Б.Баярмаа авиралтын төрлүүдээр хичээллэж, амжилт гаргасан цөөн эмэгтэй тамирчны нэг. “Хайрхан аялагч” клубээр овоглодог тэрбээр БНСУ-д 2018 онд зохион байгуулсан Ази тивийн АШТ, “Дэлхийн цом”-ын цуврал тэмцээнд анх удаа оролцсоноор олон улсад өрсөлдөх гараагаа эхлүүлсэн гэдэг. Дараа жил нь өмнөд хөршийн Бээжинд болсон Дэлхийн цомын цуврал тэмцээнд хараахан байр эзлээгүй ч чамгүй туршлага хуримтлуулж ирсэн. Түүний хувьд 2017 он ур чадвараа ахиулж, шагнал гардсан жил байв. Тухайлбал, мөсөнд авиратын хотын АШТ-д түрүүлснийхээ дараахан УАШТ-ий насанд хүрэгчдийн хурд, техникийн төрөлд тус бүр алтан медаль хүртэж байлаа. Дахин тэргүүлэх сэн гэж зорьсон хүслээ тэрбээр өнгөрсөн жил биелүүлж, улсын хошой аваргаар тодорсон юм. Шилдгүүдийн эгнээнд хэдийн жагсаж, “Karаkorum ice festival-2023” тэмцээний “Шилдэг тамирчин” цомын эзэн болсон түүнтэй ярилцлаа.
-Мөсөнд авиралтын тамирчид уулчдын адил өвөл болохыг тэсэн ядан хүлээдэг юм билээ. Таны хувьд ажиллахын хажуугаар бэлтгэл хийж, тэмцээнд оролцох гээд бүхнийг амжуулах амаргүй санагддаг уу?
-Би “Core pilates Mongolia” төвд дасгал хөдөлгөөний багшаар ажилладаг. Мөсөнд авиралтын тамирчдын бэлтгэл хийдэг гол улирал бол өвөл. Манай улс бусадоронтой харьцуулахад мөсөнд авиралтын бэлтгэл базаах баазгүй. Монголын уулчдын үндэсний холбоо тамирчидтайгаа хамтраад жил бүр УАШТ-ий өмнө мөсөн хана барьдаг. Өөрсдийн гараар босгосон хананд тэмцээн эхэлтэл хэд хоног бэлтгэл хийнэ. Зун өндөр уулсад авирах надад нэг талаар томоохон бэлтгэл болдог юм. Хэдийгээр бид бэлтгэл байнга хийдэггүй ч гадаадын тэмцээнд улсынхаа нэрийг бодож, тамирчидтай нь ана мана өрсөлддөг. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг дахь Улаан цутгалангийн хүрхрээнд өнгөрсөн сард болсон “Karаkorum ice festival-2023”-т түрүүллээ.
-Энэ спортод нас хязгаарладаггүй. Сонирхож хичээллэдэг хүн бүр оролцож, өөрийгөө сорих боломжтой биз?
-Тийм ээ. Мөсөнд авирагчдад бэлтгэл хийх боломж олддог тул эл фестивалийг тэсэн ядан хүлээдэг юм. Тамирчдын хувьд бэлтгэл хэр хангаснаа тэмцээнд оролцохдоо харж, өрсөлдөгчтэйгөө өөрийгөө харьцуулан ур чадвараар хаана яваагаа мэдэж болно. Орхоны хүрхрээ байгалийнх тул жил бүр өөр хэлбэр, тогтоцтой хөлддөг. Энэ жил мөсний доод хэсэгт ангал гарч, зарим газар нь зузаан, нимгэн байв. Миний хувьд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хэдхэн хоногийн дараа эхлэх хотын АШТ, УАШТ-д амжилттай оролцох зорилго тавьсан.
-БНСУ-д 2018 онд болсон Азийн АШТ, “Дэлхийн цом”-ын цуврал тэмцээнд анх удаа оролцсоныг тань санаж байна. Танд аль аль нь олон зүйл ухааруулсан байх.
-Тэндээс өөрийгөө хөгжүүлж болох олон зүйл олж харсан, туршлага ч багагүй хуримтлуулсан. Үүнээс жилийн дараа өмнөд хөршид болоход нь Монголын тамирчид багаараа өрсөлдсөн юм. Энэ сард БНСУ-д, дараа нь Швейцарт“Дэлхийн цом”-ын цуврал тэмцээнтэй. Канадын Эдмонтон хотод ДАШТ болно. Би өнгөрсөн жил УАШТ-д түрүүлж, дээрх тэмцээнүүдэд оролцох эрх авсан юм.
-Таны сэтгэлийг уул тэгтэл их татсан нь гайхмаар юм. Оргил руу тэмүүлэх болсноо яривал сонирхолтой түүх өгүүлэх байх даа.
-Сутай хайрхны өвөрт тоглож өссөн болохоор өндөр оргил харахаар өөрийн эрхгүй сэтгэл татагддаг юм. Жил бүрийн зургаадугаар сард авиралтаа эхлүүлдэг. Уулын спорт үзэгчгүй хэрнээ сайхан мэдрэмж төрүүлдэг нь гайхалтай. Монголчууд хийморь хэмээх үгийг зүгээр нэг хэлдэггүй. Үүнийг мөнх цаст оргилд авирсан уулчин, хурдан хүлгийн зоон дээр салхи сөрж уралдсан унаач хүүхдүүд л мэдэрнэ. Сутай хайрханд авирсныхаа дараа нь Алтай Таван Богд, Хүйтэн, Цамбагарав оргилд гарсан. Нутаг болгонд өндөр уулс бий. Уулс бүр өөрийн гэсэн онцлогтой. Хөвсгөл аймгийн нутагт оршдог Хорьдол сарьдагийн нуруу, Дэлгэрхаан уулыг уулчид намар голдуу зорьдог. Дэлгэрхаанд авирч, алхахад таатай байдгийг тэдний ярианаас цөөнгүй сонссон. Миний хувьд ирэх хавраас авирах бодолтой байна. Өнгөрсөн намар Саяны нурууны ноён оргил Мөнх сарьдагийг зориход ОХУ-ын хоёр баг авиралтаа эхлүүлсэн байв. Өглөө эрт хөдөлсөн бид тэднийг нэхсээр гүйцэхэд нэг уулчин бүсгүй нөхдийнхөө араас “Монголчууд гүйцээд ирлээ. Хурдан авирч, оргилд гараарай” гээд хашхирч билээ. Хойд хөршийнхөнтэй эх орныхоо оргилд хамтдаа авирч, оройд нь гарах тун сонирхолтой санагдсан шүү.
-Оргилын оройд гартал олон бартаа туулна. Эсэн мэнд авирч, эрүүл саруул гэртээ ирэх л хамгийн чухал шүү дээ.
-Оргилд зоригтой, зорилготой хүн авирна. Уул уулчнаас аль алийг нь шаарддаг. Сэтгэлийн хөөрлөөр авирдаггүй тул эрсдэлийг сайтар тооцоолох ёстой. Оргилд авирсан хүнд дараагийн хад гарах сан гэх хүсэл үргэлж төрдөг юм билээ. Мөрөө анх удаа гаргаж, оройд нь зогсож байхдаа өөрийн эрхгүй огшиж, баярын нулимс мэлмэрүүлж байснаа мартдаггүй. Малчин, Хүйтэн оргилын оройд гарч, гурван улсын хилийг харснаа ховор аз завшаан гэж боддог.
-Швед улсад амьдардаг байхдаа спорт авиралтаар хичээллэсэн гэж сонссон.
-2010 ондтус улсадажиллаж, амьдардаг байхдаа сонирхож хичээллэсэн. Монголдирснийхээ дараа нэлээдсудалсны эцэстүүгээр хичээллэдэг залуустай нэгдэж, хадандавирсан юм. Мөсөндавиралтын тамирчдын олонх нь хад, уул, спортавиралтын төрөлдур чадвараа сорьдог. Миний хувьдуулын спортодүеийнхнийгээ бодвол хожуу хөл тавьсан. Гадаадын тамирчидавиралтын нэг төрлөөр дагнадаг бол манайхан алинаар нь ч хичээллэдэг, олон талын авьяастай.
-Монголын мөсөнд авирагчид удахгүй хилийн дээс алхах нь. БНСУ-ыг зорино гэхээс сэтгэл тань догдолж байна уу?
-Догдлохоос илүү бэлтгэлээ сайтар базаахад анхаарал хандуулж байгаа. Ямар ч тэмцээнд амжилт гаргахад сайн багаж, хэрэгсэл их нөлөөлдөг. Миний хувьд багаж, хувцас хэрэгслээ ОХУ-аас захиалсан. “Дэлхийн цом”-ын цуврал тэмцээн эхлэхээс өмнө амжиж ирэх байх. Хойд хөршид авиралтын спорт өндөр хөгжсөн болохоор багаж нь чанартай байдаг юм.
-Тамирчид хүсэл сонирхолдоо хөтлөгдөж спортоор хичээллэдэг. Та ч гэсэн хоббидоо хөтлөгдөж, нөхөрлөсөн бололтой.
-Тийм шүү. Хүний хүсэл, сонирхол хүчтэй. Миний хувьд бор зүрхээрээ урагшилж, амжилт гаргахаар тэмүүлж яваа. Гэрийнхэн намайг эхэн үедээ сайн ойлгодоггүй байлаа. Оролцсон тэмцээн бүрээсээ медальтай ирэхийг хараад аажмаар дэмжсэн. Одоо бол найдвартай ар тал, түшиг тулгуур минь болдог. Би одоогоор дотоодын тэмцээнээс мөсөнд авиралтын төрөлд таван түрүүтэй. Надтай хамт хичээллэсэн эмэгтэй тамирчдын олонх нь гэр бүлийн амьдралдхөл тавьж, энэ спортоос холджээ. Сүүлийн үед холбооноос шигшээ баг бүрдүүлэхээр ярилцаж байгаа. Хэрвээ төр засгийн удирдлагууд дэмжээд спорт, мөсөнда виралтын шигшээ багтай болговол Монголын тамирчид өмнөхөөсөө илүү амжилт гаргана. Тийм баяртай мэдээ дуулах цаг ойрхон байгаа гэдэгт итгэдэг.
-Амжилт гаргахад тань дайчин, шаргуу зан чанар минь багагүй нөлөөлжээ.
-Би их шартай. Аливаа зүйлд амархан бууж өгдөггүй. Өдий зэрэгтэй амжилт гаргахад энэ зан чанар минь багагүй нөлөөлсөн. Том хүүгээ төрүүлсэн жил мөсөнд авиралтын УАШТ-д оролцоод түрүүлж байлаа. Хоёр дахь хүүгээ өлгийдсөнийхөө дараа уулын спортод хөл тавьсан. Хүүхдүүд минь надад урагшлах урам бэлэглэсэн гэж боддог.
-Спортын төрөл бүр өөрийн гэсэн онцлогтой. Япон, БНСУ-ын мөсөнд авиралтын тамирчид хурдны төрөлд 30-40 насандаа амжилт гаргасан байх юм.
-Европын тамирчид техник, Азийнхан хурдны төрөлд илүү байгаа нь тэмцээний явцад анзаарагддаг. Энэ спортоор олон жил хичээллэх тусам туршлага хуримтлуулж, тэр хэрээр ур чадвараа ахиулдаг юм. 40 настай тамирчин медаль хүртэж байхад надад ч гэсэн түүн шиг амжилт гаргах боломж бий. Хэзээ нэгэн цагт тивийн шилдгүүдтэй эн зэрэгцэх тамирчин болно гэсэн зорилго тавиад, хичээж байна. Ираны тамирчдын техник их таалагддаг. Улс нь тамирчдаа дэмжиж, бэлтгэл хийх томоохон бааз байгуулснаар эхний гурван байрт байнга жагсах болсон.
Азийн АШТ-д Иран, БНСУ-ын эмэгтэй тамирчид аваргын төлөө шалгардаг. Монгол Улс тамирчдаа дорвитойхон дэмжээд, “Дэлхийн цом”-ын нэг цуврал тэмцээнийг эх орондоо зохион байгуулах боломжтой. Бид өвлийн спортоор гадаадын жуулчдыг татаж, эдийн засгаа ч гэсэн хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй шүү дээ. Монголчууд цас, мөсөө зөв ашиглаж, аялал жуулчлалын салбараа өөд нь татах хөшүүрэг болгож чадахгүй юм. Өвөл болдоггүй орны тамирчид мөсөнд авиралтын тэмцээнд түрүүлэхийг харахаар өөрийн эрхгүй атаархдаг. Тамирчдаа амжилт гаргахад улсынх нь дэмжлэг чухал болохыг тэр үед л илүү ойлгодог доо. Бидэнд хаана ч очсон эх орон минь үнэ цэнтэй. Сэтгэл минь улсынхаа төлөө байхад төр засгийн бодлого хаана явна вэ гэж хааяа халаглаж, харамсдаг л юм.
-Монголын мөсөнд авиралтын эрэгтэй, эмэгтэй тамирчид Азийн АШТ, “Дэлхийн цом”-ын цуврал тэмцээнээс медаль хүртсэн. Тэдний амжилтыг үргэлжлүүлэх мэргэжлийн тамирчид бэлтгэхийн тулд бэлтгэлийн баазтай болох чухал байна даа.
-Энэ спортод дуртай хүмүүс сэтгэл нэгдэж, хамтраад Баянзүрх дүүрэг дэх “Дүнжингарав” худалдааны төвийн урд байрлах “Чухаг” хороололд мөсөн хана босгож, тамирчдаа бэлтгэл хийлгэж байна. Тэд ирэх жилээс олон улсын стандартад нийцсэн хана Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулахаар төлөвлөж буй. Төр засаг тэдний эхлүүлсэн ажлыг дэмжвэл сайн хэрэг. Улс залуусынхаа ирээдүй, амжилт, хөгжих боломжид анхаарал хандуулж, хэрэгтэй үед нь дэмждэг байгаасай.
Монголын тамирчдаас амжилт гаргах нөөц боломж их харагддаг. Улсын дэмжлэггүй болохоор гадаадын тэмцээнд хувиасаа зардал гаргаж оролцох бидэнд амаргүй. 2019 онд болсон ДАШТ-д багаж, хэрэгсэл, гутлаа ээлжилж өмсөөд оролцсон. Тэгвэл Хятадын тамирчид бүх багажаа голдоо овоолж, дуртайг нь сонгоод өрсөлдөх жишээтэй. Тэднийг хараад өөрсдөөсөө үнэхээр ичиж билээ. Үнэнийг өгүүлэхэд, зардал хийх мөнгөөрөө тэмцээнд оролцох уу, эсвэл багаж, хэрэгсэл авах уу гэдэг хүндхэн асуудалтай тулгардаг.
-Ээж нь оргилд авирч, тэмцээнд оролцоод байхаар хүүхдүүд нь ч гэсэн хичээллэх хүсэл төрдөг болов уу?
-Ажиллахын зэрэгцээ хүүхдүүдээ халамжилна, бэлтгэл хийж, тэмцээнд оролцох гээд надад тухтай амрах зав ховор гардаг. Заримдаа хэцүү санагддаг ч амжуулахаар хичээдэг. Зөв зүйлд цаг зав, сэтгэл, амьдралаа зориулж байгаадаа хэзээ ч харамсдаггүй. Энэ спорттой нөхөрлөсөн цагаасаа мөнгийг хэрэг болох зүйлдээ зарцуулдаг болсон. Би жил бүрийн нэгдүгээр сарын 1-нд хүмүүстэй Асралт хайрханд авирдаг. Энэ удаа ч гэсэн оройд нь гараад ирлээ. Алтай Таван Богдын мөнх цаст зургаан уулын нэг болох Хүйтэн оргилд авирахад том ангалууд гарсан байв.
Тэр үед ангал дээгүүр харайхдаа “Ямар хобби гэхээрээ эзнээ ийм зүйл рүү зоригтой алхуулдаг байна аа” гээд бодож билээ. Хэрвээ хөл алдвал эрсдэх аюултай. Тиймээс уулчид“Нэг олс, нэг амь” гэж ярьдаг юм шүү дээ. Би хоёр хүүгээ тээсэн үедээ ч оргилд авирч байлаа. Намайг дуурайгаад тэдэнд минь оргил руу тэмүүлэх бодол төрдөг шиг санагдсан. Зун ууланд дагуулж явахад өгсүүр замаас нь айхгүй, зэрэгцэж мацсаар гарсан шүү.