ДБЭТ-т “Хурмастын дагина” хэмээх үндэсний сонгодог балет мэндлэв. Хурмастын дагина гэдэг нь домог ёсоор хун шувуунаас хүн биеийг олж төрсөн гоо бүсгүй юм. Балетын нээлтийн тоглолт өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Цомнолыг түүх судлаач, кино зохиолч Б.Баярмагнай агсан бичсэн бол хөгжим нь Ардын жүжигчин А.Энхтайваных. Хөгжмийн найруулгыг балетмейстер, хөгжмийн зохиолч А.Батдэлгэр хийжээ. Ерөнхий балетмейстер нь Г.Батчимэг.
“Хурмастын дагина” нь барга, буриад түмэн угсаа гарвалиа хун шувуунаас үүдэлтэй хэмээн хөөрөлдөж, дуулж явсан домгоос сэдэвлэсэн хоёр бүлэг, таван үзэгдэлт балет юм. Монголчууд түүх, соёлынхоо тухай “Монголын нууц товчоо”, “Хөх судар”, “Алтан товч”, “Эрдэнийн суварга” гэх зэрэг түүхэн судар, зохиолуудаас уншиж танилцдаг. Эрдэмтэд судалж, хойч үедээ таниулж байдагчлан зохиолч Б.Баярмагнай агсан уг балетын цомнолыг мөн л “Монголын нууц товчоо”-д өгүүлсэнд тулгуурлан бүтээжээ. Уг зохиолын 5-ын 22 дугаар зүйлд хорь түмэд аймгийн тухай нэлээд тодорхой бичсэн байдгийг тэрбээр олзуурхан шүүрч авсан байна. Хорь түмэд гэдэг нь хорин түм буюу 200 000 иргэнтэй гэсэн утга аж. IX зуун буюу манай эриний 870-аад оны үеийн хорь түмэд нь өргөн уудам газар нутагтай, хүн ам олонтой, ан гөрөө, хагас мал аж ахуй эрхэлсэн амьдралтай Монголын томоохон аймгуудын нэг байжээ. Өнөөгийн түүхчид үүнийг Гөрөөсөн гүрвэлийн үе гэдэг байна. Энэ нь хагас мал аж ахуй, хагас ан гөрөөгөөр амьдардаг гэсэн утгатай ажгуу.
850-870-аад он хавьцаа, тухайн үеийн хан Баргабаатарын эхнэр Айсухан гоо удган гурван хүү төрүүлсэн гэж түүхэнд тэмдэглэгджээ. Том хүү нь Эльюдэр мэргэн. Дундах нь Гурдай мэргэн. Багыг нь Хоридай мэргэн гэх бөлгөө. Зарим эх сурвалжид Хорилардай мэргэн ч гэж байдаг аж. Дунд хүү Гурдай мэргэний талаар түүхэнд төдийлөн дурдаагүй.
Хоридай мэргэн гурван эхнэртэй байсан гэж Монголын барга, буриад судлаачид үздэг байна. Анхны эхнэр нь Баргажин төхөм гарвалтай Баргудай баатрын охин Баргужин гоо бөгөөд Монголд төдийгүй дэлхийд анх “Эвийн сургаал” айлдсан ухаант эх Алунгоо хатны ээж. Хоёр дахь эхнэр нь Асура тэнгэрийн долоон гүнжийн отгон нь буюу Хурмастын дагина. Баргабаатар хан түүнд Шаралдай гоо хатан хэмээх нэр хайрлажээ. Тэрхүү Шаралдай гоо хатнаас таван хүү төрсөн ба тэдгээрийг өнөөгийн Барга- Монгол-Буриад түмний язгуур овог гэж түүхчид үздэг аж.
Балетын үйл явдлын талаар товч өгүүлье. Манан татсан хөвчийн ойн цоорхойд Баргабаатар хайртай хоёр хүү, торгон цэрэг, бараа бологсдын хамтаар ан авласандаа ихэд баяртай байна. Том хүү Эльюдэр, бага хүү Хоридай нар сум тавьж ид хаваа гайхуулан аавдаа ангийн олзны дээж, аль сайхнаа барина.
Хоёр хүү өв тэгш бие хаатай, хэний ч хараа булаах сайхан залуус. Том хүү Эльюдэр ньбага дүү Хоридайн харснаа алдалгүй мэргэн харвадагт нууцхан атаархаж явдаг нэгэн. Анчид гэрийн зүг жолоо залах болоход бага хүү Хоридай нуурын эрэгт хэсэгтээ саатаж, араас нь мордохоор болдог. Тэнд тэрбээр Хурмастын дагина-дангинатай таарч, анхны харцаар дурладаг юм. Улмаар залуу хос бие биеэ харилцан таалснаар заяа холбохоор шийдсэн тул Хоридай мэргэн хайртай бүсгүйгээ аав, ээж, ах дүүстээ танилцуулахаар гэртээ авчирдаг. Эцэг, эх нь гэргий болох сайхан бүсгүй дагуулж ирсэнд баярлан, эцэг нь бүсгүйд Шаралдай гоо хатан хэмээн нэр өгдөг. Эх нь ч таатай хүлээж авна. Гэтэл ах Эльюдэр мэргэн нь Шаралдай гоо хатанд сэтгэл татагдаж, өөрийн болгох хүсэлд автана. Санаагаа гүйцэлдүүлэхээр дүүдээ бараг л дайн зарладаг. Хурмастын дагина гэж худлаа ярилаа хэмээн дүүгээ буруутгана. Тэгэхэд нь эх удган нь онгод тэнгэрээ дуудан асуухад мөн гэдгийг нотолж өгдөг. Гэсэн ч Эльюдэр мэргэн сэтгэлт бүсгүйгээсээ ч нүүр буруулан байж Шаралдай гоогийн төлөө тэмцдэг бөгөөд эрхбиш эцэг нь ах, дүү хоёрын тэмцлийг эцэслүүлж, тэднийг эвлэрүүлнэ.
Хоридай мэргэн, Шаралдай гоо хатан хоёр айл болон амар тайван амьдарсаар ууган хүү нь 10 орчим настай болсон үед Хурмастын дагина ханиасаа “Ганц удаа Асура тэнгэртээ очихыг зөвшөөрөөч. Даль жигүүрийг минь өгч хайрлаач” гэхэд Хоридай мэргэн хайртай эхнэрийнхээ хүслийг биелүүлэн боломж олгодог. Шаралдай гоо хатан үзэсгэлэнт хун шувуу болон хувирч тэнгэрт нисэх ахуйд хань, хүү хоёр нь үдэн гаргаж, далласаар хоцорно. Хүү нь эхийгээ алсран одохыг харж үл тэвчин аавынхаа хормойд нүүрээ наан, харц буруулна. Юу гэж бодоо бол. Ямартаа ч домог болон балет ингэж өндөрлөдөг.
Ийм үйл явдалтай жүжиг үзээд, нулимсаа арчиж суусан үзэгч нэг бус. Сэдэв сэтгэлд ойр, үйл явдал өрнүүн, тайзны болоод хувцас хэрэглэлийн өнгө бүлээн, дулаан. Нэлэнхүйдээ газрын, байгалийн гэмээр бор шаргал өнгө давамгай. Хөгжим танил. Ардын жүжигчин А.Энхтайваны дуунууд, “Мойлхон”, “Дангина” киноных нь хөгжмүүдийг тун чиг зохицолтойгоор найрагжуулжээ. Тухайлбал, дуучин Л.Чулуунбаатарын олонд хүргэсэн Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн шүлэг “Хатиръя, хатиръя гэхээр харгуй зам нь шалбаагтай, ханилъя, ханилъя гэхээр хайртай тэр минь олдоогүй...” хэмээх үгтэй дууны ая, аялгуу симфони оркестрт үе үе хөтөч хөгжим гэхээр эгшиглэсээр байсан юм. Буриад зоны түүх, туулсан замнал, бэрхшээл, амьдрал, аж байдал, залуусын хайр сэтгэлийн өнгийг эндээс сэтгэлдээ зурж болохоор. Оркестрын дуугаралт онцгой сайхан байлаа. Маэстро Ч.Гансүх удирджээ.
Нээлтийн тоглолтын эхний өдөр хорь түүмэдийн хан Баргабаатарт балетын туршлагатай гоцлооч А.Өлзий-Орших, түүний эхнэр Айсухан гоо удганд балетын жүжигчин Б.Баасансүрэн, Эльюдэр мэргэнд балетын тэргүүн гоцлооч Д.Нацагдорж, Хоридай мэргэнд балетын тэргүүн гоцлооч А.Тэмүүлэн, Дангина буюу Шаралдай гоо хатанд балетын тэргүүн гоцлооч, Гавьяат жүжигчин Б.Саруул нар тоглосон юм.
Тоглолтын дараа “Хурмастын дагина”-ын ерөнхий балетмейстер, Соёлын тэргүүний ажилтан Г.Батчимэгтэй товч ярилцлаа.
-Театртаа шинэ бүтээл төрүүллээ. Баяр хүргэе. Үзэгчдийн сэтгэлд хүрчээ. Таны сэтгэгдлийг сонсоё.
-“Үзэгчдийн сэтгэлд хүрлээ” гэхийг сонсох сайхан байна. Бид тайвшрах болоогүй ээ (инээв). Засаж, залруулах юм байгаа л байх. Өчигдөр л гэхэд Баргабаатарын малгайг бүгд голоод л байж байлаа. Гэхдээ ямар ч тохиолдолд итгэж ажиллуулсан хувцасны зураач, дизайнерынхаа шийдлийг дагах нь зөв гэдэг дээр санал нэгдэцгээсэн юм. Энэ балетыг хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин А.Энхтайван болон сонгодог урлагт хайртай Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ч.Чинбат нарын дэмжлэг, хөрөнгө оруулалтаар бүтээлээ. Түүхч, кино зохиолч Б.Баярмагнай агсан сайхан цомнол бичиж үлдээсэн нь өнөөдөр тайзны бүтээл болов. Ерөнхий балетмейстерийн хувьд нэлээд “дураараа аашиллаа”. Цомнолыг бага зэрэг өөрчилсөн. Домог учраас тэр байх, бүсгүйг модон илжгэнд хүлэх гэх мэтийн хатуу, хөтүү гэхээр үйл явдал, өгүүлэмж нэлээд байсан юм. Хүүхдүүд үзэх учир тэр хэвээр нь үзүүлж, тоглож болохгүй. Зөөллөхийг нь зөөллөж, хасахыг нь хассан. Хуримынтухайтоочинөгүүлдэгхэсгийг хумилаа. Эцэст нь театрынхаа утга зохиолын ажилтнаар хянуулж, бэлэн болгосон.
-Та либретист (цомнолын хураангуй зохиогч) болох шахсан байна шүү дээ.
-Зохиолч өөд болсон болохоор хандах хүн байхгүй нь амаргүй байлаа. Хөгжмийн найруулгыг хийсэн А.Батдэлгэр багштай бол илэн далангүй тулж ажилласан. “Тэр нь болж байна, энд ингэх гэхээр болохгүй байна. Тийм учраас тусдаа тусдаа хөгжмүүдийг ингэж өрвөл ямар вэ” гэхчлэн санаагаа хэлэх тоолонд багш хүлээн зөвшөөрч, минийхээр шийдэж байсанд маш их баярласан.
-Ерөнхий балетмейстер гэдэг бол дууриар бол найруулагч юм байна, тийм үү?
-Тийм ээ. Бүжиг бүрийг дэглэхийн сацуу ерөөсөө л бүтээл эцсийн байдлаар ямар байхыг шийдэх хүн нь болохоор бүх зүйл нуруун дээр байлаа. Өмнө нь хүүхдийн хоёр балет тавьсан. Мөн “Номадик продакшн”-ыхантайгаа удаа дараа ажилласан туршлага минь хэрэг боллоо. Гэсэн ч театрт бүрэн хэмжээний балет тавих гэдэг өөр юм байна. Маш том аппаратыг зөв хөдөлгөх, ажиллуулах болдог аж. Надад итгэж, даалгасанд баярлахаасаа илүү санаа зовж байлаа. Зөвлөхөөр Д.Дашлхагва багш ажилласан. Балетмейстер, ажлын туршлага сайтай балетчин М.Нямтайван маань сайн дэмжлээ.
-Зорьсондоо хүрэв үү?
-Бүрэн хэмжээний үндэсний сонгодог балет тавина гэсэн зорилгодоо хүрсэн юм болов уу. Сонгодог балетын зарчмыг хатуу баримтлалгүй, илэрхийллийн олон арга дундаас оновчтойг нь хэрэглэе гэж бодсон. Тайз, гэрэл, техник ашиглах замаар шийдэхийг илүүд үзсэн. Сонгодгийн зарчмаас бага зэрэг зайлсхийх гэдэг нь контемпорари чиглэлийн байлгана гэсэн үг бас биш юм. Пантомимо буюу үггүй жүжиглэлт багатай байлгаж, үйл явдлыг урсгахыг хичээлээ. Одоо бол үзэгчид нэлээд боловсорчихсон. Балет үзээд сурчихсан болохоор, тухайлбал, үггүйгээр хайр сэтгэлээ илэрхийлдэг уламжлалт сонгодог хэллэг зэргийг багасгаж, аль болох хөдөлгөөнөөр харуулахыг зорьсон. Сая жүжиг өндөрлөмөгц үзэгч ирж асууж байна. “Хоёрдугаар анги гэж бий юү. Ээж нь хун болоод нисээд явчихсан чинь гол руу зураад явчихлаа” гэж хошигносон. Үзэгчид сэтгэлдээ “Яах бол. Ирэх юм болов уу, эсвэл...” гэсэн бодолтой үлдэж байгаа бололтой.
Энэ ташрамд хэлэхэд, өмнө нь олон кинонд ажилласан, А.Энхтайван ахтай уран бүтээлд удаа дараа хамтарсан тайзны зураач нэгдсэн нь таатай байлаа. Хувцасны зураач ч гэсэн тайзны ерөнхий байдал, өнгө дагуу хувцсыг ямар байлгахаа зоригтой шийдсэн нь таалагдсан. Урлагийн бүтээлийн төлөө сэтгэл, зүтгэлтэй олон хүний хамтын хүчээр ийм нэгэн балет театрын маань уран санд нэмэгдлээ.