“Цагаан хаалга” хотхонд байр захиалсан 500 өрхийн 5000 орчим иргэнийг “Бүрэн-Өргөө” ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар хохироож буй талаар өчигдөр мэдээлэл өгсөн юм. Тодруулбал, 2018 оны дөрөвдүгээр сараас Хан-Уул дүүрэгт “Бүрэн-Өргөө” ХХК-ийн хэрэгжүүлсэн төсөл болох “Цагаан хаалга” хотхонд иргэд байр захиалсан байна. Захиалагчдын олонх нь төлбөрөө 100 хувь төлжээ. Гэвч гэрээнд заасан хугацаанд байрыг нь ашиглалтад оруулсангүй. Иргэд түрээсийн байр болон айлын хашаанд амьдарч буй аж. Энэ талаар хэвлэлийн хуралд оролцогчдын төлөөлөл “Бүрэн-Өргөө” компанийн захирал Д.Зоригтбаатар 2023 оны тавдугаар сард захиалагчид болон УИХ-ын нэр бүхий гишүүнтэй уулзах үеэрээ “Санхүүгийн чадамжгүй байгаа учраас энэ төслийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй” гэж хэлсэн. Бид тэмцсээр байгаад 2023 оны есдүгээр сард ажлын хэсэг болон дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, хуулийн зөвлөхийн тусламжтайгаар “Бүрэн-Өргөө” компанийн гүйцэтгэх захирлыг захиалагчийн төлөөлөгч Бямбасүрэн гэх хүнээр томилуулсан юм. Тэгээд 40-50 хувийн гүйцэтгэлтэй, олон жил царцсан барилгыг захиалагчид өөрсдийн хөрөнгөөр хамтран барьсан. Гэтэл энэ оны арваннэгдүгээр сард Д.Зоригтбаатар захиалагчдын төлөөлөл Бямбасүрэнг ажлаас нь халж, өөрөө гүйцэтгэх захирал боллоо. Ингэхдээ байрны ам метр талбай бүрд 900 мянган төгрөг нэмж авна гэсэн. Үүнийг бид эсэргүүцэж байгаа. Бидний 20 сарын хүч хөдөлмөр үгүй боллоо” гэв.
Мөн “Нисэх цагаан хаалга” захиалагчдын ТББ-ын тэргүүн В.Хоролмаа “Гурван ахмад настан байраа хүлээсээр орж чадалгүй өөд боллоо. Олон жил сунжирсан, хүний эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн энэ асуудлаас болж гэр бүл салж, хүүхэд өнчирч, эдийн засгаараа хохирч, зарим нь амиа алдаж байна. Цаашид хэчнээн хүн хохирох вэ” гэсэн юм.
Тус хотхоны захиалагчдын эрх ашгийг хамгаалах холбооны зөвлөх Б.Жагар олон хүний хохироосон энэ асуудлыг төр засаг анхааралдаа авч, хохирлыг нь барагдуулж, орон сууцыг ашиглалтад оруулахыг шаардав. Тэрбээр барилгын ажлын явц 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд хүлээлгэн өгөхөд багахан ажил үлдсэн тул улсаас анхаарал хандуулахыг хүссэн юм. “Цагаан хаалга” хотхоны захиалагчид өнгөрсөн зургаадугаар сард Төрийн ордны гадаа суулт зарлаж байв.
Ч.Болор