УИХ-ын нэгдсэн чуулганаар Хүүхэд, хамгааллын асуудлыг хэлэлцэж байна.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Ялын бодлогыг чангатгахад цочир хүлээж авахгүй, шинжлэх ухааны үндэслэлтэй хандах ёстой. Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн зургийг олон нийтэд дэлгэхийг би огтхон ч хүлээн зөвшөөрдөггүй. Хүн болгонд би уриалмаар байна. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулаад, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах чиглэлд гурван бодлогыг өнгөрсөн хавар УИХ-д өргөн барьсан байна. Тодруулбал, бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдэд өршөөл, уучлал үзүүлэхгүй, магадлангаар суллахгүй гэдэг хуулийн төсөл өргөн баригдсан байгааг шууд баталъя” гэлээ.
УИХ-ын гишүүн Д. Тогтохсүрэн “Нийгмийн асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлэх хэрэгтэй байна. Гэр бүл салалт, архидалт, хүүхдэд тавих анхаарал халамж суларсан нь хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөлийг бүрдүүлжээ. Мөн хууль эрх зүйн хүрээнд Эрүүгийн хуулийг чангатгах шаардлагатай. Гэр бүлийн үндсэн хуулийг яаралтай батлах асуудал энд хөндөгдөж байна. Хамгийн түрүүнд гаж донтонуудыг яах вэ гэдэг асуудалд ХЗДХЯ онцгой анхаарах хэрэгтэй байна” гэв.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Хүүхэд харах үйлчилгээний хуулиа эргэж харах цаг болсон байна. Энэ үйлчилгээг өнөөдөр юу гэж ойлгох вэ, хэнийг хамруулах, хувьсах зардал, санхүүгийн тогтолцоог эргэж харах хэрэгцээ шаардлага үүссэн гэж харж байна” гэв.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Хүүхэдтэй холбоотой гэмт хэргийн асуудал хэрээс хэтэрч байна. Энэ оны хагас жилд 960 хүүхэд хохирчээ. Мөн 251 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна. Бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдийг бүх насаар нь хорьдог байх хуулийн бодлогоо чангатгая” гэлээ.