Далайн түвшнээс дээш 8848 метрийн өндөрт орших Эверестийн оргилд Шинэ Зеландын уулчин Эдмунд Хиллари 1953 оны тавдугаар сарын 29-нд авирсан. Түүнээс хойш олон орны уулчид мөрөө гаргахаар зорих болжээ. Дэлхийн дээвэр гэгддэг эл оргилд амжилттай авирсан цөөн уулчин манай улсад бий. Тэдний нэг нь О.Золбоохүү. Тэрбээр тус оргилд зориг гарган бараалхсан Монголын ес дэх уулчин. Түүний мандуулсан Төрийн далбаа өдгөө мөнх цаст оргилын оройд нь бадарч, монгол түмний хийморийг сэргээж байгаа. Түүнтэй яриа өрнүүлэхдээ эх орныхоо өндөр уулсаар бахархаж, зориод очиход тосож угтах аав, ээжийнхээ адил хүндэтгэлтэй ханддаг болохыг нь ойлгосон юм. Дасгал хөдөлгөөнөөр эрүүлжиж, өөрийгөө өөрчлөхөөр шийдсэн алхам нь түүнийг байгальтай нөхөрлүүлж, сүрлэг уулсад татагдах зүрх, сэтгэлийнх нь жим болжээ. Тэр цагаас оргил түүний мэлмийг нээж, ухааныг нь хөглөж, тэлсэн өөр нэгэн өвөрмөц ертөнц байв. Бидний хөөрөлдөөн “Сүүлийн үед миний сонирхож авдаг зүйл уулын гутал болсон. Хобби минь намайг олон талаар өөрчилж байна. Уул, удам хүний мөн чанарыг үнэнээр нь таниулдаг. Уулыг эх шигээ зүйрлэдэг хүн хол явна гэж боддог юм. Би зөв зам сонгосондоо баярладаг” хэмээх энгийн ярианаас эхэлсэн юм.
-Уулчид оргилд авирах бэлтгэлээ өвөл голдуу базаадаг. Та ч тэдний адил цас орохыг сэтгэл догдолж хүлээдэг байлгүй.
-Надад өвлийн улирал таалагддаг. Оргилд авирах зорилго тавиад бэлтгэлдээ төвлөрөхөд хамгийн тохиромжтой үе. Миний хувьд алхах, гүйх гээд сургуулилалтынхаа 70 хувийг Богдхан уулын Цэцээ гүн, Зүүн оргилд базаадаг юм. Би өмнө нь жин ихтэй байлаа. Ойр дотно нөхөрлөдөг найзуудынхаа зөвлөгөө, хань, үр хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, эрүүл, идэвхтэй амьдрахаар ууланд алхах болсон юм. Тэр үед хэнэггүй байдалтайгаа тэмцэхдээ хайртай хүмүүстэйгээ хамт байх чухал гэдгийг ойлгосон.
-Оргилын оройд хүслээ шивнэхэд биелдэг тухай уулчдаас сонсоод их гайхаж билээ.
-Би 2017 онд Говь-Алтай аймгийн Тонхил сумд амьдардаг уулын спортын мастер цолтой зээ дүү Д.Ганчулууны хамт Сутай хайрханд бараалхсан юм. 4220 метрийн өндөртэй оргилд авирч үзээгүй надад эхэндээ амаргүй байлаа. 3500 метрээс дээш өндөрт гарахад дотор онгойж, эрч хүчтэй болсон мэт санагдан цааш авирсаар оройд нь гарсан юм. Тэр үед “Дэлхийн дээвэр Эверестэд бараалхаж үзэх сэн. Үүнээс дээш дахиад 4600 метр өндөрт оршдог гэхээр сүрдмээр оргил байх нь. Хайрхан минь миний хүслийг уламжилж өгөөч. Намайг очиход хүлээж аваарай гэж дамжуулаарай” гэж залбирсан. Эверестэд авирах зорилгынхоо эхний алхмыг нутгийнхаа уулсаас эхлүүлсэндээ баярладаг.
-Өндөр уулстай нутагт төрж, өссөн хүний сэтгэл оргил руу тэмүүлдэг гэж хүмүүс ярьдаг л юм. Та Сутай хайрханд бараалхсанаас хойш Эверестэд авирах хүслээ биелүүлэхээр зорьсон бололтой.
-Сутай хайрханд бараалхсаны дараа Асралт хайрхан, Алтай Таван богд, Найрамдал, Бүргэд, Цамбагарав гээд олон ууланд гарсан. Цар тахлын үед гэртээ зүгээр суухыг хүсээгүй. Цаг хугацааг аль болох үр дүнтэй өнгөрүүлэхийг хичээсэн. Асралт хайрханд өвөл 2-3 удаа авирдаг. Аавыг минь Л.Омбо гэдэг. Говь-Алтай аймгийн Тонхил сумынх. Би Улаанбаатарт төрсөн ч аав, ээжийнхээ нутагт сэтгэл татагддаг. Эверестэд бараалхаж ирснийхээ дараа “Сүүтэй хайрхан их ивээлтэй юм” гээд бэлгэшээсэн. Миний эгчийг О.Нэртэй гэдэг, уулын спортын мастер цолтой, залуудаа хичээллэдэг байсан юм. Сүрлэг сайхан уулсад авирах хүсэл төрүүлсэн хүн бол эгч минь. Сутай хайрханд бор морь хөтөлж гарахад эгч минь багийн бүрэлдэхүүнд багтан авирч байлаа. Удамд минь уултай нөхөрлөсөн хүмүүс байдаг болохоор өөрийгөө ямар нэг энергиэр татагддаг гэж боддог юм.
-Хүн бүрийн зан чанар өөр байдаг шиг уул болгонд нэгнээсээ ялгарах өвөрмөц онцлог бий шүү дээ.
-Уул чин сэтгэлээсээ зорьж очсон хүнээ л хүлээж авна, авахгүйгээ замын дундаас буцаана. Ямар ч оргил уулчдын тэсвэр хатуужил, чансааг шалгаж сорьдог. Ууланд авирна гэдэг тэмцээнд оролцож байгаатай адилгүй. Олон зүйлийг эртнээс тооцоолж, сайтар төлөвлөх ёстой. Өнгөрсөн жил Д.Отгонхүүгээр ахлуулсан 10 уулчин Европ тивийн ноён оргил Эльбрусэд (5642) гарсан. Эл оргилд зохион байгуулсан “Red fox elbrus race” олон улсын уулчдын тэмцээнд өмнө нь хоёр удаа түрүүлсэн тэрбээр уулын спортын тамирчин Б.Ням-Очирын хамт тав дахь удаагаа хүч сорихоор очсон юм. Тус тэмцээнд Б.Ням-Очир түрүүлж, Д.Отгонхүү ханиад хүрсэн ч монгол хүний тэвчээрийг харуулж, IV байрт шалгарч байлаа. Эверестэд авирах өдрүүдэд ээж минь өмнөө судар тавиад, мэддэг тарниа уншаад хөхөөрөө даллаж суусан гэдэг. Манайхан эргэн иртэл минь бүтэн нойртой хоноогүй. Өдөр бүр зурагтаар оргилд авирсан уулчдын тухай мэдээ сонсоод сэтгэл нь зовниж суусныг дараа нь мэдсэн.
-Эрчүүд эрсдэлтэй спортод дурлах юм. Уул ярьж, сэтгэлээ сэргээдэг тэднээс оргилд авирах зоригтон цагаа тулахаар ховор л байдаг.
-Би энгийн амьдрахыг хүсдэг. Тиймдээ ч хүмүүст Эверестэд авирснаа гайхуулж ярьдаггүй. Уул, усанд ам гарч болохгүй. Эверестэд авирна гэдэг хүн бүрийн хүсэх зүйл биш. Зорьсон болгон нь ч мөрөө гаргаад байдаггүй юм. Амь насаараа дэнчин тавиад хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмүүлсэн ч хэзээ эргэж ирэх нь тодорхойгүй. Төлөвлөсөн зүйлийнхээ ард гартлаа олон бартаа туулна. Халширмаар зүйлтэй алхам тутам таарах энүүхэнд байсан ч чадахгүй нь, больё гэх бодол надад төрөөгүй. Эверестэд бараалхана гэж бүтэн жил бэлтгэл хийж, зориглож явсан надад зорилгоосоо буцах зам байгаагүй.
-“Уулчин хүн ууландаа” гэх үг бий. Та оргилд авирахдаа зовлон, жаргалын аль алийг нь мэдэрсэн биз. Уулчдад аз, эз хоёр нэг л шугаманд явдаг шиг санагддаг.
-Уулын спорт ямар ч үзэгчгүй. Уулчид өөрийн хүсэл сонирхолд хөтлөгдөж энэ спортоор хичээллэдэг. АНУ-ын шүдний эмч, 69 настай уулчин бидэнтэй өндрийн бэлтгэл хийж байхад таарсан юм. Тэрбээр дэлхийн долоон оргилын олонход нь гарсан туршлагатай. Түүнийг харахад эрүүл, хөнгөн шингэн хүн байв. Зарим газар хөтчөөрөө татуулаад явж харагдсан. Биднийг отогт очиход тэрбээр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байлаа. Замд таарах үедээ нэгэндээ урам өгч явсан болохоор өнгөрснийг нь сонсох эвгүй л байсан. Эверестэд авирахаар 600 уулчин очсон ч зарим нь замынхаа дундаас буцаж байв. Хөтөч Пасдава бид хоёр тавдугаар сарын 17-нд Балбын цагаар 04.54-т оргилд түрүүлж гарсан. Олон уулчны өмнө монгол хүн зогсож байх мөч хамгийн сайхан бахархал байлаа. Тэр үед сэтгэл огшиж, аав, ээжийгээ хамгийн түрүүнд бодож байлаа. Оройд нь гараад Төрийн далбаагаа мандуулж, “Уухай” гэж гурван удаа хашхирахад хамт явсан шерпа (хөтөч) ихэд гайхаж билээ. Бид нэгнийхээ хэлийг мэдэхгүй ч гэсэн дохио зангаагаар ярилцсаар сайн ойлголцдог болсон.
-Уулчид хөтөчтэйгөө найз болоод, мэдээлэл байнга солилцдог юм билээ. Та түүнтэй хэр холбоотой байдаг вэ?
-Хөтөч Пасдава намайг анх хараад “Би таны шерпа болъё” гэж санал тавьсан юм. Тухайн үед оргилд амжилттай авиръя гэж бодож байснаас биш, түүний талаар нэг их судлаагүй. Өнгөрсөн жил дэлхийн хамгийн өндөр 14 оргилд авирсан Норвегийн уулчин бүсгүй Кристин Харилагийн хөтөч болохыг хожим нь мэдсэн. Тэрбээр түүний 2022 онд хийсэн эхний авиралтын 12 оргилд хамт явсан юм. Кристин Харила К2-т авирснаар 92 хоногийн дотор 8000 метрээс дээш өндөртэй дэлхий дээрх 14 оргилд гарч, хосгүй амжилт тогтоосон. Далайн түвшнээс дээш 8000 метрийн өндөрт орших 14 оргилыг хамгийн богино хугацаанд эзэлсэн уулчин одоогоор түүнээс өөр байхгүй.
-Эверестэд авирахдаа “Жаргалант” клубийн уулчидтай хамт явсан бил үү?
-Тийм ээ. Монголоос явсан уулчдын багийн ахлагчаар Гавьяат дасгалжуулагч Б.Ганбаатар зөвлөхөөр нь түүний гэргий ОУХМ М.Цогзолмаа ажилласан. Олуулаа явахад бие биеэ түшиглэн, дэм дэмэндээ сайхан явсан шүү. Өнгөрсөн хавар найман хүн зорьсноос дөрвөн эрэгтэй нь Эверестэд, дөрвөн эмэгтэй нь Лхоце оргилд амжилттай авирсан юм. Энэ удаа олон уулчин явж, бүгд оргилд гарсан нь Монголын уулын спортод нэгэн содон түүх болж үлдсэн дээ.
-Оргилд авирахаас илүү буух нь амаргүй гэдэг. Уулчид яарснаас болж эндсэн тухай өмнө нь уншиж байлаа.
-Уулчдын хувьд хамгийн хүнд үе нь оргилоос буух. Эверестийн оргилд амжилттай авирсан ч буцах зам нь тийм ч дардан биш. Тиймээс зарим уулчин хурдан буух гэж яарснаас энддэг тал бий. Тиймээс маш болгоомжтой байх нь чухал. Миний хувьд “Дэлхийн дээвэр оргилд бараалхлаа. Одоо яараад яах вэ, тайван бууя” гэж бодсон. Би шүтлэгтэй. Оргилд авирахдаа Төрийн далбаа, долоон өнгийн хадаг, XIV далай лам дээрхийн гэгээнтэн Данзанжамц, Жадо Ринбүчи багшийн зураг, найзынхаа байгууллагын далбаа, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн хэвлүүлсэн “Нарыг хайрла” цомгийг цүнхэндээ үүрч гараад оройд нь залсан. Ууланд яваа хүнд бага зэргийн овжин зан, жаахан заль гаргаж амарч авхад гэмгүй.
Өөрийгөө хаана амраах, хаана дайралтаа хийх вэ гэдгээ маш сайн тооцоолдог байх хэрэгтэй юм билээ. Шерпа нарын гэр 4000 мянгаас дээш газарт ихэвчлэн байдаг. Тэднийг юу гэж хэлнэ уулчид дагана. Тайван, яаралгүй бууж, оргилын хормойд очиход нуруун дээрээс хүнд ачаа аваад хаясан мэт санагдаж байсан.
-Уулчин хүн ууланд өөртэйгөө өрсөлддөг. Тэнд өөртөө найдахаас өөр зүйл байхгүй гэдэг. Үнэн үү?
-Эверестэд авирсан Монголын хэд дэх уулчин болох нь сонин биш. Хамгийн гол нь эсэн мэнд бууж, зорилгоо биелүүлээд аз жаргалтай харих нь л чухал. Ерөөсөө энэ уулчин хүний амжилт. Монголчууд аливаа зүйлд ам гардаггүй. Зүгээр л сэтгэлдээ сүсэглэж, дотроо залбирдаг. Уулчид оргилд гараад уйлдаг юм билээ. Би Эльбрус, Эверестэд гарахдаа ч баярын нулимс унагаагүй. Тэр үед надад “Би чадлаа даа” гэх бодол төрсөн.
-Сүүлийн үед залуус жин хассанаа өөрийгөө ялсан гэж ярих юм. Эверестэд авирсан танаас ингэж асуувал ямар хариулт өгөх бол?
-Энэ бол өөрийгөө ялах биш юм. Харин бурхнаас заяасан биеийг гамгүй эдэлснээ буцаагаад хэвэнд нь оруулж байгаа юм. Хэрвээ өөртөө том зорилго тавивал дэлхийн ноён оргилд ч хөл тавиулдаг. Тиймээс зорилгоо том тавих хэрэгтэй. Зорьсон зүйлээ амьдралд тохиох ховорхон мөч болгож чадвал өөрийгөө яллаа гэж бодох нь зөв юм. Хүн бүрийн сэтгэлд хүндлэн дээдэлдэг зүйл бий. Түүн шиг авирч байгаа оргил бүр сайхан. Эверестийн оройд дөхөх тусам би ээжийгээ бүхнээс илүү бодож, эсэн мэнд очиж, баярлуулах сан гэж хүсэж байлаа. Үүнийгээ ч биелүүлсэн. Эх хүний хайр, үр хүүхдээ гэсэн сэтгэл хамгаас хүчтэй юм билээ. Амьдралын хамгийн том философи бол зовлонг жаргалд урвуулах. Уулчин хүн үүнийг оргилд илүү мэдэрдэг. Тэгэхээр зовлон, жаргал гэж ч байхгүй. Хүн өөрөө аль алийг нь бүтээдэг болохыг ойлгосон. Мөнх бус гэдэг зүйлийг хүн ойлгосон байхад өдөр, хоногуудыг зөв өнгөрүүлж, цаг хугацааг үр дүнтэй зүйлд зарцуулж, зорилготой амьдарна. Хорвоо, дэлхийд мөнгөөр шийдэж болохгүй олон зүйл бий. Тухайлбал, оргилд өрнөдөг зүйл. Уул, уулчин хоёрын нэгнээ харж хүлээдэг, үгүйлж санадаг, үгийг нь сонсдог, зүрх сэтгэлийн дуудлагаар татагддаг хэний ч ойлгож, мэдэхгүй тэр энерги, мэдрэмж мөнгөөр хэзээ ч үнэлэгдэхгүй
-Та одоогийн Золбоохүүг олтлоо олон зам туулсан шиг санагдлаа.
-Манайх гурван хүүхэдтэй. Би нэг зүйлийг сайн ойлгосон нь эгэл амьдрах. Ажиллахын хажуугаар өндөр настай ээжийгээ асарч, халамжилдаг. Өглөө бүр босож цайг нь чанаж өгнө. Ааваас минь хойш 10 хүүхдээ гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэхээр зүтгэсэн амьдрал ээжид минь амар байгаагүй биз. Эзэмшсэн мэргэжил боловсролгүй ч амьдралынхаа ухаанаар биднийг зөв хүмүүжүүлж, төлөвшүүлсэнд талархдаг. Байгууллагын үйлчлэгч, манаач, сахиул гээд ээжид минь хийгээгүй ажил ховор. Таван ханатай гэрт эхийн хайраар дуталгүй өссөн бид хүний зэрэгт хүрч, одоо өөдрөг амьдарч яваа. Би айлын бага хүү, эрх өссөн. Ээждээ эрхлэх нь ичих зүйл биш. Хайрыг нь харамгүй хүртэнэ гэдэг том буян. Хүн болгох гэж олон шөнө нойроо хагаслан, хөхүүлж өсгөсөн ачийг нь мартаж болохгүй. Үр хүүхдүүдийнхээ төлөө өөрийгөө орхиод зүтгэсэн тэр өдрүүдийнх нь нэгэнтэй нь ч миний халамж, асаргаа дүйцэхгүй. Уул намайг ингэж өөрчилсөн. Нутаг нутгийн уулсыг намхан гэж басаж, голж болохгүй. Дов толгод нь хүртэл өөрийн гэсэн увдистай, төрж, өссөн зон олондоо үнэ цэнтэй. Нутгийнхаа толгод дээр гараад салхийг нь үнэртэж, уудам талд хараа бэлчээж зогсох сайхан. Би залууст эцэг, эхийгээ сэтгэлд нь хүртэл асарч халамжилчхаад том зүйл ярьдаг байгаарай гэж хэлье. Хүн зорилгодоо хүрэхэд олон эсэргүүцэлтэй тулгарч, саад бэрхшээлийг даван туулдгийг уултай нөхөрлөөд ухаарсан. Оргилд авирахад олны танил, энгийн нэгэн байсан ч ялгаагүй. Тэнд үхэл, амьдрал нэг олсонд өрнөдөг. Тиймдээ ч уул хүнийг хэн бэ гэдгийг олон зүйлээр сорьж, зан чанарыг нь үнэнээр таниулдаг гэж боддог. Оргилд авираад буухдаа шуналаа дараад, амьдралын мөн чанар юу юм бэ гэдгийг ойлгох нь чухал. Уулчин хүн оргилын оройд нь гарахаар олсноос татахдаа жаргал, зовлонгийн аль алийг нь үүрч явдаг. Тэнд алийг нь жаргал, алийг нь зовлон болгож таньж, мэдэхээ өөрөө л шийддэг. Үүнийг уулчнаас өөр хүн мэдрэхгүй. Тиймээс уулчны алдаа болон оноо нь нэг шугамд байдаг юм.