Монгол Улсад сонсголгүй эмэгтэйчүүд гэр бүл болон нийгмийн орчинд өөрсдийн боломжийн хэрээр идэвхтэй ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан сургуулийн өмнөх болон сургуулийн насны боловсрол олгох байгууллагуудад багш, эрүүл мэндийн салбарт эмч, сувилагч, асрагч зэрэг асрахуйн цалин хөлстэй шууд хөдөлмөр эрхлэхийн зэрэгцээ нийтийн болон хувийн байгууллагуудад захиргааны ажилтан, үйлчлэгч, цэвэрлэгч, тогооч, угаагч зэрэг шууд бус асрахуйн хөдөлмөр эрхэлдэг байна.
Сонсголгүй Иргэдийн Соёлын Төв ТББ нь сонсголгүй эмэгтэйчүүдийн дунд Асрахуйн хөдөлмөр ба түүнийг дагалдан гарах эдийн засгийн ойлголтыг түгээх, мөн хөдөлмөр эрхэлж буй, гэртээ хүүхдээ асарч буй сонсголгүй эмэгтэйчүүдэд тулгамдсан асуудлыг хэлэлцэх, цаашид бодлогын нөлөө хийхээр “Асрахуйн эдийн засаг дахь сонсголгүй эмэгтэйчүүдийн оролцоо, хувь нэмэр” сэдэвт сонсголгүй эмэгтэйчүүдийн үндэсний анхдугаар чуулганыг зохион байгуулж байна. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Дархан-найрамдал сонсголгүй иргэдийн холбоотой хамтран Улаанбаатар хот болон Дархан-Уул аймагт зохион байгуулахаар төлөвлөжээ.
Улаанбаатар хот дахь чуулган өнөөдөр 09:00-12:00 цагийн хооронд үргэлжилж байгаа бөгөөд хот хөдөөгийн 60 төлөөлөгч буюу Өвөрхангай, Ховд, Баян-өлгий, Хөвсгөл, Дорноговь, Увс, Архангай, Дархан-Уул зэрэг хөдөө орон нутгаас сонгогдон оролцож байна. Орон нутгийн төлөөлөгчдийг тус чуулганд оролцуулах ажилд Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газар туслан, орон нутгийн эмэгтэйчүүдийг үнэ төлбөргүй тээвэрлэжээ. Тус чуулганыг Монгол дахь Азийн сан, мөн Азийн эмэгтэйчүүдийн сан, Монфемнет үндэсний сүлжээ, Монголын эмэгтэйчүүдийн сан зэрэг байгууллагууд дэмжин ажиллаж байна.
Асрахуйн эдийн засаг гэдэг ойлголт дэмжлэг туслалцаа хэрэгтэй хүмүүст шууд үзүүлж буй асаргаа, халамжийн үйл ажиллагааг хөлстэй болон хөлсгүйгээр гүйцэтгэж буй төрөл бүрийн ажил, хөдөлмөр эрхлэлтийг илэрхийлнэ. Тэдгээрт хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настай болон өвчтэй хүмүүст үзүүлж буй үйлчилгээ багтана.