Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын Дэлхийн 7 хоногийг Олон улс 13 дахь жилдээ тэмдэглэж байна. Монгол Улсын хувьд 2018 оноос энэхүү долоо хоногийг үндэсний хэмжээнд зарлан, тэмдэглэж иржээ. Энэ жил Юнеско-гийн Монголын Үндэсний Комисс, хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын үндэсний сүлжээ хамтран “Цахим орчин ба Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол: Хамтран хэлэлцэх асуудлууд” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна.
2023 онд дэлхийн хүн амын 60 хувь буюу 4.7 тэбрум хүн нийгмийн мэдээллийн сүлжээгээр мэдээлэл хайж, өөрийгөө илэрхийлсэн нь цахим орон зайн өргөн хүрээнд хэрэглэгдэж байгааг харж болно. Юнескогийн Ерөнхий захирал хатагтай Одри Озулэй “Цуу яриа тархаж, аливаа баримтыг мушгин гуйвуулахын хэрээр үнэн худлын зааг бүдгэрлээ. Энэ нь нийгэм, ардчиллын үндэс суурийг ганхуулах аюултай. Хуурамч шинжлэх ухаан, хуйвалдааны онолд автах, үзэн ядах үг хэллэг, явгаварлан гадуурхал гаарах нь нийгэмд эрсдэл учруулж байна. Мэдээллийн өргөн их урсгал дунд илүү оновчтой сэтгэлгээг чухалчилж, нягталж шалгаж, лавладаг болох шаардлага нэгэнт үүсжээ. Тийм ч учраас хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол нь 21-р зууны иргэдэд маш чухал чадвар юм" гэлээ.
Форумын үеэр цахим иргэншил ба хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол, албан ба албан бус боловсролын бодлого, түүх соёлын цахим өв, цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө,түүний хязгаар, Жендэрийн эрх тэгш байдал, хиймэл оюун ухаан бидний өдөр тутмын амьдралд, иргэний сэтгүүл зүй ба цахим эриний хэвлэл мэдээлэл зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Мэдээлэлд шүүлтүүртэй хандах, нээлттэй өгөгдлийг ашиглан ухаалаг шийдвэр гаргах чадварыг эзэмших шаардлага тулгарч байна. Интернэт, цахим технологи, нийгмийн мэдээллийн сүлжээ, гар утас, зөөврийн өндөр технологийн төхөөрөмжүүдийн хэт хэрэглээ бидэнд эерэг сөрөг, үнэн худал мэдээллийн их тэсрэлтийг авч ирлээ. Мэдээллийг олон эх сурвалжаас хүлээн авах, шүүн тунгаах, ёс зүйтэй, бүтээлчээр хэрэглэх чадвар бол хувь хүний төдийгүй улс үндэстний хөгжин дэвших боломж, аюулгүй байдлыг хангах дархлаа юм.
Хэдхэн жилийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээс мэдээлэл авахын тулд бичиг үсэг мэддэг байхад л хангалттай байв. Гэтэл сүүлийн жилүүдэд цахим ур чадвар, тоон бичиг үсгийн ялгаа, хуваагдал, тэдгээрийг арилгах замаар мэдэх эрхийг, мэдээлэл ашиглах боломжийг тэгш хүртээх асуудал бодлогын хэмжээнд хэлэлцэгдэж байна. Зөвхөн боловсруулсан мэдээллийг шүүлтүүртэй хүлээн авахаас гадна мэдээллийн технологи, цахим шилжилтийн бидэнд олгож буй хязгааргүй боломжуудын нэг болох “Нээлттэй өгөгдөл” /Open data/-г ашиглах, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг салбар бүрт төлөвшүүлэх, сургаар бус судалгаагаар, шинжлэх ухаанчаар асуудалд хандах боломжийг бий болгоход хууль эрх зүйн орчин дахь томоохон өөрчлөлтүүдийг зэхэж байна.