Британийн судлаачид XIX зууны сүүлчээс 2018 он хүртэл авсан хирсний цуврал зургуудыг судалжээ. Өнгөрсөн зуун жилийн хугацаанд эл хөхтөн амьтны эвэр мэдэгдэхүйц жижгэрсэн аж. Судалгааны явцад эл амьтны таван төрлийг харуулсан 80 гэрэл зургийг судлахад эвэрний хэмжээ бүгдэд нь адилхан багассан байв. Эрдэмтэн Оскар Уилсоны хэлснээр эвэр ургах, өөрчлөгдөх хувьсалд гадаад орчин, түүнд гүйцэтгэх үүрэг нөлөөлдөг. Хирс эврээ янз бүрээр, тухайлбал, хоол хүнс хайхад, дайснаас өөрийгөө хамгаалахад ашигладаг. Эвэрний хэмжээ багассан нь эл амьтны ирээдүйд сөргөөр нөлөөлнө гэж судлаачид үзэж байна.