Сонгинохайрхан дүүргийн VI хорооны нутаг, Ханын материал орчмын 9.7 га талбайд 3000 айлын орон сууц барихаар төлөвлөсний дагуу газар чөлөөлөх ажлыг үргэлжлүүлж буйгаа нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас саяхан мэдээлсэн. Нийт 232 иргэн, хуулийн этгээдийн газрыг чөлөөлөхөөс одоогийн байдлаар 137-той нь зөвшилцөж, гэрээ байгуулжээ. Харин үлдсэн 95 иргэн, хуулийн этгээдтэй хэлцэл хийж байгаа гэнэ. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Мөнхбаяр “Өвөл боллоо гээд газар чөлөөлөх ажлаа зогсоохгүй. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль, Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд үндэслэн газар чөлөөлөх журмын дагуу бүх ажлыг шуурхай явуулна” хэмээн ярьсан байна.
Үндсэндээ Ханын материалд орон сууцын цогцолбор барих нь тодорхой болов. Газар чөлөөлөлт удааширна, саатна гэж айлтгүй бололтой. Учир нь нөлөөлөлд өртөгчид буюу аливаа төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр сонгосон бүсэд буй иргэдийн 70-аас доошгүй хувь нь газар чөлөөлөхийг дэмжсэн тохиолдолд бусдыг нь албадан чөлөөлөх зохицуулалтыг өнгөрсөн оны сүүлчээс мөрдөж эхэлсэн, нийслэлийн түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулахтай холбоотой хуульд тусгасан. Өөрөөр хэлбэл, нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар албадан чөлөөлөх шаардлагатай үед нөлөөлөлд өртөгч иргэдийн олонхын санал, дэмжлэгийг чухалчлах бодлого баримталж буй.
Дээр дурдсан жишээнд гэхэд нөлөөлөлд өртөгч иргэдийн олонх буюу 60 гаруй хувь нь төсөл хэрэгжүүлэгчидтэй сайн дурын үндсэн дээр зөвшилцөж, гэрээ байгуулжээ. Зарим нь өдгөө хэлцлийн шатандаа байгаа гэнэ. Тэгэхээр тухайн бүсэд оршин суугчдаас 70 хувийн дэмжлэг авах нь, цаашлаад үлдсэн иргэд, хуулийн этгээдийн газрыг албадан чөлөөлөх нь цаг хугацааны асуудал юм. Хэрэв иргэдийн санал 70 хувийн “босго” давсан тохиолдолд нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар бусад өмчлөгч, эзэмшигчийн газрыг албадан чөлөөлөх шийдвэр гаргаж, 9.7 га талбайг “мэдэлд”-ээ бүрэн авна. Үүний дараа хөрөнгийн үнэлгээ хийх, нөхөх олговор олгох (газрыг газраар, эсвэл хөдлөх, үл хөдлөх хөрөнгөөр дүйцүүлэх болон мөнгөн хэлбэрээр) ажлыг хууль, журмын дагуу хэрэгжүүлэх учиртай. Тиймээс л энэ ажил цаашид саадгүй үргэлжилнэ гэж итгэлтэй хэлж буй хэрэг.
Хотын дарга Х.Нямбаатарын “автор”-той гэж хэлж болох Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөхтэй холбоотой зохицуулалтуудыг тусгасан. Нийгмийн зайлшгүй хэрэгцээ гэдэгт боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээ, нийтийн номын сан, соёлын байгууллага, спортын байгууламж, эрчим хүч, дулаан, ус хангамж, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж, харилцаа холбооны шугам сүлжээ, авто, төмөр зам, гүүр, нүхэн гарц, явган хүний болон дугуйн зам, нийтийн хэрэгцээний авто зогсоол, нийтийн тээвэр, гэр хорооллыг орон сууцжуулах зэргийг багтаасан. Эдгээртэй холбоотой төсөл, арга хэмжээг нийслэлийн удирдлагууд Улаанбаатарт хэрэгжүүлэхдээ нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэс болгож иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, өмчлөлийн газрыг давуу эрхтэйгээр, чөлөөлүүлэн авах боломжтой гэсэн үг. Үүнийгээ сайн дурын болон албадлагын хэлбэрээр хэрэгжүүлнэ. Газар өмчлөгч, эзэмшигчтэй харилцан тохиролцож, худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр газар болон түүний дээр байгаа үл хөдлөх хөрөнгийг үнэлж, эрхийг нь шилжүүлэн авах боломж бий. Харин ийнхүү харилцан тохиролцож чадаагүй тохиолдолд албадан чөлөөлөх шаардлага үүсэх юм. Ингэхдээ албадлагын арга хэмжээг шууд хэрэгжүүлэхгүй, гагцхүү олон нийтийн саналд тулгуурлах ёстой. Албадан чөлөөлөх үйл ажиллагаа нь нийтийн ашиг сонирхол, нийгмийн сайн сайхан байдлыг хангах гэсэн ганцхан зорилгоор зөвтгөгддөг. Газар чөлөөлснөөр бий болох нийгэм, эдийн засгийн үр өгөөж нь албадан чөлөөлөлтөд өртөж байгаа иргэдийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой хууль ёсны ашиг сонирхол, алдагдсан боломжоос ямагт илүү байхыг шаарддаг. Тиймээс ийм шийдвэр гаргахдаа нөлөөлөлд өртөгч иргэдийн олонхын саналыг зайлшгүй харгалздаг юм.
Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хууль, журмаар манай улсад нийгмийн зайлшгүй болон улсын тусгай хэрэгцээнд тулгуурлан, нөхөх олговор олгосны үндсэн дээр иргэний өмчлөх эрхийг хязгаарлах боломжтой байна. Өмнө нь бол Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасны дагуу улсын тусгай хэрэгцээний зориулалтаар иргэдээс газрыг нь “авах”-ыг зөвшөөрдөг байв. Мөн сум, дүүргийн Засаг дарга нарт гамшгийн аюултай нөхцөл үүссэн үед, хүн амын нийтлэг ашиг сонирхлыг хангах зайлшгүй шаардлага бий болсон тохиолдолд иргэний өмчийн газрыг түр дайчлан авах, нийтийн сервитут тогтоох эрх олгодог байсан юм. Гэвч эдгээр зохицуулалт нь амьдралд тэр бүр хэрэгждэггүй, үүнээс болж эрчим хүч, зам, тээвэр, барилга, дэд бүтцийн томоохон төслүүд газар чөлөөлөлтөөс үүдэлтэй бэрхшээлүүдэд бүдэрдэг байлаа. Баруун аймгийнхныг импортын эрчим хүчнээс хараат болгох Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл ийм шалтгааны улмаас саатсан. Одоо ч газрын асуудлыг нь бүрэн шийдээгүй л байна. Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумын заагт, Хөшигийн хөндийд байгуулахаар төлөвлөсөн Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын ажил мөн үүнээс болж хойшилж, хугацаа алдсаар байгаа. Эдгээр төслийн нөлөөллийн бүсэд буй иргэдэд нөхөх олговор олгох асуудал хэдэн он дамнан яригдсан ч эцэслэгдээгүй, бүрхэг хэвээр. Хамгийн ойрын жишээ гэвэл, Франц улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатарт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “Дүүжин тээврийн төсөл” газар чөлөөлөлтийн бэрхшээлээс болж бүтэлгүйтсэн. Харин Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд “Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх” бүлэг оруулснаар нийслэлд дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүдийг саадгүй хэрэгжүүлэх боломжийг нээж, хотын захирагчид “онцгой эрх” олгосон юм.
“20 минутын хот” нэгдсэн төлөвлөлтийн хүрээнд Сэлбэ, Бяанхошуу, Ханын материалд 20 мянган айлын цогцолбор хороолол барихаар төлөвлөснийг нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар танилцуулсан. Үүнтэй холбоотойгоор Ханын материалд газар чөлөөлөх ажил ид үргэлжилж байна. Мөн “Сэлбэ дэд төв”-ийн бүтээн байгуулалтад зориулж, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт 1700 нэгж талбарыг чөлөөлөөд буй. Цаашлаад Гандангийн дэнж, Дэнжийн мянга зэрэг хэт төвлөрлийн бүс болсон, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх гэхээр л иргэдийн эсэргүүцэлтэй нүүр тулдаг газруудад ч ийм байдлаар зай талбай гаргаж, дахин төлөвлөлт, бүтээн байгуулалт хийх нь. Тэгэхээр нийгмийн зайлшгүй хэрэгцээнд багтаасан “гэр хорооллыг орон сууцжуулах” бодлогыг хэрэгжүүлэхэд нийслэлийн удирдлагууд дээрх хуулийн заалтыг утгаар нь ашиглах нөхцөл бүрджээ. Түүнчлэн нийтийн тээвэр гэдэгт дүүжин тээврийг онцгойлон багтааж, нийгмийн зайлшгүй хэрэгцээ гэж тодорхойлсон нь үүнтэй холбоотой төслийг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр зорьж буйг харуулж байна.
Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд үндэслэн газар чөлөөлөх журамд “Газар чөлөөлөхдөө газрын өмчлөгч, эзэмшигч иргэн, хуулийн этгээд, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхтэй этгээдийн 70-аас доошгүй хувь нь газар чөлөөлөхийг дэмжсэн тохиолдолд энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем (e-mongolia.mn) болон газрын кадастрын нэгдсэн систем (e-gazar.gov.mn)-ээр олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлж, нийслэлийн Засаг дарга нөлөөлөлд өртөгч бусад өмчлөгч, эзэмшигчийн газрыг албадан чөлөөлөх шийдвэр гаргана” гэж тусгасан. Түүнчлэн “Газрыг албадан чөлөөлөх шийдвэрт газрыг албадан чөлөөлөх болсон үндэслэлийг тодорхой зааж, нөхөх олговрын үнэлгээ хийлгэх талаар тусгах бөгөөд шийдвэрийг нөлөөлөлд өртөгчид хүргүүлнэ” хэмээн заасан. Энд дурдсан “албадан чөлөөлөх болсон үндэслэл” гэдэгт хуульч, судлаачид ихээхэн “төвлөрч”, анхаарал хандуулж байгаа. Өөрөөр хэлбэл, албадан чөлөөлөх шаардлага буюу тухайн төсөл, арга хэмжээний зайлшгүй хэрэгцээг нарийвчлан тогтоохтой холбоотой эрх зүйн зохицуулалтыг илүү тодорхой болгох шаардлагатай гэж үзэж буй. “Нээлттэй нийгэм форум”-ын дэмжлэгээр судалгаа хийсэн, “Алисон энд кэйт партнерс” хуулийн фирмийн судлаач, өмгөөлөгчид гэхэд “Төсөл, арга хэмжээний зайлшгүй байдлыг тогтоох шаардлагыг илүү нарийн, тодорхой болгох” саналыг дэвшүүлжээ. Хэт төвлөрөл, замбараагүй төлөвлөлтөөс үүдэлтэй агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл зэрэг нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдэхийн тулд бүтээн байгуулалт хийх, газар чөлөөлөх хэрэгцээ шаардлага мэдээж бий. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхдээ Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний өмчлөх эрхийг хүндэтгэж, нийтийн эрх ашиг, нийгмийн зайлшгүй хэрэгцээг бодитоор “жинлэх” шаардлагатай.
Н.Мишээл