Технологийн хөгжлийг дагаад цаг үрэх зүйлс мундахгүй ч номын үнэ цэн өссөөр. Оюутан, сурагчдын зуны амралтад зориулж Улаанбаатар хотын номын сангууд өдгөө хэрхэн үйл ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлэл бэлтгэлээ.
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын номын сан нь төв байрнаасаа гадна Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт салбартай. Одоогоор цахим уншлага, тогтмол хэвлэл, эко уншлага, уран зохиол, гүн ухаан, хэл шинжлэлийн А, нийгэм, түүх, техник, боловсрол судлалын Б, Америкийн соёл мэдээллийн төв зэрэг танхимдаа уншигчдыг хүлээн авч байна. Ирэх намар хүртэл хүүхдийн болон гэр бүлийн уншлагын танхимаа түр хаажээ. Зун ихэвчлэн өндөр настай хүмүүс болон хэлний бэлтгэлд суралцаж буй залуус ирдэг гэнэ. Энэ үед ачаалал багатай сэлүүхэн байдаг учир нэг танхимд 5-8 хүн л үйлчлүүлдэг аж. Карт нээлгэхэд иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, нэг xувь цээж зураг, 5000 төгрөг хэрэгтэй юм байна.
Харин Монголын үндэсний номын сан уншлагын таван танхим болон үнэт ховор номын музейтэй. Зун зөвхөн их болон Ерөнхийлөгчийн нэрэмжит уншлагын танхимаа ажиллуулдаг гэнэ. Энэ хугацаанд ихэвчлэн эрдмийн зэрэг хамгаалах, эрдэм шинжилгээний хуралд бэлдэж, судалгааны ажил бичих зорилготой хүмүүс үйлчлүүлдэг аж. Бусад номын санг бодвол аль ч чиглэлийн судалгааны материал энд элбэг.
Монгол, Японы хамтарсан төвд байрлах номын сан нь 1000 орчим номтой. Япон хэл сурч буй болон тус улсад суралцах гэж байгаа хүмүүс эл номын санг зориорой. Учир нь энд Японы элсэлтийн шалгалтын ном, хэлний сурах бичиг, их сургуулиудынх нь танилцуулга зэрэг материал элбэг байдаг. Уг номын сан нь нас, хүйс, мэргэжил харгалзахгүйгээр бүх хүнд нээлттэй. Ихэвчлэн өсвөр насны хүүхдүүд үйлчлүүлдэг гэнэ. Энд баасан гараг бүр Японд үнэгүй сурах талаарх зөвлөгөөг тус улсад суралцдаг оюутнууд болон тэндхийн иргэд өгдөг. Тус номын сан нь 58 хүний суудалтай. Долоон компьютер, дөрвөн видео тоглуулагчтай. Та ном уншихын зэрэгцээ кино ч үзэх боломжтой.
Орчин үеийн залуус ихээр үйлчлүүлдэг “The books” номын сан нь тохилог сэлүүхэн орчинтой учир зуны өдрүүдээ зугаатай өнгөрүүлэхэд тохиромжтой. Дэлхийн шилмэл зохиолууд болон хувь хүний хөгжлийн шилдэг номуудтай. Шинээр байгуулсан учир хүн багатай, нэг танхимд нь 10-15 хүн л үйлчлүүлдэг аж.
Хүүхдүүд ихэвчлэн ирдэг “Art” номын санг 2021 онд нээжээ. Хүүхдүүдэд зориулсан номын булантай, ихэвчлэн 15-18 насны залуучууд үйлчлүүлдэг юм байна. Тохилог дулаахан орчинтой уг номын санд суухад өдрийн 6500 төгрөг төлдөг. Тэнд өдөржин хичээлээ хийхээс гадна дэлхийн сор бүтээлүүдээс уншиж болно. Зуны саруудад ачаалал ихтэй байдаг. Өдөрт дунджаар 30 хүн зэрэг хүлээж авах хүчин чадалтай.
Бэлтгэсэн А.Түмэнөлзий, Г.Ариунзаяа