Ардын дууг этник хэмнэлд “хувиргасан”, өвөрмөц стилиэр олонд анх хүргэсэн уртын дуучин гурван бүсгүйн нэг нь Б.Номин-Эрдэнэ. Тэд анхны тоглолтоо 2008 оны хоёрдугаар сарын 28-нд “Шуранхай” нэртэйгээр толилуулж байв. Уг тоглолтыг үзэгчид сэтгэл өндөр хүлээж авсан нь хойшид олон бүтээл туурвих урам зориг, эрч хүч, баяр баясгаланг дуучин бүсгүйчүүдэд бэлэглэжээ. Уран бүтээл хамтдаа туурвисан он жилүүдэд тэд цөөнгүй цомог гаргаж, 2008 онд “Шуранхай”, дараа жил нь “Ивлэсэн сүү”, 2010 онд “Тэмүүлэл” бие даасан тоглолтоо толилуулсан. Өдгөө тус тусын замыг хөөн, бие даан уран бүтээлээ туурвиж байгаа ч сонсогчид тэднийг “Шуранхай” хамтлагийнх нь нэрээр овоглосоор буй билээ. Тус хамтлагийн дуучин Б.Номин-Эрдэнэ 2016 онд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр “Ethnic moment” бие даасан тоглолтоо хийсэн нь олны сонирхлыг ихэд татсан гэдэг. Түүний туурвисан олон бүтээлээс баруун монгол ардын хотон ястны “Жуурай гэлдгэнэ” дууг хүмүүс одоо ч сонсох дуртай. Б.Номин-Эрдэнийг “Зөвхөн спортын тухай” буланд зочноор урилаа.
-Таныг ширээний теннис тоглодог тухай сонслоо. Энэ спортоор анх хэзээ хичээллэж байв?
-Би V ангийн сурагч байхдаа сургуулийнхаа нэг хөвгүүнийг ширээний теннис тоглохыг нь харах гэж очсоор байгаад энэ спортод дурласан. Хичээл, гэрийн ажил хэдэн сар хийхээ больж, хаа нэг газар луу завгүй хүн шиг яаран гүйх болсныг ээж нэг өдөр анзаарч, мэдсэнээр бөөн хэрэг мандсан. Гэр бүлийнхэндээ “Чи урлагийн хүн байж теннис тоглох гэж гүйлээ. Гудамжинд гарах нь уу” гэж зэмлүүлснээс хойш дахиж тоглоогүй. Хожим Саудын Арабт киноны хөгжмийн олон улсын фестивальд оролцсон юм. Тэр үеэр ширээний теннисний тэмцээн зохион байгуулахад өмнөд хөршийн залууг хожиж, аваргын цом гардаж байв. Хүн аливаа зүйлд сэтгэл, цаг зав, хөдөлмөр гаргасан бол үр дүн нь заавал ирдгийг ойлгосон. Спортоор хичээллэхийн ач тус, давуу тал их. Ширээний теннис хараа сайжруулахад чухал нөлөөтэй. Энэ спортоор хичээллэдэг тамирчдын зан чанар, биеэ авч яваа соёл хөдөлгөөнөөс нь харагддаг.
-Урлагийн байгууллагуудын дунд зохион байгуулсан спортын тэмцээнд та оролцож, усанд сэлэлтийн төрөлд түрүүлж байсан юм билээ.
-СУИС-ийг төгссөн жилээ усанд сэлэлтийн спорт сонирхож, гурван жил хичээллэсэн. Усанд сэлэлт биеийн бүх булчинг жигд хөгжүүлж, стресс тайлдаг. Мөн уушгины багтаамжийг тэлдэг тул зөв амьсгалж сурдаг юм билээ. Миний хувьд дуулах чадвараа сайжруулах зорилгоор сэлдэг байв. “Түмэн эх” чуулгын дуучин байхдаа урлагийн байгууллагуудын дунд зохион байгуулсан спортын тэмцээнд оролцож, усанд сэлэлтийн төрөлд түрүүлсэн юм.
-Одоо спортын ямар төрлөөр сонирхож хичээллэдэг вэ. Сүүлийн үед залуус эрүүл мэнддээ анхаарал хандуулж алхаж, гүйдэг болсон байна.
-Гүйлтээр хичээллэдэг. Эхний гурван сар алхсан, сүүлийн гурван сард гүйж байгаа. Алхахад гоё мэдрэмж төрдөг. Дасгал, хөдөлгөөн хийхгүй удвал бие чилнэ. Тиймээс байнгын хөдөлгөөнтэй, эрч хүчтэй, идэвхтэй амьдрахыг зорьдог. Өглөө эрт гүйхэд сэтгэл сэргээд сайхан. Миний хувьд уран бүтээлээ туурвихын зэрэгцээ спортоор хичээллэж байгаа. Хэн нэгэнтэй өрсөлдөх бус, өөртөө тайвшрал өгөх зорилгоор хичээллэдэг. Сүүлийн үед тэмцээнд оролцох гэхээс илүү урт хугацаанд тогтмол хичээллэхийг чухалчилдаг болсон шүү.
-Та Баянхонгор аймгийнх. Тус аймагт волейболын спорт сайн хөгжсөн тул шилдэг тамирчидтай. Тэднээс олонх нь Үндэсний дээд лигт тоглодог шүү дээ.
-Багийн спортоос волейбол, сагсан бөмбөг таалагддаг. Тэмцээн нь өрсөлдөөнтэй, сонирхолтой болдог учраас үзэгч олонтой. Арван жилийн нөхдөөс минь VI ангиасаа өнөөг хүртэл волейбол, сагсан бөмбөгөөр хичээллэсэн бүсгүйчүүд бий. Багийн спортоор хичээллэдэг тамирчид эвтэй найртай, нэгнээ сайн ойлгодог. Тэдний нэгдмэл зорилгыг хараад аль ч салбарт багаар ажиллах чадвартай юм байна гэж бодсон.
-Дотно нөхөрлөж, ажил хэргийн холбоотой хамтран ажилладаг тамирчин олон бий юү?
-Би Монголын залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны соёл урлаг хариуцсан даргаар ажилладаг юм. Тус байгууллагад чөлөөт бөхөөр тив, дэлхийн тэмцээнд амжилт гаргасан Гавьяат тамирчин Ц.Энхжаргал, жүдогоос Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа нар харьяалагддаг. Жүдогийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар цөөнгүй жил ажилласан Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Одоор их бахархдаг.
-Дуучид багаасаа урлагийн зам сонгодог. Та ч бас тэдний нэг. Уран бүтээлийнхээ гарааг ямар дуугаар эхлүүлж байв?
-Багадаа дууны дугуйланд явдгаа гэрийнхэндээ хэлдэггүй байлаа. Нэг өдөр дугуйлангийн хүүхдүүд тайлан тоглолт хийхийг ээж үзээд мэдсэн. Улаан дээлтэй жаахан охин нь тайзан дээр гарч ирээд Төрийн шагналт Ц.Чинзоригийн хөгжим, Ж.Дашдондогийн цомнол, хүүхдийн “Тэмүүжин” дуурийн Бөртэгийн дууг дуулахад ээжид их таалагдсан гэдэг. Тэр цагаас манайхан дуулахыг минь дэмжсэн нь намайг уран бүтээлчийн замд хөтөлсөн. Сургуулийн дуу хөгжмийн багш ээжид “Охинд тань дуучин болох авьяас байна. Хойшид хөгжүүлэх хэрэгтэй. Та нар дуулахыг нь битгий хориглоорой” гэж зөвлөсөн юм билээ. Ээжээс энэ тухай саяхан сонссон.
-Таныг “Шуранхай” хамтлагийн дуучин гэдгээр нь олон нийт сайн мэддэг. Хамтлагаараа уран бүтээлээ толилуулсан он жилүүд танд сайхан дурсамжууд үлдээсэн байх.
-Тийм ээ. Би 2003 онд СУИС-ийн оюутан болсноос хойш урлагтай 21 жил нөхөрлөж байна. Өнгөрсөн хугацаанд 400 гаруй дуу, 17 цомог хэвлүүлж, найман тоглолт толилуулан сонсогчдод хүргэжээ. Мөн олон улсын урлагийн зах зээлд киноны хөгжмийн томоохон агентуудтай хамтарч ажилласан байна. Монголынхоо үзэгчдэд үндэсний хөгжмийн этник урсгалыг хүргэсэндээ их баярладаг. Гадуур явахаар хүмүүс “Шуранхай” хамтлагийн Номин байна” гэдэг юм. Одоо ч гэсэн хүмүүс утсаар холбогдохдоо “Шуранхай”-гийн Номин-Эрдэнэ үү” гэж асуудаг. Биднээс олон залуус урам зориг авч, этник урсгалаар уран бүтээл туурвиж байна. Тухайлбал, Б.Алтанжаргал, Б.Батцэцэглэн гээд олонд танигдсан уран бүтээлчид бий. Аливаа зүйлийн анхдагч нь байх сайхан. Миний хувьд тун удахгүй “Монголын их шуранхай” хэмээх шинэ бүтээлээ толилуулна.