Британийн хатан хаан II Элизабет таалал төгссөний дараа дэлхий дээр ганц л эмэгтэй хаан үлдэв. Данийн хатан хаан II Маргрете 50 жилийн өмнө хаан ширээнд заларсан, өдгөө 82 настай. Тэрбээр төрийн үйл хэргээс гадна сүмийн болон театрын хувцас урлаж, ном орчуулж, зураг зурдаг аж.
АРХЕОЛОГИЧ МЭРГЭЖИЛТЭЙ
II Маргрете нь Данийн түүхэн дэх хоёр дахь хатан хаан. Түүний өмнөх хатан хаан I Маргрете нь XIV зуунд Дани төдийгүй Швед, Норвег улсыг захирч байжээ. 1665 онд Дани улс хаан ширээг зөвхөн эрэгтэй хүнд шилжүүлэх эрхийг баталгаажуулсан хууль баталсан. Гэвч 1953 онд уг хуулийг өөрчилсөн бөгөөд эмэгтэйчүүд хаан ширээнд суух эрхтэй болов. Учир нь тэр үеийн хаан, хатан хоёр гурван охинтой байсан тул Дани улсыг удирдах хүнгүй болсон аж. Маргрете 1972 онд аавыгаа таалал төгссөний дараа хаан ширээнд заларчээ. Тухайн үед тэрбээр 31 настай байв.
Германчууд Дани руу довтолсноос хойш долоо хоногийн дараа буюу 1940 оны дөрөвдүгээр сарын 16-нд хатан хаан мэндэлсэн аж. Тэрбээр гэртээ боловсрол эзэмшиж байгаад хэсэг хугацааны дараа Копенхаген болон Англид бүрэн дунд сургуульд суралцжээ. 18 настайдаа Маргрете Данийн агаарын эскадрилийн эмэгтэйчүүдийн корпуст алба хааж, 20-тойдоо Копенхагены их сургуульд элсэж, гүн ухаан судалсан байна. Тэрбээр цааш Данийн Орхус, Францын Сорбонна их сургуульд суралцсаны дараа Британийн Кэмбрижид археологичийн мэргэжил эзэмшин, Дани болон гадаадад малтлагын ажилд оролцож байв. Бага байхдаа тэрбээр археологийг маш их сонирхдог, Шведийн хаан өвөөгийнхөө хамт Италид хайгуулын ангийнхантай явж байжээ. Гэхдээ археологи нь Маргретегийн цорын ганц хобби биш аж.
ЖОН ТОЛКИНЫ НОМЫН ЗУРААЧ
Маргрете гүнж байхдаа 1970-аад оны эхээр “Бөгжний эзэн” гурамсан зохиолын нэмэлт зураг, чимгийг хийж, зохиолч руу илгээжээ. Өөрийнх нь илэрхийлэх гэсэн санаанд маш дөхүүлж буулгасан зургууд зохиолч Жон Толкиныг гайхшируулсан гэдэг. 1977 онд уг романыг Данид хэвлэхдээ гүнжийн зургуудтай гаргасан ч номд түүнийг Ингачильд Грамер хэмээх нууц нэрээр буулгасан байна.
1980-аад оны сүүлчээс Маргрете уран бүтээлээ өөрийн нэрээр дэлгэж эхлэв. Хэдэн жил зурсныхаа дараа бүтээлийг нь хүмүүс харж, шүүн хэлэлцдэг байхыг хүсдэг болсноо хатан хаан өгүүлжээ. Тэрбээр зураг зурахад нухацтай ханддаг бөгөөд долоо хоногт нэг цагийг энэ хоббидоо зориулдаг. 2012 онд түүний хаанчлалын 40 жилийн ойгоор Копенхаген хотод нийлэг болон усан будгаар бүтээсэн 135 уран зургийнх нь үзэсгэлэн гарсан. Мөн онд Ханс Кристиан Андерсений үлгэрээс сэдэвлэсэн түүний бүтээлийн үзэсгэлэнг Эрмитажид дэлгэжээ. Маргретегийн бүтээлүүд АНУ, Канад, Итали, Хятад, Япон, Францаар ч аялсан байна.
Тэрбээр Данийн алтан үеийн мастеруудын (XIX зууны эхний хагас) бүтээлүүдээс урам зориг авч, зургийн хичээлдээ үргэлж байгаль зурдаг байв. Түүний усан будгийн бүтээлүүдийг хожим Гренландын шуудангийн маркт буулгасан аж. Түүний бүтээлүүдийн дунд араг ясны цуврал зургууд бас бий. Энэ нь түүний археологи сонирхдогийг илтгэнэ. “Яснууд нь өөр өөрийн онцлог хэлбэртэй. Үүнийг яагаад зурж болохгүй билээ хэмээн нэг өдөр бодсон” гэж Маргрете үзэсгэлэнгийн үеэр өгсөн ярилцлагадаа дурджээ.
ДИЗАЙНЕР, ТАЙЗНЫ ЗУРААЧ, ОРЧУУЛАГЧ
Хатан хаан 1970-аад оноос хойш Дани, Гренланд, Герман, Британийн санваартнуудад зориулж шашны хувцас урлажээ. Загвар зохион бүтээгээд зогсохгүй заримдаа өөрөө оёж, хатгамал хийдэг. Тэрбээр мөн өөрийн зарим хувцсаа урласан бөгөөд Британийн “Vogue” сэтгүүл Данийн хатан хааныг хэв загварт баригддаггүйг онцолжээ.
1991 онд Данийн Хатан хааны балетынхан “Ардын үлгэр” бүжгийн жүжиг тоглоход тэрбээр бүжигчдийн хувцас, тайзны чимэглэлийн загварыг бүтээжээ. Маргрете 2001 оноос хойш Копенхаген хотын Пантомима театрт тайзны зураачаар ажиллаж байгаа бөгөөд Андерсений үлгэрээс сэдэвлэсэн “Щелкунчик”, “Үнсгэлжин” болон балетын хувцасны загвар зохион бүтээгээд байна. 2023 онд “Netflix”-т Данийн зохиолч Карен Бликсений “Африкийнх” романаас сэдэвлэсэн “Эренгард” кино толилуулах бөгөөд хатан хаан тайз заслыг ньхийжээ.
Хатан хаан Маргрете англи, франц, герман, швед гэсэн дөрвөн гадаад хэлтэй. Жишээлбэл, 1967 онд сүй тавьсан Францын дипломатч гүн Анри де Лаборде де Монпезаттай харилцахад франц хэлээ ашигласан байна. Дани руу нүүж ирснийхээ дараа дипломатч нэрээ сольж, хунтайж Хенрик болжээ.
Түүний хамт Маргрете Францын феминист зохиолч Симона де Бовуарын “Бүх хүн мөнх бус” романыг дани хэл рүү орчуулж, X.M.Вейерберг гэсэн ганц нууц нэрээр хэвлэсэн гэнэ. 2018 онд таалал төгссөн Хенрик төрөлх франц хэлээр шүлэг бичдэг байсан бөгөөд “Cantabile” номынх нь зураг чимэглэлийг хатан хаан хийжээ.
ЦОЛ, ХЭРГЭМЭЭС БАГА ХАМААРАГЧ
1972 онд Маргрете титэм залах үед даничуудын тал хүрэхгүй буюу 42 хувь нь хаант засаглалыг хүлээн зөвшөөрч байв. Аажимдаа тэрбээр харьяатуудынхаа 84 хувийн дэмжлэгийг (харьцуулбал, Британийн хаант засаглалыг иргэдийн 62 хувь нь дэмждэг) авчээ. Данийн хатан хааны гэр бүлийн гишүүд хааны статусаа онцлохгүй байхыг хичээдэг. Тухайлбал, тэд Копенхагенаар унадаг дугуйгаар зорчдог гэнэ.
Цол, хэргэм Маргретед нөхөр Хенриктэйгээ харилцахад бэрхшээл учруулжээ. Маргретег хаан ширээнд өргөмжилсний дараа Хенрик хаан биш, хунтайж болсондоо сэтгэл дундуур байсан бөгөөд энэ тухайгаа нутгийн хэвлэлд ярьжээ. Үүний дараа даничууд түүнд дургүй болсон гэнэ. 2016 онд буюу нас барахаасаа хоёр жилийн өмнө Хенрик төрийн албанаас тэтгэвэртээ гарахдаа хэзээ ч эн зэрэгцэх боломжгүй тул өөрийгньхатан хаантай хамт оршуулахыг хүсэхгүй байгаагаа мэдэгджээ.
Маргретегийн найман ачийн дөрөв нь хаан болохгүй. Өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр тэрбээр тэднийг жирийн иргэн шиг амьдруулахын тулд хаан ширээ залгамжлах эрхийг нь хасаж, цол хэргэмээс хамааралгүй болгосон. Үүнд хатан хааны бэр, гүнж Александра гомдоллосон ч гаргасан шийдвэрээ Маргрете өөрчлөөгүй юм.
II ЭЛИЗАБЕТЫН НАЙЗ
Талийгаач II Элизабет болон Маргрете анх 1979 онд Копенхагенд хатан хааны статустай байхдаа танилцаж, тэр цагаас хойш найзалж, бие биетэйгээ хэзээд халуун дотноор уулзаж, заримдаа утсаар ярьдаг байв. Элизабетыг Маргрете гэр бүлийнхнийх нь адил Лилибет гэдэг байсан бол Данийн хатан хааныг Дейзи хочоор нь дууддаг байжээ.
Өнгөрсөн есдүгээр сард Маргрете хаан ширээнд заларсныхаа 50 жилийн ойг тэмдэглэхээр төлөвлөж байсан ч II Элизабет таалал төгссөний учир ихэнх арга хэмжээгээ цуцалжээ. Тэрбээр Британийн хатан хааны гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн анхны Төрийн тэргүүн болж, оршуулах ёслолд оролцохоор Лондонд хүрэлцэн очжээ. Тэрбээр Элизабет шиг сүүлчийн өдөр хүртэл хүлээсэн үүргээ биелүүлэхээр шийдэж, “Би сүүлчийн амьсгалаа хураах хүртлээ төр барина” гэж мэдэгдсэн байна.
Дани улс Британийн нэгэн адил Үндсэн хуульт хаант засаглалтай. Төрийн эрх баригч нь улс төрийн шийдвэр бие даан гаргахгүй. Данийн хатан хаан гол нь ёслол хүндэтгэлийн үүрэг гүйцэтгэдэг. Тэрбээр гадаадад эх орноо төлөөлж, чухал арга хэмжээнд оролцдог. Мөн Данийн Засгийн газрыг эмхлэн байгуулахад оролцдог, хуралдаануудыг нь даргалж, түшмэдийг албан тушаалд томилох боломжтой. Данийн хуулиуд Зэвсэгт хүчний дээд ерөнхий командлагч хатан хаан гарын үсэг зурсны дараа хүчин төгөлдөр болдог.