Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ баг, “Хөвсгөл эрчим” клубийн довтлогч, ОУХМ Г.Цэцэгжаргал багаасаа энэ спортоор хичээллэсэн шилдгүүдийн нэг. Тэрбээр волейболын “Үндэсний дээдлиг”-т багийнхантайгаа 10 удаа аваргын цом өргөж, найман удаа тэгш тоглогч, шилдэг довтлогчийн шагнал гардсан. Нэгэн цагт тамирчны гараагаа хамт эхлүүлсэн үеийнхнээсээ цойлж, спортдоо үнэнч үлдсэн тэрбээр дээд лигт 15 дахь жилдээ“тоос өргөж” буй. Түүний гаргасан амжилтуудыг нэг бүрчлэн тоочвол сонины зай багадна. Шигшээ багтхөл тавьсан үеэс эх орондоо 2008 онд зохион байгуулсан Зүүн Азийн АШТ-д хүрэл медаль хүртэж, шилдэг тоглогчоор шалгарсан. Дараа жил нь Тайланд улсад болсон, Азийн оюутны АШТ-ээс мөн хүрэл медальтай ирж, волейболын хорхойтнуудыг баярлуулсан юм. 2012 онд тус тэмцээнд Тайландын багтай аваргын төлөө өрсөлдөж, мөнгөн медаль гардаж байв. Түүнтэй ярилцлаа.
-“Үндэсний дээд лиг”-ийн III тойргийн тоглолт ширүүхэн эхэлсэн нь үзэгчдийн сонирхлыг татаж байна. Баг бүр легионер тамирчинтай тул тааруухан тоглохгүй. “Хөвсгөл эрчим”-ийнхэн аваргаа хамгаалахын тулд ана мана өрсөлдөх нь дээ.
-Баянхонгор аймагт болсон лигийн III тойргийн эхний тоглолтыг ихэнх баг нэг хожигдолтой өндөрлүүлсэн. Легионер тамирчид эл тойргоос эхэлж оролцдог тул өрсөлдөөн илүү өрнөдөг. Тиймээс ямар баг аваргалах нь одоогоор тодорхойгүй. Энэ нь Монголын волейболчид гадаадын тамирчдаас дутахгүй бэлтгэл хийдэг болсонтой холбоотой. Лигт ур чадвартай, өндөр мэдрэмжтэй, туршлага чамгүй хуримтлуулсан легионерууд байгаа. Манай багт хоёр легионер бий. Нэг нь Куба, нөгөө нь АНУ-ынх. Өндөр, биерхүү, хурдтай, үсрэлт, тэсрэлт сайтай болохоор багийн тоглолтод чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэд хэл, соёл, зан чанар гээд олон зүйлээр өөр ч хоорондоо их эвтэй. Б.Даринчулуун дасгалжуулагч Кубад волейболын чиглэлээр суралцсан болохоор хэлийг нь сайн мэддэг. Бид дасгалжуулагчаараа дамжуулж түүнтэй ойлголцоход амар байдаг юм. Багийн спортод тоглогч бүр зорилгоо нэгтгэн, нэг хүн шиг бодож, сэтгэдэг байж амжилт гаргана. Өнгөрсөн жил бид атгасан гар шиг байж чадсаны үр дүнд аварга болсон гэж боддог.
-Б.Даринчулуун дасгалжуулагч олон багт тоглосон, хашир, туршлагатай тамирчдаар баг бүрдүүлсэн нь лигт түрүүлэхэд давуу тал болсон байх.
-Болох л юм. Намайг “Энагурэ” багт байхад Г.Хонгорзул, Л.Хосбаяр, Б.Энхзаяа, М.Санчирмаа, Б.Ану нар цөөнгүй жил хамт тоглосон. Бид нэг багшийн удирдлагад бэлтгэл хийж, олон тэмцээнд оролцсон болохоор зан чанараа сайн мэднэ. Одоо бол харцаараа ойлголцдог. Нэгнийхээ хөдөлгөөн, үйлдлийг хараад сэтгэл нь тавгүй, ямар нэг зүйлд зовниж байгааг мэднэ. Бидэнд баярлаад аваргын цом өргөсөн, хожигдоод хамтдаа уйлсан үе ч бий. Би тэр цагаас багийнхандаа ээж, эгч нь мэт хандаж ирсэн. Багт анх хөл тавьсан охидод сурсан бүхнээ зааж, мэдсэн зүйлээ харамгүй хуваалцдаг. Дүү нар миний үгнээс зөрж байгаагүй. Зөвлөгөөг минь сонсоод дуу нэгтэй дэмждэг. Эгчийн хувьд багийнхнаа зөв залж, удирдах ёстой. Тэд надаас үлгэр дуурайл авдаг тул бүх зүйлд үүрэг, хариуцлагатай хандаж ирсэн.
-Монголчуудын хөгжил, амьдралынх нь орчин нөхцөл, тамирчдынх нь хандлагатай танилцаад удаагүй АНУ-ын легионерт бүх зүйл шинэ мэт санагдаж байгаа болов уу?
-Тэрбээр байгальд ойр байх дуртай юм билээ. Түүнд Монголын агаар, салхи их таалагдсан гэсэн шүү. Амьдардаг газартай нь манайх зарим талаар төстэй байгаа нь нэг их гайхах зүйл бишийг ярианыхаа дундуур өгүүлсэн. Куба легионер манай улсад ирэх дуртай. Тэрбээр өнгөрсөн жил үлдээсэн өвлийн хувцсаа өмсөөд биднээс ер ялгагдахгүй болсон нь нэг л дотно санагддаг юм.
-Өөрийг тань волейболын спортгүйгээр төсөөлшгүй. Өнгөрсөн он жилүүдэд танд унаж боссон, урам авч, урагшилсан бүхэн тань дурсамж болж үлджээ.
-Би айлын бага, нэг эгчтэй. Багаасаа эрх танхи өссөн. Аав нэг өдөр намайг дагуулж яваад “Ганзам” 20 дугаар сургуулийн волейболын багш Д.Солонготой танилцуулснаар энэ спорттой нөхөрлөсөн. Спортын гараагаа эхлүүлээд удаагүй байхад багш “Эрчим” клубт оруулсан юм. Тухайн үед тус багт Л.Нарантуяа, Ч.Болортуяа, Я.Энхмаа зэрэг шилдэг тамирчин тоглодог байлаа. Нэр хүндтэй том клубийн босгоор алхан, аваргуудтай хамт бэлтгэл хийж, тэмцээнд оролцоно гэж огт төсөөлөөгүй надад шинэ ертөнц мэт санагдаж билээ. Хэний ч дор орохгүй гэдэг шартай зан минь намайг хурцалж, амжилтад хүргэсэн. Эхний хоёр жил багийнхаа эгч нартай лигийн тоглолтод оролцож түрүүлсэн юм. Тэднийхээ бөмбөг, хоол ундыг зөөж гүйхдээ маш их зүйл сурсандаа баярладаг. Спортын талбарт ямар их хатуужил, тэвчээрийн ард гарч байж тамирчин болдгийг тэднээсээ ухаарсан. Д.Баасансүрэн багш, япон дасгалжуулагч нарын удирдлагад жилийн дөрвөн улиралд амрах завгүй бэлтгэл хийсний ачаар амжилтад хүрсэн шүү.
-Аав, ээж тань эрх охиноо хэдэн сарын дараа төрөл арилжсан мэт хэрсүүжсэнийг хараад гайхсан биз?
-Би тамирчин болохоосоо өмнө гэрээсээ өөр газар хонож үзээгүй байлаа. Ах, эгчийндээ очвол шөнө “Айлд хонож чадахгүй. Намайг ирж аваач” гээд аав, ээжийг дуудна. Волейболоор хичээллэж, багийнхантайгаа хамт байрладаг болсноос хойш гэрийн бараа харахаа болив. Дараа нь “Энагурэ” клубт орсон ч мөн тамирчидтай нь долоон жил хамт амьдарсан. БНСУ-ын Жан Жин Хун дасгалжуулагчаас амралтын өдрөөр гэртээ харих чөлөө гуйхад “Орон нутгаас ирсэн нь гэртээ харьж амжихгүй байхад чи явна гэнэ ээ” гээд зэмлэнэ. Тэр бидэнд “Та нар залхуурч, өөрт байгаа боломжоо бүрэн ашиглаж чадахгүй юм” гэж хэлдэг сэн. Түүний нүдэнд биеэ нөөж харагдвал тэр хэрээр ачаалал өндөртэй бэлтгэл хийлгэдэг байв. Гэртээ өдрийн од шиг үзэгдэх болсон надтай манайхан тэмцээн үзэхээр ирэхдээ уулзаж, таван үг сольдог байлаа.
-Жан Жин Хун дасгалжуулагчийг багийнхаа тамирчдад өндөр шаардлага тавьж, өдөрт гурван удаа бэлтгэл хийлгэдгийг өмнө нь сонсоод хатуу, зарчимч хүн байх нь гэж боддог байж билээ.
-Түүний удирдлагад тэгж бэлтгэл хийсний хүчинд одоо ямар ч тэмцээний ачааллыг ажрахгүй даадаг болсон. Тэрбээр гадаадын тэмцээнд оролцуулахдаа тухайн улсын цагийн зөрүүнд тааруулж, бэлтгэл хийлгэдэг байв. Сербийн Белград хотод дэлхийн оюутны спортын наадам болоход биднийг 02:00-05:00 цаг хүртэл бэлтгэл хийлгэж, цээжнээс цус амтагдаад хариугүй унахын даваан дээр арай гэж амраадаг сан. Тэр үед үнэхээр шантарч, уйлаад гэрийнхэндээ “Ингэж зовсноос хичээлдээ анхаарал хандуулъя” гээд ярина. Удалгүй эргэж залгаад “Би гэртээ очихоо болилоо, энд үлдэхээр шийдсэн шүү” гэхэд манайхан “Өнөөхийн чинь ааш нь хөдөлчихжээ” гэдэг байсан. Би аавынхаа ах, дүүсийн нуруулаг, биерхүү удмыг өвлөсөн. Волейболоор хичээллээд илүү өссөн. Миний хувьд багийнхаа монгол тоглогчдоос хамгийн өндөр нь.
-Монголд Зүүн Азийн наадам 2008 онд болоход шигшээ багийнхантайгаа оролцож, хүрэл медаль хүртсэнийг тань санадаг л юм.
-Үүнээс өмнө БНХАУ-ын Шанхайд 2004, Катарын Дохад 2006 онд зохион байгуулсан Зүүн Азийн наадамд оролцож, багаараа шилдэг наймд шалгарсан. Бид гадаадад очоод хамгийн түрүүнд тоглолтын заалыг нь харж, Монголд ийм сайхан заалтай болох сон гэж ярьдаг байв. Очсон орнуудаас Катар хамгийн сайхан дурсамж үлдээжээ. Миний хувьд дээрх наадмуудын тоглолтод өмнөхөөсөө илүү тоглож, өөрийгөө харуулсан гэж боддог. Тэр үед өмнөд хөршийнхөн хүчирхэг гэдгээ харуулж түрүүлсэн. Уг тэмцээн 2008 онд Монголд болоход манайхан ОХУ-ын Буриадын Улаан-Үдийн шигшээг хожиж, хүрэл медаль хүртэж байлаа. Тэр жил Японы баг тэргүүлж, Хятадынх удаалсан. Тухайн үед волейболын эмэгтэйчүүдийн шигшээ багийг “Эрчим” клубийн тамирчдаас бүрдүүлж, Зүүн Азийн наадамд сойсон юм.
-Тайландад 2009 онд болсон Азийн оюутны АШТ-д шигшээ багийг шинээр бүрдүүлж оролцуулсан уу?
-Тэгсэн. Тэр үед багаа ахалж тоглоод хүрэл медаль хүртэхдээ сэтгэл догдолж огшсон. Миний хувьд гадаадын томоохон тэмцээнээс шилдэг тоглогчийн шагналыг анх удаа гардсан минь тэр. Азийн хүчтэй багуудтай эн тэнцүү өрсөлдөж, медальтай ирсэн тэр дурсамж үргэлж бодогддог. Медалийн төлөөх тоглолтод эзэн орны баг аваргаар тодорч, Тайванийнх II, манайхан III байр эзэлсэн. Түүнээс гурван жилийн дараа болсон Азийн оюутны АШТ-ий тойргийн тоглолтод бид Тайландын багийнхантай аваргын төлөө дахин таарч, мөнгөн медаль гардаж байв. Тэр үед надтай хамт тоглодог байсан үеийн тамирчид гэр бүл, үр хүүхэд, ажил, амьдрал гээд спортоос холдсон. Би хүүхдээ төрүүлчхээд хоёр сарын дараа бэлтгэлдээ орж байлаа.
-Та өөрийн гэсэн шавьтай болохоор зорьж, дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн бололтой.
-Тийм ээ. Туслах дасгалжуулагч Д.Билгүүн бид хоёр нэг багшийн шавь. Өнгөрсөн жил гарын шавь нартай болъё гэж ярилцаад дасгалжуулагчаар ажиллах болсон юм. Одоо 7-12, 12-16 насны эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийг бэлтгэл хийлгэж, тамирчин болгохоор зорьж байна. Өнөө үед эцэг, эхчүүд хүүхдээ багийн спортоор хичээллүүлэхийг сонирхдог болжээ. Хүүхдийг багаас нь спортоор хичээллүүлэх нь амжилт гаргахад их нөлөөлдөг. Өдөржин утас ширтэж сууснаас зааланд ирээд хөлсөө гартал бэлтгэл хийхэд эрүүл, эрч хүчтэй, идэвхтэй болно шүү дээ. Багийн спорт хүүхдүүдийг нэгнээ гэх сэтгэлтэй, үүрэг, хариуцлагаа ухамсарладаг, зөв хандлагатай болгон төлөвшүүлдэг давуу талтай.
-Оюутан байх үеийн тань дурсамжаар аялах бодол төрлөө. Тэр үед цаг хугацаа харвасан сум шиг өнгөрөв үү?
-Би ҮБТДС-д дасгалжуулагч мэргэжлээр суралцаж төгссөн. Бэлтгэл, тэмцээн гээд завгүйхэн гүйж явахад дөрвөн жил нүд ирмэхийн зуур өнгөрсөн байв. Сургуулиа төлөөлж, оюутны УАШТ-д оролцохдоо багийнхаа тамирчдын өрсөлдөгч нь болоод тоглоно. Бид нэгнийхээ тоглох арга барилыг мэддэг тул гал гарсан өрсөлдөөн өрнүүлдэг байж билээ. Тус сургуулийн оюутан байхад Б.Хэрлэн дасгалжуулагч анги удирсан багш минь байлаа. Түүний удирдлагад бэлтгэл хийж, олон тэмцээнд оролцсон. Багш дайчин, шударга, тууштай зантай. Бид одоо ч холбоотой. Тэрбээр залуудаа шилдэг тамирчдын нэг байв. Түүний охин, хүү хоёрволейбол тоглодог. Охин нь БНСУ-д сурдаг юм. Энэ удаа “Энагурэ” багийнхантай нэгдэж, лигт оролцож байгаа.
-Хүүхдүүд тань таны тоглохыг өдөр бүр харж байна. Тэд волейболыг сонирхож, хичээллэх болов уу.
-Манайх хоёр хүүхэдтэй. Намайг волейбол тоглодог болохоор сонирхож үздэг. Хаана тэмцээн болно, тэнд хүүхдүүд минь байдаг юм. Ээжийнхээ тоглохыг харсаар байгаад энэ спортын талаар багагүй мэдлэгтэй болсон. Волейбол хэрхэн тоглохыг заагаагүй байхад бөмбөг яаж авахыг мэддэг болчихсон байдаг. Миний хувьд Баянгол дүүргийн 70 дугаар тусгай сургуульд эмчилгээний биеийн тамирын багшаар олон жил ажиллаж байна. Байгууллагын удирдлага, хамт олон минь ойлгож, дэмждэгийн ачаар лигийн тоглолтод алгасалгүй оролцдог.