Нийслэлийн төв талбайд гэрэл зургийн “Нуранги” үзэсгэлэнг өчигдөр нээлээ. Үүнийг itoim.mn сайтын гэрэл зурагчин Э.Ганзориг Онцгой байдлын ерөнхий газар, “Оюутолгой” ХХК-тай хамтран зохион байгуулж буй “Бэлэн бай” аяны хүрээнд гаргаж буй аж. Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард газар хөдлөлтийн гамшигт өртсөн БНТУ-д үүрэг гүйцэтгэсэн манай улсын Эрэн хайх, аврах багийн бүрэлдэхүүнд явсан уран бүтээлч юм. Тухайн үед газар хөдлөлтөд нэрвэгдсэн хот, суурины байдлыг гэрэл зурагт хэрхэн буулгаснаа тэрбээр монголчуудтайгаа ийнхүү хуваалцаж байгаа аж. Газар хөдлөлтийн аюул, хор уршиг, аврах ажиллагааны талаар өгүүлэх уг үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүд дунд манай аврагчид нурангиас нэгэн эмэгтэйг эсэн мэнд гаргаж байх үеийн зураг байна. Мөн нурангин доороос зургаан настай хүүхдийн цогцос гаргаж байгааг харуулсан нь ч байлаа. Манай улсын аврах багийнхан тус улсад 10 хоног ажилласан юм. Энэ хугацаанд гэрэл зурагчин дуран авайдаа юу эсийг буулгасан гэх вэ. Үүний талаар Э.Ганзориг “Газар хөдлөлтийн аюул, үүний улмаас учирч болох гамшгийг хүмүүс төдийлөн нухацтай хүлээж авдаггүй. Тэр тусмаа сошиал орчинд тоглоом наргиан болгоод өнгөрөх нь бий. Гэтэл бодит нөхцөл байдал өөр. Тэнд хүний амь эрсдэж, эд хөрөнгө сүйрч, их хэмжээний хохирол учирдаг. Үүнийг Туркт тохиолдсон гамшгийн үеэр авсан 66 гэрэл зургаар дамжуулан харуулахыг хүссэн” гэлээ. Үзэсгэлэн өнөө орой хүртэл үргэлжлэх тул амжиж үзээрэй.