Хуучин нэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ)-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж байсан С.Баясгаланд холбогдох хэрэгт НПГ-аас хоёр дахь удаагаа яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Тэрбээр албан тушаалаа урвуулан ашиглаж, Хурдан морины бооцоот уралдааны хуулийн төслийг эцэслэн боловсруулах ажлыг хийж гүйцэтгэх гэрээ байгуулан бусдад давуу байдал олгон, улсын төсөвт хохирол учруулсан хэрэгт холбогдсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Уг хуулийн төслийг эцэслэн боловсруулах ажлын гэрээг тэрбээр БОАЖЯ-ны мэргэжилтэн Б.Жавхлантай хамтарч байгуулсан бөгөөд 2019 оны арванхоёрдугаар сард гүйцэтгэгч “Атаршим трейд” гэх компанийнхантай гарын үсэг зурсан аж. Улмаар хуулийн төсөл эцэслэн боловсруулах ажлын санхүүжилтэд 10 сая төгрөг дээрх аж ахуйн нэгжид олгосон юм байна. Гэвч тухайн ажлыг хийгээгүй байхад бүрэн гүйцэд боловсруулж дууссан хэмээн баримт, материал бүрдүүлж улсын төсвийн 10 сая төгрөгийг үр ашиггүй зарцуулсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тодорхой болсон байдаг.
Уг нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2023 оны гуравдугаар сард шалгаж дуусаад, прокурорын байгууллагаас мөн оны зургаадугаар сард яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ч эцэслэн шийдвэрлэлгүй нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан юм.