“Гал түймрийн шалтгаан нөхцөл: Химийн бодис” номыг Шинжлэх ухаан, технологийн салбарын 2024 оны шилдэг бүтээлээр шалгаруулсан билээ. Энэ номыг Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Т.Аззаяа, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Г.Бурмаа, ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын Гамшгийн эрсдэлийн судалгаа, инновацын тасгийн дарга, дэд хурандаа, доктор, дэд профессор В.Батсайхан нар хамтран бичсэн байна. Гал түймрийн онолын анхдагч, суурь материал хэмээгдэж буй эл номыг зохиогчид “Хүн төрөлхтөн гамшиг ослоос өөрсдийгөө хамгаалах, сөрөн тэсвэрлэхэд, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаанд суурилсан арга тактик чухал” хэмээн тодотгосон. Энэ талаар Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Т.Аззаяатай ярилцлаа.
-Юуны түрүүнд танд эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн эзэн болсонд баяр хүргэе. Яагаад энэ сэдвийг сонгов. Сонирхолтой, бас чухал сэдэв санагдлаа.
-Баярлалаа. Би хүрээлэндээ 2003 оноос эхлэн эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтнаас эрдэмтэн нарийн бичгийн дарга хүртэл 22 дахь жилдээ ажиллаж байна. Манай судалгааны багийнхны хамтран бичсэн “Гал түймрийн шалтгаан нөхцөл: Химийн бодис” ном маань энэ оны шинжлэх ухаан, технологийн салбарын шилдэг бүтээлээр шалгарсанд баяртай байна. Ном бичих болсон шалтгааныг товч ярих нь зүйтэй болов уу. 2019-2022 оны хооронд ОБЕГ-ын захиалгаар Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилтээр “Гал унтраагч бодис гарган авах туршилт судалгаа” нэртэй захиалгат төслийг бид хэрэгжүүлсэн юм. Сүүлийн жилүүдэд манай улсад ахуйн гаралтай гал түймэр ихээхэн нэмэгдэх болсонтой холбогдуулан түүнийг унтраах идэвх өндөртэй, ашиглахад хялбар гал унтраагч бодис гарган авах технологийн шийдлийг эрэлхийлэх шаардлага тулгарсан. Ингээд манай хүрээлэнгийн Органик бус химийн лабораторийн судлаачид болон ОБЕГ-ын алба хаагчдын хамтарсан судалгааны баг өмнө дурдсан төслийн хүрээнд цуврал олон туршилт, судалгаа явуулсны дүнд импортыг орлохуйц, эдийн засгийн үр ашигтай, хамгийн гол нь стандартад нийцсэн гал унтраагч нунтгийг гаргах технологи бий болголоо. Загвар бүтээгдэхүүнийг нь ч гаргасан юм. Хугацаа нэлээд зарцуулсан л даа. Түүнчлэн загвар бүтээгдэхүүнээс гадна патент, технологийн заавар, үндэсний стандарт, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, зохиогчийн эрхийн гэрчилгээ гэх мэт технологийн баримт бичгүүдийг ч боловсрууллаа. Үүний дараа ер нь олон нийтэд галын тухай шинжлэх ухааны ерөнхий ойлголтыг нэгтгэн хүргэе гэж зориод номоо бичсэн юм. Ер нь бол ОБЕГ, Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс гал түймэртэй холбоотой гаргасан номууд бий. Бидний ном галын физик, химийн механизмыг тайлбарласан, шатдаг болон шатамхай химийн бодис, материалын шинж чанар, шаталтаас үүссэн химийн бүтээгдэхүүний хоруу чанар зэргийг нэгтгэн тоймлосон, гал түймрийн тухай онолын анхдагч материал болсноороо онцлогтой.
-Галын хорыг хэрхэн гаргаж авсан бэ. Түүхий эд, найрлагын талаар мэдээлэл өгч болох уу?
-Манай улсад химийн аж үйлдвэрлэл хөгжөөгүй. Химийн бодисыг бид үйлдвэрлэдэггүй учраас гадаадаас галын хор худалдан авч хэрэглэдэг. Импортын галын хорны голлох химийн бодис аммонийн дигидрофосфат найрлагын 75 орчим хувийг эзэлдэг. Үлдсэн орц найрлага нь чухам юу болох нь мэдэгддэггүй. Багагүй судалсны дүнд аммонийн дигидрофосфат болон аммонийн сульфат голлох найрлагатай, үлдсэн хэсгийг бусад органик бодис эзлэх жорыг шинэчлэн тогтоож, технологи гаргалаа. Энэ нь цаашид гал унтраах нунтгийн найрлага дахь бодисыг эх орныхоо түүхий эдээр орлуулах боломжийг эрэлхийлэхэд үндсэн суурь, мэдээлэл болох юм. Аливаа зүйлийн үндэс суурийг тогтоосны дүнд дараагийн шатны үйл ажиллагаа явуулах боломж бүрдэх нь гарцаагүй. Галыг эх үүсвэр болон материалаас нь хамааруулаад зургаа ангилдаг. Тухайлбал, мод, цаас, хавтан, хөшиг гэх мэт материалаас үүдэлтэйг А, метан, бутан, пропан зэрэг шатамхай хийнээс үүдэлтэй бол С, шатамхай металлуудаас үүдэлтэйг D гэх мэтчилэн авч үздэг. Харин цахилгаанаас үүдэлтэйг E гэж ангилах бөгөөд бусад таваас нь тусгайлан авч үздэг юм. Бидний гарган авсан гал унтраагч нунтаг нь эдгээр ангиллын тавд нь үйлчлэх боломжтой. Тухайлбал, нэг ам метр талбай дахь галыг 3-5 секундэд унтраах чадвартайг тогтоосон. Мөн гал гурван хүчин зүйлийн нөлөөгөөр үүсдэг бөгөөд үүнийг галын гурвалжин гэж нэрлэдэг. Тэдгээрийн аль нэг нь бүрдээгүй тохиолдолд аюулгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, түлш, хүчилтөрөгч, галын эх үүсвэр нийлж байж асах үндсийг тавьдаг. Хүмүүс гал гарахаар ямар нэгэн зүйлээр бүтээж, дардаг шүү дээ. Агааргүй болсны улмаас гал унтардаг. Шинжлэх ухааны үүднээс бол галын хүчилтөрөгчийн гинжин урвалыг тасалчхаж байгаа юм.
ДНБ-ий дөнгөж 0.1 хувийг л шинжлэх ухаанд зарцуулж байна
-Та бүхний гарган авсан гал унтраах хорыг Монголдоо анхдагч гэж ойлгож болох уу. Цаг хугацааны хувьд арай хожуу санагдаж байна.
-Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг шинжлэх ухаан, технологид үндэслэн тодорхойлно гэж ярих боллоо. Социализмын үед манай улс ДНБ-ий нэг орчим хувийг шинжлэх ухаанд зарцуулж байв. Судалгаа, шинжилгээний ажлын үр дүнгүүдийг үйлдвэрлэлд шууд нэвтрүүлдэг байсан үе. Харин 1990 оноос хойш Засгийн газраас шинжлэх ухаанд зарцуулах төсөв буурсан. Үндсэндээ амь голтой төдий он удаан жил явлаа. Эрдэмтдийн бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь эрс багассан. Аргагүй шүү дээ, ДНБ-ий дөнгөж 0.1 хувийг л шинжлэх ухаандаа зарцуулж байхад. Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан бидний бүтээл цаг хугацааны хувьд оройтсон байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ одоо ч хожимдоогүй. Эхний ээлжид гал унтраах нунтгийн технологи боловсруулж, инновацын бүтээгдэхүүн гарган авч туршлаа. Цаашдаа түүхий эдийг импортоор биш, дотоодоосоо “нээн илрүүлэх”, хангахад анхаарах, хөгжүүлэх нь чухал байна. Галын нунтаг хорыг бэлнээр оруулж ирээд савлан арилждаг хэд хэдэн үйлдвэр манай улсад бий. Бид ч мөн гарган авсан бүтээгдэхүүнээ үйлдвэрт савлуулж, амжилттай туршлаа. Хөрөнгө мөнгийг нь шийдчихвэл эхлээд технологи зүгшрүүлэлт хийж, дараа нь үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой. Аливаа шинэ зүйлийг эхлээд суурь, технологи болон инновацын судалгааны дараа хэрэглээнд нэвтрүүлдэг юм.
-Шинжлэх ухааны салбарын одоогийн нөхцөл байдал ямархуу түвшинд байна вэ?
-2024 оны УИХ-ын сонгуулиас өмнө шинжлэх ухааны салбар Боловсрол, шинжлэх ухааны яаманд харьяалагдаж байв. Өмнөх Засгийн газрын үед шинжлэх ухааны салбарт эерэг үзүүлэлт цөөнгүй гарсан. Тухайлбал, хууль, эрх зүйн орчныг сайжруулж, цогц шинэтгэл, цуврал олон хууль, журам баталлаа. Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 18 жилийн дараа батлууллаа шүү дээ. Салбарын хүний нөөц тэр дундаа нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд ихэд анхаарч, Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулсан гэх мэтийг онцолж болно. Гэсэн хэдий ч төсөв хөрөнгө хангалтгүй хэвээр. Эрдэм шинжилгээ, судалгаа, улс орноо хөгжүүлье гэвэл энэ салбарт хангалттай төсөв шийдвэрлэх шаардлагатай. Шинжлэх ухаан нь улсын хөгжлийн эх үндэс учраас эдийн засгийн хөгжлийн салбарт шилжүүлэх нь зөв гэж эрх баригчид үзсэн байх. Одоо манай салбар Эдийн засгийн хөгжлийн яаманд харьяалагддаг. Шинжлэх ухаанд зарцуулах хөрөнгийг ДНБ-ий нэг хувьд хүргэнэ гэсэн амлалтдаа шийдвэр гаргагчид хүрэхгүй байгаа нь харамсалтай.
-Ахуйн түймрийн нөхцөл шалтгааныг ил задгай асаасан гал, халуун үнс нурам, цахилгаанаас үүдэлтэй гэж мэргэжлийн хүмүүс нь үздэг. Шинжлэх ухааны үүднээс гал гарах үйл явцыг тайлбарлаж өгөхгүй юү?
-Гал түймэр хүний санамсар болгоомжгүй үйлдэлтэй шууд холбоотой. Жишээ нь, хүмүүс татсан тамхиа бүрэн унтраахгүй хаяснаас ой, хээрийн түймэр гарах шалтгаан болж байна. Зүй нь тамхиныхаа цогийг бүрэн унтрааж, шороогоор булах хэрэгтэй. Мөн цахилгааных нь утас шалбарсан байхад арга хэмжээ авахгүй явсаар аюулд өртдөг. Гал гарах нөхцөлийг бүрдүүлэхгүй, анхаарал болгоомжтой байж сайн шалгах, хянах ойлголт ухамсартай байхад иргэн бүр суралцах хэрэгтэй байна. Шинжлэх ухааны үүднээс бол гал түймэр гэдэг нь ерөөсөө түлш, хүчилтөрөгч, дулааны нэгдлээр үүсэх химийн урвал юм. Өөрөөр хэлбэл, хүчилтөрөгч, шатамхай түлш, галын эх үүсвэр гэсэн гурван хүчин зүйлийн нөлөөгөөр гал гарна.
60 иргэн галд өртөж амиа алдсаны 17 нь хүүхэд
-Орон нутагт айлууд гал түлэхдээ шатахуун ашиглах нь бий. Галыг хурдан асаах гэж зуух пийшиндээ шатахуун хийснээс түлэгдэж гэмтэн, гэр орноо түймэрдсэн явдал цөөнгүй.
-Статистик мэдээнээс харахад энэ сарын 15-ны байдлаар онцгой байдлын байгууллагад гал түймрийн 3479 тохиолдол бүртгэгджээ. Үүний улмаас 60 иргэн галд өртөж амиа алдсаны 17 нь хүүхэд байсан нь харамсалтай. Хүмүүс аливаад шинжлэх ухааны үүднээс бус, муйхраар хандсанаас хохирох тохиодол гардаг. Гал түймэр гарахаас урьдчилан сэргийлэх, аюулгүй ажиллагааг хангах нь маш чухал. Түймэр хэзээ ч, хаана ч гарах эрсдэлтэй. Бид энэ тухай өөрсдийн номдоо дэлгэрэнгүй оруулсан. Тухайлбал, галын аюултай материалуудын ангилал, тэр дундаа, мод, модон бүтээгдэхүүн, даавуу, шатамхай ба шатдаг шингэнүүд, полимерүүд ба металлын шинж чанар, шаталтын хурд, дулаан дамжуулалт, тэдгээрийн хоруу чанар, хор уршгийн талаар бүтээлдээ дурдсан. Тиймээс зөвхөн мэргэжилтнүүд гэхгүй, бүх шатны байгууллагын хөдөлмөр, аюулгүй байдлын ажилтнууд гарын авлага болгох боломжтой. Мөн оюутан залуус, хүн бүр уншиж судлахад илүүдэхгүй.
-Мэргэжлийн хүнээс асуухгүй өнгөрч болохгүй байх. Агаарын бохирдол аюулын түвшинд хүрлээ. Сайжруулсан түлшний найрлагыг та бүхэн шалгаж, дүгнэлт гаргадаг уу?
-“Тавантолгой түлш” ХХК-иас сайжруулсан түлшний дээжийг манайд ирүүлж, шинжилгээнд хамруулдаг. Манай хүрээлэнгийн есөн лаборатори 2022 онд MNS/ISO/IEC 17025:2018 стандартын шаардлагыг хангаж итгэмжлэгдсэн. Тэдгээр лабораторийн гуравт нь шахмал түлшний барьцалдуулагчийн шинж чанар, элемент, эрдэс, хүхрийн агууламжийг тодорхойлж байна. Ер нь бол түлшний үндсэн түүхий эд болох мидлинг дэх хүхрийн агууламж өндөр, үнслэг их байгаа шүү дээ. Бид стандарт аргын дагуу шинжилгээ хийж, хариуг нь холбогдох байгууллагуудад байнга хүргүүлдэг.
Хими бол бүхэлдээ хүний амьдрал
-Сүүлийн үед хүүхэд, залуус химийн шинжлэх ухааныг хэр сонирхож байна вэ. Ерөнхий боловсролын сургуулиудад хими, физикийн багш дутагдалтай. Мэргэжлийн багшгүйгээс химийн хичээл нь ордоггүй сургууль ч бий. Энэ тухайд та ямар бодолтой явдаг вэ?
-Хими бол бүхэлдээ хүний амьдрал. Бидний амьсгалж, амьдарч буй орчин тэр чигээрээ л химийн шинжлэх ухаан шүү дээ. Сүүлийн үед хүүхэд, залуус нийгмийн ухааны салбар луу хошуурах болсон. Хувь хүний сонголтыг буруутгахгүй. Гэхдээ хими, физик, математик, биологи гэсэн суурь шинжлэх ухааныг заавал үзэж судлах ёстой л доо. Биднийг сурагч байх үед сурах бичгүүд, сургалтын агуулга маш сайн байлаа. Одоо байгалийн ухааны хичээлийн агуулга, сурах бичгийн чанар муудсан байж мэдэх. Энэ нь сонирхогч хүүхдүүдийн тоо буурахад нөлөөлсөн байх. Тухайлбал, хэдэн жилийн өмнө МУИС-ийн физикийн ангид хоёрхон оюутан сурч байв. Мөн химийн ангид 2-3 оюутан сурч байна гэж тухайн үед МУИС-ийн профессор ярилцлага өгснийг санаж байна. Тиймээс манай хүрээлэн болон бусад их, дээд сургуулиас мэргэжил сурталчилах, химийн олимпиад зохион байгуулах гэх мэт нөлөөллийн ажлыг эрчимжүүлсэн. Үүний үр дүнд МУБИС-д гэхэд л химийн чиглэлээр сонгон суралцаж буй оюутны тоо 2-3 дахин өсөж, МУИС-д мөн элсэгчдийн тоо нэмэгдсэн байх жишээтэй. Манай хүрээлэнгээс жил бүр улсын хэмжээнд зохион байгуулдаг химийн цахим олимпиадад сүүлийн гурван жилд 500-700 хүүхэд тогтмол оролцдог болсон. Эдгээр нь химийн шинжлэх ухааныг залуус ойлгож буйн илрэл болов уу.
-Эмч болох хүсэлтэй хүүхдүүд л химийн хичээлийг сонирхож судалдаг гэсэн нийтлэг ойлголт байдаг. Та бол химич, химийн технологич мэргэжилтэй байх аа?
-Бидний үед ч ялгаагүй анагаахын сургуульд л элсэхийн тулд хими сонирхож судалдаг байлаа. Гэтэл химийн шинжлэх ухаан зөвхөн анагаах бус, нийгмийн эрүүл мэнд, нано технологи, шинэ материал судлал, металлурги, уул уурхай, хүрээлэн буй орчин гээд бүх л салбарт хамаатай. Химийн шинжлэх ухаан дотроо органик, органик бус, био, ургамал, нүүрс, нефть, гидрохими гээд олон төрөлд хуваагддаг. Тэгэхээр ганц эмчээр төсөөлж болохгүй. Мэргэжлийн онцлогтой холбоотой нэг жишээ хэлье. Ус шүүгч борлуулдаг компаниуд нэг хэсэг хүчээ авч, бүх л айлыг усаа шүүж хэрэглэхийг уриалж байсан үе. Нэг орой ажлаас ирэхэд ээж минь “Хүмүүс ирээд манай крантны уснаас дээж аваад “маш их бохирдолтой” байна гэсэн. Шүүгч хэрэглэ гэнэ” гээд сууж байв. Би өөрөө ундны усаа шинжилчихнэ л дээ. Ер нь ундны усанд хүний биед хэрэгтэй бүхий л эрдэс, микро, макро элементүүд стандартын түвшинд заагдсан хэмжээгээр байх ёстой. Тэр бүгдийг шүүлтүүрээр шүүчихээр “амьгүй” ус болно шүү дээ. Усанд агуулагдах микро элементүүд нь зөвшөөрөгдөх хэмжээнд л байвал хүний биед эерэг нөлөө үзүүлнэ. Хүн биологийн амьтан учир олон төрлийн ашигтай, ашиггүй бактер “агуулж” амьдардаг. Тэдгээр ашиггүй бактерийн эсрэг микро элементүүд “ажилладаг” хэрэг. Шүүлтүүрээр шүүсэн усыг удаан хугацаанд хэрэглэвэл байгалийн “тэмцэх” үйл явц үгүй болж, өвчлөх эрсдэлтэй.
-Гал түймэр болон дэлбэрэлтийн ялгааг тайлбарлаж өгөөч. Тухайлбал, өнгөрсөн нэгдүгээр сард “Дүнжингарав” худалдааны төвийн уулзварт их хэмжээний дэлбэрэлт болж, олон хүн амиа алдсан. Та химич хүний хувьд уг ослыг хэрхэн дүгнэж байгаа бол?
-Өмнө хэлсэн, гал түймэр бол хүчилтөрөгч, түлш, дулааны нэгдлээр үүсдэг. Харин дэлбэрэлтийг их энерги ялгаруулж, маш их даралтыг бий болгон тэсрэх процесс гэж ойлгож болно. Тухайн ослын хувьд иргэд, цаашлаад мэргэжлийн байгууллагынхны химийн бодистой ажиллах мэдлэг тааруу байсантай холбоотой байж болно. Цистернээс алдагдсан шингэрүүлсэн хий нь хувийн жингээрээ агаараас хүнд тул газраар тархсан байсан. Энэ нь галын хоёр хүчин зүйл болох агаар, түлш бүрэлдсэний дээр хаа нэгтээгээс гурав дахь хүчин зүйл болох дулааны эх үүсвэр илэрснээр гал авалцсан хэрэг. Хэн нэгэн хүний санамсаргүй үйлдэл нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Хэрэв галын гурвалжингийн аль нэг нь бүрдээгүй бол гал гарч, дэлбэрэлт үүсэхгүй байв. Нэгэнт хий тархсан тохиолдолд хүмүүс тухайн орчноос хол байх ёстой.