Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцжээ. Дээрх чиглэлд 5 арга хэмжээг нэг жилийн хугацаанд хэрэгжүүлж, үр дүнгээ өгсөн гэх дүгнэлтийг хийлээ. Тодруулбал, 2.4 тэрбум ам.доллар байсан валютын нөөц ийнхүү 1.7 тэрбум ам.доллараар өсөж, үүнд “Эрдэнэт Тавантолгой” ХК, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” тэргүүтэй аж ахуйн нэгжүүд гол үүргийг гүйцэтгэсэн байна. Ингэснээр эдийн засгийн өсөлт 6.5 хувьд хүрлээ. Мөн төгрөгийн ханш тогтворжиж, 3457 төгрөгт хадгалагдаж байгааг онцолсон юм.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч. Хүрэлбаатар “Валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээг жилийн өмнөөс эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар нүүрсний экспорт 47 сая тонн хүрч, 28 сая тонноор өссөн. Зэсийн баяжмалын экспорт 5 хувиар, төмрийн хүдэр 33 хувиар, газрын тос 2 сая баррелиар нэмэгджээ. Үүнд валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн 5 арга хэмжээ үр дүнгээ өгсөн. Тодруулбал, Ашигт малтмалыг худалдан борлуулах гэрээг бүртгэлжүүлж, эскпортын бүртгэлийн системийг нэвтрүүлсэн. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг зохион байгуулж, 7.5 сая нүүрс, 100 мянган тонн төмрийн хүдрийг арилжаалаад байна. Нүүрстэй холбоотой 544 нууц гэрээг ил болгож, оптек гэрээ байгуулахыг Засгийн газраас хориглосон. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон. Уурхайн амны үнээр тээврийн гэрээ хийгддэг байсныг зогсоосон” гэлээ.