Монголын шайбтай хоккейн шигшээ баг, “Хангарьд” клубийн довтлогч, спортын мастер И.Гэрэлт удам дамжсан тамирчин. Түүний амжилтын замналыг хоккей, хөл бөмбөггүйгээр төсөөлшгүй. Азийн аварга шалгаруулах “Asian challenge cup” тэмцээнд шигшээ багийнхан зургаан жил медалийн тавцанд зогсож, амжилтаа урагшлуулахад түүний оруулсан хувь нэмэр их. Манайханд дээрх тэмцээнээс 2013-2016 онд хүрэл, 2017 онд мөнгө, 2018-2019 онд медалийнхаа өнгийг хувиргаж, аваргаар шалгарсан бахдам түүх бий. Алтан медаль хүртэх, эсэхийг шийдвэрлэх хүндхэн тоглолтод тэрбээр эсрэг багийн хаалганд гоол хийн, багтаа хожил авчран, Азийн “Шилдэг тоглогч”-оор шалгарсан юм.
Шигшээ багт 2014 онд дуудагдаж, хилийн дээс алхан, тивийн тэмцээнд өрсөлдсөн нь ДАШТ-д улсаа төлөөлж тоглох түүний эхний алхам байв. Мөн тэрбээр Шведийг 2017 онд нөхдийнхөө хамт зорин, бөмбөгтэй хоккейн ДАШТ-ээс хүрэл медаль гардаж, нутаг нэгтнүүдээ баярлуулсан. Эх орондоо жил бүр зохион байгуулдаг лигийн аварга шалгаруулах тэмцээнд “Хангарьд” клубийнхэн 2019-2020 оны улирлын плэй оффын тоглолтод Дархан-Уул аймгийн “Шарын гол” багийнхныг 6:3-аар буулган авч, зургаа дахь удаагаа алтан цом өргөсөн. Багийнхаа тоглогчдоос эсрэг багийн хаалганд хамгийн олон гоол оруулж, “Шилдэг довтлогч”-ийн шагналыг гурвантаа гардсан түүнийг зочноор урьж ярилцлаа.
Тэндээс ирэхдээ дараа Азийн “Үнэ цэнтэй тоглогч”-ийн шагнал заавал авна гэж өөртөө амласан юм. Тэр хүслээ Малайзын Куала-Лампур хотод 2019 онд болсон тэмцээний үеэр биелүүлсэн. Багийнхантайгаа хошой аваргаар шалгарахдаа мэргэн буучийн жагсаалтын эхэнд бичигдэн шилдэг тоглогчийн шагнал хүртэж байлаа.
-Өвлийн спортоос хоккей олны сонирхлыг их татдаг. Дархан-Уул аймагт лигийн АШТ-ий III тойргийн тоглолт удахгүй эхлэх нь. Энэ удаа “Хангарьд” клубийнхэн аваргаа хамгаалж өрсөлдөх байх.
-Манай багийнхан одоогоор таван хожилтой яваа. Үүнээс гадна гурван тойргийн тэмцээн бий. Тиймээс хожигдохгүйг хичээж, бэлтгэлээ шаргуу хийж байна. Бид багтаа ОХУ-аас Андрей Шмагин, Егор Софин хэмээх хоёр легионер урьсан. Улсынхаа хоккейн I лигт тоглодог туршлагатай тамирчид. Нэг нь 2021 онд плэй оффын тоглолтод “Шарын гол”, нөгөө нь өнгөрсөн жил “Багануур” багийнхантай тоглосон. Бид багаараа лигийн тоглолтын аваргаар долоо дахь удаагаа шалгарна гэсэн зорилго тавьсан шүү.
-Орхон аймагт хоккей хөгжсөн нь оросуудтай холбоотой. Таныг хүүхэд байхаасаа аавыгаа тэдэнтэй тоглохыг харж өссөн гэх юм билээ.
-Тийм ээ. Аавыг минь Ж.Идэр гэдэг. Хоккей олон жил тоглосон. Спортын мастер цолтой. Багадаа аавыгаа харж, мөсөн талбайд гулгасаар энэ спортод дурласан. Би хүүхэд насаа өвөл нь өглөөнөөс орой болтол хоккей тоглож, зун нь бөмбөг өшиглөж өнгөрүүлсэн. Шигшээ багт 2014 онд дуудагдсанаар Тайваньд зохион байгуулсан “Asian challenge cup” тэмцээнд оролцож, хүрэл медаль хүртэж байв. Тэндээс ирэхдээ дараа Азийн “Үнэ цэнтэй тоглогч”-ийн шагнал заавал авна гэж өөртөө амласан юм. Тэр хүслээ Малайзын Куала-Лампур хотод 2019 онд болсон тэмцээний үеэр биелүүлсэн. Багийнхантайгаа хошой аваргаар шалгарахдаа мэргэн буучийн жагсаалтын эхэнд бичигдэн шилдэг тоглогчийн шагнал хүртэж байлаа.
-Филиппин улсын Манила хотод 2018 онд болсон “Asian challenge cup”-д манайхан анх удаа түрүүлэхэд та тэмцээний үед бэртэж, сүүлийн тоглолтоос гарч байсан санагдах юм.
-Тэгсэн. Өмнө нь тус тэмцээнээс дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн. Монголын хоккейчид 2018 онд тус улсад болоход нь түрүүлж, аваргын цом анх удаа гардаж байв. Тэр тэмцээний сүүлийн тоглолтод манайхан тэдэнд 4:1-ээр хожигдож явахад би хожлын гурван гоол хийн, оноог 4:4 болгож тэнцүүлсэн ч эсрэг багийн тоглогч хүчтэй мөргөснөөс мөр мултарч, тэмцээнээс гарсан юм. Тэр үед бэртлээс болж чухал тоглолтоо дуусгалгүй үзэгчдийн суудлаас харах надад маш хүнд байлаа. Эх орондоо өнгөрсөн гуравдугаар сард зохион байгуулсан шайбтай хоккейн IV дивизионы ДАШТ-д 4000 үзэгчийн өмнө багийнхантайгаа тоглож, мөнгөн медаль хүртсэн. Монголчууд тамирчдаа дэмжихээр “Степпе арена”-д ирэхдээ гадаадын тамирчдын тоглох техник, өрсөлдөөн ямар байдгийг нүдээрээ үзсэндээ.
-Спортод өгөө, аваа, даагаа нэхэх байдаг л зүйл. Хэрвээ Филиппиний багийг хожсон бол манайхан III дивизионд дэвшин тоглох байсан шүү дээ.
-Филиппиний багийнхан Монголын хоккейчдын мөнхийн өрсөлдөгч. Манайхан “Asian challenge cup-2018”-д нутгийнх нь талбайд хөгжөөн дэмжигчдийнх нь нүдэн дээр хожсон юм. Тэд ДАШТ-д биднээс даагаа нэхсэн. Манайхан 5:5, 6:6-гаар тэнцэж, нэмэлт цагт харамсалтайгаар хожигдсон тэр тоглолт одоо ч миний нүдэнд харагдаж, сэтгэлээс гардаггүй. Тэднээс гадна Тайланд, Тайванийн багийнхан III, АНЭУ-ынх II дивизионд тоглож байна. Монгол Улс мөсөн ордонтой болсон тул залгамж халаа болсон дүү нар энэ спортыг цаашид хөгжүүлж, топ дивизионд дэвшин тоглоно гэдэгт итгэлтэй байдаг.
-Гэрийнхэн тань томоохон тэмцээнээс медальтай ирэхэд баярлаж угтдаг биз?
-Аав, ээж ямар ч тэмцээнээс медаль хүртэхэд “Хүүдээ баяр хүргэе” гээд инээж угтдаг. Манайх хоккейгоор амьсгалдаг гэр бүл. Хоккейн тэмцээн хаана болно тэнд үзээд сууж байдаг юм. Тэр дундаа ээж миний үнэнч фэн. Лигийн АШТ-ий медалийн төлөөх тоглолт эхлэхийн өмнө ажлаасаа чөлөө аваад Улаанбаатарт ирж, заавал үзнэ. Тэднийгээ үзэгчдийн суудалд суусан байхыг харах надад сайхан санагддаг. Хоккейн тэмцээний тоглолт ямар болдгийг аав сайн мэддэг болохоор сэтгэл зүйн тал дээр зөвлөдөг юм. Шийдвэрлэх тоглолтын өмнө “Тайван бай. Сэтгэл зүйгээ бэлдээрэй” гэдэг. Монголд хоккейн тэмцээнд тааруухан өрсөлддөг баг байхгүй. Тиймээс хүчтэй өрсөлдөгч гэж бодож тоглох хэрэгтэй. Би шигшээ багт, “Хангарьд” клубт ч довтлогчоор олон жил тоглож байна.
-Багийн спортын төрөлд хоккейчдыг бөмбөгтэй хоккейн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнээрээ анхдагч нь гэж ярих хүмүүс байдаг л юм.
-Багийн спортын төрөлд 3х3 сагсан бөмбөгийн тамирчдыг ДАШТ-ээс медаль эхэлж хүртсэн гэж хүмүүс ярьдаг. Үнэнийг өгүүлэхэд, Швед улсад 2017 онд зохион байгуулсан бөмбөгтэй хоккейн ДАШТ-д Монголоос хоккейн шигшээ багийнхан хүрэл медаль хүртсэн түүх бий. Бөмбөгтэй хоккей дөрвөн дивизионтой. Манайхан II дивизионд хүчирхэг багуудтай өрсөлддөг. Герман, Нидерланд, Чех, Японы шигшээтэй тоглож, хүрэл медалиас атгах амар байгаагүй. Тэр жилийн тэмцээнд бид Канадын багийнхантай оноо тэнцэж, нэмэлт цагт хожигдсоныг хүмүүс төдийлөн мэддэггүй. Бид ДАШТ-д улсаа төлөөлж оролцохын тулд ОХУ-ын Буриадын Эрхүү хот хүртэлх урт замыг машинаар туулж, тэндээс Шведийг зорьсон. Ивээн тэтгэх байгууллага тэр бүр олддоггүй тул зардлаа хэмнэх гэж тэр шүү дээ. Шведийн захдуу нэг хотод ДАШТ болоход Стокхолм хотоос 100 гаруй монгол хүн ирж, биднийг дэмжиж үзэх сайхан байлаа. Хүрэл медалийн төлөөх тоглолтод Японы багийг хожсон баярт мөчийг нутаг нэгтнүүдтэйгээ хамт хуваалцахдаа үнэхээр огшсон. Тэр үед яг эх орондоо байгаа мэт сэтгэгдэл төрж билээ.
-Шигшээ багийн босгоор алхаад ах нараасаа сурсан зүйл их байдаг уу?
-Бий бий. Эхний хоёр жил сэлгээнд сууж, тэднийхээ тоглолтыг үздэг байлаа. Гурав дахь жилээс талбайд гардаг болсон. Хоккейтэй нөхөрлөсөн 15 жил бага хугацаа биш. Өнгөрсөн жилүүдэд ах нараасаа суралцан, үгнээс нь зөрөлгүй, хэлсэн, зөвлөснийг нь сонсон хүндэлж ирлээ. Хүүхэд байхдаа сурсан бүхэн минь одоо алхам тутамд хэрэг болж байна. Үүний давуу тал нь хаана ч очсон ажлын ачаалал дааж, багаар ажиллах чадвартай болжээ. Багийн спортод эв нэгдэл, хүмүүжил, сахилга бат чухал. Энэ нь ч хоккейн тэмцээний үед илүү анзаарагддаг юм. Бид нэгийгээ нэг, хоёр насаар ах байсан ч та гэж хүндэлдэг. Багийн уур амьсгал нэг зорилго, тэмүүлэлгүй бол хэчнээн сайн тоглогчидтой байгаад ч амжилтын тухай ярих хэцүү. Ямар ч үед нэгэндээ ойр байж, ажил, амьдрал, зовлон жаргалд нь дэм болсноор жинхэнэ баг бүрддэг.
-Тамирчдад тулгардаг саадыг та ч гэсэн зах зухаас нь мэдэрсэн байлгүй.
-Бид энэ спортод дуртай болохоор шантармаар зүйлтэй нүүр тулсан ч даваад гардаг. Тиймдээ ч хоббидоо хөтлөгдөж, үнэнчээр тоглож байгаа. Амьдралынхаа 20 жилийг үүнд харамгүй зориулсан тамирчин цөөнгүй бий. Эх орондоо хоккейг хөгжүүлж, хойч ирээдүйдээ өвлүүлж үлдээх сэн гэх сэтгэлтэй нь тууштай хичээллэж, үлдсэн гэж боддог. Би айлын бага хүү, эрх өссөн. Гэхдээ аав намайг өвлийн хүйтэнд хоккей тоглож, даарлаа гэж хэзээ ч бөөцийлж байгаагүй. Хатуужил, тэвчээр, бэрхшээлийн ард гарч байж тамирчин болдгийг хүүхэд байхаас минь биеэрээ үлгэрлэж харуулсан. Тэр хэрээр спорт бол тэсвэр тэвчээр бүхний үндэс гэдгийг ойлгодог болсон доо. Хоккей үзэгчдийн сонирхлыг татдаг ч өртөг өндөртэй спорт. Хувцас хэрэглэл нь үнэтэй. Хоккейчдын хамгийн их сольдог зүйл бол цохиур. Багийнхнаасаа цохиур их хугалдаг нь би. Нэг улиралд таван цохиур солих жишээтэй. Хоккейн багт тоглодог тамирчид ажлаа зохицуулаад тэмцээнд оролцдог. Миний хувьд аавынхаа ажлыг залгамжилж, уурхайчин болсон. Байгууллагын удирдлага, хамт олон ойлгож, тэмцээн эхлэхээс 14 хоногийн өмнө ажлаас чөлөөлж, бэлтгэл хийлгэдэг. Лигийн АШТ-ий медалийн төлөөх тоглолт эхлэхэд Орхон аймгийн хөгжөөн дэмжигчид “Хангарьд” багийнхныг дэмжээд үзнэ шүү дээ.
-Хоккейн спорт таныг хэр өөрчилж, ямар байр суурьт аваачив?
-Энэ спортоор хичээллээд өөртөө авсан эерэг зүйл бол хүндлэл, хэнийг ч ялгаварлахгүй харилцаж сурсан. Миний хувьд хоккейгоос гадна хөл бөмбөг тоглодог. 2021-2022 онд Монголын хөл бөмбөгийн дээд лигт багийнхантайгаа оролцсон. Энэ жилээс хоккейн бэлтгэлдээ анхаарал илүү хандуулж байгаа. Хөл бөмбөг тоглодгийн давуу тал хоккейн тэмцээнд ч харагддаг. Энэ утгаар яривал спортын хоёр төрөлд найз нөхдийн хүрээлэл өргөн болжээ.