“Шилэн данс” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Цогтгэрэл өчигдөр төсвийн мөнгөний зарцуулалттай холбоотой мэдээлэл хийв. Тэрбээр ирэх оны төсвийг ид хэлэлцэж байх үеэр зарим гишүүн гадаадад томилолттой хэмээгээд ажлаа хийхгүй, хуралдаа ч суухгүй байгааг шүүмжилсэн. Б.Цогтгэрэл “Төрийн сангаас Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингийн “Тэрэлж сүйх” ХХК-ийн данс руу таван удаагийн гүйлгээгээр 243 сая төгрөг шилжүүлжээ. Үүнээс 50 сая төгрөгийг нь энэ сард буюу саяхан “2025 оны төсвийн хэлэлцүүлэг” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн байна.
Төсөв хэлэлц гэж Төрийн ордон бий. Түүнээс биш, төрийн мөнгөөр Тэрэлжид очоод, таван одтой буудалд ууж, ид гэж иргэд татвар төлдөггүй байх. Төсөв хэлэлцэх нэрээр Тэрэлжид очсон хүмүүс мөнгөө эргүүлж төлөөрэй. Үгүй бол хуулийн байгууллагад хандана. Мөн энэ оны эхний арван сарын байдлаар гэхэд л Төрийн сангийн таван тэрбум төгрөгөөр гишүүд, сайд, дарга нар тийз худалдан авсан байна. Хамгийн их тийз авч, гадаад явсан хүнээр мөн л сайд Ч.Номин тэргүүлсэн. Тэрбээр энэ онд төсвийн 344 сая төгрөгөөр тийз авчээ. Үүнийг нарийвчлан шалгана” гэсэн юм.