Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар өнгөрсөн долоо хоногт өргөн мэдүүлсэн нь олон нийтийн шүүмжлэлтэй тулгарсан билээ. Үүнтэй холбоотойгоор Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооныхон эсэргүүцлээ илэрхийлж, хуулийн төслөө эргүүлэн татах шаардлагыг санаачлагчдад нь тавиад байв. Тус холбооныхон “Үндэсний аюулгүй байдал, дотоодын ажиллах хүч, хөдөлмөрийн зохистой харилцаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй хуулийн төслийг УИХ хэлэлцэх ёсгүй” гэж байр сууриа илэрхийлсэн. Тодруулбал, гадаадаас ажиллах хүч олноор оруулж ирэх бус, дотоодын иргэдийнхээ хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн юм. Түүнчлэн Иргэдийн оролцооны нэгдэл болон САИН-ынхан, иргэдийн төлөөлөл өчигдөр төв талбайд тайван жагсаал зохион байгуулав. “Монголчуудыг эх орноос нь шахан гаргаж, гадаад руу “дүрвэх” үйл явцыг гааруулах хуулийн төсөл санаачилсан гишүүдэд хариуцлага тооцож, буцаан татахыг шаардаж байна. Гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байхыг хуульчлах нь буруу. Ямар нэгэн хэмжээ, хязгаар байх ёстой” гэж жагсагчид хэлж байлаа.
Жагсаал үргэлжлэхтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар Төрийн ордонд хэвлэлийн хурал хийж, хуулийн төслөө эргүүлэн татахаа мэдэгдэв. Олон нийтийн шүүмжлэлийн улмаас ийм шийдэлд хүрснээ гишүүн П.Сайнзориг хэлсэн. Тэрбээр “Олон нийтэд бүрэн дүүрэн мэдээлэл өгөөгүйгээс бухимдал үүсгэсэндээ уучлалт хүсье. Ажиллах хүчний хомсдолыг шийдэх өөр ямар гарц байгааг судална. Мөн монгол залуусаа ажлын байраар хангахын тулд шаардлагатай ур чадваруудыг богино хугацаанд хэрхэн эзэмшүүлэхийг судалж, арга зам эрэлхийлье гэж бодож байна. Үүнээс гадна хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийг дэмжсэн хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарах шаардлагатай” гэв.
Мөн гишүүн Н.Батсүмбэрэл “Иргэдийн санал, шүүмжлэлийг хүлээн авч хуулийн төслийг эргүүлэн татахаар боллоо. Гэхдээ хувийн хэвшил, ялангуяа жижиг, дунд бизнест ажиллах хүчний хомсдол нүүрлээд байна. Тиймээс цаашид ажиллах хүчний судалгааг илүү нарийвчлан хийж, өөр шийдэл боловсруулах чиглэлээр ажиллана” гэв.
М.Оч