-Зар сурталчилгааны сайтууд л биржийн үүргийг гүйцэтгэдэг-
Сүүлийн хоёр жилд ажилгүйдлийн түвшин буурсан сайн мэдээ бий. 2022 онд эл үзүүлэлт 8.5 хувьтай байсан бол өмнөх жилд түүхэн доод түвшинд хүрч, 5.2 хувьтай гарсныг Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос зарласан юм. Гэсэн ч нөгөө талд ажилгүй хүний тоо нэмэгдсээр л байна. Хүн амын төрөлт буурсантай холбоотойгоор 2028 он хүртэл жилд дунджаар 30-40 мянган ажиллах хүчний хомсдол үүсэх эрсдэлтэйг салбарын яамнаас анхааруулсан. Өөрөөр хэлбэл, жил бүр ийм тооны ажлын байр “хоосрох” аюул нүүрлэж. Нэмээд Засгийн газраас 2024-2028 онд 14 мега төслийг хэрэгжүүлэхэд 280 мянган ажлын байр бий болно гэж тооцсон. Тэгэхээр манай улс ирэх дөрвөн жилд ажлын байруудыг эзэнтэй болгоход л гол анхаарлаа хандуулах шаардлагатай болох нь. Үүнд хөдөлмөрийн биржүүд манлайлан оролцох учиртай.
Манай улсын хөдөлмөрийн насны, ажил хийх боломжтой 70-100 мянган хүн жил бүр сайн дураараа “лааз өшиглөж” буй. ҮСХ-ны судалгаагаар 2022 онд ажилгүй хүний тоо 104 мянгад хүрч байв. Харин сүүлийн хоёр жил эл үзүүлэлт буурсаар, энэ оны эхний улирлын байдлаар 71 800 хүн ажилгүй, хөдөлмөр эрхлэх сонирхолгүй, амьдралын идэвхгүй аж төрсөөр. Уг нь эдгээр иргэнийг ажилтай, орлоготой болгох, ажлын байранд зуучлах, мэргэшүүлэх нь хөдөлмөрийн биржүүдийн үүрэг. Гэвч Монголд ийм төв байдаг, эсэхийг ч “мэдэгдүүлэхгүйгээр” ажиллах нь биржүүдийн ур чадвар гэлтэй. Цахим техник, технологи хурдтай хөгжин, хүн төрөлхтөн түүнтэй хоршин, өрсөн амьдарч буй атал харин манай хөдөлмөрийн биржүүд “унтаж” байх. Ажилгүйчүүдийн тоо нь ч бахь байдгаараа, холбон зуучлах үүргээ ч гүйцэтгэдэггүй хуучны биржүүдээ татан буулгавал ер нь яасан юм бэ.
Хөдөлмөрийн биржүүдийн үүргийг яг үнэндээ Зангиа.мн, Үнэгүй.мн, Шуурхай зар зэрэг зар сурталчилгааны нэгдсэн хуудас, ийм төрөлжсөн сонинууд л гүйцэтгэж байгаа шүү дээ. Биржүүд нэртэй бүртгэлийн газар манайд олон бий. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ГБХНХЯ)-ны харьяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ) болон орон нутаг, дүүргүүдийн халамж, үйлчилгээний хэлтсийн “бөөрөнд” байх хөдөлмөрийн биржүүд нь ажил, ажиллах хүч хайж очсон хүмүүсийг бүртгэхээс өөр дорвитой ажил хийдэггүйг иргэд шүүмжилж байна. Тус яамны статистикаас үзвэл 2022 онд улсын хэмжээнд төр, хувийн хэвшлийн хөдөлмөрийн 71 бирж үйл ажиллагаа явуулж байжээ. Хувийн бирж олшрох болсон нь Хөдөлмөрийн сайд (тухайн үеийн)-ын 2014 оны А/123 дугаар тушаалтай холбоотой гэнэ. Тодруулбал, энэхүү журмаар хөдөлмөрийн хувийн биржүүдийг улсад бүртгэн, гүйцэтгэл, тарифаар нь тооцон санхүүжилт олгож байсан нь ийм бирж борооны дараах мөөг шиг олшрох нөхцөл болжээ. Тус зохицуулалтыг хүчингүй болгосны дараа бүртгэлтэй баахан “амьгүй” бирж л үлдсэн байна.
Ажил хайгч иргэдийг эзэдтэй холбох, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, зөвлөгөө өгөх, зуучлах үйлчилгээ үзүүлэх ёстой биржүүд ийн “нам гүм” ажилласаар. Тэдгээрийн ажлын үр дүн, чанартай холбоотой статистик мэдээлэл ч хомс аж. Ерөнхийдөө ХХҮЕГ, нийслэл болон 21 аймаг дахь салбар нэгжүүд нь л хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн “өнгө”-ийг тодорхойлох аж. Амжилттай ажиллаж буй, хувийн нэгэн биржийн төлөөлөл “Төрийн албаны биржийнхэн ажил хайгчдыг мэргэшүүлэх, ур чадвар эзэмшүүлэхэд төдийлөн анхаардаггүй. Халамж, үйлчилгээний хэлтсүүдийн хүний нөөц “хоцрогдсон”. Биржүүдийн ажлын явцыг бусад улс орны хөдөлмөрийн зах зээлийн үйл ажиллагаатай харьцуулахад өчнөөн жилээр “сүүл мушгиж” яваа нь үнэн. Хүний нөөцийн олонх нь дижитал платформуудтай ажиллаж чаддаггүй. Байгууллагын техникийн хүчин чадлын хувьд ч муу. Манай эрх баригчид “Төр, хувийн хэвшлийнхний түншлэлийг сайжруулах хэрэгтэй” гэж ам нээх бүрдээ ярих мөртлөө ачир дээрээ хувийнхныг дэмждэггүй. Өөрсдөө өмнүүр орж бизнес хийх гэдэг. Тэгсэн атлаа чанартай ч үйлчилгээ үзүүлчихдэггүйн нэг жишээ нь хөдөлмөрийн биржүүд юм. Биржүүд төр, хувийнхнаараа дотооддоо нэгдэх, цаашлаад олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах хэрэгцээ бий. Ингэж гэмээнэ Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийг зохицуулах, ажилгүйдлийг бууруулахад биржүүд чухал үүрэгтэй оролцох боломж нь нээгдэнэ. Цаашлаад дэвшилтэт технологиуд нэвтрүүлэх, тэр дундаа орон нутгийн биржүүдийг “хөдөлгөөн”-д оруулах нэн шаардлагатай. Хөдөө ажилгүй хүн олон байна шүү дээ. Хөдөлмөрийн биржүүдийг хөгжүүлэхэд чиглэсэн хуулийн шинэчлэл, хөрөнгө оруулалтыг төр, засгаас даруй хийгээсэй” гэж ярьсан юм.
Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт олон улсын жишигт нийцсэн хөдөлмөрийн бирж байгуулж, нийгмийн үйлчилгээний үндэсний платформыг нэвтрүүлэх замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн байдаг. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Манай улс ажиллах хүчний хомсдолтой, тэгсэн хэрнээ ажилгүйдэл, ядуурал ихтэй. Энэ нь боловсон хүчин бэлтгэх тогтолцооны гажуудал бий болсны, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн бодлого алдагдсаны наад захын жишээ. Тиймээс хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд суурилсан бодлого хэрэгжүүлэх, хэрэгжилтийн чанар, хүртээмжийг сайжруулахын тулд үүнтэй холбоотой хууль, эрх зүйн орчныг эхний ээлжид шинэчлэх шаардлагатай. Үүний хүрээнд Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д энэ сарын 20-нд өргөн барилаа.
Манай улсын ажиллах хүчний хөдөлмөрийн дундаж бүтээмж дэлхийн дунджаас 3.6, БНСУ-ынхаас 5.4 дахин бага. Дэлхийн улс орнууд эдийн засгаа тогтвортой өсгөхийн тулд иргэдийхээ ажлын бүтээмжийг өндөрсгөхийг зорьдог. Иймд төр, хувийн хэвшлийн бүх түвшинд бүтээмжийг нэмэгдүүлэх бодлого, зохицуулалт, арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх замаар зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхийг зорьж байна. Эхний ээлжид бүтээмж, цалин өндөртэй уул уурхай, мэдээлэл технологи, банк санхүүгийн салбарт гадаадаас авах ажиллах хүчнийг цөөлж, эдгээр салбарт дотоодын нөөцөө ашиглах шаардлагатай.
Харин барилга, зам, боловсруулах үйлдвэр зэрэг улирлын шинж чанартай бүтээн байгуулалтын салбарт гадаад ажилтны квот тогтоож, уян хатан шийдэж болох асуудлыг эл хуулийн төсөлд тусгасан. Ажилтан, эздийн хооронд холбон зуучлах голлох үүрэгтэй оролцдог биржүүдийн үйл ажиллагааг ч удахгүй тодорхой болгоно. Үүний эхлэл болгож, Улаанбаатар хотод ажлын байр, хөдөлмөр зуучийн иж бүрэн дөрвөн төвийг энэ онд нээж, ашиглалтад орууллаа. “Job center” төвийг уламжлалт биржүүдээс ялгаатайгаар, гэр бүлүүдэд, хүүхдээ асардаг ээжүүдэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гэхчлэн үйл ажиллагааг нь төрөлжүүлэн чиглүүлснээрээ онцлогтой. Хөдөлмөр эрхлэхийг хүссэн хүн бүрд дээрх төвүүд нээлттэй үйлчилнэ. “Job center”-ийг одоогоор нийслэлийн Хан-Уул, Баянгол, Сүхбаатар дүүрэгт байгуулсан. Иргэд өөрт ойр салбараар үйлчлүүлснээр ажил, мэргэжлийн чиг баримжаагаа олох, ур чадварын үнэлгээ хийлгэх, зөвлөгөө авах, ажил хайх, зуучлуулах, хөдөлмөрийн зах зээлийн сүүлийн үеийн болон салбарт хэрэгжүүлж буй хууль тогтоомж, дүрэм журмын талаарх мэдээ, мэдээллийг нэг дороос авах боломжтой. Улсын хэмжээнд нийт 19 ийм төв байгуулахаар тусгасан. Ингэснээр биржүүдийн чадамж, хүртээмж сайжирна” гэж ярилаа.
Монголын хөдөлмөрийн зах зээлд ажил хайгчдын ур чадвар, эздийн тавьдаг шаардлага хооронд томоохон зөрүү байсаар ирсэн, одоо ч бий. Өөрөөр хэлбэл, эздэд шаардлагатай ур чадвартай ажиллах хүчин олддоггүй, голох нь түгээмэл. Тэгвэл АНУ, Европын орнуудын хөдөлмөрийн биржүүд энэхүү ур чадварын зөрүүг багасгахын тулд ажил хайгсдыг тасралтгүй сургаж, дахин мэргэшүүлэх хөтөлбөрүүдийг идэвхтэй хэрэгжүүлсээр байна. Онлайн платформууд болон орон нутгийн биржүүд нь хоорондоо уялдаатай ажилладаг. Хиймэл оюун ухаанаар их өгөгдөлд анализ хийж, шийдвэр гаргахад ашигладаг аж. Хөгжингүй орнуудад биржүүд нь энэ мэт хөдөлмөрийн зах зээлийнхээ чиг хандлагыг тодорхойлох, бодлого боловсруулагчдыг мэдээлэл, арга зүйгээр хангах үүргийг маш сайн гүйцэтгэдэг. Жишээ нь, Европын Холбооны улсуудад хөдөлмөрийн биржүүдийн дэмжлэгээр ажилгүйдлийн түвшнийг 2021 онд 15 хувиар бууруулсан, Канадын төрийн биржийн сургалтын хөтөлбөрүүдийн ачаар ажил хайгсдын 60-аас дээш хувь нь тухайн жилдээ ажилд тогтмол ордог болсон, АНУ биржүүдийнхээ тусламжтайгаар ДНБ-ээ өсгөсөөр буй гэнэ.
Харин манайд судалгаа, дата нь хангалттай ч түүнийгээ эргэлтэд оруулж, “муу” үзүүлэлтүүдийг бууруулахад хариу арга хэмжээ авч ажиллахдаа тааруу. Биржүүд хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, өгөгдөл цуглуулах, дүн шинжилгээний ажлуудыг хангалттай хийдэггүй. Биржүүд муу ажиллаж буйг хөдөлмөр эрхэлдэггүй хүний тоо сүүлийн 10 жилд нэг шугамд “гацсан” үзүүлэлтээр л баталчхаж болмоор.