“Уран гар урлал” төрийн бус байгууллагын дэргэдэх “Уран зангилаа” сургалтын төвөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зуны сургалт зарлажээ. Эднийх зангилаан, хөөсөнцөр, нэхмэл, шүрэн, туузан, шигтгээн, давсан, гобелен зэрэг төрлөөр хэрхэн урлахыг заадаг аж. Гэр, өрөөгөө чимэглэх болон бэлэг дурсгалын зүйлс, цүнх, тор, толгойн гоёл гээд юу хүссэнээ өөрөө урлаж болох уг сургалтад үнэ төлбөргүй хамруулах юм байна. Нэг удаа 20 хүн хүлээж авах боломжтой гэнэ. Тус төвийн захирал Ц.Мягмарсүрэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс чадах уу гэж зарим иргэн асуудаг. Бид ажиллаж сурсан. Хараагүй, нэг гартай хүн ч чимэглэл урладаг юм. Манай төв байгуулагдаад 18 жил болж байна. Өнгөрсөн хугацаанд нийт 3720 хүн сургаж төгсгөжээ. Тэдний зарим нь одоо бусдад зааж байна. Олонх нь өөртөө, гэртээ гэж янз бүрийн зүйл хийдэг бол бизнес болгосон нь ч бий. Гараар урлаач олон болсонд баярладаг” хэмээн ярив.
“Уран гар урлал”-ынхан төрийн болон төрийн бус, мөн олон улсын байгууллагуудтай сайтар хамтарч ажиллаж ирсэн туршлагатай. Өнчин хүүхдүүд, эрх нь хязгаарлагдсан хүмүүст ч хүрч ажиллаж байжээ. Захирал Ц.Мягмарсүрэн нь дүрслэх урлагийн “Анима” сургуулийн төгсөгч бөгөөд хувцасны загвар зохион бүтээгч мэргэжилтэй нэгэн. Эхэндээ сургалтын төвүүдэд багшилдаг байснаа бусдын зөвлөгөөгөөр өөрийн урлан, сургалтын төвийг байгуулж, тууштай ажилласнаар өдгөө ийм олон шавьтай багш болж, гар урлалыг хөгжүүлж яваа юм. Шавь нарынх нь дунд тэтгэвэрт гарсан цоглог эмэгтэйчүүд, нярай хүүхдээ хараад гэртээ байдаг, байсан бүсгүйчүүд, асрамжийн газрынхан гээд гар урлалд дурласан олон хүн бий гэнэ.