Соёлын яамны харьяа Үндэсний кино урлагийн зөвлөл нь Кино урлагийг дэмжих сангаас санхүүжүүлэх төслийн энэ оны эхний сонгон шалгаруулалтыг зарласнаа мэдээлэв. Кино урлагийг дэмжих тухай хуулийн хүрээнд эргэн төлөгдөх нөхцөлгүй санхүүжилтийн, эргэн төлөх нөхцөлтэй зээлийн төсөл гэсэн хоёр нөхцөлөөр сонгон шалгаруулалт явуулах аж. Кино бүтээх, кино наадам, сургалт зохион байгуулах, мөн оролцох, хамтарсан кино бүтээх гэсэн ангилалд төсөл боловсруулан өрсөлдөж болох гэнэ.
Тус сан нь кино урлагийг хөгжүүлэх, үйлдвэрлэлийг дэмжих, уран бүтээлчдийг чадавхжуулах, бүтээлийг хадгалан хамгаалах, сэргээн засварлах, монгол киног олон улсад сурталчлан таниулах зорилготой аж. Өнгөрсөн жил сонгон шалгаруулалтад ирүүлсэн 67 төслөөс 11-тнь санхүүжилт олгожээ. Тухайлбал, найруулагч Б.Гарамхандын хүүхдийн сэдэвт “Алдагдсан өдрүүд” уран сайхны кино, “Алтан өргөө” олон улсын кино наадам, “Ю тийм” компанийн “Амира” олон ангит хүүхэлдэйн кино зэргийг дурдаж болно.