азийн АШТ-ээс хүртсэн хүрэл медалиа шагналынхаа дээр залсан. Тэнд хийсэн бэлтгэлийнхээ бичлэгийг үзэхээр уралдах гэж буй мэт мэдрэмж төрдөг юм.
-Тамирчдаа амжилт гаргахаар сургуулийнх нь хамт олон их бахархдаг. Та МУИС-ийн харьяа “Байгаль-эх” лицей ахлах сургуулийн 12в ангид сурдаг гэл үү?
-Тийм ээ. Ирээдүйд санхүү, бизнесийн чиглэлээр суралцана гэж боддог. Энэтхэгээс медальтай ирэхэд сургуулийн удирдлага, багш нар, ангийн хамт олон гээд таньдаг мэддэг олон хүн баяр хүргэсэн. Эх орондоо ирээд гурав хоногийн дараа сургуулийнхаа АШТ-д ангийнхантайгаа оролцож мөн хүрэл медаль хүртсэн юм. Түүнээс хойш ангийн нөхөд “Экстрим Түвшээ” гэх болсон. Манай ангид надаас гадна волейболоор хичээллэдэг тамирчин бий. Шинэ оны өмнөхөн “Даунхилл Монголиа” клубийнхэнтэйгээ уулзаж, дараагийн тэмцээнд хэрхэн оролцох зорилго, төлөвлөгөөгөө ярилцсан. Миний хувьд хичээл, тэмцээний бэлтгэлд анхаарал хандуулж байгаа. Дугуйн спорт өртөг өндөртэй. Сайн дугуй, хамгаалах хэрэгсэл, малгай, хувцас захиалахад багагүй мөнгө зарцуулдаг. Малайзад ирэх хавар зохион байгуулахаар товлосон Азийн АШТ, элсэлтийн ерөнхий шалгалттай ойролцоо болох тул бүх зүйлээ эртнээс төлөвлөж, аль алийг нь зохицуулахаар зорьж байна.