Төв талбайд нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвөөс гар урлаачдын бүтээлийг олон нийтэд танилцуулах “Бүтээлч болгоё” үзэсгэлэн худалдаа зохион байгуулж буй. Сонгинохайрхан дүүргийн иргэн Ч.Нансалмаагийн хаягдал сониноор сүлжсэн шар шувууны дүрс бүхий өлгүүр, цайны иж бүрэн хэрэгсэл, гэр, араг зэрэг бүтээгдэхүүн сонирхолтой аж. Тэрбээр цар тахлын хөл хорионы үеэр гэртээ ач нараа харж байхдаа “интернэт багш”-аар заалгаж сурсан гэнэ. Үзэсгэлэн худалдаа эхлээд хоёр хонож байхад нийт тав байсан, 80 мянган төгрөгийн үнэтэй цайны хэрэгслээс өчигдрийн байдлаар нэг л үлдээд байв.
Урлаач мөн гар нүүрийн, барааны саван хийж, худалддаг болжээ. Барааных нь илүү эрэлттэй байдаг гэж байлаа. Ганцаараа ажилладаг болохоор хурд муутай, тэтгэвэр нь бага учраас түүхий эдээ ихээр авч чаддаггүй гэсэн. Бас гэртээ бүхнийг хийдэг болохоор тав тух муутай, санасан хэмжээгээрээ үйлдвэрлэж чаддаггүй аж. Ч.Нансалмаа өөрийн урлантай болох мөрөөдлөө хуваалцсан юм. Мөн хүмүүс үндэсний агуулга бүхий бүтээгдэхүүн, тухайлбал гэр, араг зэргийг илүү сонирхдогийг ажиглажээ. Тийм болохоор урлантай болбол энэ хоёр төрлөөсөө ахиухан гаргаж, хүссэн хүмүүст хүргэх бодолтой байдаг аж. Тэрбээр хаягдал сонин хайж явдаг. Ер нь сонины цаас харахаараа баярладаг болж гэнэ.