Улаанбаатар дахь Ватиканы төлөөлөгчийн газрын харьяанд үйл ажиллагаа явуулдаг хүмүүнлэгийн байгууллагуудын үйл ажиллагааг төвлөрүүлэх зорилгоор “Энэрэл нигүүлслийн өргөө”-г байгуулж, Пап Францисийн Монгол Улсад хийх айлчлалын үеэр нээхээр төлөвлөж байна. “Энэрэл нигүүлслийн өргөө” нь Баянгол дүүргийн долдугаар хороонд байрлах дөрвөн давхар байранд байрлах бөгөөд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, хүүхдүүдэд тусламж үзүүлэх, орон гэргүй иргэдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, амьдралын боломж тааруу иргэдийг хооллож ундлах, амьдралын зөв хэвшлийг заах зэрэг хүмүүнлэгийн тусламжийг нэг цэгээс үзүүлэх зорилготой. Пап Францисын айлчлалаар “Нигүүлслийн өргөө”-ний нэгдүгээр давхрыг тохижуулж ашиглалтад оруулан нээлтээ хийж, энэ ондоо багтаан байгууламжийг бүрэн ашиглалтад оруулна.
Манай улсад Гэгээн Петр, Паулын төв сүм (катедрал) 2002 онд ашиглалтад орж байжээ. Анхны Пап болох Гэгээн Петр, Паулын дурсгалд зориулан нэрлэсэн уг катедралыг Серби Улсын уран барилгач Предак Ступарийн зураг төслөөр барьж, ашиглалтад оруулсан. Католик шашны сүм, хийдийн барилгын хийц, зохион байгуулалттай. Гэгээн Ширээт Улсын төлөөлөгч, кардинал Крешенцио Сепе хүрэлцэн ирж, адисалснаар Монгол Улс дахь католик шашны албан ёсны төв сүм (катедрал) болсон. Уг катедралд Монгол дахь католик шашинтай иргэд мөргөлийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Улаанбаатар дахь Ватиканы төлөөлөгчийн газарт харьяалагддаг. Катедралд мөргөлийн болон сургалтын танхимуудаас гадна Гэгээн Мариа буяны эмнэлэг, Каритас Монгол зэрэг хүмүүнлэгийн байгууллага байрлан үйл ажиллагаагаа явуулдаг байна.