1990-2013 оны хооронд үе үе хэт халсны улмаас дэлхийн эдийн засагт 16 их наяд гаруй долларын хохирол учирсныг уур амьсгал судлаач эрдэмтэд тогтоожээ. Манай гаргийн хамгийн ядуу бүс нутгууд үүнээс хамгийн их хохирч, ДНБ-ийхээ тав орчим хувийг алдсан гэж Америкийн Дартмут коллежийн хэвлэлийн албанаас мэдээлэв.
“Үүнээс өмнө агаарын халалт эдийн засгийн өсөлтөд хэрхэн нөлөөлж буйг тооцож байсангүй. Халалтын бодит үр дагавар бидний төсөөлж байснаас хамаагүй ноцтой, ялангуяа манай гаргийн халуун бүс болон кватор орчмын хамгийн ядуу нутгуудад хүнд тусаж байна. Дэлхийн дулаарал эрчимжихийн хэрээр байдал улам бэрх болж буй” гэж тус коллежийн доцент Жастин Манкин хэлжээ. Дэлхийн дулаарлын гол үр дагаврын нэг нь цаг агаарын эрс тэс үзэгдэл. Өвлийн температур ер бусын өндөр, зундаа халж, долоо хоногийн турш үргэлжилсэн аадар бороо орж, ган гачиг болж байна. Үүний тод жишээ бол өнгөрсөн жил Европт буусан үер, энэ зун АНУ, Европт болсон хэт халуун.
Халуун цаг агаар хүний эрүүл мэнд, амьдрах ая тухтай байдалд төдийгүй улсуудын болон бүхэл бүтэн гаргийн эдийн засгийн хөгжилд хэрхэн нөлөөлснийг Ж.Манкин их сургуулийн хамтрагч Кристофер Каллаханы хамт судалжээ. Тэд 23 жилийн турш бүртгэгдсэн мэдээллийг эдийн засагт үзүүлсэн нөлөөтэй нь хамт цогцоор нь судалсан аж. Ингэхэд Канад, Финланд болон Европын өндөр хөгжилтэй бусад оронд удаан үргэлжилсэн ган, халууны улмаас нэг хүнд ногдох ДНБ нь нэг орчим хувиар буурсан байна. Нөгөөтэйгүүр, Бразил, Венесуэл, Мали болон Австрали, Шинэ Зеланд, АНУ, Чили, Аргентин, Африк, Азийн бусад олон халуун орны цаг агаарын ийм гажиг ихэссэний улмаас ДНБ-ийхээ тав гаруй хувийг алдсан нь тодорхой болжээ.