Дуучин Т.Амина “Цас цагаан охин” хэмээх энэрэл, ухаарлын дууг хүүхэд ахуй насандаа Гавьяат жүжигчин Э.Бүрнээбаяртай хамтран дуулж, уран бүтээлийнхээ гарааг эхлүүлжээ. Түүнд энэ дуу нь хойшид олон уран бүтээл туурвих эрч хүч, урам зориг төрүүлсэн гэдэг. Тэрбээр “Universe best songs” наадамд оролцохдоо авьяас, ур чадвараа харуулж, шаггүй дуучин гэдгээ баталснаас хойш үзэгч, сонсогчдод өнөөг хүртэл уран бүтээлээ хүргэсээр байгаа. Шинэ жил дөхөхтэй зэрэгцээд түүний “00 цаг” дуу айл бүрийн хойморт цэнхэр дэлгэцээр эгшиглэж, он солигдох мөчийг догдлон хүлээж буй олныг баяр хөөртэй болгодог. Түүнийг “Зөвхөн спортын тухай” буландаа зочноор урилаа.
-Урлагийнхан эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарч спортоор хичээллэх нь бий. Та фитнесээр хичээллэдэг гэсэн. Хэзээнээс үүгээр хичээллэж эхэлсэн бэ?
-Спорт хүмүүст урлаг шиг эрч хүч, урам зориг өгч, өөртөө итгэлтэй болгодог. Багадаа спортын төрлүүдээс хөнгөн атлетик сонирхдог байлаа. Оюутан болсноос хойш фитнесээр хичээллэж, эрүүл мэнд, биеийнхээ галбирт анхаарч эхлэхэд гэрийнхэн минь их дэмжсэн. Тууштай хичээллэвэл спортын ямар ч төрөл гайхамшигтай. Хичээллэх хугацаанд давуу талыг нь мэдэрсэн шүү. Идэвхтэй, эрч хүчтэй, эерэг хандлагатай амьдрахаас гадна ямар ч хувцас өмссөн биед зохих тул өөртөө урамшдаг.
-Спортын төрлүүд хөгжиж, тэр хэрээр тамирчид олноор бэлтгэгдэж байна. Сүүлийн үед спортын аль төрлийг сонирхож үздэг болсон бэ?
-Спортын төрөл бүр өөрийн гэсэн онцлогтой. Хүнийг тууштай, зорилготой, дэг журам, сахилга баттай болгож, зөв төлөвшүүлдэг. Улсынхаа нэрийг өндөрт гаргаж байгаа тамирчдын тив, дэлхийн тэмцээнд хэрхэн оролцож буйг аль болох үзэхийг хичээнэ. Олимпын төрөлд багтдаг чөлөөт бөх, жүдо, буудлагын тэмцээн сонирхолтой санагддаг юм.
-Та урлагийн бус, тамирчны замнал сонгосон бол ямар спортоор хичээллэх байв?
-Уран гулгалт. Үүгээр хичээллэдэг тамирчид бэлтгэл сургуулилалт, ур чадвар, авьяас, мэдрэмжээс гадна маш их бэлтгэл хийж, хичээл зүтгэл, тэсвэр хатуужил гарган байж амжилтад хүрдгийг ойлгосон. Намайг хүүхэд байхад харамсалтай нь уран гулгалтын спортоор хичээллэх мөсөн талбай байгаагүй юм. Одоо завгүй ч байсан зав гаргаад үздэг үнэнч хөгжөөн дэмжигч нь.
-Найзуудтайгаа уулзсан үедээ амжилтад хүрсэн тамирчдын тухай яриа хааяа өрнүүлдэг үү?
-Ярилгүй яах вэ. Монголчууд өвөрмөц өв соёлтой. Үндэснийх нь спорт хүртэл олон орны хүмүүсийн анхаарлыг татдаг. Цагаан сар, улсын наадмаар гэр бүлээрээ сур харваа, хурдан морины уралдаан үзэхдээ үндэснийхээ спортоор бахархаж, огших сайхан.
-Уран бүтээлчид найз нөхдийн хүрээлэл өргөн. Та спортын салбарынхантай хэр танил вэ?
-Урлагийн томоохон арга хэмжээнд уригдсан тамирчидтай таарвал мэндэлдэг. Тэднээс Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин М.Уранцэцэгтэй ойр дотно нөхөрлөдөг юм. “Чамаасаа хагацмааргүй, салмааргүй” дууныхаа клипэнд найзыгаа урьж, гэр бүлээр нь тоглуулсан. Дэлхийн дэвжээнд амжилт гаргаж, Төрийн дууллаа цөөнгүй эгшиглүүлсэн найзаараа бахархдаг.
-Гэр бүлийнхэн тань спортын ямар нэг төрлөөр хичээллэдэг үү?
-Манайхан эрүүл амьдралыг эрхэмлэж, дасгал хөдөлгөөн идэвхтэй хийдэг. Бид эрүүл байна гэдэг гоо сайхан юм гэж бодож хүмүүжсэн. Хоёр ах бодибилдинг, фитнесээр хичээллэдэг. Том ах шатраар хичээллэж, төрийн албан хаагчдын дунд зохион байгуулдаг тэмцээнд оролцож, хошой аварга болсон. Бид ахыгаа тэмцээнтэй өдрүүдэд дэмжиж, урам өгдөг шүү.
-Найзууд тань танд спортоор хамтдаа хичээллэх санал тавьдаг биз?
-Найзууд намайг усанд сэлэлтээр хамт хичээллэе гэдэг юм. Хүний зайлшгүй эзэмших ёстой, сурсан байхад илүүдэхгүй зүйлийн нэг гэж боддог болсон. Тиймээс буудлага, үндэсний сур харваа, усанд сэлэлтээр хичээллэх бодол бий.
-Мөдхөн шинэ он айлчлан ирэх нь.
Шинэ жил дөхөхөөр таны дуулсан “00 цаг” дуу хаа сайгүй эгшиглэдэг. Айл бүрд цэнхэр дэлгэцээр дуугаа эгшиглэхийг сонсох нь ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ?
-Энэ дуундаа их хайртай. Надад хойшид олон уран бүтээл хийх хүсэл төрүүлсэн. Миний анхны уран бүтээлүүдийн нэг болохоор сэтгэлд нандин, сайхан дурсамж үлдээсэн. Хаана, хэзээ ч дуулсан хүн болгон мэднэ. Сүлд модны наадам, “Найрамдал” хүүхдийн зуслан гээд шинэ жилийн томоохон үйл ажиллагаанд уригдахдаа “00 цаг” дуугаа дуулж, олонд танигдсандаа баярладаг. Үзэгчид дагаж дуулаад бүжиглэнэ шүү дээ. Одоо олны сонсох дуртай дууны нэг болжээ. Шинэ жилээр айл бүрийн хойморт цэнхэр дэлгэцээр эгшиглэхэд сэтгэл их догдолдог.
“Хундагаа дүүргэ ноёд оо,
Хундагаа өргө хатдаа
Хуримын гоёлтой сансрын охин шиг
Шинэ он, шинэ он, шинэ жил, шинэ жил
Цасан танхил гараараа үүд тогшлоо” гэдэг мөр бий. Би эл дууны шүлгийг бичиж, аяыг нь хийсэн уран бүтээлчдэд үргэлж талархдаг. Манайхан он солигдох мөчид энэ дууг дагаж дуулаад оргилуун дарсаа буудуулж, шинэ оныг баяр хөөртэй угтах дуртай. Надад хүүхэд ахуй наснаасаа хийсэн нэг уламжлал бий. Он солигдохын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлж байхад би жил бүр хоёр ахтайгаа өвлийн өвгөнд “Шинэ жил” гэж хаяглаад захидал бичдэг. Тэр захидалд мөрөөдөж бичсэн хүслүүдээс минь биелсэн байдаг юм. Энэ ташрамд, Монголынхоо үзэгч, сонсогчдод удахгүй айлчлан ирэх шинэ оны мэнд хүргэж, аз жаргал сайхан бүхнийг хүсэн ерөөе.