Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia folk-2023” хоёрдугаар фестиваль нийслэлд үргэлжилж байна. Уг наадмыг “Артлар соёл урлаг” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Цацрал санаачилсан бөгөөд 2019 онд Ерөнхий сайдын ажлын албатай хамтран зохион байгуулсан билээ. Энэ удаа нийслэлийн Засаг даргын ивээл дор явуулж байна. Наадамд Монгол, БНХАУ, ОХУ, БНСУ, Индонез, Малайз, Филиппин, Энэтхэг, Япон, Иран, Тайланд, Польш зэрэг 22 орноос 160 уран бүтээлч оролцохоор иржээ. Мөн бусад улсаас цахимаар 120 уран бүтээлч оролцож буй аж.
Д.Сүхбаатарын талбайд орон орны ардын урлагийн төлөөлөгчид дуулж, бүжиглэн, хөгжимдөж, зургаан улсын 20 гаруй, Монголын 300 гаруй гар урлаач бүтээлүүдээ дэлгэн танилцуулсаар байна. Манай улсын ардын урлагийн уран бүтээлчдийн хамтарсан тоглолт, үндэсний хувцастай парад, загварын шоу ч боллоо.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн наадмыг нээж үг хэлэхдээ энэхүү наадмыг Улаанбаатар хотоор овоглосон соёлын аялал жуулчлалын нэгэн том брэнд үйл ажиллагаа болгон жил бүр зохион байгуулахаар төлөвлөснөө дуулгасан. Наадам маргааш өндөрлөнө.