Манай орны нийт нутгийн 60 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтоод байгааг цаг уурын байгууллагаас мэдээлэв. Сэлэнгэ аймгийн Сүхбаатарт 19, Баянхонгорын Гурванбулаг сумын нутагт 23 см зузаан цас тогтсон байгаа нь одоогоор дээд үзүүлэлт аж. Эдгээр үзүүлэлтийг өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад цасан бүрхүүл тогтсон газар нутгийн хэмжээ болон зузаан нь харьцангуй бага байна. Тухайлбал, өнгөрсөн жилийн өдийд нийт нутгийн 80 гаруй хувь нь цастай байжээ. Цасны зузаан нь 39 см-т хүрч, хунгарласан газартаа 50 см-ээс давж байсан гэнэ.
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийнхний хийсэн тандалт судалгаагаар одоогоор Баян-Өлгийн Сагсай, Баянхонгорын Баянбулаг сумын нутагт цагаан зуд нүүрлээд буй аж. Мөн 10 аймгийн 32 сумд цагаан зуд болох эрсдэл өндөр гэх дүн гарчээ. Үүнээс Увс аймагт нөхцөл байдал хамгийн хүнд бөгөөд Малчин, Тэс, Сагил, Улаангом, Давст, Завхан, Түргэн, Зүүнговь, Наранбулаг гэсэн есөн сумд нь өвөлжилт хүндрэх эрсдэлтэй гэнэ. Тэгвэл өнгөрсөн жилийн мөн үед 15 аймгийн 89 сум цагаан зудтай байв. Мөн хоёр аймгийн таван сумд харын зуд нүүрлэсэн байжээ.
Ч.Зул