Умард Солонгос лхагва гарагийн өглөө цэргийн тагнуулын хиймэл дагуул тээсэн пуужин хөөргөсөн ч сансрын тойрог замд оруулж чадаагүй байна. Энэ тухай Япон, Өмнөд Солонгосын цэргийн болон засгийн газрын эх сурвалжууд мэдээлжээ.
NHK телевизийн мэдээлснээр пуужин тойрог замд орж чадалгүй радараас алга болсон бөгөөд хэсэг хугацааны дараа Солонгосын хойгийн баруун эрэг хавийн далайд унажээ.
“Yonhap” агентлаг Умард Солонгосын пуужин агаарт дэлбэрч магадгүй гэж мэдээлж байсан ч дараа нь пуужин Сеулийн бүс нутагт нөлөөлөлгүй тэнгист уналаа гэжээ.
Пуужин харвасан явдал Япон болон Өмнөд Солонгосыг багагүй түгшээж, агаарын довтолгооноос хамгаалах системээ бэлэн байдалд оруулсан байна.
Японы Ерөнхий сайд Фумио Кишидагаар ахлуулсан Японы Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал өнөөдөр Токиод эхэллээ.
Умард Солонгос анхны тагнуулын хиймэл дагуул хөөргөснөө тавдугаар сарын 30-нд зарласан.
"АНУ болон түүний холбоотнуудаас ирж буй аюул заналхийллийн эсрэг" эх орноо "найдвартай тагнуул, мэдээллийн систем"-ээр хангахын тулд ирээдүйд хэд хэдэн хиймэл дагуулуудыг янз бүрийн тойрог замд гаргахаар төлөвлөж байна” гэж Пхеньян мэдэгдсэн юм.