“Баялагтаа эзэн Монгол” төрийн бус байгууллагынхан өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, Засгийн газрыг огцруулахыг шаардлаа. Ерөнхий сайдаар улиран ажиллаж буй Л.Оюун-Эрдэнэ “Би шударгаар ажиллаж байна” гэсэн “тоглолт хийх”-ээс өөр юуг ч бүтээлгүйгээр дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэх гэж байгааг тус байгууллагынхан шүүмжилсэн юм. Тиймээс ажил хийдэггүй, дэмий ярихаас өөрийг мэддэггүй Засгийн газрын тэргүүн болон бусад сайд нь ч огцрох ёстой гэв. “МАН-ын үе үеийн дарга нарын буруутай үйлдлийн улмаас Улаанбаатарын утаа, түгжрэл хэрээс хэтэрсэн. Агаарын бохирдлыг устгалгүй бараг 30 жил болсны уршгаар нийслэл даяараа өвчтэй болж байна. Хүүхдүүд өвлийн турш ханиадтай байдаг боллоо. Бас хотын замын түгжрэл утгаа алдаж, улам нэмэгдсээр байгаа. Засгийн газар нь түгжрэлийг хотын удирдлага шийднэ гээд зөнд нь хаячихсан. Гэтэл хотын удирдлага нь юу ч хийдэггүй. Уг нь иргэдийн төлөөлөл болон ажиллаж буйнхаа хувьд эрх баригчид нэгдэж, хамтарч байж эдгээр асуудлыг шийдэх ёстой. Ийм нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй, иргэдийнхээ төлөө юу ч хийдэггүй Засгийн газар огцрох ёстой” гэж дээрх байгууллагын төлөөлөл хэллээ.
Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэдийн эсэргүүцлийг намжаахын тулд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны ногдол ашиг тараах шийдвэрийг хууль бусаар гаргасан гэдгийг “Баялагтаа эзэн Монгол” төрийн бус байгууллагынхан дурдав. Тодруулбал, компанийн ТУЗ хуралдаагүй байхад ямар тооцоолол, шийдвэрт үндэслэн ногдол ашиг тараахаар болсноо тайлбарлахыг шаардав. Эрх баригчид энэ мэтээр хууль бус үйлдэл хийсээр байхад АН-ынхан хамтран засаг барихаас татгалзаж, сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх ёстойг ч дээрх байгууллагынхан онцоллоо.
М.Оч