Амьжиргааны өртөг нэмэгдэж байгаа нь дэлхийн оршин суугчдыг жагсахад хүргэж байна. Өнгөрсөн оны нэгдүгээр сараас хойш шатахууны үнийн өсөлтөөс үүдэлтэй болж буй жагсаал, цуглааны зураглалыг ВВС гаргажээ. Украины дайн, цар тахлын улмаас энэ жил тэдгээрийн тоо эрс нэмэгдэв. Шатахууны үнэ нь хувийн тээврийн хэрэгсэл, ачаа тээвэрлэх, гэрийн халаалт, цахилгаанаас эхлээд өдөр тутмын амьдралднөлөөлдөг. Дэлхий даяар жагсагчид өөрчлөлт хийхийг уриалж байна. Шатахууныг хаа дуртай газраасаа худалдаад авчихдаггүй тул бензинийг хүртээмжтэй болгохыг тэд шаардав. Жагсаал тайван суултаас эхлээд цагдаа нартай мөргөлдөх, төрийн байгууллагуудад халдах хүртэл олон хэлбэрээр үргэлжилж, хүний амь нас эрсдэхэд хүргэжээ.
ШАТАХУУНЫ ХАНШИЙН ӨСӨЛТ
16 настай Хадижа Ба гэрийнхээ үүдэнд буудуулан амиа алдсан. Сьерра-Леоны нийслэл Фритаун хотын зүүн дүүрэгт орших гэрийнх нь гадна цугласан жагсагчдыг энэ охин хэдэн өдрийн турш ажиглажээ. Гэвч өнгөрсөн наймдугаар сарын 10-нд жагсаал хүчирхийлэл болон даамжрав. Зэвсэглэсэн цагдаагийнхан болон жагсагчдын хооронд болсон мөргөлдөөний үеэр Хадижа тэнэсэн суманд оногджээ.
Баруун Африкийн энэ жижигхэн улсад олон жил ийм хүчирхийлэл гараагүй. Шатахууны үнэ тэнгэрт хадсан нь иргэдийг цагдаа нараас үл эмээн, эсэргүүцлээ илэрхийлэхээсөөр аргагүй байдалд оруулжээ. Энэ ширүүн мөргөлдөөний улмаас 25 хүн амиа алдсаны дотор таван цагдаа байв.
Тус улсад шатахууны үнэ энэ оны гуравдугаар сараас хойш бараг хоёр дахин нэмэгдэж, литр нь 12 мянган леон (0.86 ам.доллар) байсан бол долдугаар сард 22 мянган лион (1.58 “ногоон”) болж, дээд үзүүлэлтэд хүрсэн аж. Долдугаар сард Төвбанк нь инфляцад нэрвэгдсэн мөнгөн тэмдэгтэд итгэх итгэлийг сэргээхийн тулд шинэ мөнгөн дэвсгэрт (мөнгөн дэвсгэрт дээрх тооноос гурван тэг хассан) худалдаанд гаргасан. Эцэст нь эрх баригчид хот даяар хөл хорио тогтоосноор хүчирхийлэл намжжээ. Жагсагчид хоорондоо харилцах, шинэ жагсаал зохион байгуулахаас сэргийлэхийн тулд интернэтийг ч тасалсан аж.
Жагсагчид үнэн хэрэгтээ Засгийн газрыг нь унагахыг санаархсан гэж Сьерра Леон улсын Ерөнхийлөгч Жулиус Маада Био дараа нь мэдэгдэв. Гэсэн ч олон оршин суугч нь шатахуун, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг эсэргүүцэн жагссаар буйг ВВС дамжууллаа. Сьерра Леоны эсэргүүцлийн жагсаал ердөө ганц жишээ төдий юм.
ХЯМРАЛ ДЭЛХИЙГ ХАМРАВ
Зэвсэгт мөргөлдөөнүүдийн байршил, үйл явдлын мэдээллийн төслийн (ACLED) эмхэтгэсэн, дэлхий дахинд болж буй жагсаал, цуглаанд хийсэн дүн шинжилгээнээс үзвэл энэ оны 1-9 дүгээр сард манай гаргийн 90 гаруй улс, нутаг дэвсгэрт шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэнийг ВВС уламжлав. Тэдгээрийн гуравны нэг нь өнгөрсөн онд энэ талаар огт эсэргүүцэл үзүүлээгүй улс аж. Тухайлбал, Испанид өнгөрсөн жил шатахууны улмаас ямар нэгэн эсэргүүцэл гараагүй байхад 2022 оны гуравдугаар сард гэхэд 335 жагсаал, цуглаан болжээ.
Сүүлийн есөн сарын хугацаанд Өмнөд мөсөн далай буюу Антарктидаас бусад тивд шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал цуглаан боллоо. Индонезэд ийм жагсаал 2021 онд 19 удааболсон бол энэ жил 600-гдавав. Италид энэоны эхний найман сард 200 гаруй жагсаал болсон бол өнгөрсөн жил хоёр л бүртгэгдэж байжээ. Тэгвэл Эквадорт зөвхөн зургадугаар сард шатахууны үнээс болж1000 гаруй удаа жагсахад хүргэв.
Өнгөрсөн нэгдүгээр сард Казахстанд хийн үнийн өсөлтийг эсэргүүцэж эхэлсэн томоохон жагсаалд оролцогчид шаардлагаа өөрчилж, Засгийн газраа огцруулахын төлөө тэмцэл болон хувирсан. Үүний улмаас тус улсад онц байдал тогтоож, Сайд нарын танхимыг огцруулсан юм.
Дөрөвдүгээр сард Перугийн Засгийн газар тус улсын хурдны томоохон замууд руу цэрэг илгээх шаардлагатай болжээ. Жагсагчид хүнс, шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэхдээ хурдны замуудыг хаасан байна. Тус улсын инфляц сүүлийн 25 жилд байгаагүй өндөр түвшинд хүрээд буй юм. Афин хотод тавдугаар сард болсон жагсаалын үеэр олон мянган ажилчин эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг эсэргүүцсэн байна. Тэр үед Грекийн инфляц 8.9 хувьд хүрсэн нь сүүлийн 27 жилийн хамгийн дээд үзүүлэлт болжээ.
Дараа сард нь Гвинейн нийслэлд шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаалын үеэр нэг хүн амиа алдав. Иргэд бензиний үнийг 20 хувиар нэмснийг эсэргүүцэн, гудамж талбайг хааж, дугуй шатаажээ. Долдугаар сард Гана улсын цагдаа нар хийн үнэ нэмснийг эсэргүүцсэн жагсагчдад нулимс асгаруулагч хий, резинэн сум ашигласан. Сүүлийн саруудад Герман, Франц зэрэг хөгжингүй орны иргэд жагсаж, хэв журам сахиулагчдыг үл хайхран эсэргүүцлээ тууштай илэрхийлж байна.
Аюулгүй байдал, тагнуулын асуудал судалдаг “Dragonfly” компанийн Хенри Уилкинсонд эсэргүүцлийн жагсаалуудынгазар зүйн байршил хамгийн их гайхал төрүүлсэн гэнэ. “Жагсаж, цуглах нь ховор газруудад энэ удаа ийм үйл явдал болсон нь анхаарал татаж байна. Украины дайн асар их нөлөө үзүүллээ. Тус улсад болж буй дайныг шийдвэрлэвэл дэлхийн хямралын нөхцөл байдлыг үлэмж хөнгөвчилнө” гэж тэрбээр үзэж байна.
Украинд болж буй дайн дэлхий даяар шатахууны үнэ өсөхөд хүргэсэн олон хүчин зүйлийн нэг л юм. Цар тахлын эхэн үед олон аж ахуйн нэгж хаалгаа түр барьж, эрчим хүчний эрэлт буурснаас нефтийн үнэ хямдарсан. Харин амьдрал хэвийн болж, эрчим хүчний хэрэгцээөсөжбайгаа энэ үед ханган нийлүүлэгчид нэмэгдэж буй эрэлтийг дэмжиж чадахгүйн улмаас шатахууны үнэ өсөж буй.
Өдгөө фунт стерлинг, евро, юань, иен зэрэг гол валюттай харьцах ам.долларын ханш урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрээдбайна. Нефтийн гэрээг доллароор хийж, төлдөг. Тиймээс ам.долларын ханшийнэсрэг сул байгаа үндэсний мөнгөн тэмдэгт шатахууныг улам үнэтэй болоход хүргэж буйаж. Нэмж хэлэхэд, Украин, Оросын зөрчилдөөн олон улсыг хойд хөршийн нефтийг импортлохоос татгалзах хоригт оруулсан. Энэ нь бусад үйлдвэрлэгчийн газрын тосны эрэлтийг өсгөсөн ч үнэ буурахад нөлөөлсөнгүй.
Эрчим хүчний үнийн огцом өсөлт нь Дэлхийн банкийг энэ зун манай гаргийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг шинэчлэхэд хүргэсэн. Тодруулбал, энэ онд уг үзүүлэлт 2.9 хувь болж буурах төлөвтэй байна. “Олон орны хувьд эдийн засгийн уналтаас зайлсхийхэд хэцүү байх болно” гэж тус банкны ерөнхийлөгч Дэвид Малпасс анхааруулжээ.
ЭДИЙН ЗАСГИЙН УНАЛТ УЛС ТӨРД СҮҮДРЭЭ ТУСГАЖЭЭ
Олныг хамарсан эсэргүүцэл Ерөнхийлөгч Готабайи Ражапаксаг огцроход хүргэснээр шатахууны үнээс улбаатай эсэргүүцэл, тэмцэлтэй тулгарсан дэлхийн 92 улс, нутаг дэвсгэрээс хамгийн түрүүнд Шри Ланка улсын талаарх мэдээлэл энэ оны эхээр хэвлэлүүдийн тэргүүн нүүрэнд гарсан билээ. Тус улс Азидаа хамгийн өндөрт тооцогдох инфляцтай орны нэг бөгөөд шатахуун, хүнс, эм тарианы үнэ өссөөр байгаа нь оршин суугчдыг нь амьжиргааны өртгийн хямралд оруулжээ.
48 настай Вимала Дисанаяка гэх эмэгтэй Коломбо хотын захын чинээлэг Талаватугода дүүрэгт хүнсний ногооны дэлгүүртэй ч орлого нь гэр бүлээ ганц өдөр аргацаахад хүрэлцдэг болсон гэнэ. “Бүх юмны үнэ тэнгэрт хадсан. Бидний амьжиргааны зардал нэмэгдэж байгаа ч орлого өөрчлөгдсөнгүй. Би гурван хүүхэдтэй. Автобусны тасалбарын үнэ эрс өслөө. Хичээлдээ явахад нь зориулж өдөрт 600 рупи (1.65 ам.доллар) өгөх хэрэгтэй болсон” гэж тэрбээр ВВС-д ярьжээ.
Вимала захаас бараа авчрахын тулд жижиг ачааны машиндаа бензин хийх чадалгүй болсон гэнэ. Үүний оронд тэрбээр нийтийн тээврээр зорчих, эсвэл бусад худалдагчаас унаа гуйдаг болжээ. “Үнэ маш өндөр байгаа тул үйлчлүүлэгчид маань нэг их зарлага гаргахыг хүсэхгүй байна. Урьд нь нэг, эсвэл хагас килограмм ногоо авдаг байсан хүмүүс 100, 250 граммаас хэтрүүлэхээ больжээ. Мөн машин, мотоциклоор ирдэг байсан хүмүүс одоо алхаж, эсвэл унадаг дугуй ашиглах болж” гэж тэрбээр ярьсан байна.
ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ АЛГА
Улсорнуудын Засгийн газар эдийн засгийн хямралыг шийдвэрлэх арга зам хайж байгаа ч эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр байна. Сүүлийн есөн сарын хугацаанд шатахууны үнийг эсэргүүцсэн жагсаалын үеэр 80 гаруй хүн амиа алдсаныг ВВС судалгаагаар тогтоожээ. Амиа алдагсдын дунд Аргентин, Эквадор, Гвиней, Хаити, Казахстан, Панам, Перу, Өмнөд Африк, Сьерра Леон зэрэг улсын иргэд багтажбайна. Фритаун хотод гудамжууд дахин тайван болж, ихэнх худалдаачиндэлгүүрээ нээжээ. Гэвч Хадижагийн аав Абдул, түүний бүх гэр бүл ийм амар тайван болтлоо удсан аж. “Миний охин үнэхээр авьяастай хүүхэд байсан шүү” гэж аав нь хэллээ.