“Meta platforms” корпорац томоохон хэмжээний цомхотгол хийхээр төлөвлөж байгаа тухай эх сурвалжууд нь “Wall street journal” сонинд мэдээлжээ. Энэ нь тус байгууллагын 18 жилийн түүхэн дэх анхны томоохон цомхотгол болох юм. 2021 оны аравдугаар сар хүртэл “Facebook” компани гэгдэж байсан “Meta platforms” нь “Facebook”, “Instagram”, “WhatsApp”-ын толгой болох Америкийн корпорац билээ. Мөн дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй корпорацуудын нэг. 87 мянга гаруй хүн ажилладаг тускорпораци өнөөдөр цомхотголоо зарлана. Өнгөрсөн сарын сүүлчээр “Meta platforms” гуравдугаар улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцуулахад орлого нь дөрвөн хувиар буурч, 27.7 тэрбум доллар болсон нь тус корпорацын түүхэнд хоёр дахь тохиолдол юм. Өмнөх улиралд цэвэр орлого нь 52 хувиар буурч, 4.4 тэрбум доллар болжээ. Үүний улмаас хөрөнгө оруулагчдынх нь урам маш их хугарсан гэнэ. Цомхотголын талаар тодорхой мэдээлээгүй ч хувиар тооцвол твиттерийнхээс бага гэдгийг тэмдэглэжээ. Энэ сард Илон Маск худалдаж авсны дараа “Twitter” компанийн 8000 орчим ажилтны талыг халсан байна. Гэвч энэ нь алдаа байсныг хүлээн зөвшөөрч, зарим ажилтнаа буцаж ирэхийг хүссэн тухай “Bloomberg” агентлаг мэдээлэв.